Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын туслах прокурор: Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Хохирогч: Т.Гантөмөр, Т.Алтансүх,

Шүүгдэгч: Н.Алтанхуяг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хунз овогт Намсрайн Алтанхуяг холбогдох 201620000145  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 07-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт  Увс аймгийн Улаангом сумын 4-р  багийн 08-48 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  РД:ОМ77030713, Хунз овогт Намсрайн Алтанхуяг. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Н.Алтанхуяг нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний шөнө Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Бачаа” гэх газар 97-13 УВА улсын дугаартай ЗИЛ-130 загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 21.7, 22.2.в-д заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас П.Үржиний амь нас хохирсон, насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбатийн бие махбодид хөнгөн, хохирогч Т.Алтансүхийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

1. Хохирогч Т.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 06 дугаар сарын 18-нд 2 хүүхдийн хамт малаа туугаад нүүхэд миний эхнэр П.Үржин араас машинаар ирнэ гэж хэлээд хоцорсон юм. Бид замдаа даваан улиасанд хоноод маргааш орой нь Нуурын эхэнд хонож байтал манай хамаатны залуу хүний машинтай ирж машин унаж осолдсон талаар хэлсэн. Тэр машинд миний эхнэр П.Үржин сууж явсан тул би уг машинд суугаад осол болсон хэргийн газарт очиход Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Бачаа гэх газарт машин хажуугаараа унаж өнхөрсөн байдалтай, замын зүүн талд машинаас дээрхэн газарт миний төрсөн дүү Дуламчимэг талийгаач эхнэрийг минь тэврээд уйлаад сууж байсан. Би очиж үзэхэд талийгаач аль хэдийн нас барчихсан бие нь хөрчихсөн байсан юм. Мөн түүний баруун чамархайн хэсэг нь хонхойж дотогшоо орсон, нүүрний хэсэг нь нэлэнхүүдээ цус болсон байсан. Тэд нараас доош машины хажууд Т.Алтансүх нэлээд хүнд бэртсэн бололтой хөдөлж чадахгүй юм түшүүлж суулгасан ханиалгаад ёолоод, зовиурлаад байсан юм. Бусад хүмүүс ямар байсныг анзаарч хараагүй гэх мэдүүлэг / хх-ийн 32-р тал/,

- Хохирогч Т.Гантөмөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд Н.Алтанхуягаас нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнд гомдол, тэмцэлтэй гэхээр нас барсан хүн босоод ирэх биш. Хохирол төлбөр гэж ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Н.Алтанхуяг өөрөө  сайн дураараа 2.000.000 төгрөг өгсөн. Үүнийг оршуулгын зардал гэж ойлгох байх. Харин оршуулгын зардал нь ямар хэмжээтэй байдаг талаар мэдэх зүйл байхгүй. Өөр надад нэмж яриад байх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

2. Хохирогч Т.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх зусландаа буюу Түргэн сумын Баруун зуслан гэх газар руу танил Н.Алтанхуяг гэх хүний зил-130 загварын машинаар 2016 оны 06 дугаар сарын 19-ний өглөө нүүсэн юм. Тухайн үед Т.Алтанхуяг нь  миний эгчийн гэрийг давхар ачиж чиргүүлгүй явсан. Бид замдаа дугуй хагарах, даваа өгсөх зэрэгт цаг алдаж шөнө болсон бөгөөд 23 цаг 30 минутын орчимд Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Бачаа гэх газарт явж байсан. Тухайн үед Сүхбаатар эхнэр Дуламчимэг хоёр мотоцикльтой урд гараад явж байсан. Ард нь Н.Алтанхуягийн машинтай бид явж байсан. Бидний ард Машбат машинтай айл ачаад цуваа маягаар явж байсан. Н.Алтанхуягийн машины кабинд миний эхнэр Оюунгэрэл, 1 настай бага хүүхдийг тэврээд хажуугаар нь Жавзан 1 настай ач хүүхдээ тэвэрч явсан. Жолооч Т.Алтанхуяг барьж явсан. Харин тэвшин дээр ачаа зайчилж хонхор гаргаад би өөрийн хүү Батхуяг /17 настай/, Бат-Орших /14 настай/, Батсүх /4 настай/, охин Алтансувд /3 настай / сууж байсан. Мөн  зээ хүүхэд болох Сүхбат /10 настай/ нар сууж явсан. Бидэнтэй хамт миний том ахын эхнэр П.Үржин сууж явсан. Бачаа гэх газарт явж байтал машин зүүн тал руу зөөлөн хазайсан юм. Тэгээд тогтолгүй хажуугаараа унаж өнхөрсөн юм. Хажуугаараа унах үед хүүхдүүд сул байсан тул үсэрч буугаад гүйцгээсэн. Би хүүхэд тэврэх гээд хоёр хөлөө татлага олсон доогуур хийж өөрийгөө бэхэлсэн байсан тул бууж чадаагүй машин өнхөрч би доор нь орж машинд дарагдсан. Машин дахин өнхөрч хажуугаараа тогтсон. ... би газарт унаж хоцорсон. Босох гэтэл цээжээр хатгуулж өвдөөд босож чадаагүй хэвтэж байтал хүү Батхуяг, жолооч Н.Алтанхуяг нар ирсэн юм. Тухайн үед миний цээжээр хатгаж өвдөөд амьсгалж чадахгүй цээж бөглөрөх гээд байгаа юм шиг байсан. Нилээд удаж байтал эмч нар ирж намайг машинаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн юм. Н.Алтанхуяг эрүүл байсан. Машин 1 дүгээр араанд хийсэн бололтой аажуу явж байсан. Тэр орчимын зам бартаа ихтэй налуу замтай газар байгаа юм. Машин хазгай газар замаараа явж байгаад тэнцвэр алдаж унаж, өнхөрсөн. Ослын улмаас миний баруун тал болон зүүн талын 4-5 хавирга хугарсан. Уушиг руу хатгаж уушгинд гэтмэл учруулсан байсан. Үржин миний зүүн талд хойно сууж байсан. Хүүхдүүд урд нь сууж байсан. П.Үржин өөрийгөө бэхлээгүй сул байсан. Уг осол болгоомжгүй байдлаас хазгай газарт явж байхад тэнцвэр алдаж унасан юм.Т.Алтанхуяг санаатайгаар уг ослыг хийгээгүй тул гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,

- Хохирогч Т.Алтансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. Миний биеийн байдал гайгүй болсон сайн байгаа. Нэмж яриад байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

3. Насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: Нагац ах Т.Алтансүхийнх хөдөө зуслан руугаа нүүсэн тул тэднийд очиж амрахаар би гэр ачсан машин дээр сууж явсан юм. Тухайн үед би машины хойд талд нь сууж байсан. Миний урдаас хараад Т.Алтансүх ах, П.Үржин эгч хоёр суусан. Миний хажуу талд Т.Алтансүх ахын хүүхдүүд сууж байсан юм. Тэгтэл шөнө болж байтал машин гэнэт өнхөрөөд унасан. Би нэг мэдэхэд газарт хэвтэж байсан босоод хартал ганцаараа хэвтэж байсан. Доор хүмүүс байсан мөн машин онхолдоод унасан байсан. Надаас 5-6 алхамын цаана П.Үржин эгч хэвтэж байсан. Тэгтэл хүмүүс шуугилдаж ирээд Оюунгэрэл эгч намайг аваад араас ирж байсан ачааны машины хажууд суулгасан. Би тэндээ байж байгаад УАЗ-469 машинаар айлд хүргүүлээд тэндээ байж байтал эмнэлгийн машин ирээд Т.Алтансүх ахыг болон эхнэрийг нь авч явсан. Тэгэхэд нь би тэр машинаар Улаангом суманд ирсэн. Тэр үед миний толгой өвдөж байгаад эмнэлэгт хэвтээд зүгээр болчихсон. Одоо өвдөж, гэмтсэн зүйл байхгүй. Машин дээр суудал байхгүй хонхор газарт нь бид нар юмнаас бариад сууж байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

4. Насанд хүрээгүй гэрч А.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тухайн үед машиныг Т.Алтанхуяг жолоодож, кабинд миний ээж Оюунгэрэл бага дүүгийн хамт, Жавзан гэдэг хүн ачийн хамт сууж явсан. Харин ачаан дээр би болон миний 2 дүү, бас нэг хүүхэд, миний аав Т.Алтансүх, П.Үржин гэх хүний хамт байсан юм. Бид “Бачаа” гэх газарт шөнө 23 цагийн үед явж байтал машин гэнэт аажуухнаар зүүн тийш хазайсан юм. Би тухайн үед хойд захад сууж, 3 настай дүүгээ тэвэрч хажуудаа 4 настай дүүгээ суулгасан байсан. Тэр хоёрыг аваад машин хазайсан тал руу үсрээд газарт буугаад тэр чигтээ 2 дүүгийнхээ хамт гүйж голын сай хүртэл яваад эргэж харахад машин өнхөрч хажуугаараа зогссон юм. Би машин дээр буцаж очиход машины ар талд нэг алхам зайтай газарт миний аав Т.Алтансүх хэвтэж байсан бөгөөд амьсгал нь давцаад ханиалгаад байсан. Цаана нь замын наахан талд эхэлж өнхөрсөн газарт талийгаач П.Үржин эгч дөрвөн мөчлөөд доош хараад хэвтэж байсан. Машины кабинд байсан хүмүүсийг урд цонхоор нь гаргаж ирсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

5. Гэрч Р.Сүхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Би мотоцикольтойгоо түрүүлж яваад нэг налуу газар байхаар нь цаана гарч зогсоод машиныг хүлээж байтал араас Н.Алтанхуяг машинтайгаа хурд багатай аяар ирээд уг налуу газраар гарч байснаа зогсох шиг болсноо гэнэт зүүн талруугаа газар уруу хажуугаараа өнхөрөөд доош явсан. Би сандраад мотоцикольтойгоо хүрч ирэхэд машин баруун талаараа газарт уначихсан зам машин хоёрын хооронд талийгаач П.Үржин дөрвөн мөчилж доош хараад хэвтсэн, хөл гар нь эвхэрч нугалаастай байсан тул би очиж татаж үзэхэд ямар нэг амьсгалгүй, зүүн шанаа орчимоос болон ам хамарнаас нь цус гарсан, ухаангүй байсан. Би босож харахад талийгаачаас 4-5 алхамын зайнд зүүн зүгт Б.Сүхбат гэх хүүхэд газарт унаад босож ирж байсан. Зүгээр үү гэхэд зүгээр гэж байсан. Бусад хүмүүсийг харахад Т.Алтанхуяг машинаас гарчихсан байсан. Бусад хүмүүс харагдаагүй юм. ... Өндөр ачаатай, хазгай налуу газраар гараад савж унасан байх. Осол болсон газарт зам дээр тарваганы дош байсан. Түүнээс болсон байх машин зогсох шиг болсноо аажуухан хажуу талаараа унаад өнхөрсөн.  гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,

6. Гэрч Т.Дуламчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Бид нөхөртэйгөө мотоцикольтой  явж байгаад Бачаа гэдэг газарт налуу тонгоруу газарт зогсоод араас ирж явсан машиныг харж байтал машин зогсох шиг болоод хажуугаараа унаж өнхөрөх шиг болсон. Бид 2 мотоцильтойгоо очиход талийгаач П.Үржин нь зам болон машины хооронд хэвтэж байсан ба очиж татаж өөр рүүгээ харуулахад нүүр, толгой хэсэг нь нэл цус болчихсон байсан. Намайг татах үед сул авиа гаргах шиг болсон ухаангүй байсан юм. Миний дүү Т.Алтансүх машины бөгс хэсэгт газарт уначихсан босож чадахгүй байна. Цээж доороос бөглөх гээд байх шиг байна гэж хэлж байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,

7. Гэрч М.Машбатын мөрдөн байцаалтанд өгсөн: Түргэн сумын Бачаа гэх газарт миний урд талд 40-50 метрийн зайтай явсан Н.Алтанхуяг гэх хүний айл ачсан Зил-130 загварын автомашин налуу газраар ороод зүүн тийш хазайгаад, зүүн хажуугаараа унаж цааш 3 өнхөрөөд машин баруун талаараа хажуулдаж тогтсон юм. Бид сандраад машинаас бууж очиход машины урд салхины шил хагарч онгойсон байсан. Тэр зайгаар дотор байсан 2 эмэгтэйг, 2 хүүхдийн хамтаар гаргасан. Талийгаач машин эхэлж хажуугаар унасан газарт доошоо хараад дөрвөн мөчлөөд хэвтэж байсан. Зам дээр тарваганы дош бололтой овоолсон гүдгэр шороо байсан. Түүнээс болж машин хазайж унасан байх  гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

8. Гэрч Б.Алагаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Түргэн сумын Бачаа гэх газарт явж байтал манай машины урд талд явж байсан Н.Алтанхуягийн машин гэнэт зүүн тийш хазайгаад газарт хажуугаараа унаж цааш нь өнхөрч байгаад баруун хажуугаараа тогтсон. Машин дээр сууж явсан П.Үржингийн толгой хэсэг нь нэлэнхүүдээ цус болчихсон, нас барсан барсан. Мөн дээр хамт сууж явсан Т.Алтансүх цээжээ бариад ханиалгаад хахаж, цацаад байсан. Тэр осол болсон газар нь зүүн тийш налуу газар байсан. Ачаатай машин учир тэнцвэр алдаж унасан байх. Ойрд бороо их орсон тул газрын хөрс нойтон чийглэг зөөлөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/,

9. Гэрч Г.Жавзангийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх тэмээгээр нүүсэн тул би Н.Алтанхуягийн машинаар явахаар болж өөрийн ач охин болох Нуурайгийн 9 сартай охиныг тэврээд машины кабинд голд нь суусан юм. Миний хажууд Оюунгэрэл 5 сартай хүүхдээ тэврээд суусан. Жолоог Н.Алтанхуяг барьж явсан. Харин ачаан дээр Т.Алтансүх, П.Үржин нар 5 хүүхдийн хамт сууж явсан юм. Бид Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Бачаа гэх газарт шөнө болсон байхад буюу 23 цаг 20 минутын орчимд явж байтал машин гэнэт зүүн тийм хазайгаад хажуугаараа унаж өнхөрсөн. ... Харин биднээс дээш налуу газарт Т.Дуламчимэг нь талийгаач П.Үржинийг тэврээд энэ хүнийг яанаа, цус алдаад үхэх юм уу гээд уйлж, орилоод сууж байсан. Т.Алтансүхийг харахад цээжээ дараад ёолоод зовиуртай байсан  гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/,

10. Гэрч П.Нуурайгийн мөрдөн байцаалтанд өгсөн:  Би 9 сартай охин Цогзолмаагаа ээж Г.Жавзанд өгч хөдөө явуулсан юм. Би осол болсон талаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өглөө хөдөө байдаг хамаатан Дэмчиг гэх хүнээс сонссон. Хүүхдээ Улаангомд авч ирүүлж, эмнэлгээр явж, эмч нарт үзүүлсэн бөгөөд эмч нар үзээд ямар нэгэн бэртэл  байхгүй, эрүүл байна гэж хэлсэн. Миний охин Цогзолмаагийн биед ил харагдах гэмтэл бэртэл байхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/,

11. Гэрч Д.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: Бачаа гэх газарт явж байтал машин гэнэт зүүн тал руугаа налаад хажуу тийш хазайсан юм. Тэгээд зүүн тал руу машин өнхрөөд 2-3 хажуу талаараа өнхрөх шиг болсон. Харин машины тэвшин дээр, ачаан дээр хонхорхой засаад түүнд нь миний нөхөр Т.Алтансүх, П.Үржин гэх эмэгтэй болон миний 4 хүүхэд, миний нөхрийн дүүгийн хүүхэд болох Б.Сүхбат гэх хүүхэд сууж явсан юм. Гэр ачиж явсан бөгөөд нэг авдар эвдэрсэн. Өөр зүйл бараг эвдэрээгүй байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал,

12. Гэрч Н.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тухайн үед Б.Сүхбатын ар дагз хэсгээр бага зэрэг хавдсан байсан. Зураг авахуулахад зүгээр гэж гарсан. Тэгээд нүдний уг орчимоор бага зэрэг хавантай байна гэж нүдний эмч хэлсэн тул эмнэлэгт хэвтүүлж хэд хоног эмчилгээ хийлгэж биеийн байдлыг харзнаж үзээд зүгээр гэж хэлсэн тул гаргасан юм. Одоо миний хүүхэд ямар нэгэн өвчингүй өөрөөс нь асуухад ямар нэгэн өвчин байхгүй гэж ярьж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/,

 

13. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9-р тал/,

14. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-р тал/,

15.  Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16-р тал/,

16. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай  шинжээчийн: Талийгаач П.Үржиний биед гэмтэл учирсан байна. Суурь яс, дух, баруун, зүүн чамархай ясны хугарал, их тархины баруун, зүүн талын чамархайн хэсэгт зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, цээжний баруун, зүүн талын олон хавирганы хугарал, духанд язарсан шарх, дух, баруун хацар, эрүүний баруун хэсэг, баруун чих, эрүү, баруун шуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт зэрэг гэмтэл учирсан байна. Талийгаач П.Үржин нь дээрх гавал тархи, цээжний гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалаар нас барсан байна. Талийгаач П.Үржиний биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй  гэх дүгнэлт /хх-ийн 95-96-р тал/,

17. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 307 дугаартай шинжээчийн: Үзүүлэгч Т.Алтансүхийн биед гэмтэл учирсан байна. Баруун уушигины дээд, дунд дэлбэнгийн язрал, баруун, зүүн хоёр дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд хий, цус хуримтлагдсан, зүүн уушигины авчилт, цээжний арьсан доор хий хуримтлагдсан, тархи доргилт, дух, зүүн шуу, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөрний дээд хэсэгт улайлт, зүүн шагайн үений гадна хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө гэх дүгнэлт / хх-ийн 74-р тал /,

18. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 06 сарын 23-ны өдрийн 304 дүгээртэй шинжээчийн:  Үзүүлэгч Б.Сүхбатын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно гэх дүгнэлт /хх-ийн 59-р тал/,

19. Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхжаргалын  2016 оны 06 сарын 24-ний өдрийн 27 дугаартай: Уг зам тээврийн осол болсон гэх зам нь нийтийн хэрэгцээний замд харъяалагдана. Жолооч Н.Алтанхуяг нь замын хөдөлгөөнд оролцсон. Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д зааснаар замын хөдөлгөөний гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа гэж тодорхойлсон байна. Жолооч Н.Алтанхуяг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Н.Алтанхуяг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д зааснаар тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 22.2.в-д зааснаар Тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй жолоодлогыг хүндрүүлэхгүй байх, 21.7-д зааснаар хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд / суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. зам тээврийн осол нь техникийн эвдрэл гэмтлээс шууд шалгаалж гараагүй. Осол гаргахад хүргэсэн шууд шалтгаан нь жолооч Н.Алтанхуяг нь Замын хөдөлгөөний дүрмийн 22.2.в-д зааснаар Тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх, 21.7-д заасан Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /Тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь буруутай үйлдэл гэж үзэж байна гэх  дүгнэлт /хх-ийн 83-р тал/,

20. Шүүгдэгч Н.Алтанхуягийн урьд  ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 208-р тал/,

21. Шүүгдэгч Н.Алтанхуягийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 178, 179, 181, 183-191, 195-198, 199-201-р тал/,

22. Хохирогч Т.Гантөмөрийн 2016 оны 07 дугаар сарын 29-нд гаргасан Т.Гантөмөр миний бие Н.Алтанхуягаас хохиролд 2 сая төгрөг авсан нь үнэн болно. Н.Алтанхуягт холбогдох хэргийн ял зэмийг хөнгөрүүлж шийдэж өгнө үү. Н.Алтанхуягаас дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдол, тэмцэлгүй болно гэх тодорхойлол /хх-ийн 210-р тал/

23. Шүүгдэгч Н.Алтанхуягийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. гэм буруугаа ухамсарлаж ойлгож байгаа. Хохирогч Т.Гантөмөрт оршуулганы зардал гэж 2.000.000 төгрөг өгсөн. Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг эхнэр ажилгүй, том хүү хөгжлийн бэрхшээлтэй, 2 хүүхэд сургуульд сурдаг. Гэр бүлийн орлого гээд байх зүйл байхгүй. Би машинаараа хавах намарт ах дүү айлуудыг нүүлгэж амьдарлаа залгуулдаг, өвөл нь нүүрс тээвэрлэж орлого олдог. Миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч  Н.Алтанхуяг нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний шөнө Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Бачаа гэх газар 97-13 УВА улсын дугаартай ЗИЛ-130 загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 21.7, 22.2.в-д заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас П.Үржиний амь нас хохирсон, хохирогч Т.Алтансүхийн бие махбодид хүнд гэмтэл,  насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбатийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Т.Гантөмөр, Т.Алтансүх, насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбат, гэрч Р.Сүхбаатар, Т.Дуламчимэг, М.Машбат, Г.Жавзан, П.Нуурай, Д.Оюунгэрэл, Н.Болормаа, насанд хүрээгүй гэрч А.Батхуяг нарын мэдүүлэг, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 304 дугаартэй шинжээчийн дүгнэлт, Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээчийн зам тээврийн ослын талаар гаргасан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүгдэгч Н.Алтанхуяг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс хохирогч П.Үржин амь нас хохирсон, Т.Алтансүхийн бие махбодид хүнд гэмтэл учирсан, насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбатын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Н.Алтанхуяг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч П.Үржингийн ар гэрт 2.000.000  төгрөг өгсөн, цаашид нэхэмжлэх хохиролгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд хохирогч Т.Гантөмөр өөр хохирол нэхэмжлэхгүй гэсэн болно.

 

            Хохирогч Т.Алтансүх, насанд хүрээгүй хохирогч Б.Сүхбат нар хохирол нэхэмжлээгүйг дурдах зүйтэй.

 

            Иймд шүүгдэгч Н.Алтанхуягаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

           

Шүүгдэгч Н.Алтанхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй тул шүүгдэгч Н.Алтанхуягийн эзэмшлийн 47-20 УВХ улсын дугаартай “Хьюндай аксент” маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Алтанхуягт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан түүнд хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1,  286 дугаар зүйлийн 286.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэгт, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хунз овогт Намсрайн Алтанхуягийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  215 дугаар зүйлийн  215.3 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Алтанхуягт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурав / жилээр хасаж,                                                                      3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих  ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Алтанхуягт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.Алтанхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар Н.Алтанхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ¹683348 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хуулбарыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Ж.Отгоннямд даалгасугай

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Н.Алтанхуягийн  эд хөрөнгө  болох Хьюндай аксент загварын 4720 УВХ улсын дагууртай авто машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны  өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Алтанхуягт оногдуулсан 3 жил 6 сар  хорих ялыг тэнсэж,  2 /хоёр/  жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Н.Алтанхуягт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах ба улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ