Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0347

 

Дугаар 221/МА2016/0347

Улаанбаатар хот

 

"С З" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч "С З" ХХК-ийн захирал Ц.Д, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 282 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор "С З" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарҮнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ /Налайх дүүрэг 5 дугаар хороо/ НХААГ-15/0085 дугаар бүхий зөвлөх үйлчилгээний тендерт тус компанийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгох, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас нарийвчилсан үнэлгээний ажлын хөлс 41.333.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шүүхэд гаргасан тайлбартааБага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь холбогдох тендерийн баримт бичгийг Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалаар батлагдсан Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 35-39 дүгээр зүйлд заасны дагуу Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмыг баримтлан тендер шалгаруулалтыг явуулсан болно. Тендерт шалгаруулалттайгаар холбоотойгоор захиалагч байгууллага болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ирүүлсэн албан бичигт ...байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ гэжээ. Захиалагчийн дээрх ажлын даалгаврын дагуу үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5-д Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ ирүүлнэ гэж заасан. Мөн тухайн тендерт оролцогчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу өрсөлдөөнийг хязгаарласан тухай ямар нэгэн гомдол гаргаагүй болно. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Үнэлгээний хороо шүүхэд гаргасан тайлбартааҮнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын баталсан тендер шалгаруулах журам, тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдлыг харгалзан техникийн саналыг үнэлсэн. Техникийн доод оноо 70 онооноос дээш гарч байгаа байгууллагуудын санхүүгийн саналыг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15.30 цагаас нээсэн. Нээлтэд "С З" ХХК нь техникийн саналын авбал зохих доод оноог хангаагүй тул санхүүгийн саналыг нээлгүй буцааж үлдсэн хоёр компани болох авахад "Ц У О" ХХК, "Э И С ЭсЗ Б" ХХК-уудын санхүүгийн саналыг нээж тэмдэглэл хөтөлсөн.

Сангийн Яаманд гаргасан гомдлыг хянаж үзээд тендерийн бичиг баримтын 6.4 дэх заалтыг зөрчсөн тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгох албан бичиг ирүүлсэн. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон олон улсын зөвлөхийг сонгоно гэсний дагуу "Ц У О" ХХК, "Н Л" ХХК, "Э И С ЭсЗ Б" ХХК гэсэн 3 байгууллагад урилга хүргүүлсэн. "С З" ХХК-ны тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дах заалтыг үндэслэн урилга хүргүүлэхээс татгалзсан. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тендерийг нээхэд "Э И С ЭсЗ Б" ХХК нь тендерт материал ирүүлсэн гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 282 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.12, 36.17 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "С З" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д давж заалдах гомдолдоо: Үнэлгээний хороо 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүчингүй болсон тендерийн талаар дахин хуралдаж тендерийн сонгон шалгаруулалт нөхөн хийсэн нь тендерийн маргааныг шийдвэрлэх биш эсрэгээр хаах оролдлого, дайралт байсан. Шүүгчийн байр суурь тендерийн маргааныг шударгаар шийдвэрлэхийн оронд шүүх хуралдааны тодорхойлох болон үндэслэх хэсэгтээ маргаан, гомдол, нотолгооны талаар юу ч бичээгүй. Үнэлгээний хорооны хууль бус актын талаар ямар ч асуудал шийдвэрлээгүй болно. Иймд шүүх хуралдааны үйл явцыг дахин хянаж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ /Налайх дүүрэг 5 дугаар хороо/-г гүйцэтгэх тендер шалгаруулалттай холбогдуулж, боловсруулсан тендерийн баримт бичигтээ Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.5-д зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ, сүүлийн 2 жил буюу 2013 оны 06 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудын гэрээний хуулбар болон чанартай гүйцэтгэсэн талаар захиалагчаас гаргасан тодорхойлолтыг ирүүлэхээр заасан бөгөөд тухайн нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрч "С З" ХХК зарласан тендер шалгаруулалтад оролцжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 / ... байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид төрийн захиргааны төв байгууллага гэх/ олгоно/, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 /Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.6-д заасан тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын аж ахуйн нэгжид байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно/-д Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор зааснаас үзэхэд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ /Налайх дүүрэг 5 дугаар хороо/-г гүйцэтгэх тендерийн бичиг баримтдаа тендерт оролцогч нь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байх-ыг шаардсан нь хууль бус биш бөгөөд тендерт оролцогч зайлшгүй дээрх шаардлагыг хангах ёстой нь хуулийн тухайн заалтуудаас харагдаж байна.

Тиймээс хариуцагч байгууллага буюу Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэхдээ захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт болон тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тогтоож, техникийн саналыг авбал зохих доод оноог хангаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ ирүүлээгүй, ижил төстэй гүйцэтгэсэн ажлуудын гэрээний хуулбар ирүүлээгүй, төслийн ахлагч нь тухайн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ/, 27.3 /27.3.Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/, 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана/-д нийцжээ.

Эдгээрээс дүгнэн үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нэгэнт "С З" ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны дүгнэлт дээрх байдлаар үндэслэлтэй, хуульд нийцсэн нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгчийн захиргааны байгууллага, албан тушаалтны учруулсан хохирол буюу тендерт шалгарсан тохиолдолд олох байсан орлого 41.333.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хангах боломжгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дүгээр зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР