Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
Хэргийн индекс | 141/2016/00036/э |
Дугаар | 22 |
Огноо | 2016-07-26 |
Зүйл хэсэг | 096.2.5, |
Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 22
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Б.Ихтамир, шүүгч Д.Ням нарынбүрэлдэхүүнтэйгээр
Нарийн бичгийн дарга С.Наранжаргал,
Улсын яллагч Б.Ганзориг,
Хохирогч Э.Дашдорж,
Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сарантуяа,
Шүүгдэгч Ц.Энхбат, Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт Цамбаагийн Энхбат, Мянгад овогт Цамбаагийн Пүрэвдорж нарт холбогдох 201513010079 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 10-нд Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-2, эгчийнхээ хамт Завхан аймгийн Тэс сумын Дооно багт оршин суудаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ИО91011016 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Мянгад овогт Цамбаагийн Пүрэвдорж,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 25-нд Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тэс сумын Дооно багт оршин суудаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ИО79092513 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Мянгад овогт Цамбаагийн Энхбат,
Шүүгдэгч Ц.Энхбат, Ц.Пүрэвдорж нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 9 зүгээр сарын 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 4-28 тоотод иргэн Э.Дашдоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газар нь цохиж, өшиглөн бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
2016 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 01 цагийн үед Тэс сумын Зүр багийн 4-28 тоотод байрлах Ц.Энхбатын гэрт Э.Дашдорж, Б.Дашням, Т.Батзаяа, Ц.Энхбат, Ц.Пүрэвдорж нар нь архи уух явцад Ц.Пүрэвдорж нь Э.Дашдоржтой маргалдаж, улмаар толгойн тус газар нь унины модоор цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Пүрэвдоржийн: 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Э.Дашдорж, Дашням, Батзаяа, Энхбат ах бид нар Тэсийн голын усанд орж 3 ширхэг Улаанбаатар архи хувааж уусан. Тэгээд манай төрсөн ах болох Ц.Энхбатын гэрт ирээд 1 шил архи хувааж уухад Батзаяа орны урд талд унтаад өгсөн. Тэгээд Дашдорж утсаар ярих гэж байгаа бололтой Батзаяагаас утасных нь пин кодыг асуухад Батзаяа сэрэхгүй байсан юм. Гэтэл Э.Дашдорж Батзаяад дээрээс чинь дэвслээ шүү гэж хэлэхээр нь би “ Дашдоржоо боль нэгийгээ яах гээд байгаа юм бэ?” гээд түүнийг холдуулах гээд үүд рүү түлхчихсэн чинь намайг “чи хажуугаар нь юу вэ” гээд намайг бариад авсан. Тэгээд бид хоёр маргалдаад гэрийн хаалгаар гарахдаа тотгоны унийг унагачихсан юм. Дашдорж гадаа гараад миний нүүр лүү хөлөөрөө өшиглөхөд миний хамарнаас цус гараад би хамраа дараад сууж байсан чинь Э.Дашдорж дахиж цохих гэхээр нь би гэрт унасан байсан унинаас авч Э.Дашдоржийн нүүрэн тус газарт нь цохиход унь хугарчихсан. Тэгээд хугарсан унины нэг талыг нь Э.Дашдорж аваад миний нуруу луу 2-3 удаа цохихоор нь би унийг булааж аваад Э.Дашдоржийн толгой руу нь 2-3 удаа цохичихоод хугарсан унийг хашаа давуулаад шидэхэд Э.Дашдорж хаанаас ч юм урт шургаанга авч ирээд миний нуруу нь дундуур цохиход Ц.Энхбат, түүний эхнэр, Дашням нар гарч ирээд Дашням Дашдоржийн модыг булааж аваад Энхбат ах намайг гэртээ оруулсан. Тэгээд маргааш өглөө нь би хөдөө явсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Энхбатын: “... 2015 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Дашням, Э.Дашдорж, Батзаяа, Ц.Пүрэвдорж бид нар Тэсийн голын усанд орж Улаанбаатар нэртэй 3 шил архи хувааж уусан. Тэгээд манайд ирж 1 шил архи хувааж уучихаад байж байтал Батзаяагийн утасны кодыг Дашдорж асуухад Батзаяа сэрэхгүй байсан юм. Тэгсэн чинь Дашдорж Батзаяаг өшиглөхөд Пүрэвдорж боль гэж хэлээд Дашдоржтой барилцаж аваад гэрээс гарахдаа тотгоны унинуудыг унагаачихаад гарсан. Намайг гэрээс энэ хоёрын араас гарахад Пүрэвдорж газар уначихсан байхаар нь би эхнэрээ дуудаад бид хоёр Пүрэвдоржийг гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Дашдоржийн: “... 2015 оны 9 дүгээр сарын 28-нд Дашням, Энхбат ах, Пүрэвдорж, Батзаяа бид нар Тэсийн голын усанд орж Улаанбаатар нэртэй архи 3 шилийг хувааж уучихаад Энхбатын гэрт нь очиж дахин нэг шил архи хувааж уусан. Тэгээд би хүнтэй утсаар ярих шаардлагатай болчихоод Батзаяагаас утасных нь кодыг асуухад хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би Батзаяаг татаж босгож ирэх гэтэл Пүрэвдорж дундуур орж ирээд намайг барьж аваад хаалга руу түлхчихсэн. Тэгээд бид хоёр барилцаж аваад гадаа гарахад Пүрэвдорж гэрт унасан байсан униар миний толгойн ар хэсэгт 2-3 удаа цохиход Энхбат ах гэрээсээ гарч ирээд бид хоёр салгасан. Тэгээд намайг татаж унагаад Эрдэнэбаатарын хүүхдүүдийг ална гээд миний толгой рүү хэд хэд өшиглөсөн. Миний толгой руу хэн өшиглөснийг сайн мэдэхгүй байна. Би Энхбат ахыг өшиглөсөн байх гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд:
Гэрч П.Эрдэнэбаатарын өгсөн: “...Манай хүү Дашдорж 2015 оны 9 сарын 28-ны өдөр адуугаа усална, тэгээд голын усанд орно гэж ярьж байсан. Тэр өдөр 17 цагийн үед гэрээсээ гарсан. Манайх сумын төвөөс 10 км орчим зайтай. Дашдорж маргааш өглөө нь 10 цагийн үед морьтойгоо ээжээ би хүнд зодуулаад үхэх шахлаа гэж уйлж ирсэн. Гэртээ ирэхдээ тархи толгой өвдөөд гээд нүүр ам нь жаахан шалбарсан байдалтай ирсэн. Тэгэхээр нь яасан гэж асуутал хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд тархи толгой өвдөөд байна гэхээр нь сумын төвийн эмнэлэг рүү явж үзүүлсэн. Ц.Пүрэвдорж, Ц.Энхбат нар цохьсон гэж яриж байсан. Юунаас болж зодоон болсныг нүдээр хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Энхбатынд болсон асуудал гэж дараа нь мэдсэн. Миний хүүгийн тэр үед унаж явсан хээр морь их номхон хүүхэд эмэгтэй хүн уначихдаг элдэв ааш зан байхгүй. Надад мориноос унасан талаар юм хэлээгүй. Харин хонио эргүүлэх гээд явж байтал толгой эргэхээр нь мориноосоо бууж газар хэвтэж байгаад ирсэн гэж хэлж байсан. Дашдорж мориноос унаагүй. Миний хүүд ямар нэгэн хууч өвчин байхгүй. Тархи толгойдоо гэмтэл авч байгаагүй ...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Дашнямын өгсөн: “... Би 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хөдөөнөөс сумын төв рүү орж ирсэн. Сумын төвд миний сайн таних аавын холын хамаатан Пүрэвдорж буюу Шонхоо гэж дууддаг залуу Энхбат ахындаа ирсэн байсан. Энхбатынх манай хоёр нэг хашаанд байдаг юм. Бид нар орой нь усанд орохоор ярилцсан байсан. Тэр өдөр намрын дунд сарын 15-ны сайн өдөр гээд хүмүүс Тэсийн голын усанд ордог юм. Орой Ц.Энхбат, Ц.Пүрэвдорж, Э.Дашдорж буюу Шонхор, Заяа бид нар тавуулаа Тэсийн гол руу явсан. Тэнд 00 цагийн үед очоод түлээ мод түүж гал түлээд усанд орох гэж байтал Дашдорж өврөөсөө нэг 0.5 литрийн “Улаанбаатар” гэдэг нэртэй архи гаргаж ирсэн. Тэр архийг Дашдорж хүмүүст тойруулаад тэр хооронд хувцасаа тайлж голын усанд орчихоод гарч ирсэн. Тэгэхэд галын хажууд бас 0.5 литрийн 2 шил архи тавьсан байсан. Тэрний нэг архийг Ц.Пүрэвдорж задалж хүмүүст тойруулсан. Дараа нь үлдсэн нэг архийг Заяа тойруулсан. 3 шил архи байсныг бүгд адилхан хувааж уусан. Тэгээд 01 цагийн үед сумын төв рүү орж Энхбат ахынд очсон. Тэнд очоод ойр зуурын юм ярицгааж дулаацаад сууж байтал Заяа би унтлаа гээд баруун талын орны урд газар хэвтсэн. Нэг хартал Заяагийн утсыг Дашдорж авчихсан пин кодыг надаар гаргуулсан. Гэтэл тэр утас нь унтарчихсан. Тэгсэн чинь Дашдорж унтаж байсан Заяагийн дэргэд очоод цээж хавьд нь гараараа цохиж ”хөөе чи энэ утасныхаа кодыг хэлээдэх пизда чинь” гээд байсан. Тэгсэн чинь Пүрэвдорж “чи юунд найзыгаа өшиглөж цохиод байгаа юм, чамайг унтаж байхад цохиод байвал ямар вэ? наадах чинь унтаж л байг л дээ” гэж хэлсэн. Тэгэж хэлэхээр нь би Заяаг Дашдорж өшиглөсөн юм байх гэж бодсон юм. Би Заяагийн хэвтэж байсан газрын эсрэг тийшээ хараад сууж байсан учир өшиглөхийг нь хараагүй. Тэгтэл Дашдорж “чи амжих уу?” гэж хэлээд Ц.Пүрэвдорж тэр хоёр барилцаж аваад гэрээс гарсан. Гарах үед гэрийн тотгоны унь газар уначихсан юм. Тэр хоёрыг гараад явсаны дараа хэсэг байж байтал гэрийн гадаа том том дуугараад пижигнээд явчихаар нь би гэрээс эхэлж гарсан, миний араас Ц.Энхбат, Энхбатын эхнэр нар гарч ирсэн. Дараа нь манай гэрээс манай эхнэр гарч ирсэн. Энхбатын гэрээс гараад би гэрлүүгээ орох гэж явсан юм. Тэгж явахдаа хартал Дашдорж шургаангаар Пүрэвдоржийн нуруу луу нэг цохисон. Тэгтэл Ц.Пүрэвдорж газар уначихсан. Би Дашдоржийн гараас модыг булааж аваад түлээний тийшээ хаячихаад эргэж харахад Э.Дашдорж цаашаа явж байсан. Нэг харсан чинь Ц.Пүрэвдорж унины модоор Дашдоржийн нуруу луу нэг цохиод тэр мод нь дундуураа хугарч харагдсан. Би гэрийнхээ үүдэнд зогсож байгаад эхнэртэйгээ гэртээ орсон. Намайг гэр лүү орж байхад Заяа гарч ирээгүй байсан. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй. Э.Дашдорж, Пүрэвдорж хоёр хоорондоо цохилцсон. Миний харснаар өөр хүн цохиж зодоогүй. Би Дашдоржийг алгадаж цохиогүй. Ц.Пүрэвдорж, Э.Дашдорж хоёр гэрээс гараад том дуугараад чимээ гараад байхаар нь би гэрээс гартал Шонхор буюу Дашдорж мод барьчихсан Пүрэвдоржийн ар нуруу луу цохиод унагаачихаар нь би Дашдоржийн барьж байсан модыг булааж аваад түлээ рүү хаясан. Тэгээд эргээд хартал Пүрэвдорж хаанаас авсаныг мэдэхгүй 1 унь баричихсан Дашдоржийн нуруу луу цохисон чинь унь нь хугарчихсан. Тэр хугархай унийг Дашдорж аваад Пүрэвдоржийн нуруу луу цохиж байсан. Тэгээд Пүрэвдоржийн эгч Рэнчинсодном нөхөр Энхбаттайгаа гарч ирээд Пүрэвдоржийг аваад гэрлүүгээ орсон. Энхбат намайг гадаа байх хугацаанд Дашдоржийг цохиогүй. Эрдэнэбаатарын хүүхдийг ална гэж хэлээгүй, би тийм үг сонсоогүй. Би согтоогүй байсан. Гадаа хашаан дотор тийм зүйл болж байхад манай эхнэр гэрээс гарч ирээд намайг авч орсон. Намайг гэрт ороод хэсэг байсны дараа Батзаяагийн мотоцикл асаж Дашдорж тэр хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Р.Рэнчинсодномын: “... 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр манай дүү 23 цагийн үед манайд мотоциклтой ирээд манай нөхрийг аваад Тэсийн гол руу усанд орохоор яваад хэдэн цагт буцаж ирснийг нь мэдэхгүй. Голоос манай нөхөр Энхбат, Ц.Пүрэвдорж, Дашдорж, Батзаяа, Дашням нар согтуу ирцгээсэн. Манайд тэд нар ирэнгүүт Батзаяа баруун талын орны урд газар хэвтээд унтсан чинь Дашдорж, Батзаяаг утасныхаа пин кодыг хэлээдэх гэж хоорондоо ярьж байгаад пүд гэх чимээ гарахаар нь эргэж хартал Э.Дашдорж Батзаяагийн өгзөг орчим хөлөөрөө өшиглөж харагдсан. Тэгтэл манай хадам дүү Ц.Пүрэвдорж наадахаа зүгээр унтуулчих, унтаж л байг гэсэн чинь Э.Дашдорж манай хадам дүү Ц.Пүрэвдоржийг “чи яахаараа үүнийг өмөөрдөг юм бэ” гэж хэлээд хоорондоо маргалдаад гэрээс зууралдаад гарч явсан. Тэгэхэд манай гэрийн унинууд унасан. Тэр хоёр гадаа гараад чанга чанга яриад байхаар нь би нөхөртөө энэ хоёрыг оруулж ир зодолдох гээд байна гэж хэлээд араас нь гаргасан. Манай нөхөр гараад намайг дуудахаар нь би гэрээс гартал Ц.Пүрэвдорж газар уначихсан хэвтэж байхаар нь би нөхөртэйгээ 2 талаас нь сугадаж өргөөд гэрт оруулж ирсэн. Манай нөхөр Энхбат зодоонд оролцоогүй байх гэж бодож байна. Гэрээс гарангуутаа Ц.Пүрэвдорж газар уначихсан байна гээд намайг дуудсан. Ц.Пүрэвдорж, Э.Дашдорж хоёр хоорондоо зодолдсон. Тэр хоёрын зодолдсоныг болон Дашдоржийг ямар байдалтай байсныг хараагүй. Удалгүй мотоцикл асаагаад Батзаяа, Э.Дашдорж хоёр явсан. Манайд Ц.Пүрэвдорж хоносон ...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Батзаяагийн өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр би гудамжинд Дашдоржтой бүрэнхий болж байхад тааралдсан. Дашдорж намайг усанд орох уу гэхээр нь тэгье гээд Энхбатынд очсон. Тэднийхээс Ц.Пүрэвдорж, Ц.Энхбат, Э.Дашдорж, Дашням бид нар Тэсийн гол руу усанд орохоор 00 цагийн үед очсон. Усанд орохоосоо өмнө нэг шил архи хувааж уугаад уснаас гарч ирээд 2 шил 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архийг хувааж ууцгаасан. Эхний архийг Пүрэвдорж, хоёр дахь архийг намайг тойруул гэхээр нь би тойруулсан. Бүгдээрээ миний хийж өгсөн архийг тэнцүү ууцгаасан. Тэндээсээ Энхбат ахынд ирээд би гэрийнх нь баруун талын орны урдуур газар хэвтээд унтсан. Намайг унтах гэж байхад тэднийд Дашням, Э.Дашдорж, Ц.Энхбат, Ц.Пүрэвдорж Энхбатын ахын эхнэр Ренчинсодном нар байсан. Намайг унтаж байхад Дашдорж утасны код асуух гэж хөл рүү зөөлөн ёворсон. Сэрээд хартал утасныхаа кодыг хэлээдэх би хүнтэй ярих хэрэг гараад байна гэж хэлсэн. Гэтэл Ц.Пүрэвдорж, Э.Дашдорж хоёр зууралдаад гэрээс гарсан. Тухайн үед миний нойр хүрээд эргээд унтчихсан. Гэрийн гадаа хүмүүс чанга чанга яриад байхаар нь сэрээд хартал гэрт байсан хүмүүс бүгд гараад явсан байсан. Тэгэхээр нь би гарах гэтэл Энхбат ахын эхнэр гадаа хүмүүс зодолдоод байна, чамайг зодчихно, гараад хэрэггүй гээд намайг гаргаагүй. Хэсэг хугацааны дараа сэрээд хартал гэрт хэн ч байхгүй болохоор нь гэрээс гартал Энхбат ах хэнийг нь мэдэхгүй ямар ч байсан “ална” гээд орилоод байсан. Эхнэр нь Пүрэвдоржтой хамт Энхбат ахыг гэрт нь оруулсан. Дашдоржийн нүүрэн хэсгээс нь цус гарсан бололтой, сууж байхаар нь татаад юу болсон талаар асуутал энэ хэдтэй зодолдчихлоо гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Дашдоржийг босгоод авч явсан. Дашдорж надад хэлэхдээ Пүрэвдорж, Энхбат, Дашням нарт зодуулчихлаа гэж ярьж байсан. Хэн хэн хаана нь юугаар цохиж зодсоныг би хараагүй. Тухайн үед Дашдорж миний толгой хавдчихсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Анхбаярын: “... 2015 оны 9 дүгээр сарын 28-ны орой манай нөхөр 23 цагийн үед гэрээсээ Пүрэвдоржтой хамт Тэсийн гол руу усанд орохоор яваад хэдэн цагт буцаж ирснийг мэдэхгүй. Гэртээ ирж цай уучихаад би гарч бие заслаа гээд гарах гэхээр нь цаана чинь хүмүүс маргалдаад байна гарч яах гэж байгаа юм бэ? гээд гэрээс гаргахгүй гэж хаалганы тэнд байж байтал Энхбат ах, Ренчинсодном эгч хоёр Пүрэвдоржийг суганаас нь өргөөд гэрлүү нь оруулж байсан. Тухайн үед Энхбат ахын гэрийн хаалга онгорхой байсан. Дашдорж хашааны үүд хавьд зогсож байсан. Тухайн үед Дашдорж хэнд хэлснийг нь мэдэхгүй та нар хүрээд ир чадах юм уу? гээд байсан. Би нялх хүүхэдтэй байсан болохоор гэрээс гараагүй. Би дөнгөж гэрийн үүдэнд гарч нөхрийгөө аваад гэртээ орсон. Гадаа хэн хэн байсныг мэдэхгүй. Манай нөхөр орж ирчихээд буцаад гарч бие засна гэхээр нь би гадаа хүмүүс маргалдаад байхад хүүхэд уйлна гээд гэрээс Дашнямыг гаргаагүй. Би төрөөд 20 хонож байгаа тул 2 чихээ бөглөчихсөн юу ч сонсоогүй...” гэх мэдүүлэг,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Отгонбаярын:
2.1. Иргэн Э.Дашдоржийн биед гэмтэл учирсан байна.
2.2. Э.Дашдоржийн биед: Тархины доргилт, тархины зайн аалзан бүрхүүл доор хурцавтар цус харвалт, хамрын таславч яс зүүн талруугаа хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
2.3. Тархины доргилт, хамрын таславч яс зүүн талруугаа хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины зайн аалзан бүрхүүл доорх хурцавтар цус харвалт нь гэмт зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2.4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх 201500298 тоот дүгнэлт,
Шинжээч Г.Отгонбаярын: “... Э.Дашдоржийн биед гэмтлийн зэрэг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргасан. Э.Дашдоржийн биед учирсан тархины зайн аалзан бүрхүүл торх хурцавтар цус хуралт гэмтэл нь гэрийн униар цохих болон мориноос унах зэрэг тохиолдлуудын аль алинд нь үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь тархины битүү гэмтлийн улмаас үүсэж байгаа тул яг ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж байгааг мэдэх боломжгүй...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Сум дундын Прокурорын газраас Ц.Энхбат, Ц.Пүрэвдорж нарыг Э.Дашдоржийн бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэвч шүүгдэгч Ц.Энхбат нь хохирогч Э.Дашдоржийн толгой руу өшиглөсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Э.Дашдорж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэг өгөхдөө би арагш ухраад гишгэх гэтэл юманд тээглээд унатал Энхбат “Эрдэнэбаатарын хүүхдийг алаад хаячихъя гээд миний толгой руу өшиглөөд дэвсээд байсан”, “намайг татаж унагаад Эрдэнэбаатарын хүүхдүүдийг ална гээд миний толгой руу хэд хэд өшиглөсөн. Хэн өшиглөснийг сайн мэдэхгүй байна. Би Ц.Энхбат ахыг өшиглөсөн байх гэж бодож байгаа” гэж өөр хоорондоо зөрүүтэй, нэг нэгнээ үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн байх ба түүний “би арагш ухраад гишгэх гэтэл юманд тээглээд унатал Энхбат Эрдэнэбаатарын хүүхдийг алаад хаячихъя гээд миний толгой руу 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг нь тухайн үйл явдал болох үед байсан гэрч Б.Дашням, Л.Ренчинсодном, Т.Батзаяа, Ж.Анхбаяр нарын мэдүүлгээр нотлогдохгүй байна.
Иймд Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.25 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Энхбат, Ц.Пүрэвдорж нарт холбогдох эрүүгийн 201513010079 дугаартай хэргээс Ц.Энхбатад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Ийнхүү Ц.Энхбат гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Пүрэвдоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Пүрэвдоржийг 2016 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 01 цагийн үед Тэс сумын Зүр багийн 4-28 тоотод байрлах Ц.Энхбатын хашаанд Э.Дашдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь унины модоор цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Дашдоржийн биед хүнд гэмтэл учирсан ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 2744620 төгрөг төлсөн, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч шүүгдэгчийн мэдүүлгээр, шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Ц.Пүрэвдоржийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Пүрэвдоржийн эзэмшлийн 10 тооны эр хонь, 10 тооны эм хонь, 10 тооны ямааг битүүмжилсэн, Ц.Энхбатын эзэмшлийн 10 тооны эр хонь, 10 тооны эм хонь, 10 тооны ямаа зэргийг мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 талтай, цэнхэр өнгийн унины хугархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйл, 285 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 288, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт Цамбаагийн Энхбат, Мянгад овогт Цамбаагийн Пүрэвдорж нарт холбогдох 201513010079 дугаартай эрүүгийн хэргээс Ц.Энхбатад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Мянгад овогт Цамбаагийн Энхбатыг цагаатгасугай.
2. Сум дундын прокурорын газраас Ц.Пүрэвдоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч Мянгад овогт Цамбаагийн Пүрэвдоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пүрэвдоржид 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь заасыг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Пүрэвдоржид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурьдсугай.
7. Ц.Пүрэвдоржийн эзэмшлийн 10 тооны эр хонь, 10 тооны эм хонь, 10 тооны ямааг битүүмжилсэн, Ц.Энхбатын эзэмшлийн 10 тооны эр хонь, 10 тооны эм хонь, 10 тооны ямаа зэргийг мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 талтай, цэнхэр өнгийн унины хугархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Энхбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Пүрэвдоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧИД Б.ИХТАМИР
Д.НЯМ