Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШЗ2017/01433

 

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01433

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж-101 хаягт байрлах “Эс Жи Эс Монголиа” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 1 дүгээр байрны 14 тоот хаягт гүйцэтгэх удирдлага байрлах “Грэйт Байтар” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,035,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эс Жи Эс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани “Грэйт Байтар” ХХК-ийн хүсэлтээр 2013 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нэг жилийн хугацаатай чулуун, нүүрсний дээжийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно. Энэ хугацаанд “Грэйт Байтар” ХХК-иас хүлээж авсан чулуун, нүүрсний дээжийг тухай бүрд нь хүлээж авснаас хойш ажлын 10-14 хоногт багтааж шинжилгээний тайланг хүргүүлж байсан. Тус гэрээний 2 дугаар зүйлд “үйлчилгээний нөхцлийн дагуу үйлчлүүлэгч эсвэл түүний салбар компани нь Эс Жи Эс-д зохих төлбөрийг төлнө” хэмээн заасан бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Грэйт Байтар” ХХК-иас №51 дугаар бүхий хүсэлтээр 12,035,727 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 20, 9 дүгээр сарын 20-нд тус тус хувааж төлөхөөр хүссэн боловч уг ажлын төлбөр болох 12,035,727 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй юм. “Грэйт Байтар” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар захиалагч гэрээнд заасан ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул 12,035,727 төгрөгийг тус компаниас гаргуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай Эс жи эс Монголиа ХХК нь уул уурхайн чиглэлээр шинжилгээ явуулдаг байгууллага юм. Манай компани Грейт байтар ХХК-тай 2013 онд гэрээ байгуулан шинжилгээ хийсэн. Бид 2013 оны 1 дүгээр сараас хойш Грейт байтар ХХК-ийг төлбөрөө төл гэдэг шаардлага тавьдаг байсан боловч компанийн захирал болон компани нь олдохгүй байгаа. Иймд шинжилгээ хийсний зардал болох 12,035,727 төгрөгийг хариуцагч Грейт байтар ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эс Жи Эс Монголиа” ХХК нь хариуцагч “Грэйт Байтар” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэлд 12,035,727 /арван хоёр сая гучин таван мянга долоон зуун хорин долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Грэйт Байтар” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг шүүхийн мэдэгдэх хуудсаар хэд хэдэн удаа дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйн улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2017/03986 тоот “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Н.Оргилыг шүүхэд албадан ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гардуулсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 21/

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2013 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Эс Жи Эс Монголиа” ХХК нь үйлчлүүлэгч “Грэйт Байтар” ХХК-иас хүлээж авсан чулуун нүүрсний дээжийг тухай бүрд нь хүлээж авснаас хойш ажлын 10-14 хоногийн дотор шинжилгээ хийж, тайланг хүргүүлэх, үйлчлүүлэгч нь зохих төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч “Эс Жи Эс Монголиа” ХХК нь нүүрсний дээжинд шинжилгээ хийх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх боловч хариуцагч “Грэйт Байтар” ХХК нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгч байгууллагын төлбөрийн нэхэмжлэхүүд, хариуцагч “Грэйт Байтар” ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай албан хүсэлтээр гэрээний дагуу төлвөл зохих төлбөрийн үлдэгдэл 12,035,727 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Грэйт Байтар” ХХК-иас 12,035,727 /арван хоёр сая гучин таван мянга долоон зуун хорин долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эс Жи Эс Монголиа” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 207,530 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА