Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 131/ШШ2017/00545

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 2 дугаар багт оршин суух, ВП62070107 регистрийн дугаартай, Ранайхан овогт Сүхбатын Энхтайвангийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сүрэнлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1962 оны 07 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Бага насаа ээж, ахын хамт өнгөрүүлж, 1970 онд тус аймгийн Өлзийт сумын бага сургуулийн 5 дугаар ангийг төгссөн, бага боловсролтой. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3 дугаар бригадад мал маллаж эхэлсэн. 1990 оноос хувиараа мал маллаж байгаа. Одоо 50 настай, өндөр настны тэтгэвэрт тогтоолгох гэтэл архивын лавлагаа гараагүй. Иймд 1979 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сүрэнлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Энхтайван нь 1970 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын бага сургуулийн 5 дугаар ангийг төгссөн, бага боловсролтой. Насаараа мал маллаж байгаа. Малчнаар ажиллаж байсан жилийг тогтоолгох гэсэн чинь архивын лавлагаагаар дутуу байгаад байна. Мөн 3 хүүхэд төрүүлсэн 3 уулаа нас барсан тухайн үед хүүхэд төрүүлсний лавлагаа гардаггүй байсан тэгээд шүүхээр нэмж тогтоолгох шаардлагатай гэсэн учраас төрсөн, нас барсны лавлагаа бүгдийг нь бүрдүүлээд хавтаст хэрэгт авагдсан байгаа. 1979 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байсан. Одоо 50 настай, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл архивын лавлагаа гараагүй. Иймд 1979 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар С.Энхтайвангийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 1979, 1991 онуудад нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 609 тоот лавлагаа, Э.Лхамноржин, Э.Шоовоннацаг, Э.Тунгалаг нарын төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

С.Энхтайван нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

С.Энхтайван нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, 1979, 1991 онуудад нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 609 тоот лавлагаа, Э.Лхамноржин, Э.Шоовоннацаг, Э.Тунгалаг нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ранайхан овогт Сүхбатын Энхтайвангийн 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.Энхтайвангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА