Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01881

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01881

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 19 өөрийн байранд байрлах Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч:  Баянгол дүүргийн, 7-р хороо, 3-р хороолол, 101-р байр 57 тоотод оршин суух, регистр РЭ68031574, Шархан овогт Доржийн Одсүрэн, 

 

         Хариуцагч: Баянзүрх дүүргийн, 25-р хороо, 13-р хороолол, 99в байрны 801 тоотод оршин суух, регистр ЧС84081372, Халиун овогт Өлзийбатын Түвшинтөгсөд нарт холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 4 700 833 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Одсүрэн нь тус банктай 2015 оны 2-р сарын 05-ны өдөр №2015/000375/0051 тоот Цалингийн зээл ба Цалингийн зээлийн барьцааны гэрээг иргэн Ө.Түвшинтөгс нь Цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээг тус тус байгуулан 10 000 000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь Цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч байгуулагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлого, мөн Худалдаа хөгжлийн банкны 464008244 тоот цалингийн картын орлогыг барьцаалсан юм. Батлан даагч Ө.Түвшинтөгс нь зээлийн гэрээний батлан даалтыг өөрийн хөрөнгө орон сууц, хашаа байшин, гэрийн бүх төрлийн тавилга, эд хогшил, цахилгаан бараа, үнэт эдлэл, гар утас, автомашин, мотоцикл, дугуй болон цалин бусад бүх төрлийн орлого, харилцах болон хувийн хадгаламжийн дансны орлогоор тус тус гаргаж, зээлдэгч зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх баталгаа гаргасан байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 10 000 000 төгрөгөөс 5 362 440 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөрт 3 163 688 төгрөгөөс 3 110 415 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч Д.Одсүрэн нь цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл  төлбөрийг төлөх бодит боломжийг олгон хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан байна.  Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 4 637 559 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 44 394 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 8878, нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 10 000 төгрөг нийт 4 700 833 төгрөгийг Д.Одсүрэн, Ө.Түвшинтөгс нараас гаргуулж өгнө үү гэжээ.     

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Худалдаа хөгжлийн банк нь зээлдэгч Д.Одсүрэн, Ө.Түвшинтөгс нараас зээлийн гэрээний үүрэгт 4 700 833 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ө.Түвшинтөгсөд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Мөн Д.Одсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 700 833 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь Д.Одсүрэн, Ө.Түвшинтөгс нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 700 833 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Түвшинтөгсөд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч Д.Одсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 4 700 833 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.

 

 Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

              1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Ө.Түвшинтөгсөд холбогдох нэхэжлэлээсээ татгалзсан, хариуцагч Д.Одсүрэн нь 4 700 833 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 45 081 төгрөг, хариуцагч Д.Одсүрэнгээс 45 081 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгосугай.

 

             3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА