| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямсамбуугийн Гантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/0856/И |
| Дугаар | 131/ШШ2017/00544 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 131/ШШ2017/00544
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 47-686 тоотод оршин суух, Хөхтөн овогт Энх-Амгалангийн Цэцэгмаа /РД:ЛН89041501/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор, Баянхонгор 8 дугаар баг, Шаргалжуут 0 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Ард аюушийн гудамж Тана мебел 1 давхарт үйл ажилагаа явуулдаг, Шаргалжуут рашаан сувилал ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа, хариуцагчийн төлөөлөгч Д.Мэндээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Цэцэгмаа миний бие 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Шаргалжуут рашаан сувилал ХХК-д 1601/162 тоот тушаалаар нягтлан бодогчоор ажилд орсон. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1703/05 тоот захирлын тушаалаар ажлаас халагдсан болно. Би үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул ажилгүй байсан хугацааны цалин 700,000 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгө, 2016 оны 10 дугаар сарын цалинг 276,000 төгрөгөөр дутуу дансанд хийсэн. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Цэцэгмаа нь Шаргалжуут рашаан сувилал ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч Д.Мэндээтэй харилцан ярилцаж, ажилгүй байсан хугацааны цалин 4.462.000 төгрөгийн 3.762.000 төгрөгөөс татгалзаж, Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд орж, 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс ажилдаа орох өдрийг хүртэлх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалин 700.000 төгрөгийг авахаар тохиролцлоо гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Мэндээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд Э.Цэцэгмаатай харилцан ярилцаж, Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд орж, 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс ажилдаа орох өдрийг хүртэлх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалин 700.000 төгрөгийг өгөхөөр тохиролцлоо гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Цэцэгмаагийн Шаргалжуут рашаан суилал ХХК-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Цэцэгмаа нь Шаргалжуут рашаан сувилал ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, 2016 оны 10 дугаар сарын дутуу цалин, ээлжийн амралтын олговор нийт 4462000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүсэн шаарджээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Э.Цэцэгмаа нэхэмжлэлийн шаардлагын 3.762.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн байгууллага Шаргалжуут рашаан сувилал ХХК 700.000 төгрөгийг 2017 оны 08 сарын 10-ны өдрийн дотор төлж, Э.Цэцэгмааг тооцооны нягтлан бодогчийнажилд эгүүлэн тогтоож, цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс ажилдаа орох өдрийг хүртэл хугацаанд хууль, журамд заасны дагуу нөхөн бичилт хийлгүүлэхээр эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хуульд зааснаар хариуцагч Шаргалжуут рашаан сувилал ХХК-аас 35100 төгрөгийг гаргуулж,төрийн сангийн орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч. Э.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлагын 3.762.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Шаргалжуут рашаан сувилал ХХК нь 700.000 төгрөгийг 2017 оны 08 сарын 10-ны өдрийн дотор төлж, Э.Цэцэгмааг Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс ажилдаа орох өдрийг хүртэл хугацаанд хууль, журамд заасны дагуу нөхөн бичилт хийлгүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 д зааснаар Шаргалжуут рашаан сувилал ХХК-иас 35100 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг Шаргалжуут рашаан сувилал ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА