Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.С,

Өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай Айн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Б-ийн С-т холбогдох 2128003190001 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Биеийн байцаалт: А овгийн Б-ийн С, .......................................   

Шүүгдэгч Б.С нь Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг ..... гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед Б.Б-ын эзэмшлийн шар халзан бүдүүн эр хонь /нас гүйцсэн/ 2 ширхэг, эр хонь /соёолон/ 2 ширхэг, эм хонь /шүдлэн/ 1 ширхэг, эр хонь /шүдлэн/ 2 ширхэг, нийт 7 хонь /бог мал/ хулгайлж, бусдад 1,160,000 төгрөгийн хохирол учруулж, тухайн төхөөрсөн малыг Б.Ө-ийн эзэмшлийн 99-23 ӨМА улсын дугаартай Nissan X-Trail загварын автомашин ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сум руу зөөвөрлөн иргэн Ж.Бя-д 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр худалдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.С-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Байж боломгүй зүйл хийсэн миний буруу. Би саахалт Б-ын 7 хонийг авч зарж борлуулсан. Тухайн үед Б-ын хонь манай малтай нийлсэн байсан. Тэгээд би тэр айлын малаас авсан.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манайх Булган сумын 4 дүгээр багийн нутаг сумын төвөөс урагш ..... гэх газар нутагладаг. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр 20-ны үед байсан санагдаж байна. Манайх малаа байнга тоолж байдаг, тэгээд малаа тоолоод бүртгэсэн чинь 10 орчим хонь байхгүй байсан. Ямар ч байсан зүсээр 7 хонь дутсан, хүнсэнд 3 хонь авсан байснаа тэр үед санаагүй байсан. Нийт 7 хонь алга болсон байсан. Тэр хавийн айлуудаар нэлээд хэд хоног сураглаад сураг гардаггүй, тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Шар халзан бүдүүн эр хонь, хар толгойтой бүдүүн эр хонь, бор нүдэн соёолон эр хонь, хар нүдэн соёолон эр хонь, эм хар халзан хонь, хар халзан шүдлэн эр хонь, бор халзан шүдлэн эр хонь, бүгд буруу талын чих араасаа оронжин өнгийн даавуун ээмэгтэй, зөв талын чих үзүүрээсээ онь имтэй хонинууд байсан... Нэг хүнийг сэжиглээд байгаа юм. Манайхаас баруун талд байдаг саахалт айл болох С гээд залуу ойрдоо аймаг руу яваад байгаа харагдаад байгаа, тэр хүнийг л сэжиглээд байгаа юм. Өмнө нь малын хулгайгаар шийтгэгдэж байсан гэж сураг дуулсан. Малаа эргээд олохгүй байгаа юм, ямар ч байсан манай малыг хүн л хулгайлсан гэж бодож байгаа. Алдсан малаа олоод авчихвал надад гомдол санал байхгүй... Хонинуудыг алж зарсан С нь миний хонинуудын төлбөрийг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Хонинуудын төлбөр болох 2,000,000 төгрөгийг надад өгсөн учраас нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 23, 26 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч Ч.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний төрсөн аав Б.С, би ээжээрээ овоглодог Өвөрхангай аймгийн Төгрөг суманд байж байгаад энэ жилээс аав дээрээ ирээд цуг амьдарч байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 23, 24-ний үед байх өдрийг нь яг сайн санахгүй барагцаагаар өдий үед байсан санагдаж байна. Орой аав бид хоёр гэртээ унтах гээд байж байхад гэрийн гадаа ямаа мал майлалдах чимээ гарсан. Тэгэхээр нь би гараад хартал зүүн саахалт айлын Б ахын мал манай гэрийн гадаа ирсэн байсан. Би аав С-т зүүн саахалт айлын мал манай гадаа ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгсэн аав гэрээс гараад явсан, нэлээн удаж байгаад гэрт орж ирээд янзалж байсан чөдөр ногтоо цааш нь тавьчихаад унтаж амарсан. Маргааш өглөө нь босоод цайгаа уучихаад би малаа туугаад малдаа явсан, малдаа явах гэж байхад хороо бууцан дотор 7 хонь хашаатай байсан. Юу мал байдаг билээ гээд тэр хашаатай байсан хонинуудыг хартал зүүн саахалт айлын хонь байсан, буруу талын чихэндээ шаргал өнгийн даавуун ээмэгтэй хонинууд харагдаж байсан. Буруу талын чихэндээ шаргал өнгийн даавуун ээмэгтэй хонинууд харагдаж байсан. Би малаа туугаад малдаа явж байгаад үдээс хойш гэрт ирсэн чинь аав байхгүй аймаг руу явчихсан, хашаатай байсан 7 хонь байхгүй байсан.” /хавтаст хэргийн 29 дэх тал/

Гэрч Ж.Бя мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн орчимд шиг санаж байна, нэрийг нь мэдэхгүй, бүртгэл хөтлөөд нэрийг нь мэдсэн. Б.С гэдэг хүн машинтай ирээд мах авах уу гэж асуусан. Тэгээд махыг нь авъя гээд 6 ширхэг хонины гулуузыг нэг нэгээр нь хиллээд 1 кг-г нь 7000 төгрөгөөр бодоод нийт 159 кг махыг 1,113,000 төгрөгийг худалдаж авахаар болоод гарал үүслийн гэрчилгээ нь байхгүй байсан болохоор мөнгийг нь шилжүүлж өгөөгүй. Дараа нь 4-5 хоногийн дараа Булган сумын мал эмнэлгийн хүн Ба гэдэг хүн рүү ярьж байгаад гэрчилгээг авсны дараа нь С гэдэг хүний данс болох 5588126030 гэсэн данс руу мөнгийг нь шилжүүлсэн... 2021 оны 11 дүгээр сарын 01-нд гарал үүслийн гэрчилгээ нь мессенжерээр аваад дараа нь С гэдэг хүний данс руу 1,113,000 төгрөгийг шилжүүлсэн.” /хавтаст хэргийн 34 дэх тал/

Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Надаар Булган сумын гээд нэг ах ирж хөлдөөгчийн мотор, систем янзлуулсан тэр ахын юмыг янзлаад 280,000 төгрөг авахаар болсон чинь надад бэлэн 130,000 төгрөг өгөөд үлдэгдэл 150,000 төгрөгт нь 1 хонь авчирч өгсөн хүн байгаа. Тэр хонины махыг яг хэзээ өгснийг санахгүй байна... Голыг нь тасдаад бүтнээр нь хонь авч ирж өгсөн. Тэр хонины им, зүсийг анзаараагүй. Тэр ах цагаан өнгийн “Хтрайл” загварын автомашинаар авч ирж өгсөн. Тухайн машины улсын дугаарыг санахгүй байна.” /хавтаст хэргийн 36 дахь тал/

Гэрч Ү.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шиг санаж байна. Б.С н утсаар яриад мах худалдаж борлуулах гэсэн юм, гарал үүслийн гэрчилгээ хийж өгөх үү гэж хэлж байсан. Тэр үед Б.С нь худалдаж борлуулна гэсэн мал махаа үзүүлээгүй учир гарал үүслийн гэрчилгээг хийж өгөөгүй. Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ахиад С нь утсаар яриад махаа авч өгсөн “Гүүдрүүт” ХХК-д махаа өгчихсөн мөнгөө авч чадахгүй байна гээд утсаар яриад байхаар нь тэр мах авсан “Гүүдрүүт” ХХК-ийн нягтлан гэх хүнтэй утсаар ярихад тэдний компанид С нь мах аваачих өгч худалдсан байхаар нь гарал үүслийн гэрчилгээг нөхөн хийж өгсөн. Манай компани нь ер нь мал махны гэрчилгээг хийж өгөхдөө малыг нүдээр үзэж гэрчилгээ гаргаж өгдөг. Тухайн үед С нь мал махаа нүдээр үзүүлээгүй учир эхний удаа гэрчилгээ гаргаж өгөөгүй. Дараа нь С утасдаад байхаар нь мах авсан компани руу залгаад асуухад мах авчирч өгсөн чанарын шаардлага хангасан мах өгсөн гэж байхаар нь гарал үүслийн гэрчилгээг нөхөн гаргаж өгсөн. С нь тухайн үед утсаар ярьж байхдаа 150 кг мах борлуулна бүгд хонины мах гэж байсан. 1 кг махыг 30 мянган төгрөгөөр бодож гэрчилгээ гаргаж өгдөг, С дараа нь надад нийт 4500 төгрөгийг сүүлд нь өгсөн... С нь надад тийм дугаартай тээврийн хэрэгслээр гэж хэлээгүй, тухайн үед программ дээр заавал тээврийн хэрэгслийн дугаар шаарддаг учраас 5463 өма гээд бичээд явуулчихсан.” /хавтаст хэргийн 38 дахь тал/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 422 дугаартай дүгнэлтэд: “нас гүйцсэн эр хонь 2 ширхэг, 400,000 төгрөг, соёолон эр хонь 2 ширхэг, 360,000 төгрөг, шүдлэн эм хонь 1 ширхэг, 120,000 төгрөг, шүдлэн эр хонь 2 ширхэг, 280,000 төгрөг, нийт дүн 1,160,000 төгрөг” /хавтаст хэргийн 42 дахь тал/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1000969 дугаартай дүгнэлтэд: “Б.Ө-ийн эзэмшлийн 99-23 ӨМА улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн “X Trail загварын автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 5,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. Жич: Уг автомашины урд буфер ханзарч, буцер тогтоогч салж, дохионы гэрэл салсан, баруун урд крыло ханзарсан байв. Уг машины зах зээлийн үнэлгээг 2021 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 5,500,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоов.” /хавтаст хэргийн 47-48 дахь тал/

Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой гэртээ унтах гэж байхад гэрийн гадаа мал шуугилдаад явчихсан. Би гэрээс гараад харахад манай саахалт айл болох Б-ын мал манай малтай нийлэх гэж байхаар нь дундуур нь гүйж ороод айлын малыг туучихаад өөрийн малаа хотондоо хотлуулчихаад гэртээ орж амарсан. Маргааш өглөө нь малаа үзэхэд Б-ын малаас 7 хонь манай хотонд үлдсэн байсан. Би малаа бэлчээчихээд Б-ынхаас үлдсэн 7 хонийг алж янзлаад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд авч ирж Гүүдрүүт гэдэг компанид 6 хонины махыг борлуулсан. Үлдсэн нэг хонио хөлдөөгч засуулсан хүндээ хөлсөнд нь өгсөн. Би Гүүдрүүт компаниас мөнгөө дансаараа аваад гэр рүүгээ буцсан. Хонь зараад 1,150,000 төгрөг болсон бөгөөд уг мөнгийг оюутны төлбөр болон бусад өрөндөө өгөөд дуусгасан... Шар халзан эр хонь 1 ширхэг, хар толгойтой эр хонь 1 ширхэг, хар нүдтэй эм хонь 2 ширхэг, хар халзан бага эр хонь 2 ширхэг, бор халзан хонь 1 ширхэг байсан, ингээд 7 хонь байсан. Миний талийгаач эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байдаг “Ниссан Х трайл” загварын автомашинаар Даланзадгад суманд тээвэрлэж ирж зарсан. Б-д хохирлоо бэлэн мөнгөөр төлөөд дуусгасан байгаа.” /хавтаст хэргийн 56-57 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хавтаст хэргийн 06 дахь тал/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-13 дахь тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дахь тал/

Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 485 дугаартай тодорхойлолт /хавтас хэргийн 60 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 61 дэх тал/

Өмнөговь аймгийн Булган сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 295 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 65 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 72-76 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Улсын яллагч шүүгдэгч Б.С нь Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг ..... гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед Б.Б-ын эзэмшлийн шар халзан бүдүүн эр хонь /нас гүйцсэн/ 2 ширхэг, эр хонь /соёолон/ 2 ширхэг, эм хонь /шүдлэн/ 1 ширхэг, эр хонь /шүдлэн/ 2 ширхэг, нийт 7 хонь /бог мал/ хулгайлж, бусдад 1,160,000 төгрөгийн хохирол учруулж, тухайн төхөөрсөн малыг Б.Ө-ийн эзэмшлийн 99-23 ӨМА улсын дугаартай Nissan X-Trail загварын автомашин ашиглан Өмнөговь аймгийн Даланзадгад сум руу зөөвөрлөн иргэн Ж.Бя-д 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр худалдсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, шүүгдэгч Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай Айн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай Айн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Учир нь:

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон энэ үеэс төгссөнд тооцно.

Шүүгдэгч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Б-ын мал манай малтай нийлэх гэж байхаар нь дундуур нь гүйж ороод айлын малыг туучихаад өөрийн малаа хотондоо хотлуулчихаад гэртээ орж амарсан. Маргааш өглөө нь малаа үзэхэд Б-ын малаас 7 хонь манай хотонд үлдсэн байсан. Би малаа бэлчээчихээд Б-ынхаас үлдсэн 7 хонийг алж янзлаад 6 хонины махыг борлуулсан” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Б.С нь өөрийн хотон дотор үлдсэн байсан хохирогч Б.Б-ын эзэмшлийн 7 хонийг төхөөрч, хүнсэнд авснаар өөрийн эзэмшилдээ бүрэн авч, өөрийн эд хөрөнгийн адил захиран зарцуулах бодит бололцоо бий болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мал хулгайлах гэмт хэрэг энэ үеэс төгссөн байна.

Өөрөөр хэлбэл бусдын малыг хулгайлах үйлдэлдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй, Б-ын эзэмшлийн 7 тооны хонь шүүгдэгчийн малын хотонд ирж нийлсэн байх бөгөөд мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа махыг тээврийн хэрэгслээр тээвэрлэж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд авчирсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд гэмт хэрэг төгссөний дараах энэхүү үйлдлийг хүндрүүлэн зүйлчилж, шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.  

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

Шүүгдэгч Б.С-ын бусдын эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай Айн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутагт  2021 оны 10 дугаар сарын 20-ны үед өөрийнх нь малд нийлсэн Б.Б-ын эзэмшлийн шар халзан бүдүүн эр хонь /нас гүйцсэн/ 2 ширхэг, эр хонь /соёолон/ 2 ширхэг, эм хонь /шүдлэн/ 1 ширхэг, эр хонь /шүдлэн/ 2 ширхэг, нийт 7 хонь /бог мал/ хулгайлж, бусдад 1,160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-д 1,160,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 422 дугаартай дүгнэлтэд: “нас гүйцсэн эр хонь 2 ширхэг, 400,000 төгрөг, соёолон эр хонь 2 ширхэг, 360,000 төгрөг, шүдлэн эм хонь 1 ширхэг, 120,000 төгрөг, шүдлэн эр хонь 2 ширхэг, 280,000 төгрөг, нийт дүн 1,160,000 төгрөг” /хавтаст хэргийн 42 дахь тал/ гэснээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг 2,000,000 төгрөгөөр тооцож барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.С-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий Айн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.С-ын хувийн байдал нь ............... гэснээр тус тус тодорхойлогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай Айн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий Айн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэр бүлийн нөхцөл байдал, хохирлоо төлсөн нөхцөл байдлыг анхааран үзээд Эрүүгийн хуулийн тусгай А-ийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хийсэн хэрэгтээ гэмшиж буй тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай Айн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С нь ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, одоо хүүхэд эмэг эх дээрээ сургуульд сурч байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх бөгөөд шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүний хүүхэд болох 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ч.Т-ыг эмэг эхийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын иргэнийх нь хувьд Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг нь шүүх зөрчихгүй байх үүрэгтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орон байрны халдашгүй байдлыг нь хангах зорилгоор шүүгдэгч Б.С-ыг хорих ял эдэлж байх хугацаанд нь түүний өмчлөлийн орон байр болох 4 ханатай гэр, бага гэр, түүний доторх тавилга, эд хөрөнгө болон Б.С-ын өмчлөлийн эзэнгүй үлдэж байгаа малыг шүүгдэгчийг хорих ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хариуцан бүрэн бүтэн байлгаж, хамгаалах үүргийг Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Дээрх ажиллагаануудыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх нь зүйтэй.

2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай прокурорын зөвшөөрлөөр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Ө-ийн эзэмшлийн “X Trail” загварын 99-23 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 ширхэгийг шүүгдэгч Б.С-т буцаан олгохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б-д 2,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А овгийн Б-ийн С-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай Айн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай Айн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч А овгийн Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай Айн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай Айн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий Айн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Шүүгдэгч Б.С-ын хүүхэд болох 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ч.Т нь эмэг эхийн асрамжид байгаа болохыг дурдсугай. 

6. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай прокурорын зөвшөөрлөөр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Ө-ийн эзэмшлийн “X Trail” загварын 99-23 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.С-т буцаан олгохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

7. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б-д 2,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын өмчлөлийн орон байр болох 4 ханатай гэр, бага гэр, түүний доторх тавилга, эд хөрөнгө болон Б.С-ын өмчлөлийн эзэнгүй үлдэж байгаа малыг шүүгдэгчийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хариуцан бүрэн бүтэн байлгаж, хамгаалах үүргийг Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн Засаг даргад даалгасугай.    

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА