Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

 

 

 

 

 

2022          02          07                                        2022/ШЦТ/97

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга И.Номин,

          улсын яллагч С.Болорзул,

          шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000001385 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суудаг, хувиараа такси үйлчилгээнд явдаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

            2020 оны 02 дугаар сарын 06-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б.Б /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04 цагийн орчимд 85-16 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Б.Дэлгэрийн гээгдүүлсэн 1.119.200 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А-72” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…тухайн хэрэг учрал болсон гэх өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр миний бие түрээсийн автомашин болох 85-16 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн Тоёото алион загварын машинаар такси үйлчилгээнд явж байсан бөгөөд шөнийн 01 цагийн орчинд Баянзүрх дүүрэгт байрлах 805 дугаар ангийн орчмоос үл таних 2 эмэгтэй, нэг эрэгтэй таксинд суусан. Уг хүмүүсээс нэг эрэгтэй нь халамцуу, 2 эмэгтэй нь хэвийн байх шиг байсан өглөө сэрээд машинаа цэвэрлэж байтал миний машины хойд талын суудлын доод талд шалавчин доогуур унтарсан байдалтай Самсунг загварын гар утас байсан. Би уг утсыг аваад 16 цагийн орчимд цэнэглэж асаагаад мөнгөний асуудалд байсан учир Хүнсний 4 дүгээр дэлгүүр дээр байдаг Черри ломбардад 680.000 төгрөгөөр барьцаалан зээлдсэн, барьцаалан зээлдсэн мөнгөө хүнээс авсан байсан өрөндөө өгөөд дуусгасан. Энэ явдлын дараа цагдаагийн байгууллагаас над руу залгаж хүний гар утас авсан гэж хэлсэн бөгөөд би буруутай үйлдэл хийсэн учир гар утсыг ломбардаас 727.500 төгрөг төлж аваад мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

 

Хохирогч Б.Дэлгэрийн: “…би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлын хүмүүстэй архи ууж байгаад 04 цагийн үед Сансарын 805 тэндээс марк загвар улсын дугаар тодорхойгүй таксинд найз Энхбаярын хамт суугаад би Шинэ замын Ганди дээр буугаад гэртээ хариад унтсан. Өглөө нь босоод гар утсаа олохгүй байхаар нь хамт байсан хүмүүсээс асуусан чинь байхгүй байна гэхээр нь би Энхбаяраас таксинд миний гар утас байсан талаар асуухад мэдэхгүй байна харагдаагүй гэсэн, би яг хаана хаяснаа мэдэхгүй байна...би самсунг А-72 маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан, ямар нэгэн гэмтэлгүй, гар утас маань хэвийн ажиллаж байгаа. Санал хүсэлт байхгүй, шинжээчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. хохирлоо барагдуулсан тул надад одоо гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-13 дугаар тал/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-49-50/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04 цагийн орчимд 85-16 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Б.Дэлгэрийн гээгдүүлсэн 1.119.200 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А-72” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Дэлгэрийн мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Б.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Бын хохирогч Ч.Энхнарангийн бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.         

Шүүх шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.Бод 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.   

 

Шүүгдэгч Б.Б өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан бөгөөд тэрээр хойшлуулсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хэдий ч энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасанд хамаарч байна.

Иймд шүүгдэгчийн дээрх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацааг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгов.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.” зааснаар шүүгдэгч Б.Бод шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг хамааруулахад шүүхээс ямар нэг шийдвэр гаргаагүй болохыг дурдав.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дэлгэрт 1.119.200 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.Бод нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР