| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01960/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01919 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01919
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/01919 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 40-р байр 1-р орц, Далт сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 79/-р байрны 28 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Чонос овогтой Ганбаярын Баасансүрэнд холбогдох засвар үйлчилгээний зардал 756 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Нарансайхан, хариуцагч Г.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Нарансайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Далт СӨХ нь 1999 онд байгуулагдаж хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Оршин суугч иргэдийн тав тухыг хангах зорилгоор орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт зааснаар оршин суугчдаас авсан мөнгийг зарцуулагддаг. Иргэн Баасансүрэн нь засвар үйлчилгээний мөнгийг төлөөгүй тул удаа дараа шаардаж албан бичиг өгсөн. Оршин суугчдаас авдаг мөнгө үйлчлэгч, жижүүрийн цалин хөлс, байрны дээвэр, инженерийн шугам сүлжээ, орц хана хаалга орчины тохижилтонд зарцуулагддаг. Гэтэл Баасансүрэн нь манай байрны урд тал гараж бариуллаа, үүнийг хориглох арга хэмжээ аваагүй гэсэн тайлбар ярьдаг. Тухайн газар нь манай СӨХ-д хамаарах орчны газар биш. 79-р байр нь 2014 оны 04-р сард ашиглалтанд орсон. Г.Баасансүрэн нь 2015 оны 5-12-р сар хүртэлх 125 776 төгрөг, 2016 оны 194 664 төгрөг, 2017 оны 1-5-р сар хүртэлх 81 110 төгрөг нийт 401 550 төгрөгийг төлөхгүй байгаа нь Иргэний хуулийн 147.1, 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3, 13.2.4 дэх заалтуудыг зөрчиж байна. Иймд Г.Баасансүрэнгээс 401 550 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Г.Баасансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгө төлөхгүй байгаа шалтгаан нь СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3, 4.1.6 дахь хэсэгт заасны дагуу ашиг сонирхол чиг үүрэгтэй нь холбоотой. 2015 оны 8-р сард 79-р байрны урд автомашины гараж баригдахад 30 айлын оршин суугчдынхаа ашиг сонирхлыг хамгаалахгүй байна гэдэг асуудлыг СӨХ-д тавьж байсан. Ийм шаардлага тавихаар янз бүрийн тайлбар тавьж байсан. Гараж баригдсанаар шөнийн 22 цагаас 06 цаг хүртэл байнга машины сигнал дуугарч амгалан тайван байдал алдагдаж байна. Манай байр 2012 оны 04 сараас ашиглалтанд орсон. Би 2015 оны 05 сар хүртэл СӨХ-ны мөнгийг цаг тухайд нь төлдөг байсан. Гараж баригдаж эхэлхэд, хамтдаа эсэргүүцье гэсэн боловч Нарансайхан хүлээн зөвшөөрөөгүй. Бид байрны гаднаас машины сэлбэг хэрэгсэлээ алддаг, гадаа гэрэлтүүлэг байхгүй, гэрэл цахилгаан эвдэрсэн ч гэсэн 7,8 сарын дараа янзалдаг. Хүүхдийн тоглоомын талбай байхгүй. Мөнгө авах болохоороо хамаатай боловч бусад үед бидний ашиг сонирхлыг боддоггүй.Манай байрны оршин суугчид СӨХ ажлаа хийхгүй байгааг нь мэдэж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Далт сууц өмчлөгчдийн холбоо нь Г.Баасансүрэнд холбогдох засвар үйлчилгээний зардал 401 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн 6-р хороо, 79-р байрны 28 тоот сууц өмчлөгч Г.Баасансүрэн нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.
Сууц өмчлөгч нь орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэх зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд Г.Баасансүрэн нь 2015 оны 5-р сараас 2017 оны 6-р сар хүртэлх хугацааны нийт 401 500 төгрөгийг төлөөгүй, засвар үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, Төрийн банкны тооцооны баримтаар /хх 10-17/ тогтоогдсон байна.
Хариуцагч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сар бүр төлөөгүй үндэслэлээ “...байрны урд гараж барихад оршин суугчдын эрх ашгийг хамгаалаагүй, шөнийн цагаар сигнал дуугарч амгалан тайван байдлыг алдагдуулдаг, байрны гаднаас машины сэлбэг хэрэгслээ алддаг, гэрэлтүүлэг байхгүй, хүүхдийн тоглоомын талбай байхгүй” гэж тайлбарладаг боловч энэ нь засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Далт сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.4-т зааснаар 19995 м.кв газрыг гэрээний үндсэн дээр ашигладаг байх ба 80-р байрны орчны газар энэ СӨХ-ны ашиглах газарт ороогүй байна.
Нөгөө талаас, хариуцагчийн бусад татгалзал нь энэ хуулийн 13-р зүйлд заасан сууц өмчлөгчийн эрх, үүрэгтэй нь холбоотой гэж үзнэ.
Хэргийн 51-144 дэх талд авагдсан холбооны ажлын тайлан, төлөвлөгөө, төсөв, цалин хөлсний тооцоо, баримтууд, тайлангийн хурлын баримтууд далт СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой, 146-178 дахь талд авагдсан Г.Баасансүрэнгийн орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ганбаярын Баасансүрэнгээс 401 500 /дөрвөн зуун нэг мянга/ төгрөг гаргуулж Далт сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 695 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Баасансүрэнгээс 12 695 төгрөг гаргуулж Далт СӨХ-нд олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА