| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0015/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/16 |
| Огноо | 2022-01-31 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/16
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Ц.Б,
Өмгөөлөгч Э.Наранцацрал,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ын Б-т холбогдох 2128002780140 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, ................ тоотод байх өөрийн гэртээ Н.Н-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар толгойн тус газарт гараар болон архины шилээр цохиж, эрүүл мэндэд 6 шүдний хугарал их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, зүүн чамархайн дэлбэн дэх тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, баруун талын нүдний ухархайн дотор хана дахь хугарал, 2 нүдний зовхины цус хурал, зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, ................ тоотод байх өөрийн гэртээ хохирогч Б.Х-ыг Н.Н-г өмөөрлөө гэх шалтгаанаар заазуураар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, нүүрний зүсэгдсэн шарх, 2 нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ганцаараа пиво ууж байхад Х.Н, Б.Х 2 манай гэрт 0,75 граммын 1 шил архи авч ирсэн. Бид 3 хоол идчихээд архиа ууж байхад Х сандал дээр унтсан байсан. Би улсын наадамд уралдаж байсан азаргаа 3, 4 жилийн өмнө Зүүнсайханы араас алдаад одоог хүртэл олоогүй байгаа. Тэгээд азарганыхаа зургийг Н-д үзүүлээд энэ асуудлаас болж хоёулаа маргалдсан. Муудалцаж байгаад би Н-гүйг цохисон. Дараа нь архины шилээр толгойн тус газарт нь цохиж гэмтээсэн. Тэгээд Н-гийн толгойноос цус гараад байхаар нь хоёулаа ванны өрөөнд орж угааж байтал Х орж ирээд хоёулаа зууралдаад сууж байсан өрөөнд орсон. Тухайн үед миний хоол хийж байсан банд, заазуур хэвээрээ байсан. Тэгээд Х-ын нүүрэн тус газарт нь цохиж гэмтээсэн байгаа. Удалгүй хаалга нүдэж цагдаа нар ирсэн. Тэгээд би эрүүлжүүлэх байранд хоносон.
Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед намайг Н-тэй хамт айлд байхад Б залгаад хүрээд ир нэг юм ууя, манайд ирж хоол ид гэхээр нь би Н-тэй хамт очсон. Н бид 2 дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн “Хараа” аваад очсон. Н бид хоёр айлд байхдаа 0,5 литрийн архи хувааж уусан байсан. Б ахын гэрт очсон чин Б ах бууз хийсэн байсан. Хоолоо идчихээд бид гурав архиа хувааж уучхаад дууссан чинь Б ах тал шил “Хараа” нэртэй 0,75 литрийн архи гаргаж ирээд ууж байсан чинь Н усанд орно гээд нойлын өрөө рүү орсон. Араас нь Б ах орсон. Удалгүй түжгэнээд ирэхээр нь би араас нь орсон чинь Б ах шүршүүр бариад Н-г халуун болон хүйтэн усаар шүршиж байгаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон, бас ус гоожоод Н ванн нь дотор халтирч дагзаараа унасан. Би ороод боль гээд хорьсон чинь надтай зууралдаад гал тогооны өрөө рүү орсон. Тэндээс заазуур гаргаж ирээд нүүр рүү цохисон чинь миний нүүрнээс цус алдсан. Тэгээд цагдаа орж ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Намайг Б-ийн гал тогоонд байхад Н шалдан гарч зугтсан гэж хэлсэн. Миний зүүн гарын дунд хурууг бас зүссэн байсан... Би тухайн үед сандраад буруу ярьсан байна. Одоо бодохоор бид Б-ийн гэрт буйдан дээр нь унтаж байхад гэнэт түжгэнэх чимээ гараад би сэрсэн чинь тэр хоёр байгаагүй. Тэгээд би нойлын өрөө орсон чинь тэр хоёр байсан. Б Н-н дээрээс халуун ус гоожуулж байхаар нь ороод болиулсан чинь Б надтай зууралдаад нойлын өрөөнөөс гарсан. Би ухаан санаа орон гаран байсан. Эмнэлэгт шоконд орсон байсан болохоор буруу ярьсан байна. Н бид хоёр манай гэрт нэг шил архи уучхаад 13 цагт Бийн гэрт очсон. Надад нүүрэн дээр хутгаар зүссэн шархнууд байна. Одоо эдгэрсэн. Эмнэлэгт үзүүлсэн баримт байна, би хэргийн материалд хавсаргана. Миний эм тариа болон эмнэлэгт үзүүлсэн баримтууд нийт 593.621 төгрөг болсон. Бүрэн барагдуулсан, одоо надад санал гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 24, 27 дахь тал/
Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед би Х-ын гэрт очоод нэг шил Ерөөл нэртэй 0,5 граммын архи ууж байсан чинь Х руу Б залгаад хоол хийж байна манайд ирж хоол ид гэхээр нь Х надтай хамт байна гэж хэлсэн чинь хүрээд ир гэсэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр замдаа дэлгүүрээс Ерөөх байх 0,75 литрийн архи аваад Бийн гэрт очсон чинь гэртээ ганцаараа халамцуу байсан. Бид хоёрыг очиход Б бууз хийж байсан. Бид нар хоолоо хийж идчихээд архиа ууж байгаад дараагийн нэг шил архийг ууж байхдаа /нэрийг нь санахгүй байна/ зургийн цомог гаргаж бид нарт үзүүлсэн. Тэгээд нэг адууны зураг үзэж байгаад 17 цагийн үед байх Х буйдан дээр суугаагаараа унтчихсан. Би Б-тэй адууны зураг үзэж байгаад хоорондоо маргалдсан. Тэр нь Б-ийн адуу Зүүнсайханы ар хэсгээр байхдаа хулгайд алдагдсан гэхээр нь би манай нутгийн хүмүүс хулгай хийдэггүй гэсэн чинь зүүний арынхан хулгай хийж авсан гээд Б бид хоёр маргалдаж эхэлсэн. Б намайг сандал дээр сууж байсан чинь босч ирээд арагш нь түлхэж унагахаар нь би босч ирээд Б-тэй зууралдсан чинь намайг өмсөж байсан дээлний энгэрээс татаад ахиад газар унагаасан. Би босч ирээд дээлээ тайлаад Б-тэй зууралдсан чинь миний толгой руу гараараа нэг удаа цохиод газар унагасан. Тэгээд над дээр ирээд ширээн дээр байсан архины шилээр миний толгойны зүүн тал руу нэг удаа цохисон. Тэрнээс хойш би юу болсныг санахгүй байна, нэг сэрэхэд би нойлын өрөөнд ванн нь дотор шалдан зогсож байсан. Миний дээрээс Б ус гоожуулаад намайг цусаа угаа гэхээр нь би ухаан ороод хөөе наад ус чинь халуун байна гэж хэлсэн чинь нойлын өрөөнд Х орж ирээд чи хүн аллаа гээд Б-тэй зууралдаад гарсан. Тэгээд би тэрнээс хойш санахгүй байна, нэг сэрэхэд Б-ийн орцны шатан дээр шалдан унтаж байхаар нь босоод айлын үүдний гишгүүрийг аваад өмнөө бариад худалдааны төв рүү алхаж очоод таксинд суугаад найзынхаа гэрт очоод хувцас өмсөөд гэртээ харьсан. Тухайн үед үүр цайж байсан... Архины шилээр нэг удаа толгой руу цохисон. Миний 7 шүдийг унагасан. Баруун талын нэг хавирга хугарсан, хамар мурийсан... Би толгойдоо гэмтэл авч толгойны хагалгаанд орсон. Хавирганууд болон шүднүүд хугарсан. Хамар мурийсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, эм тариа авсан төлбөр нийт 1.236.000 төгрөг болсон. Баримт нь байгаа учраас би хэргийн материалд хавсаргана. Одоо гарсан зардлыг бүрэн барагдуулсан. Цаашид би тархины хагалгаанд орно, шүд хийлгэнэ. Тэр төлбөр хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Гомдол санал байхгүй... Би Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд эмч нь хавирга хугарсан байна гэж хэлсэн. Гэхдээ надад хугарсан хавирганы зургийг нь өгөөгүй учраас шинжээч эмч үзээд хугарал байхгүй байна гэж хэлсэн. Би 7 шүд хугарсан гэж бодсон чинь шүдний эмч 6 шүд хугарсан байна гэж карт нь дээр бичиж өгсөн байна. Эмчилгээнд зарцуулсан зардлын мөнгийг бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй, би хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй.” /хавтаст хэргийн 31, 34, 37 дахь тал/
Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 2 хүүхдийн хамт гэртээ унтаж байсан чинь 01 цагийн үед байх манай дээд айлд хүмүүс түжгэнээд хоорондоо зодолдоод байгаа юм шиг чимээ гарахаар нь би сэрээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй хүмүүс шуугилдахаа болиод нам гүм болохоор нь би унтсан. Өглөө 06 цагийн үед би бие засах гээд жорлон руу орсон чинь манай жорлонд дээд айлаас урсаж орж ирсэн бололтой тэр чигээрээ цус болчихсон байхаар нь хүүхдүүдээ сэрэхээс өмнө бүгдийг нь угааж цэвэрлэсэн. Манай нойлын хогийн сав, усанд ордог ванны ирмэгээр тавьсан байсан шампунь, шингэн саван нэлээн юмнууд цус болсон байхаар нь би гаргаж хаясан.” /хавтаст хэргийн 41 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 540 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ц.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” /хавтаст хэргийн 44-45 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 541 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Н.Н-н биед их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, зүүн чамархайн дэлбэн дэх тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, баруун талын нүдний ухархайн дотор хана дахь хугарал, 2 нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 48-50 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 542 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Х-ын биед тархины доргилт, нүүрний зүсэгдсэн шарх, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 53-54 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Н.Н-н биед зургаан шүд унасан гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн чадварыг 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад баруун талд хавирга хугарсан тухай оношийн үндэслэл бүхийн шинжилгээний дүгнэлт байхгүй байна.” /хавтаст хэргийн 61-62 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцсэн Бор өнгийн заазууран дээрээс авсан “15” дугаартай гарын мөр Цоодол овогтой Бийн гарын хээний дардастай тохирохгүй байна.” /хавтаст хэргийн 67-70 дахь тал/
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Н, Х нар манай гэрт ирсэн. Тэгээд архи ууж байгаад орой 18 цагийн үед Н-тэй маргалдсан. Шалтгаан нь би Н-д сайхан азаргаа Гурвансайхан уулын араас алдсан гэсэн чинь Н уурлаад манай нутгийнхныг чи хулгайч гэлээ гээд уурласан. Тэгэхээр нь би азаргаа алдсан юм чинь хулгайч гэж хэлнэ шүү дээ гэсэн чинь намайг түлхсэн. Би босч ирээд Н-г нүүр рүү нь түлхсэн чинь сандал дээр сууж байгаад сандалтайгаа газар унасан. Тэгээд босч ирээд Н намайг хутгаа гаргаад ир би чамайг алмаар байна гэхээр нь би Н-тэй зууралдаж байгаад гал тогооны ширээн дээр байсан Хараа нэртэй архины хоосон шилээр толгойны ар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь Н шалан дээр унаад толгойноос нь цус гарсан. Би нойлын өрөөнд орж усанд ор гэсэн чинь Н хувцсаа тайлаад усанд орж байхаар нь би нойлын өрөөнөөс гараад том өрөөнд ороод Х-т уурлаад та нарын төлөө явж байхад гэж хэлсэн чинь Х намайг пизда минь энэ жилийн мөнгө чинь орохгүй байгаа шүү гэхээр нь би галын өрөөний ширээн дээр хар иштэй хутга ил байхаар нь Х-ын нүүр рүү нэг удаа далайж зүссэн. Тэгсэн чинь Х-ын нүүрнээс цус гарсан. Тэгээд намайг Х зуураад Н-гээ зугтаарай гэсэн чинь Н нойлоос гарах шиг болсон гэрийн хаалга дуугарсан. Нойлд орсон чинь Н байхгүй байсан. Нойлын цаас харагдахаар нь Х-ын нүүрний цусыг арчих гэж авч очоод арчсан чинь цус нь тогтохгүй байсан. Удалгүй цагдаа орж ирээд намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. Х-ыг эмнэлэг рүү явуулсан. Би Н-д нийт 3.300.000 төгрөг өгсөн. Х-т нийт 2.400.000 төгрөг өгсөн.” /хавтаст хэргийн 85 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн ./
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 142 дахь тал/
Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 582 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 135 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 165 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 144-145 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах ................ тоотод байх өөрийн гэртээ Н.Н-тэй адуу мал хулгайд алдагдсан гэх асуудлаас, мөн Б.Х-ыг Н.Н-г өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдан, улмаар тэдний эрх чөлөөнд нь халдаж, хохирогч Н.Н-г толгойн тус газарт гараар болон архины шилээр цохьсон, хохирогч Б.Х-ыг заазуураар нүүрэн тус газарт нь цохьсон үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч Б.Х-ын: ...түжгэнээд ирэхээр нь би араас нь орсон чинь Б ах шүршүүр бариад Н-г халуун болон хүйтэн усаар шүршиж байгаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон, бас ус гоожоод Н ванн нь дотор халтирч дагзаараа унасан. Би ороод боль гээд хорьсон чинь надтай зууралдаад гал тогооны өрөө рүү орсон. Тэндээс заазуур гаргаж ирээд нүүр рүү цохисон чинь миний нүүрнээс цус алдсан... Миний зүүн гарын дунд хурууг бас зүссэн байсан... /хавтаст хэргийн 24, 27 дахь тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Н-гийн: ... Би Б-тэй адууны зураг үзэж байгаад хоорондоо маргалдсан. Тэр нь Б-ийн адуу Зүүнсайханы ар хэсгээр байхдаа хулгайд алдагдсан гэхээр нь би манай нутгийн хүмүүс хулгай хийдэггүй гэсэн чинь зүүний арынхан хулгай хийж авсан гээд Б бид хоёр маргалдаж эхэлсэн. Б намайг сандал дээр сууж байсан чинь босч ирээд арагш нь түлхэж унагахаар нь би босч ирээд Б-тэй зууралдсан чинь намайг өмсөж байсан дээлний энгэрээс татаад ахиад газар унагаасан. Би босч ирээд дээлээ тайлаад Б-тэй зууралдсан чинь миний толгой руу гараараа нэг удаа цохиод газар унагасан. Тэгээд над дээр ирээд ширээн дээр байсан архины шилээр миний толгойны зүүн тал руу нэг удаа цохисон. Тэрнээс хойш би юу болсныг санахгүй байна, нэг сэрэхэд би нойлын өрөөнд ванн нь дотор шалдан зогсож байсан. Миний дээрээс Б ус гоожуулаад намайг цусаа угаа гэхээр нь би ухаан ороод хөөе наад ус чинь халуун байна гэж хэлсэн чинь нойлын өрөөнд Х орж ирээд чи хүн аллаа гээд Б-тэй зууралдаад гарсан. /хавтаст хэргийн 31, 34, 37 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч О.М-ийн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 2 хүүхдийн хамт гэртээ унтаж байсан чинь 01 цагийн үед байх манай дээд айлд хүмүүс түжгэнээд хоорондоо зодолдоод байгаа юм шиг чимээ гарахаар нь би сэрээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй хүмүүс шуугилдахаа болиод нам гүм болохоор нь би унтсан. Өглөө 06 цагийн үед би бие засах гээд жорлон руу орсон чинь манай жорлонд дээд айлаас урсаж орж ирсэн бололтой тэр чигээрээ цус болчихсон байхаар нь хүүхдүүдээ сэрэхээс өмнө бүгдийг нь угааж цэвэрлэсэн. Манай нойлын хогийн сав, усанд ордог ванны ирмэгээр тавьсан байсан шампунь, шингэн саван нэлээн юмнууд цус болсон байхаар нь би гаргаж хаясан.” /хавтаст хэргийн 41 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Энэхүү үйл баримттай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, зүүн чамархайн дэлбэн дэх тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, баруун талын нүдний ухархайн дотор хана дахь хугарал, 2 нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 541 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,
Хохирогч Н.Н-гийн “Миний 7 шүдийг унагасан. Баруун талын нэг хавирга хугарсан” гэх мэдүүлгийн дагуу нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулж, уг шинжээчийн дүгнэлтээр Н.Н-н биед зургаан шүд унасан хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
Хохирогч Б.-Х-ын эрүүл мэндэд тархины доргилт, нүүрний зүсэгдсэн шарх, 2 нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 542 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ................ тоотод байх өөрийн гэртээ Н.Н-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар толгойн тус газарт гараар болон архины шилээр цохиж, эрүүл мэндэд 6 шүдний хугарал их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, зүүн чамархайн дэлбэн дэх тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, баруун талын нүдний ухархайн дотор хана дахь хугарал, 2 нүдний зовхины цус хурал, зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, ................ тоотод байх өөрийн гэртээ хохирогч Б.Х-ыг Н.Н-г өмөөрлөө гэх шалтгаанаар заазуураар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, нүүрний зүсэгдсэн шарх, 2 нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад “Эмчилгээнд зарцуулсан зардлын мөнгийг бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй, би хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй.” /хавтаст хэргийн 37 дахь тал/, мөн хохирогч Б.Х “Миний эм тариа болон эмнэлэгт үзүүлсэн баримтууд нийт 593.621 төгрөг болсон. Бүрэн барагдуулсан, одоо надад санал гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 24, 27 дахь тал/ гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогч Н.Н-д 3.999.905 төгрөгийн хохирлын төлбөр буюу эмчилгээний зардал төлсөн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байгааг харгалзан цаашид хүнд хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжилж, нэхэмжлэлээ хангуулах хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдал нь ........................... зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Б-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн 10,600 /арван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,600,000 /арван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар дүгнэлт гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн санал болгосон ялын саналыг дэмжиж дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс “би өөрийн архины буруу хэрэглээнд дүгнэлт хийж хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Шүүхийн зүгээс надад итгэл хүлээлгэж торгуулийн ял оногдуулж өгнө үү, торгуулийн ял оногдуулбал цаг тухай бүрд нь төлж чадна” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулсан байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлт гаргасан ялын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 10.600 /арван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.600.000 /арван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “торгуулийн ялыг 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөх хуулийн боломж байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг харгалзан үзэж ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт гаргасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 10.600.000 /арван сая зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хуваан төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэн, 3 жилийн хугацаанд жил бүр 3.533.333 /гурван сая таван зуун гучин гурван мянга гурван зуу гучин гурав/ төгрөгийн торгох ялыг төлж байхаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 3 жилийн хугацаанд буюу жил бүр 3.533.333 /гурван сая таван зуун гучин гурван мянга гурван зуу гучин гурав/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуур, 1 ширхэг хутга, 1 ширхэг “Хараа” нэртэй архины шил, 1 ширхэг “Сэнгүр” пивоны лаазыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 10.600 /арван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.600.000 /арван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 10.600.000 /арван сая зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр жил бүр төлж барагдуулахыг даалгаж, 3.533.333 /гурван сая таван зуун гучин гурван мянга гурван зуу гучин гурав/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилд хэсэгчлэн төлж байхаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуур, 1 ширхэг хутга, 1 ширхэг “Хараа” нэртэй архины шил, 1 ширхэг “Сэнгүр” пивоны лаазыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Н-д 3.999.905 төгрөг, хохирогч Б.Х-т 2.238.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Н нь цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА