Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 087

 

Х.Орал, Ж.Мөнхжаргал нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэртэй, Х.Орал, Ж.Мөнхжаргал нарын нэхэмжлэлтэй, А.Жанибек, С.Кенжебек нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч нарын төлөөлөгч К.Зулхаш, хариуцагч А.Жанарбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, хамтран хариуцагч С.Кенжебекийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Барааны үнэ 2,014,000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Х.Орал, Э.Мөнхжаргал бид нар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А.Жанарбек гэдэг жолоочтой Истана маркийн 3033 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Казахстан улс руу зорчихоор явсан. Явах замдаа гааль дээр зарим бараагаа үлдээхээр болж хамт явсан жолооч А.Жанарбек хадгалж байхаар нэг цүнхтэй бараа авч үлдсэн.

Уг цүнхэнд Монгол Улсад үйлдвэрлэгдсэн тэмээний ноосон болон хөөврөн цамц, пальто, савхин бээлий, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хувцаснууд байсан. Уг бараануудыг хар хөх өнгийн цүнхэнд хийж А.Жанарбект хүлээлгэн өгсөн. Уг барааг А.Жанарбекийн гэрт хадгалж байгаад буцаж ирэхдээ авахаар тохиролцсон. Казахстан улсаас буцаж ирээд бараагаа буцааж авах гэсэн боловч цүнхтэй барааг хулгайд алдсан гээд буцааж өгөхгүй байна. Бид энэ асуудлаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан боловч шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Бид бараагаа А.Жанарбект хүлээлгэн өгсөн тул барааг А.Жанарбек хариуцах ёстой гэж үзэж байна.

Иймд А.Жанарбекээс барааны үнэ 2014000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч А.Жанарбекийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Би Х.Орал, Э.Мөнхжаргал гэгч хүмүүсийг урьд өмнө огт танихгүй, өс хонзонгүй, өр зээлгүй бөгөөд ямар нэгэн байдлаар тэдэнтэй харилцаж байгаагүй юм. Би Казахстан, Орос улсуудад хэдэн жилийн өмнөөс өөрийн Истана маркийн цагаан өнгийн БӨА 3033 дугаарын машинаар зорчигч тээвэрлэн явж бизнес хийдэг.

Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө Казахстан улс руу машинаар явах гэж байхад бас хот хоорондын таксийн тээвэр хийдэг Сарайн Бахытбек гэгч 2016 оны 10 дугаар сарын 02-ны орой надад Бидний цуглуулсан хүн цөөн болоод би замд гарч чадахгүй боллоо. Надад Ховдоос ирсэн 2 хүн байна. Чи үнэ хөлсийг нь авч Казахстан улс руу авч явна уу гэж хүсэхэд би зөвшөөрсөн. С.Бахытбек нь надад 10 дугаар сарын 02-ны орой Ховд аймгаас яваа гэсэн Х.Орал, Э.Мөнхжаргал нарыг ачаатай хамт хүлээлгэн өгсөн.

 

Би тэр хоёрт Манайх Өлгий сумын 6 дугаар багт Улаанбайшинт явах засмал замын орчимд байдаг. Та нар өглөө эрт ирж чадах уу гэхэд тэд Танайд хонож өглөө эрт гаръя гэснээр тэр орой манайд хоносон юм. Х.Оралыг охин нь болох хорь орчим насны Алтаннуур тэднийг дагаад явж байсан эдгээр гурван зорчигчид дундаа 7-8 орчим цүнх, боодол ачаатай байсан юм. Бид 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 09 цагт замд гарсан ба миний машинд нийт 12 хүн байсан. Х.Орал нар гурвуулаа явсан. Миний эхнэр Хуралай байсан. Бид Улаанбайшинтын гаалиас саадгүй нэвтэрч Оросын Ташантын хил дээр ирэхэд Х.Орал нарын ачаанаас нэг цүнхийг Ташантын гааль нэвтрүүлээгүй юм. Ингээд тэдний маргаантай ачаанаас болж саатаж байхад ашгүй Оросын гааль Ачаануудаа Монгол улс руу буцааж болно гэж зөвшөөрсөн байх тул Х.Орал нар нь цүнхтэй ачааг Казахстан улсаас Монгол улс руу нэвтэрч байсан нэг жижиг машинд хийж явуулах гэж байхад би Х.Орал нарын хүн танихгүй байдлыг өрөвдөж уг Казахстан улсын машины жолоочид Энэ цүнхийг Монголын талд Айнагүл гэдэг хүний гуанз байдаг юм. Жанарбекийн цүнх юм. Хадгалуулаарай гэж хэлж өгөөрэй. Би буцахдаа авч хадгалъя гэж Х.Орал ч сануулаад цүнхийг Казахстаны жолоочид өгч цааш нь замд гарсан. Бид Орос улсын Кос агач гэдэг газарт очиход Казахстан улсаас Монгол улс руу явж байсан БӨА 1629 дугаартай цагаан өнгийн Спринтер маркийн машины жолооч, урьд нь таньдаг Хананы Айдынтай уулзаад түүнд (жинхэнэ нэр Кенжебек) замд Айнагүлийн гуанзанд зорчигч Х.Орал нарын нэг цүнх байгаа. Чи түүнийг авч Өлгийд очиход манай гэрт аваачаад ээжид өгчих, хүний юм байгаа юм гэж хэлүүллээ гэж хэлээрэй гэж захисан.

Энэ хэлсэн үгийг Х.Орал нар болон бусад зорчигчид сонсож байсан юм. Ингээд би Ахташ гэдэг газарт ирэхэд Х.Айдынгаас би цүнхийг авлаа гэж мессежийг надад илгээсэн бөгөөд бид уг цүнх одоо ямар нэгэн аюулгүй боллоо. Санаа зовох юмгүй гэж цааш нь явсан. Х.Орал нар нь Астана хотын вокзалд бууж үлдсэн. Би буцаад Монгол улсын хилээр 2016 оны 10 дугаар сарын дундуур орж ирсэн. Энэ хугацаанд Х.Орал нартай уулзаж учраагүй. Өлгийд хот хоорондын зогсоолд байж байхад Х.Айдын надад ирж Би чиний итгэмжилж хэлж авахуулсан цүнхийг Улаанбайшинтын боомтод Айнагүлээс авч өөрийн орон сууцны гадаа машинаа тавьж хонохдоо бусад ачаануудын хамт шөнө хулгайд алдсан.

Машины камерт хулгайлсан байдал бичигдсэн бөгөөд одоо энэ хэргийг цагдаагийн ахмад З.Зангар гэгч шалгаж байна. Та нарыг гэрчээр асууна гэсэн. Очиж Зангартай уулзаж мэдүүлэг өгнө үү гэж хүссэн. Би эхнэр Хуралайн хамт ахмад Зангарт очиж цүнхийг Х.Айдын авч явсан нь үнэн юм гэж мэдүүлэг өгсөн. Х.Орал нарын цүнхтэй ачаа хулгайд алдагдсан бололтой юм. Харин энэ цүнхийг би аваагүй, хариуцахгүй болохоор огт мэдэхгүй юм. Өөрөөр хэлбэл би хариуцагч биш.

Учир нь Орос улсын хилд цүнхийг Х.Орал нар Казахстан улсын жолоочийн машинд Монгол улс руу явуулахаар өөрсдөө хийсэн. Замд Х.Айдын цүнхийг Айнагүлийн гэрээс авч манайд аваачин уу гэж би Х.Орал нарын дэргэд хэлж өгч тусалсан. Х.Айдын нь надад мессеж илгээж цүнхийг авлаа гэж мэдэгдсэн. Х.Айдын нь цүнхийг аваад манайд аваачаагүй байхад өөрийн орон сууцны орчимд бусад бараануудын хамтад хулгайд алдсан. Х.Айдыны хулгайлагдсан эд барааны хэргийг цагдаагийн газар шалгасан. Би цүнхэнд юу байсныг огт мэдэхгүй, хараагүй бөгөөд Х.Орал нараас цүнхийг аваагүй зэрэг цүнхний талаар мэдэхгүй болохоор хариуцагч биш гэж тайлбарлаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Орал, Э.Мөнхжаргал нарын хариуцагч А.Жанарбек, С.Кенжебек нарт холбогдох алдагдсан барааны үнэ 2014000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: ... Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 тоот шийдвэрээр Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-д зааснаар Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэдэгт нийцээгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

 

1. Зорчигч Х.Орал, Э.Мөнхжаргал нарын ОХУ-ын Ташаантын хилийн боомтоор нэвтрүүлэхийг хориглосон эд бараа бүхий баглаа боодол бүхий цүнхтэй эд зүйлийг тээвэрлэгч А.Жанарбек, С.Кенжебек нар нь тээвэрлэх явцад алга болгосныг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, уг эд зүйлийг С.Кенжебек алга болгосныг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас шалгаж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016.12.07-ны өдрийн 5/488 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоолоор батлагдсаар байтал анхан шатны шүүхээс 2017.05.02-ны өдрийн 296 тоот шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн заалтад нийцээгүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

 

2. Хамтран хариуцагч С.Кенжебек нь тухайн нэхэмжлэгч Х.Орал, Э.Мөнхжаргал нарын нэхэмжилсэн эд барааг баглаа боодлын хамт /цүнхтэй/ хүлээн авсныг өөрөө хүлээн зөвшөөрөөд байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэдэгт нийцэхгүй байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.02-ны өдрийн 296-тоот шийдвэрийн үндэслэлд Нэхэмжлэгч нар ачааг тоо хэмжээгээр хүлээлгэж өгөөгүй, ачаа алдагдсан байдалд С.Кенжебек буруутай гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 388-р зүйлийн 388.1.2-д зааснаар ачааны гадаад байдал, сав, баглаа боодол зэргийг тээвэрлэгч хүлээж авахдаа шалгах үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Х.Орал, Э.Мөнхжаргал нарын баглаа боодол бүхий цүнхтэй эд барааг хүлээн авсан учраас хариуцагч С.Кенжебект барааг нэг бүрчлэн хүлээлгэн өгөх үүргийг ачаа илгээгч хариуцахгүй гэж үзэж байна. Хариуцагч С.Кенжебек нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул буруутай гэж үзэж байна. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4-д заасан тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байх тул тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөх учиргүй гэж үзнэ. Иймд давж заалдах гомдлын үндсэн дээр хэргийг давж заалдах журмаар хянан үзэж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.02-ны өдрийн 296 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Алтайн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Өмгөөлөгч Х.Зулхашын барааны үнэ 2.014.000 төгрөг гаргуулах тухай А.Жанарбек, С.Кенжебек нарт холбогдох анхан шатны шүүхийн 2017 оны 296 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолтой А.Жанарбекийн өмгөөлөгч С.Алтай би танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Баян -Өлгий аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 296 дугаартай шийдвэр нь хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтын дагуу зөв гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгч К.Зулхашын бичсэнээр эд бараа бүхий баглаа, боодол, бүхий цүнхтэй зүйлийг тээвэрлэгч А.Жанарбек тээвэрлэх явцад алга болгосныг өөрөө хүлээн зөвшөөрөөгүй А.Жанарбек нь С.Кенжебект өгсөн нь нотлогдсон байдаг.С.Кенжебек нь дээрх цүнхтэй эд зүйлийг хүлээн авч Өлгийд ирээд шөнө нь машин дотроос хулгайд алдсан гэдгийг хэлж Цагдаад шалгуулсан зэрэг нь уг алдагдсан эд зүйлийн хариуцагч нь А.Жанарбек биш болохыг нотолж байна. Иймд 296 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн А.Серикжаны давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхашын Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр танилцаж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд хандаж: ...хариуцагч А.Жанарбек, С.Кенжебек нар бараатай цүнхийг тээвэрлэснийг болон алга болгосныг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа эдгээр нөхцөл байдлуудыг анхаараагүй, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн агуулгатай гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...алга болсон цүнхэнд 2014000 төгрөгийн үнэ бүхий бараа байсан ...алга болсон тул үнийг хариуцагчаар гаргуулж өгнө үү гэж тайлбарладаг. Үйлчлүүлэгч С.Кенжебек 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Цагааннуур боомт дахь Улаанбайшинт гэх газраас хариуцагч А.Жанарбекийн захисан жижгэвтэр, дотор нь ойр зуурын замд идэж уух зүйл байсан гэх цүнхийг түүний хэлсэн газраас авч аймгийн төв хүртэл тээвэрлэж ирээд хулгайд алдсан байдаг. Үйлчлүүлэгчийн тайлбар бусад байдлаар хэрэгт авагдсан нотлох баримт болох Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 5/488 дугаар тогтоолын олсон нь: гэсэн хэсэгт ...холбогдох хүмүүсийн тайлбараар уг цүнхэнд ойр зуурын замд идэж уух зүйл байсан гэсэн тэмдэглэлээр нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа 2014000 төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлсон боловч үүнийгээ нотолж чадаагүй.

 

Шүүх нотлох баримтыг гадны ямар нэг нөлөөгүйгээр, зөвхөн хэрэгт цугларсан цогц байдлаар. харьцуулан судалсны үндсэн дээр үнэлэх учиртай. Өөрөөр хэлбэл зөвхөн шүүх нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуулагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтоодог билээ. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд хандаж гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Орал, Э.Мөнхжаргал нар нь хариуцагч А.Жанарбек, С.Кенжебек нарт холбогдуулан тээвэрлүүлсэн нэг цүнх бүхий эд зүйлсийн үнэ 2,014,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/591 дүгээр, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5/488 дугаар тогтоол зэрэг бусад бичмэл нотлох баримтуудыг харьцуулан судалбал, Х.Орал, Э.Мөнхжаргал нар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсаас БНКазахстан Улс руу А.Жанарбекийн Истана маркийн суудлын автомашинаар зорчих явцад ОХУ-ын Ташанта боомтоор дээрх зорчигчдын зарим эд зүйлсийг нэвтрүүлээгүй тул тэдний даалгавраар нэг цүнх бүхий эд зүйлсийг жолооч А.Жанарбек нь ОХУ-ын Ташанта боомтоос Монгол Улсын Цагааннуур /Улаан байшинт/ боомт дахь Мурат зоогийн газар хүртэл бусдаар тээвэрлүүлэн хүргүүлж, улмаар С.Кенжебек /зорчигч тээврийн жолооч/ нь А.Жанарбекийн даалгаснаар Цагааннуур боомтын Мурат зоогийн газраас Баян-Өлгий аймгийн Өлгий сум хүртэл дээрх нэг цүнх бүхий эд зүйлсийг тээвэрлэн хүргэж, өөртөө хадгалж байхаар харилцан тохиролцсон ба 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шөнө С.Кенжебекийн Мерседес спринтер маркийн, 1629 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээс дээрх нэг цүнх бүхий эд зүйлс хулгайд алдагдсан үйл баримт тогтоогджээ.

 

Үүнээс дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1.-т заасан тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд тээвэрлэгч болон дамжуулан тээвэрлэгч нар мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.1.-т зааснаар ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсаны хариуцлагыг бүхэлд нь хариуцах үүрэгтэй байна. Иймээс тээвэрлүүлэгч Х.Орал, Э.Мөнхжаргал нар нь тээвэрлэгч А.Жанарбек, дамжуулан тээвэрлэгч С.Кенжебек нараас алдагдсан барааны үнийг нэхэмжлэх, шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1, 393.4.-т зааснаас үзвэл, тээвэрлүүлсэн бараа буюу Х.Орал, Э.Мөнхжаргал нарын нэг цүнх бүхий эд зүйл алдагдсан нь тогтоогдсон тохиолдолд энэхүү үйл явдалд тээвэрлэгчид болох А.Жанарбек, С.Кенжебек нар буруутай эсэхээс үл хамааран тээвэрлэгч болон дамжуулан тээвэрлэгч нь тээвэрлэх явцад алдагдсан барааг хариуцах, эсхүл үнийг төлөх үүрэгтэй боловч Х.Орал, Э.Мөнхжаргал нарын тээвэрлүүлсэн цүнхэнд чухам ямар үнэтэй, ямар төрлийн эд зүйлс байсан нь баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нар тээвэрлүүлсэн цүнхэнд Монгол Улсад үйлдвэрлэгдсэн тэмээний ноосон болон хөврөн цамц, пальто, савхин бээлий, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хувцаснууд зэрэг нийт 2,014,000.00 төгрөгийн үнэтэй эд зүйлс байсан гэж, хариуцагч нар тус цүнхэнд ойр зуурын ахуйн хэрэглээний эд зүйлс байсан гэж зөрүүтэй тайлбарлах боловч нэхэмжлэлд дурдсан эд зүйлс тус цүнхэнд байсан эсэх, тус бүр нь ямар үнэлгээтэй талаар нотлох баримтыг нэхэмжлэгч нар шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрсдөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК