| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/01479/И |
| Дугаар | 1289 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 1289
| 2017 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/01289 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “БСБ финанс ББСБ” ХХК /РД: 5443598/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Мөнхчимэг, Э.Алтансүх нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “БСБ финанс ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Ш.Сабит шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Мөнхчимэг, Э.Алтансүх нар нь “БСБ Финанс ББСБ” ХХК-иас 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 0519 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1 919 900 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч Ц.Мөнхчимэг нь зээл авах үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 хороолол Хасбаатар гудамж, 20 дугаар байр, 64 тоотод, Э.Алтансүх нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байр, 26 тоотод тус тус амьдарч байсан. Гэтэл зээлдэгч Ц.Мөнхчимэг, Э.Алтансүх нар нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2014 оны 8 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Одоо Ц.Мөнхчимэг, Э.Алтансүх нарын оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Уг хуралд нэхэмжлэгч биечлэн оролцохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БСБ финанс ББСБ” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Мөнхчимэг, Э.Алтансүх нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “БСБ финанс ББСБ” ХХК нь Ц.Мөнхчимэг, Э.Алтансүх нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагч Э.Алтансүх нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар байр, 26 тоот хаягт бүртгэлгүй болох нь, хариуцагч Ц.Мөнхчимэг нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 20 дугаар байр, 64 тоот хаягаас шилжин явсан болох нь хорооны Засаг дарга нарын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч “БСБ финанс ББСБ” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Мөнхчимэг, Э.Алтансүх нарыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Мөнхчимэг, Э.Алтансүх нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “БСБ финанс ББСБ” ХХК-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Шаазган овогт Цогзолмаагийн Мөнхчимэг /РД: ЧЕ74082001/, Цэмбэл овогт Энхбаатарын Алтансүх /РД: ШЕ78061815/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ц.Мөнхчимэг, Э.Алтансүх нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “БСБ финанс ББСБ” ХХК-д /утас: 302767, 91919560/ мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН