| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01038/И |
| Дугаар | 102/ШШ2017/01472 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01472
| 2017 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/01472 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Мыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Мандахзаяа эрдэнэ” ХХК нь 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, …тоот регистрийн дугаартай, барилгын материал, техник, сантехник, халаалт, ус түгээх чигэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. “Манахзаяа эрдэнэ” ХХК нь өнөөдрийн байдлаар 10,376,300 төгрөгийг татварын өртэй бөгөөд татвар төлөх үүргээ биелүүлээгүй байна. Тус компани нь нэг үүсгэн байгуулагчтай бөгөөд Монгол улсын иргэн Нацаг овогтой Мандах нь компанийн үүсгэн байгуулагч, удирдлагаар бүртгэлтэй боловч хаягтаа байхгүй, оршин суух хаяг тодорхойгүй, 2013 оноос хойш татварын албанд ирдэггүй, олдохгүй байгаа тул иргэн Нацаг овогт Мандахыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Мандахзаяа эрдэнэ” ХХК-ийн захирал Н.Мыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд “Мандахзаяа эрдэнэ” ХХК-ийн захирал Н.М нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хүсэлтийг хангаж, “Мандахзаяа эрдэнэ” ХХК-ийн захирал Н.Мыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Мөн хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэгээс түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Мандахзаяа эрдэнэ” ХХК-ийн захирал Н.Мыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
2.Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. .
3.“Мандахзаяа эрдэнэ” ХХК-ийн захирал нь Баянгол дүүргийн 9 дугаар хороо, Сот 3-2 53 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, …регистрэй, … дугаарыг эзэмшдэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О … дугаартэй болохыг тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА