| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02037/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01922 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01922
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/01922 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, G&D центр 301 тоотод оршин байрлах Шим ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, Вояж зочид буудал 504 тоотод байрдах Баян-Эрдэс ХХК-д холбогдох 4 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шим ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шим ХХК 2016 оны 7-р сарын 04-ний өдөр №32 тоот Худалдах, худалдан авах авах гэрээ байгуулж Зингер, Фенизан нэрийн 8 000 000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг Баян-Эрдэс ХХК-д худалдсан бөгөөд урьдчилгаа 50 хувь болох 4 000 000 төгрөгийг 2016 оны 7-р сарын 31-ний өдөр төлж үлдэгдэл төлбөрийг 2016 оны 11-р сарын 01-ний дотор төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа болоход худалдан авагч тал ургамал хамгааллын бодисын үнээс 3 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлөөгүй ба ургамал хамгааллын бодисын үнийг төлөхийг удаа дараа шаардсаар байхад төлбөр төлөх талаар бодитой үйлдэл хийгээгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд худалдах, худалдан авах гэрээний төлбөр 3 000 000 төгрөгийг гэрээний 4.1-д заасны дагуу хугацаа хэтэрүүлсний алданги 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөгийг Баян-Эрдэс ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болон хугацаа хэтэрүүлсний алданги гаргуулахаар Шим ХХК нь Баян-Эрдэс ХХК-д холбогдох нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Эрдэс ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрч төлбөрийг бүрэн барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсэээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шим ХХК нь хариуцагч Баян-Эрдэс ХХК-д холбогдох 4 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Баян-Эрдэс ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баян-Эрдэс ХХК-д холбогдох 4 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн Шим ХХК-ийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Шим ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 43 475 төгрөгийг, хариуцагч Баян-Эрдэс ХХК-аас 86 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА