| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01073/И |
| Дугаар | 102/ШЗ2017/01432 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШЗ2017/01432
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/01432 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж, .. тоотод оршин суух, Сайжрах овогт Ө. Ш-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугар хороолол, …дугаар байр …тоотод оршин суух Лундаа овогт Л.Б-д холбогдох
35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.Б нь надаас 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 0,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Мөн өөрийн лангуун дээр надаас гар утас авч зарж байсан бөгөөд тооцоо нийлэхэд 12,000,000 төгрөгийн утасны үнийг надад өгөхөөр байсан. Ингээд төлбөр хийгдэхгүй байсан тул бид 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тооцоо нийлээд зээлж авсан 20,000,000 төгрөг, утасны үнийн үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөгийг Л.Б нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Иймд Л.Бас зээл болон утасны төлбөр нийт 32,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн өмгөөлөгчид төлсөн хөлс 3,000,000 төгрөг нийт 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Л.Б-аас 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ө.Ш, хариуцагч Л.Б нар дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: Хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 32,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ө.Ш нь нэхэмжлэлийн шаардлагыг 2,500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 32,500,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сард төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ш нь хариуцагч Л.Бт холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 35,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 32,500,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сард төлж барагдуулахаар харилцан тохиролцож, заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ө.Шын нэхэмжлэлтэй, Л.Бт холбогдох 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2,500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Л.Б үлдэх 32,500,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сараас төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 160,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА