Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0329

 

Т.Жын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, хариуцагч Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, гуравдагч этгээд С.Ч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.С******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Жыннэхэмжлэлтэй, Б******* болон н*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төвийн 74 тоот газарт 2002 оноос эхлэн гэр бүлийн хамт амьдарч байсан. 2004 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо хариуцсан байцаагч н.М*******, н.Х******* нартай удаа дараа уулзаж, уг газраа эзэмших, ашиглах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаж байсан бөгөөд тухайн үед цэвэр усны нөөц газар тул газар олгох болоогүй гэх мэт шалтгаанаар хүсэлтийг шийдвэрлэлгүй хойш тавьж байсан. Уг газар нь энгэр налуу байсан тул бид шороо зөөн засаж суурьшсан. Иймд Бын 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 325 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар захирамжийн иргэн С.Ч*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хангасан газар эзэмших хүсэлт гаргасан иргэн С.Ч*******т холбогдох баримт бичгийг үндэслэн газар эзэмшүүлсэн.

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны өргөдөл, гомдлын дэвтрээс иргэн Т.Жыг газар эзэмших өргөдөл гаргаж байсан эсэхийг шүүж үзэхэд түүний нэр дээр ямар нэгэн өргөдөл, гомдол, хүсэлт бүртгэгдээгүй байна.

С.Ч*******т олгосон газрыг сансрын зураг, кадастрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд тус газар болон ойр орчмын газарт ямар нэгэн цэвэр усны нөөцийн бүртгэл байхгүй байна гэжээ.

Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Иргэн С.Ч******* нь газар өмчлөх тухай өргөдөл гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан баримт бичиг, түүний дотор тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өгсөн бөгөөд н******* 2011 оны 72 дугаар захирамжаар иргэн С.Ч*******т маргаан бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд С.Ч******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2003 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төвийн 74 тоот газарт газар эзэмшихээр хашаа барьж, Газрын албанд өргөдөл гарган газар эзэмших цагаан гэрчилгээ авсан. Кадастрын албанд хандаж баталгаажуулсан. Би 2003-2006 оны хооронд Гачууртад амьдарч байсан. 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар захирамжаар өөрийн газраа өмчлөн авсан. 2011 оноос хадам аав болох М.Хосбаатарыг асран хамгаалахаар Говьсүмбэр аймаг руу ажиллахаар явсан. Тэр үеэс Т.Ж миний эзэмшлийн газарт амьдарч, газрыг өөрийн газар мэт ашиглаж ирсэн.

Би газраа зохих журмын дагуу өмчлөн авсан тул Т.Жын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3-д заасныг баримтлан Бын 2010 оны 325 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 72 дугаар захирамжуудын иргэн С.Ч*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахшаардлага бүхий иргэн Т.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Ж давж заалдах гомдолдоо: Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төвийн 74тоот газарт одоог хүртэл амьдарч байхад шүүх намайг энд оршин суудаггүй байсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гуравдагч этгээд С.Ч******* бүр ч амьдарч байгаагүй байхад яаж газар олгоод байгааг ойлгохгүй байна.

Иймд шүүх хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийгхүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Гуравдагч этгээд С.Ч******* нь Бын 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 325 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм гэх газарт 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, улмаар эзэмшлийн газраа өмчлөх хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй болжээ.

Нэхэмжлэгч Т.Ж нь гуравдагч этгээдэд газар эзэмших, өмчлөх эрх олгосон дээрх актуудыг хүчингүй болгуулах үндэслэлээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төв 74 тоот газарт 2002 оноос эхлэн гэр бүлийн хамт амьдарч, 2004 оноос эхлэн уг газраа эзэмших, ашиглах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаж байсан боловч цэвэр усны нөөц газар тул олгох болоогүй гэх шалтгаанаар хүсэлтийг хойш тавьсан гэж тайлбарлах боловч тэрээр уг газарт гуравдагч этгээдэд газар эзэмших, өмчлөх эрх үүсэхээс өмнө амьдарч байгаагүй, газар эзэмших хүсэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтууд, шүүхээс хийсэн үзлэг, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байна.

Мөн гуравдагч этгээдийг газар эзэмших хүсэлт гаргах үед нэхэмжлэгч маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хууль ёсоор эзэмшиж байгаагүй байх тул хариуцагчийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй.

Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагаас гаргасан акт хуульд нийцсэн эсэх, уг актын үйлчлэлийн улмаас иргэн, хуулийн этгээдийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн эсэхийг хянаж, шийдвэр гаргах ба энэ тохиолдолд маргаан бүхий актууд нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, актуудын улмаас нэхэмжлэгч Т.Жын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүсэхээс өмнө маргаан бүхий газарт амьдарч байгаагүй, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан журмын дагуу газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үндэслэлгүй талаар болон хариуцагчийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчөөгүй, маргаан бүхий бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймээс нэхэмжлэгчийн шүүх намайг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төв 74 тоот газар одоог хүртэл амьдарч байхад оршин суудаггүй гэж дүгнэсэн, шүүх хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН