Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01923

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01923

Улаанбаатар хот

                                

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

                                                                                                                           

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 9А байрны 19-р давхар, Богд асар инженеринг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 11а байрны 62 тоотод оршин суух, Тэнгэрийн гэгээ сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал ажилтай, Баяжих овогтой Галсангийн Нямдаржаад холбогдох ажил хэргийн болон иргэний нэр төр сэргээлгэх, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байхыг даалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шүрэнчимэг /үнэмлэх 0508/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэнд төлөөлөгч Б.Эрхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Богд асар инженеринг ХХК нь 2006 оноос Баянгол дүүргийн 1-р хороо, Богд Ар хорооллын  17 байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Богд Ар хорооллын 8 сууц өмчлөгчдийн холбооноос Тэнгэрийн гэгээ СӨХ-оос бусадтай нь ус, дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажилладаг. 2015 оны 10-р сарын 27-ны өдрийн 15/168 тоот албан бичгээр гэрээ байгуулахыг мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй тул Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан үнэ тарифаар халаалт, цэвэр, бохир усны төлбөрийг тооцон үйлчилгээ үзүүлж байгаа. Гэтэл Тэнгэрийн гэгээ СӨХ-ны захирал Г.Нямдаржаа нь иргэдэд Богд асар инженеринг ХХК нь Богд Ар хороолын оршин суугчдаас 6000 төгрөгийг төлбөр дээр нэмж ус, дулаан дамжуулах төвийн зардал гэж иргэдээс хууль бусаар хурааж байна гэх үндэслэлгүй мэдээллийг оршин суугчдын дунд илээр болон далдуур 2014 оноос хойш хуулийн этгээдийн нэр хүндийг гутаан доромжилж байна. Богд-Ар хорооллын оршин суугчдын 800 гаруй гишүүнтэй фэйсбүүк групп хэрэгслээр өдөр болгон Богд-Асар инженеринг ХХК-ийн захирал болон захирлын бэрийг хятадын эрлийз, луйварчид, луйварчдад битгий мөнгө төл гэсэн мэдээллийг цацдаг, мөн орцны үүдээр наадаг. Богд-Асар инженеринг ХХК нь Орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төвийн харъяа үйл ажиллагаа явуулдаг бөгөөд УБДС ТӨХК-тай 2014 оны 10-р сарын 22-ны өдөр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Гэрээний 3.2.11-т худалдан авагч талын дулааны шугам, тоноглол, дулаан дамжуулах төвийн үйлчилгээтэй холбогдон гарах ашиглалтын зардлыг тухайн шугамыг ашиглан дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа орон сууцны оршин суугч, аж ахуйн нэгж харилцан тохиролцож гаргана гэж байгаа, энэ гэрээн дээр ямар нэгэн үнийн тариф тогтоосон зүйл байдаггүй. Энэ заалтын дагуу оршин суугчдаас энэ зардлыг төлүүлэхээр манай захирлын 2014 оны 01-р сарын 26-ны өдрийн тушаал гарч 6000 төгрөгний нарийвчилсан тооцоо гарсан байгаа. Хариуцагч талын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр доромжилсон нь үндэслэлгүй худал мэдээлэл тул Богд асар инженеринг ХХК-ний захирал Х.Идэрбаяр, түүний бэр Д.Анхжаргалын нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг гүтгэлгийг тараасан хэлбэр хэрэгслээр дамжуулан уучлалт гуйх, дахин ийм асуудлаар ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байхыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Богд Асар инженеринг ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Богд-Асар ХХК нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад Богд асар инженеринг ХХК болсон. Богд асар инженеринг ХХК нь Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанитай Богд-Ар хорооллын айлуудыг дулаан, халаалт, хэрэглээний халуун хүйтэн усаар хангах,  эрчим хүч хэрэглэсний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлүүлэх эрх үүрэгтэй гэрээ байгуулсан. Гэтэл тус компани нь Эрчим хүчний тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.17 дахь хэсэгт заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан үнэ тарифаар эрчим хүч худалдах ёстой. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй Богд-Ар хорооллын 21, 24, 22а, 27а зэрэг нийт 10 гаруй байр болон 1730 өрх, Богд-Ар хорооллын 60 аж ахуйн нэгж байгууллагуудаас цахилгааны төлбөр дээр бичвэр хийлгүйгээр 3 000-6 000 төгрөгийг нэмж авдаг байсан. Үүнийг 2015 оны 01-р сарын 05 наас 2-р сарын 5 хүртэл бичвэр хийлгүйгээр аваад, шаардлага тавихаар хариу тайлбаргүйгээр дахиад 7 сар орон сууцны төлбөрийн хуудсан дээр юуны мөнгө нь мэдэгдэхгүй “УДДТАЗ” зардал гэж бичиж нийт 80 000 000 төгрөг авсан авсан байдаг. Энэ хууль бус үйлдлийг Тэнгэрийн гэгээ СӨХ нь сууц өмчлөгчдийнхөө эрх ашгийн үүднээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг эрх бүхий байгууллагат хандаж байсан. Гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шалгаж 2015 оны 08-р сарын 14-ний өдрийн 07/43 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, энэ зөрчил нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх заалтыг зөрчсөн гэж тогтоосон. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2016 оны 02 сарын 01 өдрийн 08/133 гэсэн дугаартай албан тоот бичгээр, 2015 оны 09 сарын 17 өдрийн 4/958 дугаарт албан бичгээр зөрчлийг арилгаж, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хариу өгсөн. 2016 онд Богд-Асар инженеринг ХХК-ийг гаргасан зөрчлөө арилгах албан мэдэгдэл өгсөн байдаг. Г.Нямдаржаа нь иргэний хувьд нэхэмжлэгчтэй харьцаагүй, гутаан доромжилсон зүйл байхгүй. Богд-Асар инженеринг ХХК-ийн ямар нэр хүндийг ямар хэлбэрээр унасан, ямар хохирол учирсныг нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Богд асар инженеринг ХХК нь Г.Нямдаржаад холбогдох ажил хэргийн болон иргэний нэр төр сэргээлгэх, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй  гэж дүгнэлээ.

Богд асар инженеринг ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, .12.2.8-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгай зөвшөөрлийн дагуу Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хорооллын 1-11, 15-16, 20-22, 24 дүгээр байр, 1 454 өрх, 75 аж ахуйн нэгжийг хариуцан ажилладаг /хх 5-7/ байна.

Нэхэмжлэгч нь Богд асар ХХК нэрээр үйл ажиллагаагаа явуулж байхдаа 2014 оны 10-р сарын 22-ны өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан /хх 19-23/, гэрээний үндсэн дээр дээрх хэрэгчлэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж байхдаа гэрээний 3-р зүйлийн 3.2.11 дэх хэсэгт “Худалдан авагч талын дулааны шугам, тоноглол, дулаан дамжуулах төвийн үйлчилгээтэй холбогдон гарах ашиглалтын зардлыг тухайн шугамыг ашиглан дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа орон сууцны оршин суугч, аж ахуйн нэгжүүд харилцан тохиролцож гаргана. Энэ тухайгаа өөрийн хариуцсан хэрэглэгчтэй байгуулах дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд тусгасан байна” гэсэн заалт, Богд асар ХК-ний захирлын 2014 оны 01-р сарын 26-ны өдрийн “Ашиглалтын зардлын тариф батлах тухай” 19/12 тот тушаал, түүний хавсралтыг /хх 86-97/ үндэслэн 2015 оноос эхлэн оршин суугчдаас 3000-6000 төгрөгийг төлбөр дээр нэмж авч байсны улмаас Богд асар инженеринг ХХК болон Тэнгэрийн гэгээ сууц өмчлөгчдийн холбоо, оршин суугчдын хооронд маргаан гарчээ.

 

Нэхэмжлэгч “Г.Нямдаржаа нь хууль бусаар мөнгө хурааж завшсан мэдээг тарааснаас компаний нэр төр гутаагдсан, ажил хэргийн нэр төр сэргээлгэх, захирал Х.Идэнбаяр, түүний бэр Д.Анхжаргал нарын нэр төрийг сэргээлгэхээр маргасан бол хариуцагч нь ямар ч мэдээ, мэдээллийг тараагүй, нэр төр гутаасан үйлдэл гаргаагүй гэж маргажээ.

              Г.Нямдаржаа нь Тэнгэрийн гэгээ сууц өмчлөгчдийн холбооны захирлаар ажилладаг бөгөөд тус сууц өмчлөгчдийн холбоо нь Богд асар ХХК, Богд асар инженеринг ХХК-д түүний ажил үүрэгтэй холбоотой гомдол шаардлага, оршин суугчдаас төлбөр дээр нэмж 3000-6000 төгрөг авч байгаа талаар, дулаан хангамжийн талаар удаа дараа албан бичгээр хандаж /хх 9-16, 28-29, 68/ байжээ.

              Эдгээр шаардлагад нэхэмжлэгчийн өгсөн хариу /17-18/, Эрчим хүчний зохицуулах хорооны улсын байцаагчийн 2016 оны 9-р сарын 16-ны өдрийн Богд асар ХХК-д ирүүлсэн “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /хх 69, 114/, тус хорооны 2016 оны 9-р сарын 19-ний өдөр 4/721 тоот “Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрлийн талаар” Тэнгэрийн гэгээ СӨХ-нд ирүүүлсэн албан бичиг /хх 113/, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 08-р сарын 14-ний өдрийн 7/43 тоот дүгнэлт /хх 115, 116/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 2-р сарын 1-ний өдрийн Тэнгэрийн гэгээ СӨХ-д ирүүлсэн “Богд асар ХХК-ний зөрчлийн талаарх өргөдлийн хариу” /хх 117/, Богд асар ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлсэн албан бичиг /хх 118-119/, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Эрчим хүчний зохицуулах хорооноос Тэнгэрийн гэгээ СӨХнд ирүүлсэн албан бичиг /хх 120-112, 127/ зэрэг баримтуудаас дүгнэвэл, Г.Нямдаржаа нь ажил хэргийн хүрээнд Тэнгэрийн гэгээ сууц өмчлөгчдийн холбооны захирлын хувьд эрх бүхий байгууллагат хандаж байжээ. 

 

              Түүнчлэн хэргийн 28-31 дэх талд авагдсан орцны үүдэнд наасан гэх фото зураг, “Оршин суугчдын анхааралд”...Богд Ар хорооллын оршин суугчид гэсэн бичгийг Г.Нямдаржаа үйлдсэн нь нотлогдоогүй, өөрөөр хэлбэл, хариуцагч нь энэ мэдээллээр “Богд асар инженеринг ХХК-ний ажил хэргийн нэр төрийг гутаасан мэдээ, мэдээллийг тараасан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

              Үүнээс гадна, нэхэмжлэгч нь Х.Идэнбаяр, Д.Анхжаргал нарын иргэний нэр төрийг сэргээлгэх шаардлага гаргах эрхгүй, үндэслэлгүй байна.  

              Хэргийн 33-61 дэх талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хууль журмын дагуу бэхжигдсэн, цуглуулсан баримт гэх үндэслэлгүй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2 дахь хэсэг, 497-р зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Нямдаржаад холбогдох ажил хэргийн болон иргэний нэр төр сэргээлгэх, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг хүссэн Богд асар инженеринг ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА

                               

                                ШҮҮГЧИД                                 Б.АЗБАЯР

 

                                                                                  Ш.ОЮУНТУУЛ