Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00841

 

“... консалтинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00053 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 388 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “... консалтинг” ХХК

          Хариуцагч: Э.Ж-т холбогдох

          34,782,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сэлэнгэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од, хариуцагчийн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Э.Ж-тай 2017-01-25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, 30 хоногийн 5%-н хүүтэй, 30 сая төгрөг, 2017-02-06-ны өдөр гэрээ байгуулж 2 сарын хугацаатай, 30 хоногийн 5%-н хүүтэй, 10 сая төгрөг нийт 40 сая төгрөг зээлүүлсэн. ЗГ-1702060004 тоот зээлийн гэрээний үүрэг 2017-4-25-ны өдөр дуусах байсан боловч 2018-01-17-ны өдөр 267 хоног хугацаа хэтрүүлж, нийт үндсэн зээлд 10 сая төгрөг, зээлийн хүү 5,750,000 төгрөг, алдангид 5 сая төгрөг нийт 20,750,000 төгрөг төлсөн. ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээнд 2018-11-27-ны өдрийн байдлаар 490 хоног хугацаа хэтэрч нийт үндсэн зээлд 30 сая төгрөг зээлийн хүүд 29,577,900 төгрөг, алдангид 11,205,000 төгрөг нийт 70,782,900 төгрөг төлөх байснаас үндсэн зээлд 7,590,000 төгрөг, зээлийн хүүд 17,850,000 төгрөг, алдангид 10,560,000 төгрөг нийт 36 сая төгрөг төлсөн. Дээрх зээлийн гэрээ нийт дүнгээрээ дансанд орж ирсэн байсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч 2018-01-27-ны өдрөөс хойш ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээний төлбөр хийгээгүй. ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээний төлбөрт 2018-11-27-ны өдрийг хүртлэх байдлаар алданги, зээлийн хүү, үндсэн зээл төлөх дарааллаар тооцвол 490 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээлд 22,410,000 төгрөг, хүүд 11,727,900 төгрөг, алдангид 645,000 төгрөг нийт 34,782,900 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2017-1-25-ны өдөр ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээ байгуулж, 30 сая төгрөгийг зээлсэн. Мөн 2017-2.6-ны өдөр ЗГ-1702060004 тоот зээлийн гэрээ байгуулж 10 сая төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгчээс шүүхэд 2017-1-25-ны өдрийн ЗГ-1701250001 тоот зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 56,750,000 төгрөгийг төлсөн. №ЗГ1701250004 тоот гэрээний буюу 10 сая төгрөгийн хүүд 1,300,000 төгрөг, 30 сая төгрөгийн зээлийн гэрээний хүүнд 9,600,000 төгрөг төлсөн. 2017-7-28-с 2018-1-17-ны өдөр хүртэл хугацаанд алданги 5,067,600 төгрөг төлж, үндсэн зээлээс 2017-7-28-ны байдлаар 782,400 төгрөг төлсөн. Ингээд 2018-1-17-ны өдөр 40 сая төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс үндсэн зээлд 29,217,600 төгрөг, мөн энэ хугацааны алдангид 5,159,255 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 5,623,145 төгрөгийг №ЗГ1701250004 тоот зээлийн гэрээний үүрэгт тооцож өгсөн. ЗГ-1701250001 тоот гэрээний хугацаа 6 сарын хугацаатай бөгөөд бид энэ гэрээний хугацааг сунгаагүй. Манай зүгээс 2017-7-26-ны өдрөөс хойш өгсөн мөнгийг алданги болон үндсэн зээлд тооцож өгсөн. Зээлийн гэрээний үүргийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 101/ШШ2019/00053 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ж-аас 34,782,900 төгрөг гаргуулах ... консалтинг ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 388 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар Э.Ж-аас 11,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 22,982,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Э.Ж-аас 203,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

   Хариуцагч хяналтын гомдолдоо: Гэрээнүүдийн төлбөрийг дараах байдлаар төлсөн байна. Үүнд: 2017-02-25-ны өдөр 1,550,000 төгрөг, 03-25-ны өдөр 2,160,000 төгрөг, 04-25-ны өдөр 2,090,000 төгрөг, 05-30-ны өдөр 2 сая төгрөг, 06-30-ны өдөр 2 сая төгрөг, 07-26-ны өдөр 1,7 сая төгрөг, 07-28-ны өдөр 300,000 төгрөг, 09-15-ны өдөр 750,000 төгрөг, 11-09-ны өдөр 2 сая төгрөг, 11-24-ны өдөр 200,000 төгрөг, 12-14-ны өдөр 1,5 сая төгрөг, 12-19-ны өдөр 500,000 төгрөг, 2018-01-17-ны өдөр 40 сая төгрөг Нийт 56,750,000 төгрөгний төлбөрийг хийжээ. Дээрх төлбөрүүдийг нэхэмжлэгч нь алдангид тооцож авсан, одоо үлдэгдэл төлбөрөө гаргуулна, мөн гэрээний хугацаа дууссанаас хойш сар бүрийн хүү алдангийг мөн тооцож гаргуулна гэж шаардаж байгаа бол миний бие алдангид төлсөн төлбөр нь тухайн үед бодогдсон алдангийн хэмжээнээс илүү гарсан тохиолдолд тэрхүү илүү гарсан төлөлтийг үндсэн төлбөрөөс хасч, үнийн дүн багассан үндсэн төлбөрөөс цаашид алдангийг бодох зарчмаар тооцох нь зөв бөгөөд шударга юм гэж маргаж байна. Тодруулбал миний бие нь төлбөрийг дараах байдлаар хийсэн байна. Үүнд: 2017-02-25-ны өдрийн төлсөн 1,550,000 төгрөг. Уг төлбөр нь 01 тоот гэрээний 2017.01-25-02.25-г хүртэлх 31 хоногт тооцогдох хүү болох 1,550,000 төгрөгийг 2017-02-25-нд төлсөн. 2017-03-25-ны өдөр 2,160,000 төгрөг. Уг төлбөр нь 01 болон 04 тоот гэрээнүүдийн хүүгийн нийлбэр юм. Учир нь 04 тоот гэрээг 01 тоот гэрээний дараа буюу 2017-02-06-ны өдөр байгуулсан. 2017-02-25-с 03-25-г хүртэлх 28 хоногтой ба 30 саяын зээлийн хүү нь 1 хоногт 50,000 төгрөг /30сая*5%=1,5 сая/30 хоног=50,000 төг/ бөгөөд 28 хоногт тооцогдох хүү нь 1,4 сая төгрөг юм. Харин илүү гарч байгаа 760,000 төгрөг нь /2,160,000-1,4 сая=760,000/ 04 тоот гэрээний хүүг төлсөн. 04 тоот гэрээг 02-06-с 3-25-н хүртэл 47 хоногийн дараа төлсөн бөгөөд 10 сая*5%=сард 500,000 төгрөгийн хүүтэй ба үүнийг 30 хоногт хуваавал 1 хоногт 16,667 төгрөгийн хүүтэй байна. Үүнийг 47 хоногт тооцвол 3-25-нд 783,333 төгрөг /16,667*47/ төлөх байсан. Гэвч 01 тоот гэрээний хүүг бүрэн төлж харин 04 тоот гэрээний хүүгийн төлбөрөөс 23,333 төгрөг дутуу /783,333-760,000=23,333/ төлсөн юм. 2017-04-25-ны өдөр 2,090,000 төгрөг, 01 тоот гэрээний дагуу 3-25-4-25-г хүртэлх хүүнд 1,550,000 төгрөг төлсөн. Харин 04 тоот гэрээний 3-25-4-25-г хүртэлх хүү нь 516,677 төгрөг /16,667*31х=516,677/ байна. Ингээд зээлдэгч 01 тоот гэрээний хүү 1,550,000 төгрөг 04 тоот гэрээний хүү болох 516,667 төгрөгийн /1,550,000+516,667/ хамт 2,066,677 төгрөг төлөх ёстой байсан ч өмнөх сарын 04 тоот гэрээний хүүгийн үлдэгдэл болох 23,333 төгрөгийг нэмж нийт 2,090,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш зөвхөн 01 тоот буюу 30 саяын гэрээний хугацаа үргэлжилж уг гэрээний төлөлтийг хийсэн бөгөөд харин 04 тоот гэрээний хугацаа дууссан тул хүү бодогдохгүй юм. 2017-05-30-ны өдөр 2 сая төгрөг 01 тоот гэрээний дагуу 4-25 5-25-г хүртэл 1,5 сая төгрөгний хүү төлөх ёстой байсан. 5-30-нд буюу 5 хоног хугацаа хэтрүүлж төлөлт хийсэн тул 5 хоногийн хүүг нэмж хийсэн юм. 30 саяын 1 хоногийн хүү нь 50,000 төгрөг тул үүнийг 5 хоногт тооцон 250,000 төгрөгийг хэтрүүлсэн 5 хоногт тооцон нийт 1,750,000 төгрөгийг харин үлдсэн 250,000 төгрөг нь 30 саяын үндсэн төлбөрөөс хасагдах юм. Ингээд 5-30-ны байдлаар 01 тоот гэрээний хүүгийн үлдэгдэлгүй харин илүү гарсан 250,000 төгрөгийг /2 сая-1,750,000/ үндсэн зээлээс хасч 29,750,000 төгрөг болсон юм. 2017-06-30-ны өдөр 2 сая төгрөг, 01 тоот гэрээний дагуу 5.25-6.25-г хүртэл 1,550,000 төгрөгний хүү төлөх ёстой байсан. 6.30-нд буюу мөн л 5 хоног хугацаа хэтрүүлж төлөлт хийсэн тул 5 хоногийн хүүнд 250,000 төгрөг төлж нийт хүүнд 1,8 сая төгрөгийг /1,550,000+250,000/ төлсөн юм. Мөн илүү гарсан 200,000 төгрөгийг /2 сая-1,8 сая/ үндсэн зээлийн үлдэгдэл болох 29,750,000 төгрөгөөс хасч 30 саяын зээлийн үлдэгдэл 29,550,000 төгрөг болсон юм. 2017-07-26-ны өдөр 1,7 сая төгрөг, 01 тоот гэрээний дагуу 6.25-7.25-г хүртэл 1,5 сая төгрөгний хүү төлөх ёстой байсан. 7.26-нд буюу 1 хоног хугацаа хэтрүүлж төлөлт хийсэн тул 50,000 төгрөг нэмж төлж нийт хүүнд 1,550,000 төгрөгийг /1,5 сая+50,000/ төлсөн юм. Мөн илүү гарсан 150,000 төгрөгийг /1,7 сая 0.000-1.550.000/ үндсэн зээлийн үлдэгдэл болох 29,550,000 төгрөгөөс хасч 30 саяын зээлийн үлдэгдэл 29,400,000 төгрөг болсон юм. 01 тоот гэрээний хугацаа нь 6 сар тул 07-25-ны өдрөөр гэрээний хугацаа дууссан тул цаашид хүү бодогдохгүй бөгөөд зөвхөн алданги бодогдох юм. 2017-07-28-ны өдөр 300,000 төгрөг, 07-26-ны өдөр хүүгийн төлөлтийг 150,000 төгрөгийн илүү төлөлттэй хийснээр 07-26-ны байдлаар хүүгийн үлдэгдэлгүй ба харин уг хугацаанаас хойш алданги бодогдож эхэлсэн юм. Үндсэн төлбөр болох 29,400,000 төгрөгийн хоногт 0.2%-н алданги нь 58,800 төгрөг /29,400,000*0,2%/ байсан. 07-26-с 28-г хүртэл 2 хоногт 117,600 төгрөгийн /58,800*2/ алданги бодогдож байх үед нь 300,000 төгрөгийг 28-нд төлсөн ба үүнээс 117,600 нь алдангид илүү гарсан 182,400 төгрөг нь мөн үндсэн зээлээс хасагдаж 30 саяын үндсэн зээлийн үлдэгдэл 29,217,600 төгрөг /29,400,000-182,400/ болсон юм. 2017-09-15-ны өдөр 750,000 төгрөг, 07-28-нд 300,000 төгрөг төлсөнөөс хойш 09-15-н хүртэл 49 хоног өнгөрсөн байх бөгөөд уг хугацаанд тооцогдох 01 тоот зээлийн үлдэгдэл 29,217,600 төгрөгний алданги нь 2,863,315 төгрөг болсон байсан. /29,217,600*0.2%=58,435 төгрөг*49хоног=2,863,315/ Үүнээс гэрээний дагуу алдангид эхэлж 750,000 төгрөгийг төлөхөд 2,113,315 төгрөгийн алданги /2,863,315-750,000/ үлдэж байна. Төлөлт алдангиас илүү гараагүй тул үндсэн төлбөр 29,217,600 хэвээр байна. 2017-11-09-ны өдөр 2 сая төгрөг, 09-15-нд 750,000 төгрөгийг алдангид төлсөнөөс хойш 11-09-н хүртэл 55 хоног өнгөрсөн байх бөгөөд уг хугацаанд дахин 3,213,925 төгрөгний алданги /58,435*55/ бодогдсон байсан. Ингээд өмнөх алдангийн үлдэгдэл болох 2,113,315 төгрөг дээр 3,213,925 төгрөгийн алдангийн хамт нийт алданги 11-09-ны өдрийн байдлаар 5,327,240 төгрөг болоод байснаас 11-09-ны өдөр 2 сая төгрөгийг төлж нийт алдангийн хэмжээ 3,327,240 төгрөг /5,327,240-2 сая/ болсон. Төлөлт алдангиас илүү гараагүй тул үндсэн төлбөр 29,217,600 хэвээр байна. 2017-11-24-ны өдөр 200,000 төгрөг, 11-09-нд 2 сая төгрөгийг алдангид төлсөнөөс хойш 11-24-н хүртэл 15 хоног өнгөрсөн байх бөгөөд уг хугацаанд дахин 876,525 төгрөгний алданги /58,435*15/ бодогдсон байсан. Ингээд өмнөх алдангийн үлдэгдэл болох 3,327,240 төгрөг дээр 876,525 төгрөгийн алдангийн хамт нийт алданги 11-24-ны өдрийн байдлаар 4,203,765 төгрөг болоод байснаас 11-24-ны өдөр 200,000 төгрөгийг төлж нийт алдангийн хэмжээ 4,003,765 төгрөг /4,203,765-200,000/ болсон. Төлөлт алдангиас илүү гараагүй тул үндсэн төлбөр 29,217,600 хэвээр байна. 2017-12-14-ны өдөр 1,5 сая төгрөг, 11-24-нд 200,000 төгрөгийг алдангид төлсөнөөс хойш 12-14-н хүртэл 20 хоног өнгөрсөн байх бөгөөд уг хугацаанд дахин 1,168,700 төгрөгний алданги /58,435*20/ бодогдсон байсан. Ингээд өмнөх алдангийн үлдэгдэл болох 4,003,765 төгрөг дээр 1,168,700 төгрөгийн алдангийн хамт нийт алданги 12-14-ны өдрийн байдлаар 5,172,465 төгрөг болоод байснаас 12-14-ны өдөр 1,5 сая төгрөгийг төлж нийт алдангийн хэмжээ 3,672,465 төгрөг /5,172,465-1,5 сая/ болсон. Төлөлт алдангиас илүү гараагүй тул үндсэн төлбөр 29,217,600 хэвээр байна. 2017-12-19-ны өдөр 500,000 төгрөг 12-14-нд 1,5 сая төгрөгийг алдангид төлсөнөөс хойш 12-19-н хүртэл 5 хоног өнгөрсөн байх бөгөөд уг хугацаанд дахин 292,175 төгрөгний алданги /58,435*5/ бодогдсон. Ингээд өмнөх алдангийн үлдэгдэл болох 3,672,465 төгрөг дээр 292,175 төгрөгийн алдангийн хамт нийт алданги 12-19-ны өдрийн байдлаар 3,964,640 төгрөг болоод байснаас 12-19-ны өдөр 500,000 төгрөгийг төлж нийт алдангийн хэмжээ 3,464,640 төгрөг /3,964,640-500,000/ болсон юм. Төлөлт алдангиас илүү гараагүй тул үндсэн төлбөр 29,217,600 хэвээр байна. 2018-01-17-ны өдөр 40 сая төгрөг, 12-19-нд 500,000 төгрөгийг алдангид төлсөнөөс хойш 2018-01-17-н хүртэл 29 хоног өнгөрсөн байх бөгөөд уг хугацаанд дахин 1,694,615 төгрөгний алданги /58,435*29/ бодогдсон байна. Ингээд өмнөх алдангийн үлдэгдэл болох 3,464,640 төгрөг дээр 1,694,615 төгрөгийн алдангийн хамт нийт алданги 2018-01-17-ны өдрийн байдлаар 5,159,255 төгрөгийн алданги хуримтлагдаад байжээ. Ингээд 40 сая төгрөг төлсөн бөгөөд энэ нь 01 тоот гэрээний хуримтлагдсан байсан алданги болох 5,159,255 төгрөгийг бүрэн төлж, мөн 01 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл болох 29,217,600 төгрөгийг бүрэн төлж 5,623,145 төгрөг илүү гарсан ба /40 сая-5,159,255-29,217,600=5,623,145/ энэ нь 04 тоот гэрээний төлбөрийг төлсөн юм. Ингэснээр зээлдэгч миний бие 01 тоот 30 саяын Зээлийн гэрээний Үндсэн зээлийн төлбөрт 2017-05-30-нд 250,000 төгрөг, 06-30-нд 200,000 төгрөг, 07-26-нд 150,000 төгрөг, 07-28-нд 182,400 төгрөг, 2018-01-17-нд 29,217,600 төгрөг буюу нийт 30 сая төгрөг төлсөн байна. Зээлийн хүүтийн төлбөрт тооцон 2017-02-25-нд 1,550,000 төгрөг, 03-25-нд 1,4 сая төгрөг, 04-25-нд 1,550,000 төгрөг, 05-30-нд 1,750,000 төгрөг, 06-30-нд 1,8 сая төгрөг, 07-26-нд 1,550,000 төгрөг буюу нийт 9,6 сая төгрөгийг төлсөн байна. Зээлийн алдангийн төлбөрт тооцон 2017-07-28-нд 117,600 төгрөг, 09-15-нд 750,000 төгрөг, 11-09-нд 2 сая төгрөг, 11-24-нд 200,000 төгрөг, 12-14-нд 1,5 сая төгрөг, 12-19-нд 500,000 төгрөг, 2018-01-17-ны өдөр 5,159,255 төгрөг буюу нийт 10,226,855 төгрөгийн алданги төлсөн байна. Ингээд 01 тоот гэрээний үндсэн төлбөрт 30 сая төгрөг, хүүнд 9,6 сая төгрөг, алдангид 10,226,855 төгрөг буюу нийт 49,826,855 төгрөгийг төлсөн байна гэж үзэж байна. Харин 04 тоот гэрээний хүүнд 2017-03-25-нд 760,000 төгрөг, 04-25-нд 540,000 төгрөг буюу нийт 1,3 сая төгрөгийг төлсөн талаар дээр дурьдсан билээ. Нийт 13-н удаагийн үйлдлээр 56,750,000 төгрөг төлсөн гэдэгт талууд маргаагүй бөгөөд 01 тоот гэрээний төлбөрт төлсөн 49,826,855 төгрөгийг хасч тооцвол 6,923,145 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс 04 тоот гэрээнд төлсөн 1,3 сая төгрөгийг хасахад 5,623,145 төгрөг буюу 40 сая төгрөгийг төлөөд үлдэх төлбөртэй тохирч байна. Нэхэмжлэгч нэгэнт зөвхөн 2017-01-25-ны өдрийн №ЗГ-1701250001 тоот 30 сая төгрөгний үнийн дүн бүхий Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж маргаж байгаа тул 01 тоот гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусгавар болсон байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй шаардлага буюу маргаагүй гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь талуудын мэтгэлцэх, шүүх хэрэг маргааныг зөвхөн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчсөн. Хэрэв 04 тоот буюу 10 сая төгрөгийн гэрээний үүргийг хамтад нь нэхэмжилж шийдвэрлүүлсэн тохиолдолд бид төлбөрийг төлсөн талаар, үлдэгдэл төлбөр байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхийн тооцож байгаа төлбөрийн хэмжээ буюу 11,800,000 төгрөгийг төлөх нь үндэслэлтэй эсэхэд мэтгэлцэх юм. Бидний тооцож байгаагаар 04 тоот гэрээний үүрэгт дээр дурдсанаар 2017-03-25-нд 760,000 төгрөг, 2017-04-25-нд 540,000 төгрөг, 2018-01-17-ны өдөр 5,623,145 төгрөг буюу нийт 6,923,145 төгрөгийг төлсөн байх бөгөөд 04 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 10 сая төгрөг, хүү 1 сая төгрөг, алдангид 5 сая төгрөг буюу нийт 16 сая төгрөг төлөх үүрэгтэй гэж үзвэл 16 сая-   6,923,145=9,076,855 төгрөг байна. Иймд магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      “... консалтинг” ХХК 2018-10-01-ний өдөр Э.Ж-т холбогдуулан нэхэмжлэл нийт 34,782,900 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...үндсэн зээлд 22,410,000 төгрөг, хүүд 11,727,900 төгрөг, алдангид 645,000 төгрөг төлөгдөөгүй...” гэж тайлбарлажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, хариуцагчаас 11,800,000 төгрөг гаргуулсан байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч талын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг “... консалтинг” ХХК нь 2017-01-25-ны өдрийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 30 хоногт 5 хувийн хүүтэй, 2017-02-06-ны өдрийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 30 хоногийн 5 хувийн хүүтэй зээлүүлэх, хариуцагч мөнгийг хүлээн авч заасан хугацаанд буцааж төлөх үүрэг хүлээсэн байна.  

      Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

      Иймд шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281, 286 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.  

     Харин талууд 2017-01-25-ны болон 2017-02-06-ны өдрийн гэрээг сунгасан гэх байдал тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцээгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгоно.

     2. “... консалтинг” ХХК нь 2017-01-25, 2017-02-06-ны өдрийн гэрээгээр хариуцагчид нийт 40,000,000 төгрөг зээлүүлсэн,Э.Ж- мөнгийг хүлээн авч буцааж 56,750,000 төгрөг төлсөн нь нотлогджээ.   

    Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2017-07-25-ны өдөр дууссан   бөгөөд хугацаа сунгагдаагүй нь тогтоогдож байна. Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Хугацаа дууссанаас хойш гэрээг сунгаагүй байх тул нэхэмжлэгч нь уг хугацаанаас хойшхи хүүг шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3,286 дугаар зүйлийн 286.5-н агуулгыг зөрчөөгүй гэж үзлээ.

     Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгох ёстой байна.

     Хуулийн уг зохицуулалтаас үзвэл зээлдүүлэгч нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үеэс эхлэн барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдах ажиллагаа явуулах боломжтой. Түүнчлэн, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч нь анз авах эрхээ алддаг байна. Зээлийн гэрээний зээлдэгч нь гэрээний зүйлийг шилжүүлэн авч, гэрээнд заасан хугацаа болоход зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байх ёстой боловч барьцаалан зээлдэх газрын хувьд үүргээ гүйцэтгээгүй зээлдэгчид үүргээ гүйцэтгэх, барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах талаар заавал мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоног үүргийн гүйцэтгэлийг хүлээх үүргийг хуулиар тодорхойлсон тул энэхүү үүргийг “үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч хийх ёстой үйлдэл”-д хамаарна. Нэхэмжлэгч нь эд хөрөнгө барьцаалаагүй байх тул алданги тооцох хуульд заасан урьдчилан нөхцөл бүрдээгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн нь буруу биш байна. 

    Харин шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс үүргийн гүйцэтгэл шаардсан тул хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 388 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...182 дугаар зүйлийн 182.1...” гэснийг “...281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 203,750 төгрөгийг Э.Ж-т захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ