Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.*******,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 2207 00018 0018 дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр*******од төрсөн, эрэгтэй, *******тай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, ээж, хүүхдийн хамт *******ийн *******, *******ын *******ны тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /ЧБ86091074/,

овогт Ц-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь -ны өдөр *******ийн *******, *******ын *******ны тоотод байрлах гэртээ “гэр орноо цэвэрлэсэнгүй" гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.М-ийн нүүрэн тус газарт гараараа цохих, галын дэгээ төмрөөр гуя хэсэг рүү нь цохиж, өшиглөх зэргээр зодож биед нь зүүн дээд, доод зовхи, хүзүү, гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Би ковид тусаад тухайн өдөр эмнэлгээс гарч гэртээ ээжтэйгээ ирсэн. Би 2 хоногийн өмнөөс эхнэр лүүгээ залгаад ковид гэр орны янз бүрийн тавилга, эд зүйлд наалдаж үлддэг юм байна, белизнатай усаар гэрээ цэвэрлээрэй арчаарай гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр гэртээ 01 цагийн үед ирэхэд галаа түлээгүй, хүүхэд шалдан орон дээрээ, хэд хоног цэвэрлээгүй шинжтэй аяга таваг тэр хавиар хөглөрөөд байж байсан. Би орж ирээд галаа түлсэнгүй, хүүхдээ даарууллаа, шороо тоосоо ч цэвэрлээгүй байна гэж хэлэхэд манай гэр юм уу, би ямар барби төрүүлсэн юм уу гэхээр ноцолдоод нүүрэнд нь нэг алгадаж, ганц хоёр цохисон. Би цохисондоо маш их харамсаж байгаа.....” гэв.

 

Хохирогч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Тухайн үед миний нүд л хөхөрсөн байсан. Цагдаад дуудлага өгсөн л бол гомдол өгөх ёстой гэж байсан. Тэгээд би гомдол өгчихсөн. Миний хувьд нөхрийнхөө талаар надад гомдол санал байхгүй. Миний нөхөр айлын охин хүүхдийг насаараа хайрлаж, халамжилж, хариуцлагыг хүлээж амьдарна гэж авч суугаад яагаад миний биед гар хүрсэн юм бэ гэдэгт би үнэхээр их цочирдсон. Анх удаагаа миний нөхөр надад гар хүрсэн....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Э.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....-ны өдөр манай нөхөр Ц.Б нь эмнэлгээс гарсан юм. Намайг *******ийн *******, *******ын *******ны тоотод байрлах гэртээ байж байтал манай нөхөр Ц.Б хадам ээж Цийн хамтаар гэртээ орж ирсэн. Тэгээд орж ирээд гэр орноо цэвэрлэсэнгүй, траншенд амьдарч байгаа юм шиг гээд уурлаад ...миний зүүн нүд, нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод, миний зүүн гуя руу галын дэгээ төмрөөр цохисон. Дараа нь хөлөөрөө миний зүүн гуяны гадна тал руу хөлөөрөө өшиглөчхөөд манай нөхөр одоо цагдаа дууд гээд байхаар нь би цагдаа дуудаад өгсөн. Манай нөхөр намайг зодож байсан ганц тохиолдол нь -ны өдөр гарсан. Манай нөхөр ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл гаргаж байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Гэр лүү ороход гэр эмх замбараагүй, заваан байсан ба галаа ч түлээгүй байж байсан. Гэтэл Ц.Б гэр орон муухай байна гээд уурлаад эхэлсэн.... Ц.Б Э.Мийг зодоод байх шиг байсан. Би тэр үед ач охиноо аваад өөр өрөөнд орчихсон болохоор анзаараагүй. ” /хх-16/ гэх мэдүүлэг,

 

Нийслэлийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт:

  1. Э.М-ийн биед зүүн дээд, доод зовхи, хүзүү, гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-19-20/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...Надад сонсгож буй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Намайг гэртээ ортол манай эхнэр гэр орноо цэвэрлээгүй, гэр орон хүйтэн заваан, гэрийн үүдэнд хүүхдийн памперс шидчихсэн байхаар нь би гэр орноо цэвэрлэхгүй гээд хэлтэл манай эхнэр М өөдөөс би ямар барби төрүүлчихсэн юм уу гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод гуя руу нь гараараа хоёр удаа цохичхоод цагдаагаа дуудвал дууд гээд хэлчихсэн” /хх-31/ гэх

мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-д холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатайгаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Э.М-ийн өгсөн: “....Тэгээд орж ирээд гэр орноо цэвэрлэсэнгүй, траншейнд амьдарч байгаа юм шиг гээд уурлаад ...миний зүүн нүд, нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод, миний зүүн гуя руу галын дэгээ төмрөөр цохисон. Дараа нь хөлөөрөө миний зүүн гуяны гадна тал руу хөлөөрөө өшиглөчхөөд манай нөхөр одоо цагдаа дууд гээд байхаар нь би цагдаа дуудаад өгсөн. Манай нөхөр намайг зодож байсан ганц тохиолдол нь -ны өдөр гарсан...”гэх мэдүүлэг, Гэрч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Б Э.М-ийг зодоод байх шиг байсан. Би тэр үед ач охиноо аваад өөр өрөөнд орчихсон болохоор анзаараагүй...”гэх мэдүүлэг, Нийслэлийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт, Шүүгдэгч Ц.Б-гийн өгсөн:  “...Тэгэхээр нь миний уур хүрээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод гуя руу нь гараараа хоёр удаа цохичхоод цагдаагаа дуудвал дууд гээд хэлчихсэн” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар Шүүгдэгч Ц.Б нь -ны өдөр *******ийн *******, *******ын *******ны тоотод байрлах гэртээ “гэр орноо цэвэрлэсэнгүй" гэх хувийн таарамжгүй гэх харилцаанаас марган эхнэр Э.Мийн нүүрэн тус газарт гараараа цохих, галын дэгээ төмрөөр гуя хэсэг рүү нь цохиж, өшиглөх зэргээр зодож биед нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг хангасан, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчтэй тохиролцсны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 550 нэгж буюу 550.000  ял оногдуулахаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тухайн зүйлд заасан ял шийтгэлээс улсын яллагчтай тохиролцсон 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт Ц-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 550 /таван зуу тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулинд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД