Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01953

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01953

Улаанбаатар хот

                              

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн  хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 2-р хороо, 16-р байрны 31 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сартуул овгийн Авирмэдийн Загдаагийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 1-21 тоотод оршин суух, /одоо Баянзүрх дүүргийн 3-р хороо, Саруул хорооллын 112-р байрны 17 тоотод оршин суух/, Боржигон овогтой Тогтохжаргалын Мэндбаяр,  

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 1-21 тоотод оршин суух, /одоо Баянзүрх дүүргийн 3-р хороо, Саруул хорооллын 112-р байрны 17 тоотод оршин суух/, Боржигон овогтой Тогтохжаргалын Мэнд-Амар нарт холбогдох орон сууц хөлслөх гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 2 486 707 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Загдаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жаргал /үнэмлэх 0267/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Загдаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 01-р сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны 70/2-р байрны 13 тоот 2 өрөө бүрэн засвартай байрыг тавилагатай нь хамт Т.Мэндбаяр, Т.Мэнд-Амар нарт сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Түрээслэгч нар түрээслэж байх хугацаандаа хэрэглээний зардлыг төлөх байсан боловч төлөөгүй байсан. Хэрэглээний төлбөрийг 1 жилийн дараа, 1 жил 2 сараар нь бүтэн төлсөн. Ингээд 2016 оны 05-р сарын 10-ны өдөр түрээс болон хэрэглээний зардлаа төлж чадахгүй бол байрнаас гарахыг шаардсан. Түрээслэгч нар 2016 оны 08-р сарын 10-ны байрнаас гарахдаа 6,7 сарын болон 8 хоногийн 1 128 000 төгрөгийг төлөөгүй. 2016 оны 03-08 дугаар сарын ашиглалтын зардал 133 200 төгрөг, юнивишний 6, 7- сарын 85 433 төгрөг, 08-р сарын цахилгааны төлбөр 15 064 төгрөгийг төлөөгүй байсан. Мөн байрыг хүлээлгэж өгөхдөө шинэ тавилгуудтай байсан, гэтэл нүүхдээ улаан, цагаан оруулгатай буйдан 400 000 төгрөгний үнэтэй, өндөр баллонтой ус цэвэршүүлэгч 220 000 төгрөг, хаалганы цоож солисон зардал 50 000 төгрөг, солонгос жаазтай зураг 120 000 төгрөг, юнивишний хар төхөөрөмж 35 000 төгрөг, хувцас хатаагч 45 000 төгрөг, цэнхэр тавиур 40 000 төгрөг, хогийн сав 10 000 төгрөг, аяга таваг хатаагч 30 000 төгрөгний үнэтэй эд зүйлүүдийг аваад явсан байна. Мөн гал тогооны чулуун тавцан эвдэрсэн, засварын зардал 70 000 төгрөг, банны босоо дүш ус дамжуулах хоолой, 2 крант засварын зардал 60 000, гал тогооны тосгуур эвдэрсэн 45 000  төгрөгөөр зассан. Нийт 2 486 707 төгрөгийг Т.Мэн-Амар, Т.Мэндбаяр нараас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Т.Мэндбаяр, Т.Мэнд-Амар нар шүүхэд гаргасан тайлбартаа: А.Задгаа гэдэг хүн Т.Мэндбаяр Т.Мэнд-Амар, Цолмон түрээсийн төлбөр болон эд хогшлийн төлбөр гэж 2 486 707 төгрөгийг нэхэмжилж байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус байрыг түрээслэхэд ямар нэгэн тавилга байгаагүй, харин гал тогооны тавилга болон ханын шкаф, цонхны хөшиг байсан. Гал тогооны тавилга хананы шкаф гэх мэт зүйлүүдэд эвдрэл гэмтэл гараагүй. А.Загдаагийн хүү гэж нэг залуу тус байрыг түрээслээд байранд нь орсон боловч удалгүй цагдаагийн газраас явж байна гэж хоёр цагдаа удаа дараа ирж, энэ айлын хүмүүс хаана байна гэж асуугаад “энэ хүмүүс япон улсаас машин оруулж ирнэ гэж маш олон хүн залилж алга болсон” гэж хэлсэн, Тэрнээс хойш таниж мэдэхгүй хүмүүс орцонд хүлээж мөнгөө авья, машинаа авья гээд байнга дарамтлаж хаалга үүд өдөр шөнөгүй нүдэж хаалганы завсраар мөнгөө авья гэсэн бичиг шургуулдаг байсан. Цагдаагийн байгууллагаас ир гэж дуудахад нь очдог байсан. Бид сүүлдээ аргаа бараад лагерын байрлуугаа нүүсэн. Бид сар бүр түрээсийн төлбөрийг бэлнээр болон дансаар өгдөг байсан, А.Загдаа нь япон улсаас машин оруулж ирнэ гэсэн хэргээрээ 3 сар баривчлагдсан хойгуур дүү нь гэж эмэгтэй “эгчийгээ эргэх хэрэгтэй байна” гэж түрээсийн төлбөрөө ирж авдаг байсан. Тус байрны ямар нэгэн эд хогшил эвдэж сүйтгээгүй, харин А.Загдаа байрны цоожийг өөрөө эвдүүлж орсон байсан. Тус байр хуучин байр учраас сантехникийн асуудалтай доод айлруугаа байнга ус алддаг байсныг бид бүрэн засварлаж байсан, А.Загдаа ч өөрөө мэдэж байгаа. Бид сантехникийн засвар хийж байрны түрээсийн төлбөрөөсөө хасуулж байсан. Юнивишины төхөөрөмж байгаагүй, харин нэг сарын өртэй байсан тэрийг нь бид төлөөд юнивишинг нь нээж хэрэглэсэн. Юнивишны төлбөр сар бүрдээ төлөхгүй бол цаанаасаа автоматаар хаагддаг учир бид сар бүр төлөөд явдаг байсан. Тус байранд Голомт банкнаас ирж мөнгөө өг, байрнаасаа гар гэх мэтээр маш олон удаа дарамт ирдэг байсан гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Загдаа нь Т.Мэнд-Амар, Т.Мэндбаяр нарт холбогдох орон сууц хөлслөх гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 2 486 707 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 311 707 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 А.Загдаа нь Т.Мэнд-Амар, Т.Мэндбаяр нартай “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 18-р хороо, 70/2 дугаар байрны 13 тоот 2 өрөө сууцыг 2015 оны 5-р сарын 15-ны өдрөөс хөлслүүлэх, хөлслөгч сард 500 000 төгрөгний хөлс төлөхөөр /хх 5,6/ тохирчээ.   

 

Хөлслүүлэгч нь гэрээний 1-ийн 6-д зааснаар сууцыг том, жижиг өрөөний хөшиг, ус цэвэршүүлэгч, буйдан, гутлын тавиур, аяга, таваг хатаагч, модон тавиур 3, хогны сав 3, жаазтай зураг 3, хувцас хатаагч зэрэг эд хогшлын хамт /хх 5/ хөлслөгч нарт хүлээлгэн өгсөн байх ба хөлслөгч нар хөлсөө хугацаандаа төлөөгүйгээс нэхэмжлэгч маргаж, 2016 оны 8-р сарын 18-нд гэрээгээ цуцалсан байх ба учирсан хохирлоо гаргуулахаар шаарджээ.

 

Гэрээний 4-ийн 1-д зааснаар орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, утасны төлбөрийг хөлслөгч төлөхөөр тохирсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. А.Загдаа нь 2016 оны 3-8 дугаар сарын орон сууц ашиглалтын зардлыг   Хаусинг холд ХХД-д 2016 оны 8-р сарын 22-ны өдөр төлсөн нь кассын орлогын ордероор /хх 11, 12/, цахилгааны төлбөрт 15 064 төгрөг төлсөн нь Төрийн банкны баримтаар /хх 13/,  50 000 төгрөгөөр цоож худалдан авсан нь 2016 оны 8-р сарын 18-ны өдрийн зарлагын баримтаар тус тус тогтоогдсон, энэ хэмжээгээр хохирсон гэж үзнэ.

 

Түүнчлэн хөлслөгч нь Иргэний хуулийн 289-р зүйлийн 289.1.5 дахь хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй бөгөөд гэрээ цуцлахад улаан, цагаан оруулгатай буйдан 400 000 төгрөгний үнэтэй, баллонтой ус цэвэршүүлэгч 220 000 төгрөг, солонгос жаазтай зураг 120 000 төгрөг, юнивишний хар төхөөрөмж 35 000 төгрөг, хувцас хатаагч 45 000 төгрөг, цэнхэр тавиур 40 000 төгрөг, хогийн сав 10 000 төгрөг, аяга таваг хатаагч 30 000 төгрөгний үнэтэй эд зүйлийг буцааж өгөөгүй, эдгээр эд зүйлс нь тухайн сууцанд байсан нь гэрч Л.Эрдэнэбатын “...2015 оны цагаан сарын өмнө хөлслөх гэж байсан хүмүүстэй нь ус цэвэршүүлэгч, арьсан буйдан, 7  морьтой жаазтай зураг, уул усны зураг, гутлын тавиур, тумбочка, бор тавиур зэрэг эд хөгшлийг Портер машинаараа зөөж оруулсан” гэх мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...байранд ямар нэгэн эд хогшил байгаагүй, төлбөрийг төлж байсан” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь гал зуухны тавилгын чулуун тавцан, тосгуурын гоожуур, ванны босоо душны 2 крант, ус дамжуулах хоолойн эвдэсэн, түүнийг засварлахад 175 000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч ийм зардал гаргаснаа баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч нарт шүүх хуралдааны мэдэгдлийг  Баянзүрх дүүргийн 3-р хороо, Саруул хорооллын 112-р байрны 17 тоот хаягаар хүргүүлсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 302-р зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Мэнд-Амар, Т.Мэндбаяр нараас 2 311 707 /хоёр сая гурван зуун арван нэгэн мянга долоон зуун долоо/ төгрөг гаргуулж А.Загдаад олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 175 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 800төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 51 937 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Загдаад олгосугай.

 

 3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                           

            

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                               Р.АЛТАНТУЯА