Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч А.Оргилбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б-т холбогдох 2116000000125 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  халх, Г овогт А-н Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б-н 2021 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандал-Алтай” зочид буудлын 203 тоот өрөөнд орж хохирогч Н.С-н “redmi 9А” загварын гар утас, савхин куртик, жинсэн өмд, тэлээ, жолоочийн үнэмлэх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 989,500 (есөн зуун наян есөн мянга таван зуу) төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандал-Алтай” зочид буудлын 203 тоот өрөөнд орж хохирогч Н.С-н redmi 9А загварын гар утас, савхин куртик, жинсэн өмд, тэлээ, жолоочийн үнэмлэх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 989,500 (есөн зуун наян есөн мянга таван зуу) төгрөгийн хохирол учруулсан болох нь

Шүүгдэгч А.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...Би санаатай хийгээгүй. Тэр урд өдөр нь Мандал-Алтай зочид буудлын 203 тоот өрөөнд найзтайгаа амарчихаад өглөө нь би ажилдаа явсан. Орой нь ажлаас буугаад ажлынхантайгаа сууж байгаад тэр найз дээрээ орох гэж яваад тийм зүйл хийсэн байсан... Авсан зүйлүүдээ буцааж өгсөн. Жолооны үнэмлэхийг нь би авч гараад унагаасан юм шиг байсан. Үнэмлэхийг нь захиалж өгсөн... Гэм буруугаа зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Гэр лүүгээ явах замдаа “Мандал-Алтай” зочид буудал руу ороод урд өдөр манай нэг найз М 203 тоот өрөөнд байсан болохоор орсон. Манай найз М байхгүй өөр нэг танихгүй эрэгтэй унтаж байсан. Тэгээд би тухайн өрөөнөөс гарахдаа орны урд талд байсан “redmi 9A” загварын гар утас, сандал дээр байсан савхин хүрэм, хар тэлээтэй жинсэн өмд зэрэг эд зүйлсийг аваад гараад явсан... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч буруутай үйлдэл хийснээ ухамсарлаж байна ...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,

Хохирогч Н.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт ирсэн. Манай нэг хамаатны эгч нас бараад ажил явдлаар ирсэн юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажил явдал нь дуусаад би аймгийн төв дээр хүргэнийдээ байсан юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр найз Б-тэй таараад 1 шил архи хувааж уусан. Тэгээд би айлд очихоос санаа зовоод буудалд орж хоносон юм. Тэгээд унтаж байгаад шөнө 05 цагийн үед сэрээд иртэл хажууд байсан гар утас, савхин хүрэм, жинсэн өмд тэлээтэйгээ алга болсон байсан. Савхин хүрэмний халаасанд миний жолооны үнэмлэх байсан юм... Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...одоо ямар нэгэн санал хүсэлт, гомдол алга байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

Гэрч А.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...шөнө 05 цаг өнгөрч байхад 203 тоот өрөөнд байсан залуу нүцгэн бууж ирээд миний өмсөж байсан савхин куртик, жинсэн өмд, гар утас зэрэг алга байна гэж хэлэхээр нь Б бид 2 хамт өрөөнд нь яваад ороход нээрээ хувцас хунар нь байхгүй байсан... 03 цагийн үед нэг залуу орж ирээд Б-тэй үүдний хэсэгт юм яриад байгаа бололтой сонсогдсон би амралтын өрөөнд байсан учраас ямар хүн байсныг хараагүй. Тэгсэн тэр залуу 205 дугаартай өрөөнд манай найзууд байгаа намайг дуудаад байна гэж хэлэхээр нь би цаанаас өрөөнөөс сонсчихоод “...битгий худлаа яриад бай 205 номерт хүн байхгүй...” гэж хэлсэн чинь тухайн залуу тэгвэл Амар буудалд байгаа юм болов уу гэж хэлээд хаалга нь дуугараад гарч байгаа юм шиг сонсогдсон... Б үүдний өрөөнд цагаан хэрэглэлийн өрөөнөөс гараад амралтын өрөө лүү над дээр ирэх гээд явж байсан чинь нөгөө залуу чинь шатаар буугаад ирсэн гэсэн тэгээд манай ресейпшн тэр гар утсаа цэнэглээд гарсан залууг хөөгөөд гаргасан байсан... Маргааш нь шөнө буудал руу ороод хөөгдөөд гарсан залууг захын орчим явж байхаар нь таниад цагдаа дуудаж шалгуулахад тухайн залуугийн биеэс алдагдсан эд зүйлс гарч ирсэн юм...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай буудлын 203 тоот өрөөнд нэг эрэгтэй хүн орсон юм. Тэгээд манай буудалд шөнийн 03 цаг өнгөрч байхад нэг залуу гаднаас орж ирээд утсаа цэнэглэх гэсэн юм гэж хэлэхээр нь хөдөөнөөс ирсэн байдалтай харагдахаар нь тэг гэж хэлээд утсыг нь цэнэглүүлсэн тэр үед танай буудлын 205 тоот өрөөнд чинь манай найз байгаа орж уулзах гэсэн юм гэж хэлэхээр нь 205 тоот өрөөнд хүн байхгүй гэж хэлсэн чинь манай үйлчлэгч эгч Э амралтын өрөөнд байснаас сонссон бололтой бас 205 тоот өрөөнд хүн байхгүй гэж орилж байсан тэгээд тэр залуу 10 орчим минут утсаа цэнэглэж сууж байгаад болчихлоо гээд үүдээр гарсан. Тэр үед би угаалгынхаа өрөөнд орсон тэгээд 20-30 минут юм индүүдэж байгаад тухайн өрөөнөөсөө гарч ирээд амралтын өрөө лүү орохоор явж байтал нөгөө утсаа цэнэглэсэн залуу нэг давхрын шатны орчим 2 давхраас бууж ирж байгаа бололтой зогсож байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан “...хүүе чи энд юу хийж байгаа юм сая гараад явсан биз дээ...” гэж хэлсэн чинь тэр залуу гараад яваад өгсөн. Тэгээд өглөө 05 цаг өнгөрч байхад 203 тоот өрөөнд орсон үйлчлүүлэг С гэдэг хүн нүцгэн өрөөнөөсөө бууж ирээд өрөөнд байсан миний хувцас болон гар утас алга байна гэж хэлэхээр нь өрөөнд нь хамт ороод үзтэл байхгүй байсан. Тэгээд би Э эгчтэй хамт өглөө 10 цаг өнгөрч байхад 203 тоот өрөөний үйлчлүүлэгч С-д өмд авчирч өгөхөөр зах орсон чинь захын үүдэн дээр шөнийн орж ирсэн залуу сууж байхаар нь цагдаа дуудаад үзүүлсэн чинь 203 тоот өрөөний С гэдэг хүний алдагдсан савхин хүрэм, жинсэн өмд, гар утас зэрэг нь тухайн залуугийн үүрч явсан цүнхнээс гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,

Шүүгдэгч А.Б-с хулгайд алдагдсан гар утас, савхин куртик, жинсэн өмд, тэлээ зэргийг хураан авах ажиллагааны талаар тусгасан  эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/,

Хохирогч Н.С-д “...гар утас, савхин куртик, жинсэн өмд, тэлээ...” зэргийг хүлээлгэн өгсөн талаар тусгасан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Хулгайд алдагдсан гар утас, савхин куртик, жинсэн өмд, тэлээ, жолооны үнэмлэхийн зах зээлийн үнэлгээг нийт 589,500 (таван зуун наян есөн мянга таван зуу) төгрөгөөр тогтоосон Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-820/842 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 46-49 дүгээр тал/ зэрэг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “...бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шинжийг нь тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ. Хүн байнга амьдрах орон байр гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд үүнийгээ мэдсээр байж зөрчин хулгайлах гэмт хэрэг үйлдвэл дээрх хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд “орон байр” гэх ойлголтод хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж хуульчилсан тайлбар хийжээ. Энд тодорхойлсон зочид буудлын хувьд төлбөр төлснөөр тус буудлын нэг өрөөг тодорхой хугацаатайгаар ашиглах эрх үүсэх бөгөөд тухайн этгээд уг өрөөнд өөрийн хувийн орон зайг үүсгэдэг. Иймд зочид буудлын өрөөг хүн байнга амьдрах орон байр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч А.Б-н дээрх үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох “Мандал-Алтай” зочид буудлын 203 тоот өрөөнд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/04 дугаартай, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар / 87-99 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 84 дүгээр тал/, хохирогч Н.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...одоо ямар нэгэн санал хүсэлт, гомдол алга байна...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн материалтай танилцаад гаргасан “ ... бүгдийг олж авсан тул гомдолгүй ...” гэх хүсэлт/хавтаст хэргийн 156 дугаар тал/,  хулгайд алдагдсан “redmi 9А” загварын гар утас, савхин куртик, жинсэн өмд, тэлээ зэргийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн талаарх эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд/хавтаст хэргийн 13-15 дугаар тал/, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хавтаст хэргийн 16 дугаар тал/, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1/137 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Б-н гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт  заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” байх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, түүнчлэн урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан тул үүнийг нь мөн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” байх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гээд мөн зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хорих ялын хоёрны нэгээс ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Шүүгдэгч  А.Б нь хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.С-н хувьд “...бүх зүйлээ буцаан авсан... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул дээрх журмыг хэрэглэн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Б нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 11 сар 23 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй болох нь шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шинээр гаргаж өгсөн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/137 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа шинээр гэмт хэрэг үйлдсэн тул дээрх журмаар түүнд оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Энэ хэрэг хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Б-н тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/23 дугаартай захирамжаар цагдан хоригдсон 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт А-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б-г мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1(нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Б-т оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 (арван нэг) сар 23 (хорин гурав) хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Б-н нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-н цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэг хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА