Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 172/2022/0018/Э |
Дугаар | 2022/ШЦТ/19 |
Огноо | 2022-02-16 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/19
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: О.Батнасан,
Шүүгдэгч: Д.Ц,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Д-ийн Ц-д холбогдох 2128003100016 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Н овогт Д-ийн Ц, ...............................
Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 73-22 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу явах хатуу хучилттай засмал замын 50 дахь километрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус зөрчин осол гаргаж, хохирогч Б.М-ийн биед зүүн гарын шуу, сарвууны яснуудын ил хугарал, зүүн гарыг шууны дунд 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал, зүүн атгаал ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Ц-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би одоо тэтгэвэрт гарсан хүн. Жолоо барьж амьдралаа залгуулдаг байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Машин барихгүй болсон болохоор тэтгэврээ хараад сууж байх болов уу. Би машин барьж хэдэн төгрөг олдог байсан. Цогтцэций сумын хатуу хучилттай зам нийлдгээс цааш 2, 3 километрт өмнө явсан машиныг гүйцэт түрүүлж, өмнөөс ирсэн машин шүргэсэн. Тэгээд хажуу тийшээ замаас гараад ойчсон.
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай ээжийн төрсөн ах Б.Ц ахын зүрх нь өвдөж Ханбогд сумын эмнэлэгт үзүүлэхэд зүрхний шигдээс болж магадгүй яаралтай нарийн мэргэжлийн эмчид үзүүл Улаанбаатар хот руу явсан нь дээр байх гэж эч зөвлөсний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн нагац ах Б.Ц ахтай хамт хоёул Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу явсан. Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу явахдаа замын зорчигч гэр бүлийн 2 хүнийг авч машиндаа нийт дөрвүүлээ явсан. Жолоочоор Ц ах явж би жолоочийн хажуу талын урд суудалд сууж арын суудалд гэр бүлийн эрэгтэй, эмэгтэй 2 хүн сууж явсан. Бид нар Даланзадгад сумаас 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд гарсан. Даланзадгад сумаас өглөө эрт гарсан болохоор би Даланзадгад сумын угтах үдэх хаалга өнгөрөөд унтчихсан. Унтахаасаа өмнө би машины спидометрийн заалтыг харахад 50 километр цагийн хурдтай явж байсан. Тэгээд явж байтал гэнэт машин замын хажуу руу өнхөрч байсан. Зам тээврийн осол гарах үед би унтаж байсан. Машин хажуугаараа өнхөрч байх үед би сэрсэн. Би жолооч Ц ах руу толгой цээж хэсгээрээ налаад орчихсон байснаа санаж байна. Машин өнхөрч байгаад 4 дугуйн дээрээ тогтож зогссон. Би Ц ахыг дуудсан боловч хариу хэлэхгүй ухаангүй байх шиг байсан. Ард сууж явсан 2 зорчигч машинаас бууж гарч явсан. Тэгээд байж байтал Ц ах юу болов миний хүү гэж хэлж ухаан орж өөрийнхөө гар утаснаас хүүхэд рүүгээ залгаж ярих шиг болсон. Тэгээд байж байтал танихгүй нэг эрэгтэй хүн ирж хараад зогсоод байсан. Тэр үед миний зүүн гарын бугуй хэсгээрээ тасарчихсан арьсан дээрээ тогтож байсан. Би тэр ахад хандаж миний гар гэмтчихсэн цус алдаад байна та эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэр хүн утас сүлжээ барихгүй байна гэж хэлсэн. Зам дээр том ачааны машин зогсож байгаа харагдсан. Тэр машины жолооч байсан байх гэж бодсон. Ц ах машинаас гараад ухаан алдаад газар уначихсан. Тэгээд байж байтал удалгүй эмнэлгийн түргэн тусламжийн машин ирж эмч миний биеийг үзээд намайг болон машин д сууж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хамт Даланзадгад сумын эмнэлэг рүү авч явсан. Ц ах машинаа хараад машин дээрээ үлдсэн. Эмнэлгийн машинд суугаад явах үед цагдаагийн машин хэрэг болсон газар ирж байсан. Миний зүүн гар бугуй хэсгээрээ тасарсан. Өмнөговь аймгийн эмнэлэгт эмчилгээ хийгээд Улаанбаатар хотын Гэмтэл согог үндэсний төвд ирж зүүн гарынхаа бугуй хэсгээр гараа тайруулсан байгаа. Зүүн гарын мөр хугарсан байсан. Надад өөр гэмтэл учраагүй... Ц ах манай ээжийн төрсөн ах байгаа юм. Би Ц ахтай их ойр өссөн. Би ахыгаа эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот руу авч явж байсан. Гэтэл ийм осол гарчихлаа. Манай ах Ц тэтгэврийн насны бие муутай хүн байгаа тул хөнгөн хариуцлага оногдуулаасай гэж хүсэж байна. Надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийг эмчлэх эмнэлгийн эмчилгээний бүх зардлыг Ц ах төлсөн. Би эмнэлгээс гарч өдөр бүр шархаа боолгож байгаа. Цаашид хийгдэх эмчилгээ байхгүй тул Ц ахаас хойшид гаргуулах эмчилгээний төлбөр зардал авна, гаргуулна гэсэн ойлголт байхгүй.” /хавтаст хэргийн 16-17 дахь тал/
Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед байх би Цогт-Овоо сумаас 3 тооны адуу портер дээр ачаад явж байсан чинь 08 цаг өнгөрч байх үед засмал зам дээр миний урдаас том тэрэг ирж байгаа харагдсан. Араас нь Приус загварын машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байснаа болиод буцаж том тэрэгний араар орсон. Намайг том тэрэгтэй зөрөх гээд нэлээн ойртсон байх үед том тэрэгний араас гэнэт нөгөө Приус машин гарч ирээд би баруун гар тийш нь өөрийн машиныг дарахад Приус загварын машин миний зөв тал буюу машины зүүн гар талыг шүргээд өнгөрсөн. Тэгээд тоормос гишгэж зогсоод би машинаас буухад засмал замын урд талд Приус загварын машин онхолдож 4 дугуйн дээрээ зогссон байхаар нь би очиж үзэхэд машины арын суудал дээр эрэгтэй, эмэгтэй 2 суучихсан эрэгтэй нь ёолоод байсан. Жолоочийн хажуу талд суусан эмэгтэйн гар тасарчихлаа цус алдаад байна гээд зүүн гараа нэг даавуу шиг юмаар ороосон байхаар нь би цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн.” /хавтаст хэргийн 19 дэх тал/
Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Гурвантэс сумаас Улаанбаатар хот руу явж байгаад Даланзадгад сумаас Улаанбаатар хот чиглэлийн 50 дах км-т араас нэг жижиг тэрэг явж байгаа харагдахаар нь тэр машин намайг араас гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд орохоор нь урдаас машин ирж байхаар нь би машин байна гээд дохио өгсөн чинь нөгөө машин гүйцэж түрүүлэхээ болиод эргэж орсон. Тэгээд намайг явж байсан чинь гэнэт араас гүйцэж түрүүлээд хажууд зэрэгцээд эсрэг урсгалд орсон чинь өөдөөс нэг машин ирээд бид 3 зам дээр зэрэгцэж явсан чинь өөдөөс ирсэн машинтай гүйцэж түрүүлсэн машин орж ирээд засмал замаас баруун гар тийшээ гараад шороон дээр буугаад нэг хөрвөөгөөд дөрвөн дугуйн дээрээ зогссон. Тэгээд би машинаа зогсоогоод гүйж ирээд онхолдсон машин дээр ирээд зүгээр үү гэсэн чинь нэг эмэгтэй гар нь тасарчихлаа эмнэлэг дуудаарай гэхээр нь утсаараа дуудлага өгөх гэсэн чинь сүлжээ байгаагүй. Тэгээд Портерын жолооч ирээд зүгээр үү гэхээр нь түргэн дууд гэсэн чинь түргэн дуудсан. Миний ард явсан Приус 20 загварын машин гүйцэт түрүүлэх хөдөлгөөнийг буруу хийсэн, эсрэг урсгалд машин ирж байхад гүйцэт түрүүлээд түүнээс болж урдаас ирж байгаа машинтай мөргөлдөж замын хажуу руу унаж осол болсон.” /хавтаст хэргийн 24-25 дахь тал/
Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед манай баз хүргэн Улаанбаатар хот руу машин явах гэж байна гэхээр нь би хэдэн настай ямар хүн бэ гэж асуухад 60 гаран настай хүн байна гэхээр нь тэгвэл эхнэр бид хоёр хамт явъя гэж хэлээд гар утас руу нь залгуулж гэрээсээ авахуулсан. Нэг Приус машинтай настай хүн ирэхээр нь машинд орж суусан чинь нэг эмэгтэй охин дүү нь гээд жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж байхаар нь эхнэр бид хоёр арын суудал дээр суугаад бид 4 өглөө 07 цаг 30 минутын үед Улаанбаатар хот руу явсан. Даланзадгад сумаас 50 гаруй км-т явж байсан чинь жолооч том тэрэг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн чинь урдаас нь бас машин ирж таараад тэгээд манай машин замаас гараад явсан. Манай эхнэр гараараа тааз тулж байсныг санаж байна, өөр зүйл санахгүй байна. Би арын суудал дээр сууж байсан болохоор яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна... Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гэмтэл байхгүй, миний бие зүгээр.” /хавтаст хэргийн 27 дахь тал/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед Улаанбаатар хот руу машин явна гэхээр нь би нөхрийн хамт явахаар болсон. Манай гэрийн гадаа Приус машинтай настай хүн ирэхээр нь машинд орж суусан чинь нэг эмэгтэй охин дүү нь гээд жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж байхаар нь нөхөр бид 2 арын суудал дээр суугаад бид 4 өглөө 07 цаг 30 минутын үед Улаанбаатар хот руу явсан. Даланзадгад сумаас 50 гаруй км-т явж байсан чинь жолооч том тэрэг гүйцэж түрүүлэх гэж байгаад гүйцэж түрүүлсэн. Хэд өнхөрсөн юу болсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан газар 4 дугуй дээрээ зогссон байсан. Машинаас буусан чинь урд сууж байсан охины гар хугарсан гээд түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд бид нарыг эмнэлэг авч явсан... Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гэмтэл байхгүй, миний бие зүгээр.” /хавтаст хэргийн 29 дэх тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 870 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Мийн биед зүүн гарын шуу, сарвууны яснуудын ил хугарал, зүүн гарыг шууны дунд 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал, зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.15.73.2.2-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 60 хувь алдагдуулах тул 2.2.4-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 39-40 дэх тал/
Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн магадлагаанд: “73-22 убц улсын дугаартай Приус 20 загварын автомашины жолооч Д.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэж үзэв.” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/
Шүүгдэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Надад М-ийг байрлуулах байрны мөнгөнд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийн баримт байгаа. Өмнө нь байрны мөнгө гэж бас 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгийг би хотод байхдаа бэлнээр өгч байсан. Эмийн мөнгө 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Улаанбаатар хотод эмчилгээнд нийт 1,000,000 төгрөг зарцуулсан баримт нь байгаа. Би Мийг Улаанбаатар хотод байхад нь 4 ширхэг хонины мах явуулсан, үнэ нь нийлээд 1,000,000 төгрөг болсон. Ойр зуурын замын зардалд бас 500,000 төгрөг болсон. Нийт би 5,500,000 төгрөг эмчилгээний зардалд зарцуулсан. Хагас баримт нь байгаа, хагас нь бэлэн өгсөн болохоор байхгүй байна. Өөрт байгаа баримтаа хэргийн материалд хавсаргана.” /хавтаст хэргийн 52 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн . дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дэх тал/
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 163 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 60 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 73-22 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу явах хатуу хучилттай засмал замын 50 дахь километрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус зөрчин осол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.М-ийн биед зүүн гарын шуу, сарвууны яснуудын ил хугарал, зүүн гарыг шууны дунд 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал, зүүн атгаал ясны далд хугарал бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч Б.М-ийн: “...Даланзадгад сумаас өглөө эрт гарсан болохоор би Даланзадгад сумын угтах үдэх хаалга өнгөрөөд унтчихсан. Унтахаасаа өмнө би машины спидометрийн заалтыг харахад 50 километр цагийн хурдтай явж байсан. Тэгээд явж байтал гэнэт машин замын хажуу руу өнхөрч байсан. Зам тээврийн осол гарах үед би унтаж байсан. Машин хажуугаараа өнхөрч байх үед би сэрсэн. Би жолооч Ц ах руу толгой цээж хэсгээрээ налаад орчихсон байснаа санаж байна. Машин өнхөрч байгаад 4 дугуйн дээрээ тогтож зогссон. Би Ц ахыг дуудсан боловч хариу хэлэхгүй ухаангүй байх шиг байсан. Ард сууж явсан 2 зорчигч машинаас бууж гарч явсан. Тэгээд байж байтал Ц ах юу болов миний хүү гэж хэлж ухаан орж өөрийнхөө гар утаснаас хүүхэд рүүгээ залгаж ярих шиг болсон. Тэгээд байж байтал танихгүй нэг эрэгтэй хүн ирж хараад зогсоод байсан. Тэр үед миний зүүн гарын бугуй хэсгээрээ тасарчихсан арьсан дээрээ тогтож байсан...” /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Гэрч Ц.Т-ийн: “Намайг том тэрэгтэй зөрөх гээд нэлээн ойртсон байх үед том тэрэгний араас гэнэт нөгөө Приус машин гарч ирээд би баруун гар тийш нь өөрийн машиныг дарахад Приус загварын машин миний зөв тал буюу машины зүүн гар талыг шүргээд өнгөрсөн. Тэгээд тоормос гишгэж зогсоод би машинаас буухад засмал замын урд талд Приус загварын машин онхолдож 4 дугуйн дээрээ зогссон байхаар нь би очиж үзэхэд машины арын суудал дээр эрэгтэй, эмэгтэй 2 суучихсан эрэгтэй нь ёолоод байсан. Жолоочийн хажуу талд суусан эмэгтэйн гар тасарчихлаа цус алдаад байна гээд зүүн гараа нэг даавуу шиг юмаар ороосон байхаар нь би цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн.” /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Гэрч Л.Б-ы: “Миний ард явсан Приус 20 загварын машин гүйцэт түрүүлэх хөдөлгөөнийг буруу хийсэн, эсрэг урсгалд машин ирж байхад гүйцэт түрүүлээд түүнээс болж урдаас ирж байгаа машинтай мөргөлдөж замын хажуу руу унаж осол болсон.” /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Гэрч Ч.Э-ын: “...бид 4 өглөө 07 цаг 30 минутын үед Улаанбаатар хот руу явсан. Даланзадгад сумаас 50 гаруй км-т явж байсан чинь жолооч том тэрэг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн чинь урдаас нь бас машин ирж таараад тэгээд манай машин замаас гараад явсан. Манай эхнэр гараараа тааз тулж байсныг санаж байна, өөр зүйл санахгүй байна.” /хавтаст хэргийн 27 дахь тал/,
Гэрч Ц.Б-гийн: “...бид 4 өглөө 07 цаг 30 минутын үед Улаанбаатар хот руу явсан. Даланзадгад сумаас 50 гаруй км-т явж байсан чинь жолооч том тэрэг гүйцэж түрүүлэх гэж байгаад гүйцэж түрүүлсэн. Хэд өнхөрсөн юу болсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан газар 4 дугуй дээрээ зогссон байсан. Машинаас буусан чинь урд сууж байсан охины гар хугарсан гээд түргэн дуудсан.” /хавтаст хэргийн 29 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ц-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд зүүн гарын шуу, сарвууны яснуудын ил хугарал, зүүн гарыг шууны дунд 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал, зүүн атгаал ясны далд хугарал бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 870 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн магадлагаагаар “73-22 убц улсын дугаартай Приус 20 загварын автомашины жолооч Д.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд хэргийн оролцогчид энэхүү магадлагааг хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Д.Ц нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 73-22 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу явах хатуу хучилттай засмал замын 50 дахь километрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус зөрчин осол гаргаж, хохирогч Б.М-ийн биед зүүн гарын шуу, сарвууны яснуудын ил хугарал, зүүн гарыг шууны дунд 1/3 хэсгээр тайрах мэс заслын дараах байдал, зүүн атгаал ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Б.М, шүүгдэгч Д.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт болон шүүхэд хандан “5,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, цаашид хийгдэх эмчилгээ байхгүй тул Ц ахаас хойшид гаргуулах эмчилгээний төлбөр зардал авна, гаргуулна гэсэн ойлголт байхгүй.” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ц-гийн хувийн байдал нь ........ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасан байх ба шүүгдэгч Д.Ц-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасан ба шүүгдэгч Д.Ц-ий нь өөрийгөө өмгөөлж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэх тайлбарыг гаргав.
Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.М-т 5,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ц-гийн жолоочийн үнэмлэхийг хэрэгт эд мөрийн баримтаар хураах ажиллагааг мөрдөгч, прокурор хийх ёстой боловч, энэхүү ажиллагааг хийгээгүй, жолоочийн үнэмлэхийг хавтаст хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.3-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ялтай хамт заавал хэрэглэхээр хуульчилсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн №379498 дугаартай жолоочийн үнэмлэхийг хурааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Д-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.М-т 5,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн №379498 дугаартай жолоочийн үнэмлэхийг хурааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА