Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Н.Э, Д.С, 

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                        

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Н-ийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Д-ийн С нарт холбогдох 2128001740095 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Биеийн байцаалт: 

   Ө овгийн Н-ийн Э, ............

   Ө овгийн Д-ийн С, ......................

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Марал” хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийхдээ хохирогч Д.Б-гийн лангуун дээр мартаж орхисон “Samsung 10 S” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж хууль бусаар авч, нөхөр Д.С-т өгч захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт,  

Шүүгдэгч Д.С нь “Samsung 10S” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авч, өөрийн эзэмшлийн Юнителийн ........ дугаарын сим картыг хийн 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн захиран зарцуулж, хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Э, Д.С нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гар утсыг авч өөрийн сеймийг хийсэн нь миний буруу.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед “Марал” дэлгүүрт орж үйлчлүүлж тус дэлгүүрээс авсан эд зүйлийнхээ тооцоог касс нь дээр  бэлэн мөнгөөр хийж гарахдаа өөрийн эзэмшлийн “Samsung 10S” загварын гар утсаа касс нь дээр үлдээгээд гарсан байсан. Саруул од талх нарын боовны цех ороод “Марал” дэлгүүрийн ард талд байх өөрийн оёдлын цех дээрээ ирж гар утсаа “Марал” дэлгүүрийн касс нь дээр гаргаж авч байснаа санаад өөрийн гар утсаа авах гээд очиход миний гар утас алга болсон байсан. Касс нь дээр сууж байсан Чимгээ гэх охиноос би өөрийн гар утсаа асуухад Чимгээ гэх охин, би саналаа таныг манай дэлгүүрээс худалдаж авсан эд зүйлийнхээ тооцоог хийж байхад кассын ширээн дээр хар өнгөтэй гар утас харагдаж байсан гэж хэлсэн. Тэгээд уг дэлгүүрийн  хяналтын камерыг шүүлгэж үзэхэд намайг дэлгүүрээс гарсны дараа цэнхэр өмдтэй, цагаан фудволктой эмэгтэй хүн худалдаж авсан зүйлийнхээ тооцоог хийгээд гарахдаа касс нь дээр тавиатай байсан миний гар утсыг авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Миний гар утсыг авсан эмэгтэй “Марал” дэлгүүрт авсан зүйлийнхээ тооцоог хийхдээ виза карт ашигласан байсан. Би гар утсаа 2021 оны 01 дүгээр сард Даланзадгад суманд байдаг “Нарлаг” гар утас худалдааны дэлгүүрээс 450,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Хар өнгийн гэртэй, дэлгэцэндээ шилэн наалттай, хар өнгийн кейстэй, уг кейсийн ар талд сөхдөг гогцоотой “Samsung 10S” загварын гар утас байсан... Би өөрийн гар утсаа олж авмаар байна.” /хавтаст хэргийн 13 дахь тал/

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өдрийг нь санахгүй байна 07 дугаар сард камер шүүе гэж хүн орж ирэхээр нь би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн камерын бичлэг тавьж өгөөд өөрөө ажилтай байсан болохоор гараад явсан. Ямар хүн юу авсан талаар би мэдэхгүй байна. Бичлэг үзээгүй.” /хавтаст хэргийн 26 дахь тал/

Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 10-ны 16 цагийн үед манай байнгын үйлчлүүлэгч эгч дэлгүүрт орж ирээд эгч нь сая утсаа орхиж гарсан байна уу гэхээр нь би тэр өдрийн орой нь камер шүүж үзсэн чинь цагаан фудволктой доогуураа юу өмссөн талаар санахгүй байна нэг хөдөөгийн гэмээр эгч касс нь дээр ирж гурил, будаа бас хүнсний бүтээгдэхүүн аваад нийт 80,000 төгрөгийн бараа аваад явсан. Тэр эгчийг касс нь дээр бараагаа бичүүлж байхад гар утас дараагийн хүний барааны хажууд байсан чинь нөгөө эгчийг бараагаа бичүүлээд дууссан чинь арын хүн нь хажуудаа байсан гар утсыг нөгөө эгч рүү түлхсэн чинь нөгөө эгч гар утсыг бараатайгаа хамт аваад тооцоогоо хийчхээд дэлгүүрээс гарч явсан бичлэг байсан.” /хавтаст хэргийн 28 дахь тал/

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний өмнө нэг эмэгтэй байсан. Тухайн эмэгтэй касс нь дээр авсан эд зүйлээ бичүүлээд зогсож байхаар нь би кассан дээр очоод авсан юмаа бичүүлэх гэсэн чинь миний өмнө нэг хар өнгийн гар утас байсан. Тэгээд би гар утсаа орхичхож гэж хэлээд гар утсыг нь өөр рүү нь дөхүүлж өгсөн. Би тооцоогоо хийж дуусаад гараад явсан. Намайг гар утас өгөхөд тэр эмэгтэй гар утсыг аваагүй. Намайг гарсны дараа авсан байх. Би торонд нь юм хийгээгүй хувцас болон бусад зүйлийг нь ажиглаагүй. 40 орчим насны хүн байсан байх.” /хавтаст хэргийн 30 дахь тал/

Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би хүүхдийн мөнгө буухаар нь өдөр 12 цагийн үед “Марал” дэлгүүрээс хүнсний бараа авах гэж ороод хүнсний зүйлээ цуглуулаад лангуун дээр бичүүлж байсан чинь миний ард зогсож байсан надаас арай ахмад ах, эгч 2 надад тусалж миний авсан эд зүйлийг торонд хийж өгсөн. Би дэлгүүрээс гараад дүүтэйгээ хамт гадуур явж байгаад орой 17 цагийн үед гэртээ очоод тортой авсан юмаа гаргасан чинь дотроос нь гар утас гараад ирсэн. Би нөгөө гар утсыг аваад “Марал” дэлгүүр дээр очиход “Марал” дэлгүүр 18 цагаас хаасан байсан. Би буцаж гэртээ хариад маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ууланд гэрийнхэнтэйгээ яваад “Марал” дэлгүүр очиж чадаагүй. Дараа нь нөхөр Д.С-т нөгөө гар утсыг өгөөд бариулсан.” /хавтаст хэргийн 57 дахь тал/ 

Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед манай эхнэр Э гэртээ ирээд дэлгүүрээс авсан эд зүйлээ гаргасан чинь торон дотроос нь гар утас гарч ирсэн. Гар утсыг нь гаргаж үзэхэд унтарчихсан байсан. Асаагаад үзтэл пин код нэхээд байсан. Пин кодыг нь мэдэхгүй болохоор асааж чадаагүй. Тэгээд “Марал” дэлгүүр дээр буцааж авч очиж өгөх гэхээр нь би дэлгүүр хаасан байх маргааш авч очиж өг гэж хэлсэн. Маргааш нь Э ах, дүү нартайгаа хамт ууланд явсан. Тухайн үед би гар утасгүй байсан болохоор гар утсанд симээ хийж ашигласан.” /хавтаст хэргийн 59 дэх тал/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаартай үнэлгээнд: “Samsung S10” гар утас, 1 ширхэг, нэгжийн үнэ 400,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 400,000 төгрөг /хуучин/, нийт дүн: 400,000 төгрөг.” /хавтаст хэргийн 35 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76-77 дахь тал/

Юнител ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05-01/4011 тоот албан бичиг /хавтаст хэргийн 61 дэх тал/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 408 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 79 дэх тал/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 407 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 84 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Марал” хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийхдээ хохирогч Д.Б-гийн лангуун дээр мартаж орхисон “Samsung 10 S” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж хууль бусаар авч, нөхөр Д.Ст өгч захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн,

Шүүгдэгч Д.С нь “Samsung 10S” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авч, өөрийн эзэмшлийн Юнителийн 89390506 дугаарын сим картыг хийн 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн захиран зарцуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.  

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-гийн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед “Марал” дэлгүүрт орж үйлчлүүлж тус дэлгүүрээс авсан эд зүйлийнхээ тооцоог касс нь дээр бэлэн мөнгөөр хийж гарахдаа өөрийн эзэмшлийн “Samsung 10S” загварын гар утсаа касс нь дээр үлдээгээд гарсан байсан... Уг дэлгүүрийн  хяналтын камерыг шүүлгэж үзэхэд намайг дэлгүүрээс гарсны дараа цэнхэр өмдтэй, цагаан фудволктой эмэгтэй хүн худалдаж авсан зүйлийнхээ тооцоог хийгээд гарахдаа касс нь дээр тавиатай байсан миний гар утсыг авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан.” /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Гэрч Э.У-ийн: “...2021 оны 07 дугаар сарын 10-ны 16 цагийн үед манай байнгын үйлчлүүлэгч эгч дэлгүүрт орж ирээд эгч нь сая утсаа орхиж гарсан байна уу гэхээр нь би тэр өдрийн орой нь камер шүүж үзсэн чинь цагаан фудволктой доогуураа юу өмссөн талаар санахгүй байна нэг хөдөөгийн гэмээр эгч касс нь дээр ирж гурил, будаа бас хүнсний бүтээгдэхүүн аваад нийт 80,000 төгрөгийн бараа аваад явсан. Тэр эгчийг касс нь дээр бараагаа бичүүлж байхад гар утас дараагийн хүний барааны хажууд байсан чинь нөгөө эгчийг бараагаа бичүүлээд дууссан чинь арын хүн нь хажуудаа байсан гар утсыг нөгөө эгч рүү түлхсэн чинь нөгөө эгч гар утсыг бараатайгаа хамт аваад тооцоогоо хийчхээд дэлгүүрээс гарч явсан бичлэг байсан.” /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Гэрч Т.М-ын: “...Миний өмнө нэг эмэгтэй байсан. Тухайн эмэгтэй касс нь дээр авсан эд зүйлээ бичүүлээд зогсож байхаар нь би кассан дээр очоод авсан юмаа бичүүлэх гэсэн чинь миний өмнө нэг хар өнгийн гар утас байсан. Тэгээд би гар утсаа орхичхож гэж хэлээд гар утсыг нь өөр рүү нь дөхүүлж өгсөн. Би тооцоогоо хийж дуусаад гараад явсан.” /хавтаст хэргийн 30 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Э, Д.С нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаартай үнэлгээнд: “Samsung S10” гар утас, 1 ширхэг, нэгжийн үнэ 400,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 400,000 төгрөг /хуучин/, нийт дүн: 400,000 төгрөг.” /хавтаст хэргийн 35 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Марал” хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийхдээ хохирогч Д.Б-гийн лангуун дээр мартаж орхисон “Samsung 10 S” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж хууль бусаар авч, нөхөр Д.С-т өгч захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.С нь “Samsung 10S” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авч, өөрийн эзэмшлийн Юнителийн ........... дугаарын сим картыг хийн 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн захиран зарцуулж, хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “Гар утсаа эргүүлж авбал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн ба хохирогчид хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Samsung S10” загварын гар утсыг буцаан олгохоор шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Э, Д.С нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Н.Э, Д.С нарын хувийн байдал нь ........ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-т 6 /зургаа/ сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Д.С, Н.Э нарт өөрөө өөрийгөө өмгөөлж үг хэлэх боломжоор хангасан боловч хэлэх зүйл байхгүй гэв.   

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгч нарын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э, Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овгийн Н-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө овгийн Д-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-т 6 /зургаа/ сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.  

3. Шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Шүүгдэгч Н.Э, Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Samsung S10” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д буцаан олгосугай.  

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э, Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА