Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00801

 

Д.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 131/ШШ2018/00911 дүгээр шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2013/МА2019/00003 дугаар магадлалтай

Д.Аийн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-ийн Баянхонгор салбар, Д.Д.А, С.С.Ц нарт холбогдох,

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/233 тоот “Батлан даалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, “Барьцааны гэрээ”-ний Д.Аийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 40 дүгээр байрны 5 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багийн 40-р байрны 5 тоот 69 м 2 , улсын бүртгэлийн Ү-0320003452 дугаартай орон сууцыг худалдан авч тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн тус байрны гэрчилгээг ээждээ хадгалуулж байсан юм. Гэтэл миний ээж өвчний учир нас барсны дараа манай ахын эхнэр Дамдинхоролын С.Ц нь миний өмчлөлийн орон сууцны гэрчилгээг миний иргэний үнэмлэхний хуулбарыг хаанаас ч юм олж аваад 2015 оны 10 сарын 30-ны өдөр миний өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багийн 40-р байрны 5 тоот 69 м.кв, улсын бүртгэлийн Ү-0320003452 дугаартай орон сууцыг банкнаас авах зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ, хэлцэл хийх, зээл, барьцааны гэрээнд намайг төлөөлж гарын үсэг зурах, гэрээ бүртгүүлэх эрхийг олгосон итгэмжлэлийг нотариатч Б.Авидаар гэрчлүүлэхдээ миний гарын үсгийг дуурайлган зурж, итгэмжлэл гэрчлүүлэн Хны 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, барьцааны гэрээ байгуулан барьцаанд тавьсан болохыг мэдэж, нотариатын 1117 дугаартай үйлдлийг хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэр гарсан тул 1117 дугаартай нотариатын үйлдлийг үндэслэж гарсан барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Энэ талаар өмнө нь гаргасан нэхэмжлэлийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 17-ны өдрийн 131/ШЗ2018/01996 тоот захирамжаар хариуцагч Д.Д.Аыг Баянхонгор аймаг, Богд сумын 6-р багт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Одоо Д.Д.А нь тус хаягтаа ирсэн. Баянхонгор аймагт оршин сууж байна.

Иймд 2015 оны 10 сарын 30-ны өдрийн Д.Д.А, Х нарын хооронд байгуулсан ЗГ/233 тоот барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Хны барьцаанд тавьсан Баянхонгор сумын 3-р багийн 40-р байрны 5 тоот орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн үйл баримтаар хариуцагч Д.Д.А, С.С.Ц нар нь Хтай батлан даалтын гэрээ гэсэн зүйл байгуулаагүй юм байна. Иймд энэ шаардлагаасаа татгалзаж, барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлээ тодруулж байна. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь уг өмчөө захиран зарцуулах эрхтэй. Гэтэл өмчийн хууль ёсны эзэмшигч байхгүй байхад С.С.Ц нь өмчлөгчид мэдэгдэлгүйгээр түүний бичиг баримтыг ашиглан нотариат дээр өмнөөс нь гарын үсэг зурж итгэмжлэл хийлгэн, уг итгэмжлэлээ ашиглан банктай барьцааны гэрээ байгуулсан байна. Хны зүгээс өмчлөгчийн зөвшөөрлийг шалгаагүй, нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг тодруулаагүй байна.

Улмаар нэхэмжлэгч Д.А нь өөрийн зөвшөөрөлгүй хийгдсэн итгэмжлэлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандсанаар Баянхонгор сум дундын шүүхийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 00129 дугаар шийдвэр гарч нотариатч Б.Авидын 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 1117 дугаар итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосон байна. Одоо Х Д.Д.А, С.С.Ц нарын хооронд хийгдсэн БГ/233 дугаар барьцааны гэрээний Д.Аийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, Баянхонгор сумын 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5 тоот орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч Д.Д.А, С.С.Ц нар нь Хны Баянхонгор салбараас 2015 оны 10 сарын 30-ны өдөр ЗГ/233 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр зээл төлөх тогтмол нөхцөлтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Уг зээлийн барьцаанд Ү-0320000809 улсын бүртгэлийн дугаартай 69.4 мкв орон сууцыг итгэмжлэлээр барьцаалсан бөгөөд тухайн үед уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан хэлцэлд төлөөлөх хуулийн шаардлагыг хангасан байдаг.

Иймд холбогдох хууль, дүрэм журамд заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгө болох Баянхонгор сумын 3-40-5 тоот орон сууцыг барьцаалж зээл олгосон. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл уг зээлийг төлж барагдуулаагүй байх тул уг барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ..гэж заажээ.

Дээрх хуулийн дагуу уг орон сууцыг зээлдэгч нар нь Д.Аээс С.С.Цд олгосон итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалуулсан ба уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2.4-д заасан нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаж байсан бөгөөд түүнийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй мөн нотариатаар гэрчлүүлсэн байх тул барьцаалах эрхгүй болохыг мэдэх боломжгүй гэж үзнэ.

Мөн хариуцагч Д.Д.А шүүхэд гаргасан тайлбараар давхар нотлогдож байгаа тул Х Иргэний хуулийн 154.6-д заасан уг орон сууцны шударга барьцаалагч тул шударга эзэмшигч гэж үзнэ. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 131/ШЗ2018/00656 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид ... С.С.Ц, Д.Д.А нар нь хамтран хариуцагч нар байх бөгөөд хариуцагч Д.Д.Ат олгосон итгэмжлэлд Д.Д.А нь гарын үсэг зураагүй, нотариатч нь Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн, Д.Д.А нь ...С.С.Цгийн өмчлөлийн Ү-0320000809 бүртгэлтэй 50.84 кв талбайтай орон сууц гаргахад энэ зээлийг авсан байна. Энэ талаар банк шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр мэдэж байгаа тул би хариуцахгүй... гэх тайлбарыг шүүхэд гаргаж байсан зэргээс үзэхэд банк хуульд зааснаар шударга барьцаалагч байна. Хэдийгээр хариуцагч Д.Д.А тус шүүхэд 2018 оны 08 сарын 14-ний өдөр гаргасан хариу тайлбартаа..нэхэмжлэлд дурдсан барьцааны болон батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг зөвшөөрч байна гэх боловч уг итгэмжлэлийг Д.Аээс Д.Д.Ат бус С.С.Цд олгосон итгэмжлэл байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэлд дурдсан зүйл үндэслэлгүй байна. Тухайн үед уг байранд банкны зүгээс газар дээр нь үзлэг хийсэн энэ үед Д.Аийн ээж амьд сэрүүн байсан, гэтэл нас барсан байх үеэр гэж нэхэмжлэлд бичсэн байна. Энэ нь өмнөх шүүх хуралдаанд банкны төлөөлөгч П.Оюунчимэгийн өгсөн тайлбараар тогтоогдоно. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль журамд зааснаар хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг тухайн хувь хүний хүсэлтээр гаргаж өгөх ёстой. Эндээс үзвэл Д.А нь өөрөө энэ байгууллагад хандаж лавлагаа авч байснаас үзвэл эд хөрөнгөө барьцаанд тавихыг зөвшөөрч байсан гэж үзэж байна.  Иймд холбогдох хууль, дүрэм журамд заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгө болох Баянхонгор сумын 3 дугаар баг 40 дүгээр байрны 5 тоот орон сууцыг барьцаалж зээл олгосон. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл уг зээлийг төлж барагдуулаагүй байх тул уг барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Д.Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Надад мөнгөний хэрэгцээ гарч банкнаас зээл авахаар эхнэр С.С.Цтай ярьсан. Тэгээд С.С.Ц нь банкны барьцаа хүрэхгүй байна гэж Баянхонгор аймгийн 3-р багийн 40-р байрны 5 тоот 69м кв орон сууцны гэрчилгээг банкны барьцаанд тавьсан байсан. Би тус орон сууцыг банкны барьцаанд тавьсан гэдгийг банкинд гарын үсэг зурахаар очихдоо л мэдсэн. Эхнэр С.С.Ц, Д.А нарын юу ярьж тохиролцож тус орон сууцны гэрчилгээг барьцаанд тавьсан талаар тодорхой зүйл мэдэхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан барьцааны гэрээ батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг зөвшөөрч байна. Учир нь Д.Атэй маргаан бүхий орон сууцны гэрчилгээг банкны барьцаанд тавих талаар ярьж тохирсон зүйл байхгүй тул орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С.Ц нь зээлийн барьцаа хөрөнгө дутаад гээд Д.Аийн байрыг барьцаалсан гэж л байсан. Би нарийн зүйлийг мэдэхгүй байна. Би Д.Атэй ярьж хөөрч байрыг нь барьцаанд тавъя гэж тохирсон зүйл байхгүй. Зээлийн асуудлыг С.С.Ц хариуцаж байсан. С.С.Ц л үл хөдлөх болон банкны эдийн засагч нартай инээж хөхөрөөд ярьж хөөрөөд л гэрээ байгуулж гарын үсэг зур гэсэн газар нь би зурж байсан. Энэ байр надад хамааралгүй, би одоо тодорхой хаяггүй 2 хүүхэдтэйгээ ирэн очин байдаг. Энэ байрыг банкны барьцаанаас чөлөөлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч С.С.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2015 оны 10 сарын 30-ны өдөр нөхөр Д.Д.Аын хамтран зээлдэгчээр орж 100.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1.8 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бизнесийн зээл авсан. Хинд зээлээ судлуулж салбарын зээлийн хорооны хурлаар ороход барьцаа хөрөнгө дутсан, барьцаа хөрөнгө нэмж байж хүссэн зээлээ авна гэхэд нөхөр Д.Д.А нь ээж, дүү Д.А нартайгаа ярьж Баянхонгор аймгийн 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5 тоот 69м кв улсын бүртгэлийн Ү-0320003452 дугаартай орон сууцыг Хны барьцаанд тавьсан. Д.А өөрийн байрыг барьцаанд тавьж байснаа мэдэж байсан гэжээ.

Хариуцагч С.С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 сарын 30-ны өдөр Д.Д.А бид хоёр 100.000.000 төгрөгийг Хнаас зээлсэн. Д.Д.А нь Д.Аийн байрыг барьцаанд тавих үед хадам ээж амьд сэрүүн байсан, банкнаас газар дээр нь очиж шалгасан. Энэ үед Д.Д.А итгэмжлэл хийлгэхийг зөвшөөрч надад итгэмжлэл олгуулж байсан. Би тэр айлын байрны бичиг баримт, иргэний үнэмлэхийг хаана хадгалдагийг ч мэдэхгүй, олж авах боломжгүй, Д.А байраа барьцаанд тавихыг мэдэж байсан. Одоо уг байранд Д.Д.А амьдардаг, энэ байрыг захиран зарцуулах эрхтэй тул банкны хугацаа хэтэрсэн зээлийг энэ барьцаа хөрөнгөөс гаргуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 131/ШШ2018/00911 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг тус тус баримтлан Х ХХК, зээлдэгч Д.Д.А, С.С.Ц нарын хооронд хийгдсэн 2015 оны 10 сарын 30-ны өдрийн БГ/233 дугаар барьцааны гэрээний Д.Аийн өмчлөлийн Баянхонгор аймаг, Баянхонгор сум 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5-тоот, 67,9 мкв, Y-0320003452 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3-д заасныг тус тус баримтлан Д.Аийн өмчлөлийн Баянхонгор сум 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5-тоот, 67,9мкв, улсын бүртгэлийн Y-0320003452 дугаартай орон сууцыг Х ХХК-ийн барьцаанаас чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Х ХХК, Д.Д.А, С.С.Ц нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2013/МА2019/00003 дугаар магадлалаар:  Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 131/ШШ2018/00911 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Гантогтохын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Хны Баянхонгор салбар Төв тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Зээлдэгч Д.Д.А, С.С.Ц нар нь Хны Баянхонгор салбараас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/233 тоот зээлийн гэрээ, БГ/233 тоот барьцааны гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар сар бүр зээл, хүү тогтмол төлөх нөхцөлтэйгөөр, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Уг зээлийн барьцаанд Ү-0320000809 улсын бүртгэлийн дугаартай 69,4 м.кв орон сууцыг итгэмжлэлээр барьцаалсан бөгөөд тухайн үед уг итгэмжлэл нь иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан хэлцэлд төлөөлөх хуулийн шаардлагыг хангасан байдаг. Иймд холбогдох хууль, дүрэм журамд заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгө болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 10 дугаар байрны 5 тоот орон сууцыг барьцаалж зээл олгосон. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “...Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь “эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж заажээ.

Дээрх хуулийн дагуу уг орон сууцыг Д.Д.А, С.С.Ц нар нь Д.Аээс С.С.Цд олгосон итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалуулсан ба уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4-т заасан нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаж байсан бөгөөд банк түүнийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй, мөн нотариатаар гэрчлүүлсэн байх тул барьцаалах эрхгүй болохыг мэдэх боломжгүй гэж үзнэ. Хариуцагч Д.Д.Аын шүүхэд гаргасан хариу тайлбараар давхар нотлогдож байгаа тул Х Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан уг орон сууцны шударга барьцаалагч тул шударга эзэмшигч буюу шударга барьцаалагч гэж үзнэ.

Дээрх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь барьцаалуулагчийн өмчлөлд шилжээгүй байх тул барьцаагаар хангагдах шаардлага үүсэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “...Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж заасны дагуу барьцаалагч буюу Х Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан итгэмжлэлийн шаардлага хангаж байсан тул уг эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгүүлж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан шударга эзэмшигч гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасан “...өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүсэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Учир нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д “Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан. Зээлдэгч Д.Д.А, С.С.Ц нар нь Хны Баянхонгор салбараас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/233 тоот зээлийн болон БГ/233 тоот барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд барьцаалагч буюу банк барьцааны гэрээгээр барьцаалсан эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх бөгөөд зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д зааснаар шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг буцааж өгөх буюу барьцаанаас чөлөөлөхөөс татгалзах эрхтэй байна.

Уг эд хөрөнгийг барьцаалах зөвшөөрлийг нотариатч олгосон бөгөөд талуудын хооронд үүссэн маргаан нь нотариатын үйлдэлтэй холбоотой бөгөөд хэрэв нотариат хууль бус үйлдэл хийж уг итгэмжлэлийг олгоогүй бол талуудын хооронд барьцааны гэрээгээр тухайн эд хөрөнгө барьцаалагдахгүй бөгөөд энэхүү маргаан үүсэх үндэслэлгүй байсан.

Нотариатын тухай хуулийн дүгээр зүйлийн 4.3-д “...Нотариатч нь төришгнэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан банк буюу барьцаалагч нь нэгэнт төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж олгосон итгэмжлэлийг үндэслэж барьцаалсан нь банкны буруутай үйлдэл бус юм.

Нотариатын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...Нотариатч нь нотариатын үйлдлийг буруу хийсэн, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг буруу тогтоосон зэрэг бусад буруутай үйлдлийн улмаас үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор хариуцлагын албан журмын даатгалд даатгуулна” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “...нотариатчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирвал үйлчлүүлэгч нөхөн төлүүлэх” эрхтэй гэж тус тус хуульчилсан байна.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд банк буюу үүрэг гүйцэтгүүлэгч Д.Аийн өмчлөх эрхийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй бөгөөд уг эд хөрөнгийн үр шимийг барьцаалагч бус өмчлөгч Д.А хүртэж байгаа бөгөөд өмчлөгч Д.А нь өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулсан гэж үзэж байгаа бол Нотариатын тухай хуульд зааснаар өөрт учирсан хохирлоо нотариатч Б.Авидаас төлүүлэх шаардах эрх нь нээлттэй болно.

Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Д.А нь “Х” ХХК-ны Баянхонгор салбар, Д.Д.А, С.С.Ц нарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/233 тоот “Батлан даалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, “Барьцааны гэрээ”-ний Д.Аийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 40 дүгээр байрны 5 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Д.А зөвшөөрч, хариуцагч “Х” ХХК, С.С.Ц нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх барьцааны гэрээн дэх нэхэмжлэгчийн өмчийг барьцаалсан хэсгийг хүчингүйд тооцож, маргаж буй хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж, батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Х” ХХК, зээлдэгч Д.Д.А, С.С.Ц нарын хооронд ЗГ/233 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдсан ба тус гэрээгээр зээлдэгч нар нь 100 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор жилийн 21.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан ба гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэр бүхий хөдлөх болон үл хөдлөх нийт 8 эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.

Зээлдэгч нь Д.Аийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 3 дугаар багийн 40 дүгээр байрны 5 тоот 69.4 м.кв талбай бүхий орон сууцыг Д.Аээс С.С.Цд олгосон, банкнаас авах зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг үндэслэн барьцаалсан байна.

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ШШ2018/00129 дүгээр шийдвэрээр Д.Аээс С.С.Цд олгосон итгэмжлэлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.А нь дээрх шийдвэрийг үндэслэн нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг үндэслэн, хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээнд нэхэмжлэгч Д.Аийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, тус хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 160 дугаар зүйлийн 160.1.3., 160.3. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нар нь “Батлан даалтын гэрээ” байгуулаагүй тул батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаасаа татгалзсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг үндэслэж барьцаалсан эд хөрөнгөтэй холбоотой барьцааны гэрээний холбогдох заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т зааснаар хүчин төгөлдөр бус тул “...итгэмжлэлийг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, ...зээлдэгч С.С.Цг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхгүй этгээд болохыг мэдэх боломжгүй байсан...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь мөн шүүх Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6. дахь заалтыг хэрэглээгүй гэжээ.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6. дахь заалт нь барьцааны хөрөнгийг эзэмшиж байсан этгээдэд хамаарах зохицуулалт бөгөөд зээлдэгч С.С.Ц, Д.Д.А нар нь тус орон сууцыг эзэмшиж байгаагүй, түүнчлэн банк барьцааны хөрөнгийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй тул барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдэх боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй, барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй юм.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагч “Х” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх боловч “хүчин төгөлдөр бусд тооцох хэлцлийг хүчингүйд тооцож”, хуулийн нэр томъёог буруу бичсэн байсныг давж заалдах шатны шүүх засаагүй байх тул алдааг зөвтгөж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2013/МА2019/00003 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 131/ШШ2018/00911 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хүчингүйд тооцож...” гэснийг “...хүчин төгөлдөр бус болохыг тогтоож...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын гомдлыг хангахгүй орхисгай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД