Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШЗ2017/01486

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01486

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран ..дугаар гудамж …тоотод оршин суух, эрэгтэй, …регистртэй, Тэргүүн ургийн овогт Ц овогтой Н-н,

Хариуцагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Очир хотхон, …дугаар байрны ..тоотод оршин суух, эрэгтэй, …регистртэй, Гангийн тулгат ургийн овогт Х овогтой Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,990,000 /арван гурван сая есөн зуун ерэн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2014 оны 11 дүгээр сарын 20-нд иргэн Х.Б нь надаас мөнгө зээлдүүлээч, хугацаандаа саадгүй өгнө гэж гуйгаад 8,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай авъя гээд гарын үсэг хийж өгөөд авсан. 2 сарын хугацаа нь дуусаад, зээлдүүлсэн мөнгөө нэхэж очихоор “дахин нэг сар сунгаж өгөөч” гээд мөнгөө өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Маш олон удаа утсаар ярьж, гэрт нь очиж, өөртэй нь уулзаж байнга нэхдэг байсан боловч янз бүрийн шалтгаан хэлж хууран мэхлэж залилж зугтсаар өдий болтол мөнгөө өгөөгүй. Х.Б нь намайг 2016 оны 3 дугаар сарын 23-нд гэрт нь очиход 5 дугаар сарын 20-нд төлнө гэж тохиролцоод өөрийн төрсөн охин Б.Эрдэнэжаргал, хүргэн Л.Баатарсүрэн нарыг дагуулан зээлийн гэрээгээ сунган нотариатаар баталгаажуулсан юм. Түүнээс хойш гэрээний хугацаа дуусч, бас л янз бүрийн шалтгаан хэлж хуурч мэхэлсээр байна. Настай хүн, номын хүн болохоор итгэж мөнгөө төлөхийг нь хүлээсээр 3 жил гаруй хугацаа өнгөрлөө. Хариуцагч хугацаандаа мөнгөө төлөхгүй байгаа тул хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр тооцон 5,990,000 төгрөг, үндсэн зээлсэн мөнгө 8,000,000 төгрөг, нийт 13,990,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1,900,000 төгрөгийг охиноороо өгүүлсэн. Үүний дараа 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 90,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 30,000 төгрөг, нийт 2,520,000 төгрөг өгсөн байна. Хэрэгт авагдсан баримтуудад хариуцагчийн бичсэн баталгаан дээр 10,000,000 төгрөг өгөх ёстой гэж буруу бичсэн байна. Хамгийн сүүлд охин нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 90,000 төгрөг өгөхдөө сар бүр 900,000 төгрөгийн хүү өгье гэсэн утгатай зүйл бичиж байсан. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг дүгнэхдээ мөн өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт хүү 2,150,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг гэрээнд тусгасан. Хариуцагч бидний зээл төлөхийг удаа дараа шаардахад мөнгөө өгөхгүй байсан тул хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцсон гэв.

Хариуцагч Х.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Х.Б миний бие 2014 оны 11 дүгээр сард Ц.Ноос 8,000,000 төгрөгийн зээлийг 0,4 хувийн хүүтэй зээлж аваад, цаг тухайд нь хүүг нь өгч байсан юм. Гэхдээ 240,000 төгрөгийн хүүг 2014 оноос 2015 онд өгсөн. Зөвхөн хүүгээ авна гээд байдаг хүн. Бид нар 5,000,000 гаруй төгрөг өгөөд байгаа. Энэ хүн бараг банкнаас илүү газар байгаа. Хувь хүн зээл өгөөд цаашид хууль зөрчиж байгаа хүн шиг санагдаж байгаа. Миний хүүхдээс сар бүр авсан ба 2,000,000 төгрөг бөөнөөр нь өгсөн. 800,0 сая, 450,0 сая, 120,0 сая сарын хүүгийн тэмдэглэл нь Ц.Нид байна гэсэн гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Х.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 8,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,990,000 төгрөг, нийт 13,990,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Х.Б нь зээлийн төлбөрт 5,000,000 гаруй төгрөг төлсөн гэж тайлбарласан байна.

Хариуцагч Х.Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд анх 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч Ц.Н нь 8,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна. /хх 16/

Дээрх зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээ” /хугацаа сунгалт/ гэх гэрээгээр талууд анх байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг дүгнэх байдлаар нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 сараар сунгаж, зээлийн үүргийг хамтран гүйцэтгэгч нэмж оруулахаар мөн харилцан тохиролцож, мөн өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 8,000,000 төгрөг, түүний хүү 2,150,000 төгрөг болсныг дурдан, зээлийн үүрэг гүйцэтгэж дуусах хүртэл сарын зээлийн хүү 4 хувиар тооцохоор харилцан тохиролцож, гэрээг нотариатаар гэрчлүүлэн, зээлийн гэрээний хугацааг сунгажээ. /хх 4/

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдсэн байх бөгөөд зээлдүүлэгч Ц.Н нь зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг зээлдэгч Х.Бд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Х.Б нь зээлийн гэрээний хугацаанд 5,000,000 гаруй төгрөг төлсөн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлыг баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй буруутай байх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс төлөлт хийлгүйгээр, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээг дүгнэн, хугацаа сунгах тухай гэрээгээр үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,150,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсныг талууд баталгаажуулсан болох нь баримтаар тогтоогдсон.

Дээрх гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусахад хариуцагч Х.Б зээлийн төлөлт хийлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ц.Н нь зээлийн гэрээний дагуу болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн төлбөр 8,000,000 төгрөг, зээлийн хүүд 2,790,000 төгрөг /өмнөх гэрээний үлдэгдэл 2,150,000 төгрөг дээр 2 сарын хугацааны хүү 640,000 төгрөг нэмэгдэн/ шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг гэрээ сунгагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцож шаардсан нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлд нийцээгүй, өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацааг тогтоосон байхад уг хугацаа дууссанаас хойш хүү гаргуулахаар шаардах эрхгүй тул хүүгийн төлбөрт илүү нэхэмжилсэн 3,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч …регистртэй, Гангийн тулгат овогт Х.Б-с 10,790,000 /арван сая долоон зуун ерэн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тэргүүн овогт Ц.Н-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 187,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

ДАРГАЛАГЧ                     А.САРАНТУЯА