Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Ч,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Б-гийн Ч-т холбогдох 2228000000003 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

   Биеийн байцаалт:   

   Монгол Улсын иргэн, .................................             

Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг ................... тоотод орших Ц.Ц-ын гэрт, түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний баруун гар руу өшиглөж, биед баруун шуу ясанд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Ч-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ц.Ц-ын нөхөртэй гэрт нь архи ууж байгаад Ц.Ц-той нь маргалдсан. Ц.Ц миний нүүр рүү алгадаж, маажиж самардаад байхаар нь тийрсэн. Миний үйлдлийн улмаас Ц.Ц-ын биед гэмтэл учирсан гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр намайг гэртээ нөхөр Мягмарсүрэнгийн хамт байхад гаднаас 09 цагийн үед Ч согтуу орж ирээд манай нөхрийг аваад явсан. Тэгээд 30-аад минутын дараа Ч манай нөхөр 2 хамт нэг шил 0.5 литрийн нэрийг нь санахгүй байна архитай орж ирсэн. Манайд анх ирэхдээ машинаа хашааны гадаа үлдээсэн. Архи аваад ирэхдээ машинаа хашаан дотор оруулж ирж байсан. Манай гэрт орж ирээд архи задлаад уухаар нь би Ч-т гэртээ очиж уу танайх байшин, гэр, гарааш гээд олон сав байхад тэндээ очиж уухгүй юу гэж хэлсэн чинь Ч “Би чамд нэг сургаал хэлье гэхээр нь” би чи жоохон хүүхэд байж юу сургадаг юм гэж хэлсэн чинь чи ч гэсэн жоохон хүүхэдтэй суугаа биз дээ гэхээр нь би хялар долир болоод хөгшин хүнтэй суугаа биз дээ гэсэн чинь уурлаад намайг ядуу зүдүү гуйлгачин гэж хэлж, гэрийн баруун хойд талд газар сууж байснаа босч ирээд намайг гэрийн хойд талын орон дээр сууж байсан чинь ирсэн. Тэгэхээр нь би зүүн талын хацар руу нь нэг удаа гараараа алгадсан чинь Ч зөрүүлээд миний гэдэс рүү нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би гэдсээ хамгаалах гээд баруун гараа гэдэс нь дээрээ тавьсан чинь миний гарыг өшиглөөд миний баруун гарыг гэмтээсэн. Тэгээд Ч манай нөхөртэй хамт гэрээс архиа авч гараад Ч-ын машинд тэр хоёрыг суухаар нь би араас нь 2 гараараа газар самардаад чулуу хайрга аваад шидсэн чинь машиныг нь оносон. Тэгээд тэр 2 яваад өгсөн. Тэр хоёрыг явсны дараа бараг 30 минутын дараа байх миний баруун гар хавдаад ирэхээр нь би такси аваад бариач дээр очоод бариулсан чинь шивнээ яс нь гарсан байна гэж хэлээд буцааж орууллаа гэж хэлсэн. Тэгээд нэг дэх өдөр цагдаад өргөдөл гаргасан. Гомдолтой байна. Би оёдол хийж цалин авдаг хүн одоо юм оёж чадахгүй байна. Ажилгүй байгаа өдрийн цалингаа нэхэмжилж авмаар байна. Би гараа гипсдүүлсэн, 3 төрлийн эм авч уу гэж хэлсэн. Эмээ авсан одоо ууж байгаа, эм авсан баримт байгаа би гаргаж өгнө... Надад эм авсан 100.000 төгрөгийн баримтаас өөр баримт байхгүй. Би баримтаа хэргийн материалд өгнө. Би гараа гэмтсэнээс болж нэг сар ажил хийхгүй байгаа учраас Ч-аас нэг сарын цалин болох 350.000 төгрөг нэхэмжилснийг өгсөн. Бас ойр зуур хэрэгтэй эмийн мөнгө 350.000 төгрөг Ч өгсөн. Нийт 800.000 төгрөг болсон ба энэ мөнгийг Ч бүрэн барагдуулсан.... Надад санал гомдол байхгүй учраас шүүх хуралд суухгүй хэргийн материалтай танилцахгүй.” /хавтаст хэргийн 11-12, 28 дахь тал/ 

Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө Ч бид 2 уулзахаар болоод 10 цагийн үед 2 гэрийнхээ голд уулзсан. Тэгээд Ч-тай уулзах үед Ч халамцуу байсан. Би бас бага зэрэг үнэртүүлсэн байсан. Бид 2 Ч-ын гэрт очиж машиныг нь аваад “Баясах” дэлгүүр орж нэг шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи аваад манай гэрт очсон. Манай гэрт эхнэр хувцас оёод сууж байсан. Тэгээд архиа аягалаад би Ч-т өгсний дараа нь би архиа өөртөө аягалаад уусан чинь манай эхнэр Ц Ч-тай маргалдаж эхэлсэн. Тэр 2 гэрийн баруун хойд талд сууж байсан. Би гэрийн зүүн урдаас шкафны араас архиа авах гээд тонгойх хооронд Ч манай эхнэр Ц-ын гар руу өшиглөсөн гэж хэлж байсан. Би Ч-ыг аваад архиа аваад гэрээс гарсан. Тэгээд Ч-ын машинаар гудамд зогсож байгаад архиа ууж дуусгасан. Орой нь гэртээ ирсэн чинь Ц гараа бариачид үзүүлсэн гээд боочихсон байсан.” /хавтаст хэргийн 30 дахь тал/

Шүүгдэгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би хохирлоо бүрэн барагдуулсан. Эмийн мөнгө болох 450,000 төгрөг, нэг сарын цалин 350,000 төгрөг, нийт 800,000 төгрөг Ц-т өгсөн.” /хавтаст хэргийн 42 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Ц-ын биед баруун шуу ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Ц.Ц-ын биед учирсан гэмтэл нь түүний эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ц.Ц-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

Шүүгдэгч Б.Ч-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 64 дэх тал/

Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 71 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ч-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг ................... тоотод орших Ц.Ц-ын гэрт, түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний баруун гар руу өшиглөж, биед баруун шуу ясанд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би зүүн талын хацар руу нь нэг удаа гараараа алгадсан чинь Ч зөрүүлээд миний гэдэс рүү нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би гэдсээ хамгаалах гээд баруун гараа гэдэс нь дээрээ тавьсан чинь миний гарыг өшиглөөд миний баруун гарыг гэмтээсэн.” /хавтаст хэргийн 11-12, 28 дахь тал/,  

Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай эхнэр Ц Ч-тай маргалдаж эхэлсэн. Тэр 2 гэрийн баруун хойд талд сууж байсан. Би гэрийн зүүн урдаас шкафны араас архиа авах гээд тонгойх хооронд Ч манай эхнэр Ц-ын гар руу өшиглөсөн гэж хэлж байсан.” /хавтаст хэргийн 30 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай Ц.Ц-ын биед баруун шуу ясанд хугарал гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Ч-ын хохирогч Ц.Ц-ын биед баруун шуу ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ч-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.         

Шүүгдэгч Б.Ч нь хохирогч Ц.Ц-ын биед баруун шуу ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Б.Ч-аас 800,000 төгрөг бүрэн төлж барагдуулсан, надад санал гомдол байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.     

Шүүгдэгч Б.Ч-ын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч Б.Ч-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.   

Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц-т 800,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.        

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овгийн Б-гийн Ч-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Шүүгдэгч Б.Ч нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц-т 800,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ