Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0008

 

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0008

Улаанбаатар хот

 

               

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч С ХХК-ийн захирал Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч СБДТХ-н ТУБ Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 649 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С ХХК-ийн нэхэмжлэлтэй, СБДТХ-н ТУБ Б.Б, Ш.О нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:СБДТ-нхэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчдын 2012 оны 250006 тоот дүгнэлттэй, эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" прокурорын тогтоол гарсны дагуу тус тасгийн Татварын улсын байцаагч Б.Б, Ш.О нар 2013 оны 12 дугаар сарьш 16-ны өдрийн 0006795 тоот актаар С ХХК-д захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, илт хууль бус байх тул хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. СБДТ-нхэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Г.О, Б.Б нарын С ХХК-ийн 2010-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж бичсэн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 250006 тоот дүгнэлттэй, 201301040047 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 97 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байхад 8 сар 5 хоногийн дараа тус дүүргийн Татварын улсын байцаагчид 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0006795 тоот актаар 575,972.9 мянган төгрөгийн зөрчилд 57,597.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 17,279.2 мянган төгрөгийн торгууль, 18,500.0 мянган төгрөгийн алданги нийт 93,376.5 мянган төгрөгийн төлбөр ногдуулахдаа зөвхөн Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3; 74-р зүйлийн 74.1, 74.3 дугаар заалтыг үндэслэсэн нь Монгол Улсын хууль тогтоомжийг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

1. Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т "Татварын хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 3 дугаар зүйлийн 3.2-т "Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна; 3.2.1.чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэм тогтоох; 3.2.2.Хөрөнгө оруулалтын тухай, газрын тосны тухай хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувь, хэмжээг, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр мөн хуулийн 3.1.7-д заасан татварын орчныг тогтворжуулах"; 19 дүгээр зүйлийн 19.3-т "Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэд татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий Татварын маргаан таслах зөвлөл ажиллах бөгөөд уг зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална", Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан "Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т " Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотой гомдол (цаашид "гомдол" гэх)-ыг хянан шийдвэрлэхдээ энэ журам болон Татварын ерөнхий хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгоно" гэсэн нь Татварын улсын байцаагчийн акт нь албан татвар, хураамж, төлбөрийг ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулах, холбогдох татварын зөрчилд захиргааны хариуцлагаар торгууль, алданги ногдуулах, төлөхтэй холбоотой асуудлыг Татварын ерөнхий хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжтой нийцэж, зохицуулахаар хуульчилсан байна. Татварын улсын байцаагч нар 0006795 тоот актыг тогтоохдоо Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т "Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй", 74 дүгээр зүйлд "74.1.Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна; 74.1.3.нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах; 74.1.4.тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх; 74.3.Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна" гэсэн заалтыг үндэслэл болгосон хэдий ч Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд: "Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил /цаашид "зөрчил" гэх/ гэж үзнэ, 5 дугаар зүйлд: ...2.Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно..., 7 дугаар зүйлд "Дараах албан тушаалтан энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэх бүрэн эрхийг эдэлнэ; 5.хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч;" 18 дугаар зүйлийн 1-д: "Захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр нь торгуулийн хуудас, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна.", Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.2. "захиргааны албан тушаалтан" гэж энэ хуулийн 3.1.1-д заасан байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд захирамжлах, зохион байгуулах бүрэн эрхийг бие даан хэрэгжүүлдэг төрийн албан хаагч, түүнчлэн нийтийн эрх зүйн холбогдолтой асуудлаар бусдыг захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн бус албан тушаалтныг; 3.1.4-д "захиргааны акт" гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна; 3.1.13-т "шийтгэвэр" гэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны зөрчил гаргасан этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулсан шийдвэрийг, 9 дүгээр зүйлд ...9.1-т 3ахиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана... 9.1.8-д захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн заалтуудыг хэрэглээгүй орхигдуулсан байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 37 дугаар тогтоолд, Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг хамааруулж үзнэ" гэсэн байна. Ийнхүү Албан татвар ногдуулах болон, холбогдох зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхдээ зөвхөн Татварын ерөнхий хуулийн заалтыг хэрэглэх бус Захиргааны хариуцлагын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн бусад заалттай нийцэж, зохицуулахаар хуульчилсныг орхигдуулан хууль буруу хэрэглэн, эрх зүйн үндэслэлгүй акт гаргасан байна.

2. Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд ...9.1-т 3ахиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана... 9.1.8-д захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж заасан байхад Нийслэлийн Татварын газар болон Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан "Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, эрх зүйн үндэслэлгүй тогтоол гаргасан байна. 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 064 тоот Шинжээчийн дүгнэлтээр татвар ногдуулах орлого 575,972.9 мянган төгрөгөөс 57,597.3 мянган төгрөгийн татвар төлөхөөр байна гэж тодорхойлсноор тус компанийн захирал Д.Г СБДТ-нхэлтсийн төрийн сан дахь 2611016413 дугаарын дансанд 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр холбогдох төлбөрийг төлж барагдуулснаас хойш 9 сар 12 хоног, Нийслэлийн прокурорын тогтоол гарч, захиргааны шийтгэл ногдуулж болох хуульд заагдсан хугацаанаас хойш 7 сар 5 хоног өнгөрсөн нь холбогдох баримтаар нотлогдсон байхад 0006795 тоот актаар дээрх татварын зөрчилд 17,279.2 мянган төгрөгийн торгууль, 18,500.0 мянган төгрөгийн алданги бүхий захиргааны хариуцлага ногдуулсан байна. Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаар тогтоол болон тогтоол баталгаажуулах тухай Татварын Ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/90 дугаарын тушаалыг С ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан болно. Тус компани нь Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тогтоол хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсний дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Иймд СБДТХ-н ТУБийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0006795 тоот актын тогтоох хэсгийн 575,972.9 мянган төгрөгийн зөрчилд 17,279.2 мянган төгрөгийн торгууль, 18,500.0 мянган төгрөгийн алдангийн төлбөр бүхий захиргааны хариуцлага хүлээлгэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч СБДТХ-н ТУБ Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: СБДТХ-н ТУБ Г.О, Б.Б нар 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр СБДТ-нхэлтэстэй харилцагч 2863804 тоот регистрийн дугаартай "С" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 9ж/2286 дугаартай албан бичиг, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсээс 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн 7/1233 дугаартай шалгалт хийх томилолтын дагуу 2010-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийг иж бүрэн байдлаар шалгаж 3,127,862.9 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, 250006 дугаартай дүгнэлт бичиж Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн. СБДТ-нхэлтсийн 01/1963 дугаартай албан бичгийн дагуу "С" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г холбогдох 201301040047 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 97 дугаартай прокурорын тогтоолыг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан. Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйл: Акт дүгнэлтийн биелэлтийг хангах,.. 35.3-т Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг үндэслэн Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т "Дараах үйлдэл эс үйлдэхүйгээр татварт ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-т "Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлүүлээгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна" гэсэн заалтыг үндэслэн 575,972.9 мянган төгрөгийн зөрчилд 57,597.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 17,279.2 мянган төгрөгийн торгууль, 18,500.0 төгрөгийн алданги нийт 93,376.5 мянган төгрөгийг төлүүлэхээр СБДТХ-н ТУБ Б.Б, Ш.О нар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 0006795 тоот акт бичсэн болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 649 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйл,74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж СБДТХ-н ТУБийн 2013 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 0006795 дугаартай актын торгууль, алданги ногдуулсан хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч СБДТ-нхэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 12-ны өдрийн 649 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээрт, шүүх хэргийг хэт нэг талыг барьж гагцхүү Захиргааны хариуцлагын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд Татварын улсын байцаагчийн бичсэн дүгнэлттэй эрүүгийн хэрэгт хэн хохирогчоор тогтоогдсон, хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэзээ, ямар байдлаар хохирогчид мэдэгдсэн эсэх, тогтоолыг хохирогч хэзээ хүлээн авсан зэргийг шүүхээс нарийвчлан хянаагүй, холбогдох нотлох баримтуудыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. "С" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагт зарлан хуралдсан бөгөөд шүүх хугацаатай холбоотой маргаж байгаа учраас холбогдох нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр хуралдах нь зүйтэй гэж үззэд хурлыг нотлох баримт цуглуулахаар хойшлуулсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болсон хурлаар энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байгаагүй, өмнөх хойшилсон нөхцөл арилаагүйгээр хуралдаж шийдвэр гаргасан. Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн дүгнэлттэй эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4-д "Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогчид 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө.", 209.5-д "Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хулээн авсан өдреөс хойшхохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаж болно" гэж хуульчилсан байхад "С" ХХК, түүний захирал Д.Гд холбогдох эрүүгийн 201301040047 дугаартай хэргийг 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолын тогтоох хэсэгт гагцхүү яллагдагчид энэ талаар мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарласан, хохирогчид мэдэгдэж гомдол гаргах журмыг тайлбарлах талаар заалт байхгүй, өөрөөр хэлбэл, бид уг тогтоолыг гарсан даруйд мэдээгүй нь үүгээр нотлогдож байна. Улсын ерөнхий прокурор, Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 104 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллага, Үндэсний татварын албаны хамтран ажиллах журам"-ын 3.11-д "Татварын байгууллагаас харъяа мөрдөн байцаах байгууллагад шилжүүлж шалгуулсан гэмт хэргийн талаархи мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулсны эцэст прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тогтоолыг хохирогч /Татварынбайгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч/-д 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө.

3.12-т "Хохирогч /Татварын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ нь хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй." гэх заалтуудыгпрокурорын байгууллага хэрэгжүүлж ажиллаагүй, бид Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолын хувийг гаргаж өгнө үү гэх хүсэлтийг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1963 тоот албан бичгээр хандсан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас уг бичгийн хариуг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/4073 тоот албан бичгээр тогтоолын хувийг ирүулсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсан өдөр бол 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бөгөөд уг өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт хандах эрх үүссэн. Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 7.17.4-д Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тогтоолыг хүлээн авснаас хойш "Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар 7 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргах, эсвэл "Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар 1 сарын дотор захиргааны хариуцлага хүлээлгэх гэж заасны дагуу Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсныг мэдсэн буюу хүлээн авсан өдрөөс /2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч/ хойш 30 хоногийн дотор буюу 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 0006795 тоот актыг Татварын ерөнхий хуулийн 35.3-т Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэх заалтыг баримтлан бичсэн.

Тиймээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно" гэх заалт нь татварын дүгнэлттэй холбоотой зөрчилд шууд хэрэгжих боломжгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гомдол гаргах эрхийг хязгаарласан агуулгатай байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бид тогтоолыг мэдсэн буюу хүлээн авсан өдрөөс хойш гомдол гаргах эрх үүсч байгаа бөгөөд уг хугацаанд гомдол гаргаагүй тохиодолд /тогтоолыг хүлээн авснаас хойш 7 хоног өнгөрсний дараа захиргааны хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломж/ дараагийн шатны арга хэмжээг авах буюу захиргааны хариуцлага тоооцож акт үйлдэхээр зохицуулалттай.

Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан "Улсын байцаагч", түүний захиргааны хариуцлага хүлээлгэх харъяалал бусад зохицуулалтыг харахад татварын улсын байцаагчид харъяалуулсан зөрчлийн жагсаалт байхгүй. Мөн түүнчлэн 18 дугаар зуйлийн 18.1-д "Захиргааны шийтгэл ногдуулах хэлбэр нь торгуулийн хуудас, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна" гэж зааснаас үзэхэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын доторзахиргааны шийтгэл ногдуулж болно" гэх захиргааны шийтгэлд торгуулийн хуудас, шийтгэврийг ойлгохоор байна. Татварын улсын байцаагч торгуулийн хуудас болон шийтгэврээр захиргааны хариуцлага хүлээлгээгүй байна.

Татвар төлөх, ногдуулах, хянахтай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэж заасны дагуу татварын улсын байцаагчаас хуульд заасан бурэн эрхийн хүрээнд үйлдэх баримт бичиг болох татварын улсын байцаагчийн актыг бичсэн /шийтгэврийн хуудас, торгуулийн хуудас бичээгүй/, харин Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд "Татварын хууль тогтоомж зөрчитид хүлээлгэх захиргааны хариүцлага" гэж тусгай зохицуулалтад татварын улсын байцаагч шийтгэврийн хуудас бичиж ажилладаг. Энэ нь Захиргааныхариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан захиргааны шийтгэлд хамаарах юм. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгд "Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж..." гэж тогтоосон нь шүүгч ажилдаа хайхрамжгүй хандаж, маргаанд огт хамааралгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хоёрт СБДТ-нхэлтсээс улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг гаргуулж "С" ХХК-д олгохоор заасан байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д "Захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-60 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу зохицуулна" гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д "... хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийг хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна...", Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т "... төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгуупь, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл..." чөлөөлөгдөх талаар заасан ба Төсвийн тухай хуулийн 4.1.34. "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээгхэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг" гэх заалтаар СБДТ-нхэлтэс нь төсвийн байгууллага болох бөгөөд батлагдсан төсвийг зориулалтын дагуу л зарцуулах эрх зүйн зохицуулалттай. Иймд улсын тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй болно. Иймд дээрхи үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 649 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үүгэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх шаардлагатай, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж, маргааны нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулаагүйн улмаас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгчээс ...С ХХК-ийн 2010-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж бичсэн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 250006 тоот дүгнэлт, 201301040047 дугаар бүхий эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 97 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байхад 8 сар 5 хоногийн дараа СБДТ-н улсын байцаагч нар 2013 оны 0006795 тоот актаар нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь буруу, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн... гэж, хариуцагчаас ...СБДТ-н хэлтсийн 01/1963 дугаартай албан бичгийн дагуу С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-д холбогдох 201301040047 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар тогтоолыг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан. Тус компанид СБДТ-н улсын байцаагч нар 2013 оны 0006795 тоот актаар нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасантай нийцсэн ... гэж тус тус маргажээ.

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих..., 33 дугаар зүйлийн 33.2.6-д татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг  үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана, 35 дугаар зүйлийн 35.3-д Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-т Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчээс ...2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 064 тоот шинжээчийн дүгнэлтээр татвар ногдуулах орлого 575.972.9 мянган төгрөгнөөс 57.597.3 мянган төгрөгийн татвар төлөхөөр байна гэж тодорхойлсноор тус компанийн захирал Д.Г СБДТ-н хэлтсийн төрийн сан дахь дансанд 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр холбогдох төлбөрийг төлж барагдуулснаас хойш 9 сар 12 хоног, Нийслэлийн прокурорын газрын тогтоол гарч, захиргааны шийтгэл ногдуулж болох хуульд заагдсан хугацаанаас хойш 7 сар 5 хоног өнгөрсөн нь холбогдох баримтаар нотлогдсон байхад ... актаар захиргааны хариуцлага ногдуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.8-д заасан ...акт гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан үндэслэлд шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалаар баталсан Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.3.5.б-д Хяналт шалгалтыг эхлэхдээ татвар төлөгчид нэр, албан тушаалаа хэлж, Татварын улсын (ахлах) байцаагчийн үнэмлэх, Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тусгай удирдамжаа үзүүлэн хяналт шалгалт хийхээр томилогдсоноо мэдэгдэж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлана, 3 дугаар зүйлийн 3.2.3-д Акт, дүгнэлтэнд татвар ногдох зүйлийг нуусан, татварын єр тєлөхөөс зайлсхийн зугатсаныг нотлох, цаашид чухал шаардлагатай гэж үзсэн үндсэн баримт материал, нэмэлт тооцоо, судалгааны эх хувь, эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар болон дараахь тооцоо, баримт материал зэргийг заавал нөхөн хавсаргах бөгөөд эдгээр нь акт, дүгнэлтийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно гэж тус тус гэж заажээ.

СБДТХ-н ТУБ нар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0006795 тоот актыг гаргахдаа дээрх дүрэмд заасны дагуу татварын хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийсэн эсэх, нэхэмжлэгчид удирдамжийг танилцуулсан эсэх, түүнчлэн акт дүгнэлтэд хавсаргахаар заасан шалгуулагч этгээдийн татварын зөрчил гаргасантай холбоотой үндсэн баримт, тооцоо, судалгаа, акт, дүгнэлтийн үндэслэл болж буй бусад баримт, материал зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтыг шүүх цуглуулж, үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31.1 болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцэхгүй байна.Тодруулбал, С ХХК нь 2010 онд Оросын холбооны улс руу мах экспортод гаргасны орлого 2.462.954.4 мянган төгрөг, 2011 онд 332.754.5 мянган төгрөг, дотооддоо бэлтгэсэн нөөцийн махны урамшууллын орлого 2010 онд 51.500.0 мянган төгрөг, 2011 онд 280.663.0 мянган төгрөг нийт 2010 онд 2.514.454.3 мянган төгрөгийн, 2011 онд 613.408.5 мянган төгрөгийн буюу бүгд 3.127.862.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд татвар ногдох орлогоор тусгаагүй, татвар ногдох орлогыг бууруулж, албан татвар ногдуулаагүй, албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзсэн тус дүүргийн татварын хэлтсийн байцаагч нарын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 250006 дугаар дүгнэлтийг үндэслэн Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч Д.Гд холбогдох 201301040047 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ.

СБДТХ-н ТУБ нарын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0006795 тоот актын үндэслэл нь дээрх 2012 оны 250006 тоот татварын улсын байцаагч нарын дүгнэлт, түүнтэй холбоотой баримтууд байх тул шүүх маргааныг шийдвэрлэхдээ тус дүгнэлтийн үндэслэлийг буюу татварын зөрчил гэж үзэх үндэслэлийг шалгаж тогтоох учиртай. Тухайлбал, нэхэмжлэгчийн ... 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 064 тоот шинжээчийн дүгнэлтээр татвар ногдуулах орлого 575.972.9 мянган төгрөгнөөс 57.597.3 мянган төгрөгийн татвар төлөхөөр байна гэж тодорхойлсноор компанийн захирал Д.Г ... холбогдох төлбөрийг төлж барагдуулсан... гэх тайлбар болон маргаан бүхий актын үндэслэлд дурдагдсан 2010, 2011 оны жагсаалтанд бичигдсэн 3.127.862.9 мянган төгрөгийн зөрчлийн талаарх үндсэн бичмэл нотлох баримтууд, /С ХХК-ийн 2010, 2011 онд Оросын холбооны Улс руу мах экспортолсонтой холбоотой баримтуудыг Гаалийн байгууллагаас гаргуулах, мөн 2010, 2011 онд дотоодын нөөцийн мах бэлтгэсэнтэй холбоотой баримтууд/ тооцоо судалгаа, мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад гарсан гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт-ийг хэрэгт цуглуулан авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 649 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ