Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Б-ы Э, Ш овгийн Б-ийн Ө нарт холбогдох 2228000000002 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

    Биеийн байцаалт:   

   Монгол Улсын иргэн, ................................         

   Монгол Улсын иргэн, .............................

Шүүгдэгч Б.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн ....... гэх газарт орших гэртээ Б.Э-тай авдрын асуудлаас болж маргалдаж, хутгаар түүний хэвлий хэсэгт хутгалж, биед хэвлийн баруун дээд хэсэг дэх зүсэгдсэн шарх /хөндий рүү нэвтрээгүй/, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн ....... гэх газарт орших Б.Ө-ийн гэрт түүнтэй авдраа авах асуудлаас болж маргалдаж, төмрөөр түүний толгойн тус хэсэгт цохиж, эрүүл мэндэд духны язарсан шарх, баруун гарын алга сарвууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Ө, Б.Э нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Б.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр, хүүхдээ сумын төвд хүргэж өгчхөөд өглөө нь мал дээрээ ирэхэд манай гэрийн цоожийг эвдээд дотор нь байсан нэг ширхэг модон авдрыг авчихсан байсан. Би манай гэрт Ө-өөс өөр орох хүн байхгүй гэж бодоод Ч ахтай хамт Ө-ийн гэрт нь очоод гэрийн хаалгыг нь дотроосоо түгжсэн байсныг нь нээгээд гэрт нь ороход Ө гэрийнхээ хойно хэвтэж байсан. Би яагаад гэрийн цоож эвдээд авдар авч байгаа юм бэ гэхэд Ө нь хөрөнгө цуглуулж байна та нар надад юу ч өгдөггүй гэж хэлсэн. Тэгээд гартаа хутга бариад босч ирээд ойртвол ална шүү гэж хэлсэн. Тухайн үед Ч ах гэрт нь орж ирээгүй байсан. Тэгээд над руу дайраад намайг заамдаж байгаад нэг удаа хутгалаад намайг арагш нь түлхээд над руу дахиж хутгалах гээд дайрах үед нь гарын хажууд байсан нэг төмрийг аваад Ө-ийн толгойн хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед Ч ах гэр рүү орж ирээд юу болоод байна гэж асуухад нь би намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Ч ах нэгнийгээ хутгалаад байхдаа яадаг юм гэхэд Ө гартаа байсан хутгаа хаясан. Тэгээд гэрээсээ гараад явчихсан. Ч ахтай хамт гэрээс гараад дээлээ сөхөж харахад хэвлийн хэсэгт хутгалуулсан газраас цус гарч байсан.  Ч ах бээлийгээр даруулаад намайг ардаа суулгаад мотоциклоор гэр рүүгээ явсан. Гэрт нь очоод шархаа боолгосон. Тэгээд сумын төв рүү эмнэлэг, цагдаад мэдэгдсэн. Ө нь миний нагац ах байгаа юм. Миний ээж Мядагмаа гэх хүний төрсөн дүү нь байгаа юм. Өмнө нь Ө ахад би 10 гаруй мал, адуу өгч байсан. Би Өт 12 дугаар сарын 10-ны өдөр мотоциклын банкийг дүүргэж өгөөд, өвлийн куртик өмд шинээр авч өгсөн. Ө ахыг олон жил шоронд сууж байгаад гарч ирсэн болохоор нь манай ах дүү нар байнга л тусалж дэмжиж хоол хүнс, өмсөх хувцас зэргийг нь байнга өгч байдаг өөрөө ямар нэгэн ажил хийдэггүй гэртээ л байж байдаг. Би гомдолтой байна. Миний эмчилгээний зардал 152.000 төгрөг болсон тэрийгээ нэхэмжилж байна. Мөн Ө-ийн гэрт байгаа авдраа авмаар байна. Одоо миний хутгалуулсан шарх бол бүрэн эдгэрсэн гэхдээ хурдан босох үед таталдаж байгаа юм шиг өвдөж байгаа. Тэр авдар бол миний авдар байгаа юм. Би 2013 онд тусдаа гарч гэр барьж айл болоход манай ээж авч өгч байсан юм. 2013 онд Ө нь шоронд байсан юм.” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/   

Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би Э-ын хонийг нь хариулж байгаад гэрт нь очиход Э нь намайг хонь ингэж хариулдаг юм уу п... чинь гэж хэлсэн. Тэгээд гэр рүүгээ яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклоо унаад гэр рүүгээ явсан. Э тэр орой нь сумын төв рүү явна гэж байсан. Би гэртээ байж байгаад Э-ын гэрээс авдраа авахаар очиход тэд нар сумын төв рүү явчихсан байсан. Би гэрийнх нь цоожийг эвдээд гэрт нь ороод эвтэй 4 амьтны зурагтай өөрийн модон авдрыг аваад гэр рүүгээ явсан. Маргааш өглөө нь намайг гэртээ хэвтэж байхад мотоциклтой хүн гэрийн гадна ирсэн. Тэгээд гэрийн хацавчаар хараад дотроосоо түгжээтэй байсан гэрийн хаалгыг хүчээр эвдэж нээгээд Э, Ч нар орж ирсэн. Э нь гэрээс гараад гартаа төмөр бариад буцаад ороод ирсэн. Барьсан төмрөөрөө миний толгой руу 3-4 удаа цохисон. Миний баруун, зүүн гар руу 3-4 удаа цохисон. Би тухайн үед гартаа барьж байсан цэнхэр иштэй хутгаар Э-ыг нэг удаа хутгалсан. Тэгэхэд Э баруун гарын шууны яс руу дахиж төмрөөрөө цохиход нь би хутгаа хаячхаад гэрээсээ гараад урагшаа сайр руу ороод хэвтсэн. Удалгүй Э, Ч нар нь мотоциклтой буцаад явахаар нь би гэр рүүгээ ороод гутал, дээл өмсөөд ойролцоо байдаг Цогт гэх хүний гэр рүү явсан. Уг авдар бол минийх байгаа юм. Эвтэй 4 амьтны зурагтай эрээн авдар байсан. Яагаад гэвэл 2003 онд би Архангай аймгийн хүмүүс Гурвантэс сумын төвд гэрийн мод тавилга зараад явж байхад 5 ханатай гэрийн мод, хувцасны шкаф 2 ширхэг, жижиг модон хайрцаг, бурхны тавиур 1 ширхгийг тус тус авч байсан. Би 2017 онд хорих байгууллагаас хугацааны өмнө суллагдаж Гурвантэс суманд ирсэн тэр үед манай дүү Баасанбат надад ээжийн хуучин гэрийг барьж өгсөн тэр гэрт дотор байгаа тавилгануудыг надад өгсөн юм... Э-ын гартаа барьж цохиж зодсон төмөр нь гэрийн гадна байсан төмөр байгаа юм. Ява мотоциклын яндангийн төмөр байгаа юм. Гэрт шалан дээр баганын хажууд байсан. Хаалганы цоож эвдээд ороод ирэхээр нь гартаа хутга барьсан юм. Намайг төмрөөр зодож цохиод байхаар нь би гартаа барьсан хутгаар хутгалчихсан юм. Толгойны дух хэсэгтээ 4 оёдол тавиулсан, баруун гарын алганы доод хэсэгт язарсан шархтай, баруун гарын шууны хэсэг шалбарсан шархтай байсан. Уг гэмтлүүд одоо эдгэрсэн байгаа ямар нэгэн өвчингүй болсон. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийнхөө дүүгээс нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө би өөрийн гэртээ байж байхад манай дүү болох Э орж ирээд Э ахыг хөдөө Ө хутгалсан байна гэж Ч ах ярьсан гэж хэлсэн. Би тэгээд эмнэлэг, цагдаад дуудлага өгөөд би цагдаа нартай хамт хөдөө явж байгаад Э-ыг эмнэлгийн машин аваад явж байхад нь хамт сумын төв рүү буцаж ирсэн. Ямар шалтгаанаар ийм зүйл болсныг би огт мэдээгүй. Энэ хүмүүс хоорондоо төрөл садангийн холбоотой юм. Манай том эгч М гэх хүний хүү нь Э, Эр байгаа юм. Ө нь М эгчийн төрсөн дүү байгаа юм. Ө нь Э-ын нагац ах байгаа юм. Э нь багаасаа сургуульд сураагүй мал дээр гарсан малчин хүн байгаа юм. Эхнэр, хүүхэдтэйгээ хамт Тост багт малчин. Ө нь манай ах байгаа юм эрхэлсэн тодорхой ажилгүй. 2007-2017 оны хооронд хүн амины хэргээр ял шийтгүүлээд суллагдаж ирсэн. Одоо Тост багийн ....... гэх нэртэй газарт өөрийн гэртээ ганц биеэр амьдардаг. Эрхэлсэн ажилгүй. Ах дүү нараасаа хоол унд идэж уух бүх зүйлсээ нэхэж авдаг. Манай ээж Б нас өндөр хүн байдаг. Тэр хүнээс л байнга юм нэхэж авч байдаг. Бид нар ч бас юм байвал байгаагаа өгөөд байж л байдаг. Э хэвлий хэсэгтээ хутгалуулсан байсан би шархийг нь сайн хараагүй. Ө толгойныхоо дух хэсэгт 2-3 оёдол тавиулсан байсан.” /хавтаст хэргийн 41 дэх тал/

Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Гурвантэс сумын төвөөс 50 км зайд байрлах Тост багийн Б гэх газарт өөрийн гэртээ байж байхад манай дүү болох Э манай гэрийн авдар алга байна гэж хэлсэн. Ө авсан байхаа хоёулаа хамт явъя гэж хэлсэн. Би Э-ын араар суугаад мотоциклтой явсан. Ө-ийн гэр нь манайхаас баруун хойд зүгт 10 км зайтай байдаг бөгөөд манай хаваржаан дээр байдаг юм. Ө-ийн гэрийн гадна очоод хаалгыг нь татахад дотроосоо түгжээтэй байсан бөгөөд хүчтэй татахад нээгдсэн. Гэрт нь ороход Э-ын 2 модон авдрыг гэрийнхээ хойд хэсэгт тавьсан байсан. Бид хоёрыг орж очиход Ө гартаа хутга барьсан зогсож байсан. Э нь ороод шууд л авдраа авъя гэж хэлэхэд Ө хариуд нь энэ миний авдар гэж хэлсэн. Тэгээд гэрийн баруун талаар Э тойроод авдраа авъя гэхэд нь Ө нь гартаа байсан хутгаараа Э-ын хэвлий хэсэг рүү нь нэг удаа хутгалсан. Тэр 2 зууралдаад хоорондоо зодолдож эхэлсэн. Э хутгалсныг нь мэдээд уурлаж гартаа төмөр бариад Ө-ийн толгойн тус газарт цохисон. Тухайн үед нь би тэр хоёрыг салгах гээд Ө-ийг хутгаа хая гэж хэлсэн. Э-ад одоо боль төмрөө хая гэж хэлээд Э-ыг татаж авсан. Тэгэхэд Ө гэрээс гараад зугтаахаар нь Э-ыг аваад мотоциклтой гэр рүүгээ явсан. Гэрт ирээд Э-ын хувцсыг нь тайлуулаад үзэхэд хэвлий хэсэгтээ хутга орсон байдалтай цус алдаж байсан. Би сумын төв дээр байх Эр-т утсаар эмнэлэг, цагдаад дуудлага өг гэж хэлсэн... Э нь 6-7 жилийн өмнө айл болж тусдаа гарсан. Тэр үед ээж нь болох Мядагмаа эгч Улаанбаатар хотоос 4 ханатай гэр, тавилгатай нь авч ирж барьж өгсөн юм. Тэр үед уг 2 авдар гэртэй нь хамт авч өгсөн. Ө нь яагаад Э-ын авдрыг авч явсан талаар сайн мэдэхгүй байна. Э нь Ө-ийн нагац дүү нь байгаа юм. Яагаад дүүгийнхээ гэрээс авдрыг нь авсан талаар мэдэхгүй байна. Э нь одоо 30 настай эхнэр, 3 хүүхдийн хамт Тост багт амьдардаг. Э нь ажилсаг хүнтэй эвтэй харьцдаг нөхөрсөг хүн байдаг би ах нь болохоор сайн мэднэ. Малыг сайн маллаж хурдан өсгөсөн залуу байгаа юм. Ө нь миний төрсөн дүү бөгөөд 2007-2017 оны хооронд хүн амины хэргээр хорих ял эдэлж байгаад суллагдаж нутагтаа ирсэн. Одоо манай хаваржаа ....... гэх нэртэй газарт амьдардаг юм. Шоронгоос гарч ирээд ямар ч ажил хийгээгүй. Хамаатан садныхаа хүмүүсээр тэжээлгэж хэвтэж байдаг хүн болсон. Одоо энэ ямар нэгэн амьдралын зорилго байхгүй их л сонин болсон. Зан араншин, бодол санаа сэтгэцийн хувьд өөрчлөгдсөн. Ажил хийх сонирхолгүй хүн байгаа. Ээж, ах, дүү нараа дарамтална, архи уух дуртай, уугаад согтчихоорой ална шүү гэдэг хүндээ. Миний бодлоор Э-ыг дээрэлхэж гэр рүү нь орж авдрыг нь авсан гэж бодож байна.” /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

Гэрч Б.Эр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Гурвантэс сумын төв дээр байх гэртээ байсан. Хөдөөгөөс манай нагац ах Монголоо /Ч/ утсаар яриад миний төрсөн ах болох Э-ыг Ө ахад хутгалуулсан гэж хэлсэн. Би цагдаад мэдэгдэж эмнэлэгт хэлсэн. Би эмнэлгийн машинд зам зааж хамт Тост багийн нутаг руу явсан. Э-ыг сумын төв рүү явсан хойгуур Ө ах гэрээс нь авдрыг авч өөрийнхөө гэрт тавьсан байсан. Тэрнээс болж муудалцсан байсан. Би тухайн үед нь хамт байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Э ах хэвлий хэсэгтээ нэг удаа хутгалуулсан шархтай байсан. Ө ахын толгой нь хагарсан нүүр нь цус болсон байсан. Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ө ах миний авдар гээд аваад явсан байна лээ, тэр авдрыг Э-ыг айл болж тусдаа гарахад 4 ханатай бүтэн тавилгатай гэр барьж шинээр айл болж байсан тэр үед уг 2 модон авдрыг шинээр нь авч байсан юм. Тухайн үед Ө ах шоронд хорих ял эдэлж байсан. Тэгэхээр өөрийнхөө авдар гэж худлаа яриад хүний юм авсан байгаа юм. Ө ах бол архи уучихсан согтсон үедээ биедээ хутгатай тэрийгээ гаргаж ирж үзүүлээд ална шүү энэ тэр гэх юм ярина, согтуудаа өөрийнхөө Бя гэх хүнд агсан тавьдаг байсан. Одоо хөдөө ганцаараа амьдарч байгаа. Э ахын хувьд бол хүнд дээрэлхүү зан байхгүй их тусч хүн байгаа юм.” /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Ө-ийн биед духны язарсан шарх, баруун гарын алга сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Духны язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн, баруун гарын сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 51-52 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Э-ын биед хэвлийн баруун дээд хэсэг дэх зүсэгдсэн шарх /хөндий рүү нэвтрээгүй/, цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-14 дэх тал/

Эвлэрлийн гэрээ /хавтаст хэргийн 119 дэх тал/

Шүүгдэгч Б.Ө, Б.Э нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 120-121 дэх тал/

Яллагдагч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 129-130 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 109-110 дахь тал/   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ө, Б.Э нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

Шүүгдэгч Б.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн ....... гэх газарт орших гэртээ Б.Э-тай авдрын асуудлаас болж маргалдаж, хутгаар түүний хэвлий хэсэгт хутгалж, биед хэвлийн баруун дээд хэсэг дэх зүсэгдсэн шарх /хөндий рүү нэвтрээгүй/, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн ....... гэх газарт орших Б.Ө-ийн гэрт түүнтэй авдраа авах асуудлаас болж маргалдаж, төмрөөр түүний толгойн тус хэсэгт цохиж, эрүүл мэндэд духны язарсан шарх, баруун гарын алга сарвууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...над руу дайраад намайг заамдаж байгаад нэг удаа хутгалаад намайг арагш нь түлхээд над руу дахиж хутгалах гээд дайрах үед нь гарын хажууд байсан нэг төмрийг аваад Ө-ийн толгойн хэсэгт нэг удаа цохисон.” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,    

Хохирогч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э, Ч нар орж ирсэн. Э нь гэрээс гараад гартаа төмөр бариад буцаад ороод ирсэн. Барьсан төмрөөрөө миний толгой руу 3-4 удаа цохисон. Миний баруун, зүүн гар руу 3-4 удаа цохисон. Би тухайн үед гартаа барьж байсан цэнхэр иштэй хутгаар Э-ыг нэг удаа хутгалсан. Тэгэхэд Э баруун гарын шууны яс руу дахиж төмрөөрөө цохиход нь би хутгаа хаячхаад гэрээсээ гараад урагшаа сайр руу ороод хэвтсэн.” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Гэрч Б.Баасанбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө би өөрийн гэртээ байж байхад манай дүү болох Эрдэнэ-Очир орж ирээд Э ахыг хөдөө Ө хутгалсан байна гэж Ч ах ярьсан гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 41 дэх тал/,

Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ө нь гартаа байсан хутгаараа Э-ын хэвлий хэсэг рүү нь нэг удаа хутгалсан. Тэр 2 зууралдаад хоорондоо зодолдож эхэлсэн. Э хутгалсныг нь мэдээд уурлаж гартаа төмөр бариад Ө-ийн толгойн тус газарт цохисон...” /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

Гэрч Б.Эрдэнэ-Очир мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Гурвантэс сумын төв дээр байх гэртээ байсан. Хөдөөгөөс манай нагац ах Монголоо /Ч/ утсаар яриад миний төрсөн ах болох Э-ыг Ө ахад хутгалуулсан гэж хэлсэн. Би цагдаад мэдэгдэж эмнэлэгт хэлсэн. Би эмнэлгийн машинд зам зааж хамт Тост багийн нутаг руу явсан. Э-ыг сумын төв рүү явсан хойгуур Ө ах гэрээс нь авдрыг авч өөрийнхөө гэрт тавьсан байсан. Тэрнээс болж муудалцсан байсан...” /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай Б.Ө-ийн биед духны язарсан шарх, баруун гарын алга сарвууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай Б.Э-ын биед хэвлийн баруун дээд хэсэг дэх зүсэгдсэн шарх /хөндий рүү нэвтрээгүй/, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-14 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Э-ын хохирогч Б.Ө-ийн биед духны язарсан шарх, баруун гарын алга сарвууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, мөн шүүгдэгч Б.Ө-ийн хохирогч Б.Э-ын биед хэвлийн баруун дээд хэсэг дэх зүсэгдсэн шарх /хөндий рүү нэвтрээгүй/, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э, Б.Ө нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.         

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Ө-ийн биед духны язарсан шарх, баруун гарын алга сарвууны зүсэгдсэн шарх бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Э-ын биед хэвлийн баруун дээд хэсэг дэх зүсэгдсэн шарх /хөндий рүү нэвтрээгүй/, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” талаар хүсэл зоригоо тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

Шүүгдэгч Б.Э, Б.Ө нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.      

Шүүх шүүгдэгч Б.Э, Б.Ө нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нар гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр хутга, муруй төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Б.Э, Б.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Б-ы Э, Ш овгийн Б-ийн Ө нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-т 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр хутга, муруй төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.       

7. Шүүгдэгч Б.Э, Б.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ