Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

 

 

 

 

 

2022           02          07                                       2022/ШЦТ/102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Д.Даваадорж,

          хохирогч Ц.У, түүний өмгөөлөгч Р.Чинбаа,

          шүүгдэгч М.С, түүнийг өмгөөлөгч, Н.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000001624 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.....” ХХК-д тээврийн жолоочийн ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.С / регистрийн дугаар /

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч М.С нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 10 дугаар гудамжны 193 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Уийг хардсаны улмаас түүний эрүү хэсэгт нь хутгаар зүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт “…Согтуу байхдаа эхнэрийгээ хутгаар зүссэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би архи уугаад тасарсан байсан болохоор юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Би өмнөх өдөр нь гадуур хоноод ирсэн тэрнээс л болж маргалдсан юм шиг байна лээ. ...Би тэрийг санахгүй байна, харин хацар дээр нь зүсчихсэн байсан. Хоолны шкафаас авсан, манай гэрийн хутга мөн...” гэсэн мэдүүлэг /хх-4-5/,

 

Хохирогч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт “…Би ажлаасаа ирээд байж байтал 5 цагийн үед маш согтуу орж ирээд янхан, гичий гэж дуудаад, толгой руу 2 удаа цохисон. Цаашаа яваад хутга авч ирэхээр нь том хүү түлхээд суулгасан. Тэгээд үүд рүү явж байгаад буцаж ирээд миний эрүүнд хутгаа хүргэсэн. Тэгээд цус гарахаар нь 103 болон Цагдаад дуудлага өгсөн...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Би М.С гэх хүнтэй танилцаж 3 хүүхэдтэй болсон. Бид 2009 онд гэрлэлтийн баталгаа хийлгэж, хамт амьдарч байгаад, 2021 оны 4 дүгээр сард өөр эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдэхэд нөхөр М.С маань нөгөө эхнэр хүүхэд рүүгээ явсан. Тэгээд үе, үе манайд ирж 2-3 хоног болчхоод яваад өгдөг байсан. Сүүлд нөхөр М.Сыг яг хэзээ ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна, миний санаж байгаагаар 10 хоног болж байна. Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хүүхдүүдийн хамт унтаж байтал өглөө 05 цагийн үед тэрээр гаднаас шал согтуу орж ирээд намайг хардаад, янхан гэх мэтээр дуудаад, хэл амаар доромжилж байгаад, гал тогооноос хутга барьж аваад хоолойн дээр тулах шиг болоход цус гараад явчихсан. Том хүүдээ хандаж “гараад, түргэн дуудаарай” гэж хэлэхэд тэрээр түргэн, цагдаа дуудсан. ...Тэгээд унтаж байсан орон дээрээ бага хүүгээ өвөр дээрээ авчихсан сууж байхад гал тогооны хэсгээс бор иштэй хутга барьж аваад хоолойн дээр тулгах шиг болсон. ...Манай нөхөр өмнө нь 2019 онд порно бичлэг үзүүлээд “энэ чиний бичлэг” гэж хэлээд намайг хардаж, улмаар нуруунд сэрээгээр хатгаж, толгойг маань авдар руу хэд хэдэн удаа чанга мөргүүлж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Насанд хүрээгүй гэрч У.Сүхбатын “...Өмнөх өдөр нь ээж ажлынхаа газрын хүмүүстэй байж байгаад шөнө ирсэн. Тэрнээс болоод аав хардаад байсан. Тэгээд маргааш шөнө нь аав согтуу ирээд, эхэндээ хардаад толгой руу нь цохисон. Тэгээд сүүлдээ шүүгээнээс хутга аваад ээжийн хоолойнд нь тулгаж байгаад хацрыг нь зүссэн. Зүссэнийхээ дараа хутгаа хаянгуутаа даавуу боолт аваад цус тогтоох гэж үзсэн. Тэгээд би хажуу айл руу орж Батчимэг эгчид хэлж түргэн, цагдаа дуудуулсан. Тэгээд буцаж гэртээ ороход аав маань хутгаа хаясан, ээжийн хацраас гарсан цусыг тогтоох гээд байж байсан. ...Өмнө нь 2019 онд бас хардалтаас болж ээж маань аавд зодуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

 

Гэрч М.Батчимэгийн “...Тэр өдөр 03 цагийн орчимд би бие засчхаад гэрэл асаагаад байж байтал гаднаас хүн ороод ирэхээр нь гайхаад хартал хажуу айлын том хүү нүцгэн, өмд, фудволк хоёртойгоо орж ирээд “аав согтуу ирээд ээжийг хутгаар зүсчихлээ” гэж хэлээд зогсоод байсан. Тэгтэл араас нь дүү нь орж ирээд “ахаа таныг дуудаж байна” гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд хэсэг байж байгаад том хүү нь орж ирээд “түргэн болон цагдаа дуудна” гэнээ гэхээр нь би болчихлоо гээд хэлчих гэж хэлээд явуулсан. Тэгээд түргэн ирсэн ба дараа нь цагдаа ирэхээр нь дагуулж гэрт нь ороход үүдний ойролцоо Сүхбаатар сандал дээр суусан байдалтай, хүүхдүүд нь хоймроороо эгнээд зогсчихсон, эхнэр нь мөрөө алчуураар дарчихсан байсан. Түргэний эмч үзээд гэмтэл явахгүй бол болохгүй гээд аваад явсан. Харин Сүхбаатарыг цагдаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11944 тоот актын “…Ц.Уийн биед эрүүнд шарх, шарх орчимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой, ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-34-35/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-75-76/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.С нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 10 дугаар гудамжны 193 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Уийг хардсаны улмаас түүний эрүү хэсэгт нь хутгаар зүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ц.Уийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №11944 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.Сын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Сын хохирогч Ц.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул М.Сыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Сын дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 850.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч шүүхийн шатанд 1.200.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь өөрийн биед учирсан гэмтлийн сорвийг арилгах эмчилгээ хийх шаардлагатай гэж байх тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Сын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч М.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1.000 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч М.Ст 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч М.С нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.  

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

                                               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч М.Схүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.С 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь энэ тогтоолоор оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.С нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР