Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШЗ2017/01487

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01487

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-186, Ажилчны гудамж-1, “Эс Би” төвийн 401 тоотод байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй “МВС” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжав байгууламж ХК-ийн байр 6 тоотод байрлах хаягтай, хуулийн этгээдийн ...регистртэй “Хотын Зам” ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 31,977,150 /гучин нэгэн сая есөн зуун далан долоон мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “МВС” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь “Хотын Зам” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн, 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-186, Ажилчны гудамж-1, “Эс Би” төвийн 3 дугаар давхар 54 м.кв талбайтай 308 тоот өрөө, 5 дугаар давхарт 67,5 м.кв талбайтай 501 тоот өрөөнүүдийг тус тус ажлын байрны зориулалтаар 1 жилийн хугацаагаар 1 сарын 2,092,500 төгрөгөөр, мөн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Эс Би” төвийн 3 дугаар давхарт нийт 69,8 м.кв талбайтай 301, 302, 303, 304 тоот өрөөг 1 жилийн хугацаагаар 1 сарын 1,396,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ”-г шинэчлэн байгуулж, 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 1,396,000 төгрөгөөр тус тус түрээслэхээр гэрээ болон гэрээний хугацааг сунгасан. “Хотын Зам” ХХК нь түрээсийн төлбөрөө хугацаандаа төлж явсаар 2013 оны 7 дугаар сараас хойш түрээсийн төлбөрөө огт төлөөгүй бөгөөд түрээсийн төлбөрийн талаар удаа дараа тооцоо нийлж байсан, талуудын хооронд сүүлийн тооцоо нийлсэн актаар түрээслэгч нь түрээсийн төлбөрт 31,997,150 төгрөгийн үлдэгдэлтэйг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг амаар болон албан тоотоор ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байх тул хариуцагчаас түрээсийн төлбөр 31,997,150 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай компани “Хотын зам” ХХК-тай 2013 оын 6 дугаар сарын 03-ны өдөр ажлын байрын зориулалттай өрөө түрээслэх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энх тайвны өргөн чөлөө-186, “Эс би” төвийн 3 давхрын 308 тоот 5 давхрын 501 тоот өрөөнүүдийг 1 сарын төлбөр 2,092,500 төгрөгөөр, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байрны зориулалтаар “Эс би” төвийн 3 давхрын 301,302,303,304 тоот өрөөнүүдийг 1,396,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэхээр байгуулсан. 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай ажлын байрны зориулалттай өрөө  түрээслэх гэрээг 1 сарын 1,396,000 төгрөгөөр түрээслэхээр сунгасан. Хариуцагч эдийн засаг хүнд байгаа тул түрээсийн төлбөрийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсныг манай байгууллага хүлээн авсан. Талуудын байгуулсан гэрээний 2.2 дахь хэсэгт түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдрийн дотор төлөхөөр заасныг “Хотын зам” ХХК зөрчин 2013 оны 7,8,9,11,12 дугаар сарууд, 2014 он бүхлээрээ, 2015 оны 1,2,3,4 дүгээр саруудын түрээсийн төлбөрийг төлөөгүй ба нийт 33,730,167 төгрөг болсон. Үүнээс хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги 4,472,533 төгрөг нийт 38,202,700 төгрөг төлөхөөс хариуцагч 6,205,550 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан. Үлдэгдэл 31,997,150 төгрөгийг төлөөгүй. Талуудын хооронд тооцоо нийлэн энэ баримтаа 2015 оны 4 дүгээр сарын 15-ны талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээ байгуулагдан түрээсийн талбай ашиглаж байсан ба түрээсийн төлбөр 31,997,150 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү. 2,092,500 төгрөгөөр 4 сарын мөнгө буюу нийт 8,370,000 төгрөгийг хариуцагч огт төлөөгүй. Мөн алданги Сүүлийн 11 сарын мөнгийг бүтэн биш 337,500 төгрөг 360,000 төгрөг нийт 697,500 төгрөг. Гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагч гарсан. Түрээсийн төлбөр дээр 9,067,500 төгрөг дээр сарын 216,000 төгрөгийн алданги, 5 дугаар сарын алданги 72,000 төгрөг нийт 936,000 төгрөгийн алданги болж байгаа юм. Энэ нь эхний гэрээний төлбөр 10,667,000 төгрөгийг шаардаж байгаа. Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар түрээсийн гэрээг харилцан тохиролцож, 2.3 дахь хэсэгт зааснаар алданги тооцохоор байгуулсан. Мөн тооцоо нийлсэн акт үйлдэн хариуцагч өглөгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөн гарын үсэг  зурсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “МВС” ХХК нь хариуцагч “Хотын Зам” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 31,977,150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Хотын Зам” ХХК-ийн захирал Б.Атарбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 4 дүгээр сарын 27-нЫ өдөр гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Талуудын хооронд анх 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 4/05 тоот “Ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ” байгуулагдаж, түрээслүүлэгч “МВС” ХХК нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-186, Ажилчны гудамж-1 “Эс Би” төвийн 3 дугаар давхарт байрлах 54 м.кв талбайтай 308 тоот өрөөг, мөн 5 дугаар давхарт байрлах 67,5 м.кв талбайтай 501 тоот өрөөг тус тус офиссын зориулалтаар түрээслэгч “Хотын Зам” ХХК-д 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаатай түрээслүүлж, түрээслэгч нь нэг сард 2,092,500 төгрөг байхаар тохирч, сар бүрийн 10-ны өдөр төлөх, төлбөр төлөх үүргээ хожимдуулсан тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0,5 хувийн алданги төлөх ба уг алданги нь сарын төлбөрийн 30 хувиас хэтрэхгүй байхаар харилцан тохиролцсон байна.

Улмаар 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4/13 тоот “Ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ”-г шинээр байгуулж, түрээслүүлэгч нь дээрх хаяг дахь 3 дугаар давхрын нийт 69,8 м.кв талбайтай 301, 302, 303, 304 тоот өрөөнүүдийг мөн офиссын зориулалтаар 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатайгаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэн, түрээсийн төлбөрийг 1,396,000 төгрөг байхаар тохиролцон, гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 5/01 тоот гэрээгээр мөн өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сунгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Түрээсийн гэрээнүүдээр тогтоогдож байна. /хх 8-10/

            Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний үүрэг үүсч, гэрээг бичгээр байгуулан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээсийн үлдэгдэл төлбөр болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Түрээслэгч “Хотын Зам” ХХК нь түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөхөөр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2013 оны 6 дугаар сараас хойш нийт 6,205,000 төгрөг төлсөн болох нь талуудын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтаар тогтоогдож байна /хх-12/

            Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар хариуцагч маргаагүй бөгөөд гэрээний хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 37,028,040.32 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 4,000,000 төгрөг төлж, 33,028.040.32 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК нь хариуцагч “Эксклюзив” ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хотын Зам” ХХК-иас 31,997,150 /гучин нэгэн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МВС” ХХК-д олгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч “Хотын Зам” ХХК-иас 317,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МВС” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

ДАРГАЛАГЧ                           А.САРАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Боловсруулсан:................................

Нийлсэн:..........................................

...............хувь .....................хуудас

2017 оны 5 сарын 22 өдөр