Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2018/ДШМ/73

 

 

 

 

 

 

 

                                    

 

                                         Т.Мөнхбатад холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч ерөнхий шүүгч        Б.Батзориг

                             Шүүгчид                                Г.Давааренчин                                       

                                                                          Д.Буянжаргал

                                                    Оролцогчид:

                           Прокурор                                А.Энхтуяа

                             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Янжиндулам

                             Шүүгдэгчийн өмгөөлөгч         М.Гансүх

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЗ/346 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан туг овогт Төмөрийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 1831000000132 дугаартай,  2 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мастер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, урьд ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг Сөдтэй гэх газарт оршин суух хаягтай Цагаан туг овогт Төмөрийн Мөнхбат /Регистрийн дугаар МЕ:55041736/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Мөнхбат нь 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө суманд түр оршин суух С.Доржсүхийг гэрт нь эхнэр хүүхдийнх нь хажууд хоолойн тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 09 сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЗ/346 дугаартай шүүгчийн захирамжаар

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан туг овогт Төмөрийн Мөнхбатад холбогдох 1831000000132 тоот эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын прокурор А.Энхтуяа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №12 дугаартай прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдлоо. Учир нь: 

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд энэ гэмт хэрэг нь 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө үйлдэгдсэн буюу цаг хугацааны хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байна. Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.”, мөн хуулийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томъёо ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж заасан байна. Дээрх байдлаас дүгнэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн аливаа нэр томъёо ухагдахууныг тайлбарлахад Улсын дээд шүүхийн тайлбараар бус Монгол улсын хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт хэм хэмжээг баримтлахаар зохицуулсан байгаа нь харагдаж байна. Ийм учраас Шүүх энэ тохиолдолд Улсын Дээд шүүхийн энэхүү тогтоолыг баримтлах нь зохимжгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2009 оны 14 дүгээр тогтоолыг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан ойлголтод хамруулан хэрэглэх нь учир дутагдалтай бөгөөд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчмыг зөрчиж хууль хэрэглээний хувьд алдаа болно гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг нь хууль зүйн ойлголт бөгөөд энэ тохиолдолд Улсын дээд шүүхийн 14 дүгээр тогтоолыг баримтлан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Шүүхээс яллагдагч Т.Мөнхбатыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний амь насыг хохироосон эсэхийг шалгаж тодруулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн заалтыг тус тус зөрчиж хэргийг хүндрүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Т.Мөнхбатад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан бөгөөд дээрх заалтын дагуу Т.Мөнхбатыг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 25-ны өдрийн 346 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Т.Мөнхбат нь бусдын амь насыг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хохироосон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр ч дээрхи байр суурийг илэрхийлж байсан. Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн талаас нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах гэж байна. Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар “онц харгис, хэрцгий аргаар хүний амь насыг хохироосон” гэсэн маш олон үндэслэлүүд байдаг.  Гэхдээ дээрхи байдлаар үйлдээгүй, нэг удаагийн үйлдлээр амь насыг нь хохироосон байдаг. ... Шүүгдэгчийн талаас хохирлын талаарх нотлох баримтыг үнэлүүлэхгүйгээр, нотлох баримтын хэмжээнд шүүхээр тогтоолгохгүйгээр асуудалд хандъя гэсэн байр суурьтайгаар гэрээ байгуулсан.  Өнөөдрийн байдлаар хохирогчийн гаргаж байгаа тайлбараас харахад хохирогчийн талаас хохирол төлбөр төлөх тухай гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байна.  Энэ гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Тэгэхээр энэ хэргийг анхан шатны журмаар буцааж, хэлэлцүүлэхдээ хохирол төлбөрийнхөө байдлыг тогтоолгох нь  зүйтэй юм байна гэсэн саналыг тавьж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Янжиндулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг прокурорт буцаасаныг зөв гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Мөнхбат нь 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө суманд түр оршин суух С.Доржсүхийг гэрт нь эхнэр хүүхдийнх нь хажууд хоолойн тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 346 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Т.Мөнхбатад холбогдох 1831000000132 дугаартай эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Мөнхбатад холбогдох хэргийг хянан хэлэлцэж “...гэр бүлийнх нь хүний дэргэд хохирогчийг алсан бол онц харгис хэрцгий аргаар алсан гэж хүндрүүлэн үзэх заалттай тул яллагдагчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж тодруулсны дараа эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэн энэ байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй, шүүхийн эрх хэмжээний асуудал байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх ...хуулийг төсөөтэй хэрэглэж Улсын Дээд шүүхийн тогтоолыг баримталсан нь үндэслэлгүй ...гэх гомдлын хувьд Эрүүгийн хуулийн /2015оны/ 10.1 дүгээр зүйлийн 2.1-д хуульчилсан “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэргийн шинж нь өмнөх Эрүүгийн хуулийн /2002 оны/ 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсгээр хуульчилсан ”хүнийг онц харгис хэрцгий аргаар алах” гэмт хэргийн шинжээс өөр байдлаар хуульчлагдаагүй бөгөөд хууль хэрэглээний хувьд тухайн зүйл, хэсгийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тогтоолыг ашиглах нь буруу биш байх тул энэ талаар бичсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/ШЗ/346 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/ШЗ/346 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Т.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ