Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 01592

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01592

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 17-р байрны 50 тоотод оршин суух, Боржигон овогт Сүхбаатарын Цолмон /РД: ХА78032011/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 25-р байр, 242 тоотод оршин суух, Боржигон овогт Маамын Соронзонболд /РД: ЧБ78051218/,

 

 Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүнбаянцагаан 5-р гудамж, 188 тоотод оршин суух, Боржигон овогт Маамын Алтансүх /РД: ЧБ71051619/

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан гудамж, Номун виллаж хотхон 100/6 дугаар байр, 55 тоотод оршин суух, Шаргалжуут овогт Дамбын Батбаяр /РД: УБ78090815/ нарт холбогдох,

 

130 947 282 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагч М.Соронзонболд, М.Алтансүх, Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Б.Нармандах, гэрч О.Алтангэрэл, С.Мөнхбаяр, Л.Бүдрагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 5 дугаар сарын эхээр миний танил болох Д.Батбаяр над руу “мөнгө зээлж тус болооч, зайлшгүй шаардлага гарлаа” гэж залгасан. Улмаар хэд хоногийн дараа дахин залгаж Хан-Уул дүүрэгг байрлах гззрыг барьцаалж 80 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлэх, барьцаа хөрөнгөтэй гэж гуйсан тул зээл өгч болох юм гэж бодсон. Ингээд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 1201 м.кв талбайтай, 0379299 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дугаар шийдвэрээр олгогдсон газрыг үзэж барьцаанд авахаар болсон. Газрыг барьцаалахдаа газар эзэмших эрхийг надад шилжүүлэх гэрээ байгуулах, хэрэв зээлийг төлж чадахгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд газар миний нэр дээр шилжин ирэх нөхцлийг бид харилцан тохиролцон холбогдох гэрээ, хэлцлүүдийг байгуулан нотариатаар баталгаажуулсан. Газартай холбоотой гэрээ байгуулах болоход энэхүү газар нь Л.Алтансүхийн нэр дээр холбогдох бичиг баримтууд нь байсан бөгөөд түүний төрсөн дүү болох М.Соронзонболд нь “ах Л.Алтансүхийн нэр дээр л байдаг болохоос ах бол хамаагүй, миний газар” гэж хэлж байсан. Мөн уг газар нь М.Соронзонболдынх гэдгийг Л.Хаш-Эрдэнэ болон Д.Батбаяр нар баталж байсан. Ингээд 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын ард байрлах нотариат дээр Л.Алтансүх, М.Соронзонболд, Д.Батбаяр нар ирж Л.Алтансүх нь өөрийн биеэр эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, 55 750 ам.долларыг 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлж, хэрэв тохиролцсон хугацаанд зээл төлөгдөөгүй тохиолдолд газрын эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад бичиг баримтуудыг Нийслэлийн газрын албанд бүртгүүлэн, газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хүлээн зөвшөөрч тохиролцсон. Уг газрын хувьд ямарваа нэгэн өр төлбөрийн болоод бусад ямар ч төрлийн маргаан байхгүй гэж надад итгүүлсэн. Гэтэл Л.Хаш-Эрдэнэд мөнгө өгсөний дараагаар бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэх материал бүрдүүлж өгөхөд газрын дуудлага худалдааны үнэ 5 853 200 төгрөг, 2012 оны газрын төлбөр, алданги, 2013 оны газрын төлбөр дутуу байна гээд 792 600 төгрөг, нийт 6 645 800 төгрөгийг төлж барагдуулаагүй байсаныг төлсөн. Зээл өгөхдөө “ам.доллараар байгаа, ам.долларын дансанд хийе, дансны дугаар өг” гэхэд тэд хоорондоо ярилцаж байгаад “бидэнд ам.долларын данс байхгүй байна, Д.Батбаярын эхнэрийн данс руу мөнгөө хийчих” гэж хэлсэний дагуу Чингэлтэй дүүрэгт байрлах Голомт банкны салбараас эхнэрээрээ дамжуулан 55 750 ам.долларыг шилжүүлсэн. Зээл олгосоноос хойш удаа дараа шаардсан боловч ямар ч төлбөр төлөгдөхгүй байсан тул харилцан тохиролцсон ёсоор газрыг өөрийн нэр дээр 2013 оны 12 дугаар сард шилжүүлэн авсан. Гэтэл Л.Алтансүх нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах замаар газрыг буцаан авсан. Л.Алтансүх нь шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэний эцэст түүний нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Улмаар тэд гэрээгээр халхавчлан миний хөрөнгийг бүлэглэн, залилан мэхлэн авч өнөөдрийг болтол нэг ч төгрөг төлөхгүйгээр барахгүй, хийгдсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан хүчээр буцаан өөрсдийн нэр лүү шилжүүлсэн асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч иргэний асуудал тул эрүүгийн хэрэг биш гэж шийдвэрлэсэн. Иймд Л.Хаш-Эрдэнэ болон М.Соронзонболд нараас 55 750 ам.доллар буюу 113 001 348 төгрөг, зээлийн хүүнд 5 575 ам.доллар буюу 11 300 135 төгрөг, нийт 124 301 482 төгрөгийг, Л.Алтансүхээс газрын дуудлага худалдааны үнэ 5 853 200 төгрөг, 2012 оны газрын төлбөр, алданги, 2013 оны газрын төлбөр дутуу төлбөр 792 600 төгрөг, нийт 6 645 800 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Цолмон шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын эхээр миний танил болох Д.Батбаяр над руу “мөнгө зээлж тус болооч, зайлшгүй шаардлага гарлаа” гэж залгасан. Улмаар хэд хоногийн дараа дахин залгаж Хан-Уул дүүрэгг байрлах гззрыг барьцаалж 80 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлэх, барьцаа хөрөнгөтэй гэж гуйсан тул зээл өгч болох юм гэж бодсон. Ингээд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 1201 м.кв талбайтай, 0379299 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дугаар шийдвэрээр олгогдсон газрыг үзэж барьцаанд авахаар болсон. Газрыг барьцаалахдаа газар эзэмших эрхийг надад шилжүүлэх гэрээ байгуулах, хэрэв зээлийг төлж чадахгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд газар миний нэр дээр шилжин ирэх нөхцлийг бид харилцан тохиролцон холбогдох гэрээ, хэлцлүүдийг байгуулан нотариатаар баталгаажуулсан. Газартай холбоотой гэрээ байгуулах болоход энэхүү газар нь Л.Алтансүхийн нэр дээр холбогдох бичиг баримтууд нь байсан бөгөөд түүний төрсөн дүү болох М.Соронзонболд нь “ах Л.Алтансүхийн нэр дээр л байдаг болохоос ах бол хамаагүй, миний газар” гэж хэлж байсан. Мөн уг газар нь М.Соронзонболдынх гэдгийг Л.Хаш-Эрдэнэ болон Д.Батбаяр нар баталж байсан. Ингээд 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын ард байрлах нотариат дээр Л.Алтансүх, М.Соронзонболд, Д.Батбаяр нар ирж Л.Алтансүх нь өөрийн биеэр эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, 55 750 ам.долларыг 5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлж, хэрэв тохиролцсон хугацаанд зээл төлөгдөөгүй тохиолдолд газрын эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад бичиг баримтуудыг Нийслэлийн газрын албанд бүртгүүлэн, газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хүлээн зөвшөөрч тохиролцсон. Уг газрын хувьд ямарваа нэгэн өр төлбөрийн болоод бусад ямар ч төрлийн маргаан байхгүй гэж надад итгүүлсэн. Гэтэл Л.Хаш-Эрдэнэд мөнгө өгсөний дараагаар бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэх материал бүрдүүлж өгөхөд газрын дуудлага худалдааны үнэ 5 853 200 төгрөг, 2012 оны газрын төлбөр, алданги, 2013 оны газрын төлбөр дутуу байна гээд 792 600 төгрөг, нийт 6 645 800 төгрөгийг төлж барагдуулаагүй байсаныг төлсөн. Зээл өгөхдөө “ам.доллараар байгаа, ам.долларын дансанд хийе, дансны дугаар өг” гэхэд тэд хоорондоо ярилцаж байгаад “бидэнд ам.долларын данс байхгүй байна, Д.Батбаярын эхнэрийн данс руу мөнгөө хийчих” гэж хэлсэний дагуу Чингэлтэй дүүрэгт байрлах Голомт банкны салбараас эхнэрээрээ дамжуулан 55 750 ам.долларыг шилжүүлсэн. Зээл олгосоноос хойш удаа дараа шаардсан боловч ямар ч төлбөр төлөгдөхгүй байсан тул харилцан тохиролцсон ёсоор газрыг өөрийн нэр дээр 2013 оны 12 дугаар сард шилжүүлэн авсан. Гэтэл Л.Алтансүх нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах замаар газрыг буцаан авсан. Л.Алтансүх нь шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэний эцэст түүний нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Улмаар тэд гэрээгээр халхавчлан миний хөрөнгийг бүлэглэн, залилан мэхлэн авч өнөөдрийг болтол нэг ч төгрөг төлөхгүйгээр барахгүй, хийгдсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан хүчээр буцаан өөрсдийн нэр лүү шилжүүлсэн асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч иргэний асуудал тул эрүүгийн хэрэг биш гэж шийдвэрлэсэн. Иймд Д.Батбаяраас 43 187 ам.доллар буюу 87 537 580 төгрөг, зээлийн хүүнд 4 319 ам.доллар буюу 8 753 758 төгрөг, нийт 47 506 ам.доллар буюу 96 291 339 төгрөгийг, М.Соронзонболдоос 12 563 ам.доллар буюу 25 463 767 төгрөг, зээлийн хүүнд 1 256 ам.доллар буюу 2 546 377 төгрөг, нийт 13 819 ам.доллар буюу 28 010 144 төгрөгийг, Л.Алтансүхээс газрын дуудлага худалдааны үнэ 5 853 200 төгрөг, 2012 оны газрын төлбөр, алданги, 2013 оны газрын төлбөр дутуу төлбөр 792 600 төгрөг, нийт 6 645 800 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Соронзонболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч С.Цолмон нь миний төрсөн ах М.Алтансүхийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 1201 м.кв талбайтай, 0379299 дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дугаар шийдвэрээр олгогдсон газрыг зээлийн барьцааны гэрээ байгуулан, 80 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэхээр болж нэхэмжлэгч С.Цолмон нь барьцааны гэрээг шууд эрх шилжүүлэх гэрээ хийсэн ба миний бие ах М.Алтансүхийг ятгаж, найз Л.Хаш-Эрдэнэд тус болох үүднээс тухайн хэлцлийг хийлгэсэн. Эрх шилжүүлсэн гэрээнд гарын үсэг зурахад ганц сарын хугацаатай гэж тохиролцсон боловч Л.Хаш-Эрдэнэ нь зээлийг төлөөгүй тул газар эзэмших гэрчилгээг нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Үүнээс болж ах М.Алтансүх нь газрын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор ах М.Алтансүхийн газар эзэмших эрхийг сэргээсэн. Хариуцагч Л.Хаш-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа “Д.Батбаярын эхнэрийн дансанд 80 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларыг шилжүүлсэн ба тухайн мөнгөнөөс М.Соронзонболдоос худалдан авсан 99118836 дугаарын төлбөрт 18 000 000 төгрөгийг, Д.Батбаярт төлөх өр 38 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 24 000 000 төгрөгийг махны ченжүүдэд шилжүүлсэн, миний хувьд С.Цолмонгоос авсан 80 000 000 төгрөгийг 100 хувь төлж барагдуулна” гэсэн байгаа. Л.Хаш-Эрдэнэ нь С.Цолмонгоос зээлсэн гэх 80 000 000 төгрөгөө өөрийн мэдлээр захиран зарцуулсан бөгөөд үүнд миний бие хамааралгүй. Нэхэмжэгч С.Цолмонгийн нэхэмжлэлд 28 010 144 төгрөгийг надаас нэхэмжпэж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд би С.Цолмонгоос ямар ч мөнгө зээлэх хүсэлт гаргаагүй, тухайн үед тийм шаардлага ч байгаагүй, С.Цолмонгоос би нэг ч төгрөг зээлээгүй байхад надаас зээл болон зээлийн хүү, алданг нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Цолмонтой амаар болон бичгээр нэхэмжилж байгаа мөнгөний асуудлаар хүү төлөх хэлбэрээр аливаа хэлцэл, гэрээг байгуулаагүй. С.Цолмон болон Л.Хаш-Эрдэнэ нарын хоорондын мөнгөний хэлцэлд миний бие ямарч эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй бөгөөд оролцоо байхгүй. Данс руу 38 000 000 төгрөг орох болсон шалтгаан бол хариуцагч нар нэхэмжлэгчээс мөнгийг яаж өгөх вэ гэхэд нэхэмжлэгч ам.доллараар хийнэ гэсэн. Тэгээд Л.Хаш-Эрдэнэ хүмүүсээс бүгдэнгээс нь ам.долларын данс байна уу гэхэд бид нар найзууд болохоор эхнэрийн дансыг хэлээд манай эхнэрийн ам.долларын данс руу хийсэн. Л.Хаш-Эрдэнийн жолооч хүрч ирээд С.Цолмонгоос Л.Хаш-Эрдэнэд өгсөн мөнгөнөөс надад 38 000 000 төгрөгийг өгөөд үлдэх 42 000 000 төгрөгийг аваад явсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би газрын төлбөрт  19 008 000 төгрөг төлөөд газрын гэрчилгээг авсан. Үүнээс хойш газрын төлбөр тооцооны асуудал гараагүй. Нэхэмжлэгч талаас 2 сарын дараа газрын төлбөрөө төлөхгүй бол өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна гэж яриад байна. 2 сарын хугацаа дуусаагүй байхад 2013  оны 5 дугаар сарын 13-ны өдөр 5 823 500 төгрөгийг тушаагаад явсан байсан. Аман гэрээгээр бол 2 сарын дараа газрыг шилжүүлж авах ёстой байсан. Газрын төлбөр, алданги, анхны дуудлага худалдааны төлбөрийн асуудал байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Цолмон нь хариуцагч Л.Хаш-Эрдэнэ болон М.Соронзонболд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55 750 ам.доллар буюу 113 001 348 төгрөг, зээлийн хүүнд 5 575 ам.доллар буюу 11 300 135 төгрөг, нийт 124 301 482 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Л.Алтансүхэд холбогдуулан газрын дуудлага худалдааны үнэ 5 853 200 төгрөг, 2012 оны газрын төлбөр, алданги, 2013 оны газрын төлбөр дутуу төлбөр 792 600 төгрөг, нийт 6 645 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Батбаярт холбогдуулан 43 187 ам.доллар буюу 87 537 580 төгрөг, зээлийн хүүнд 4 319 ам.доллар буюу 8 753 758 төгрөг, нийт 47 506 ам.доллар буюу 96 291 339 төгрөг гаргуулах гэж, хариуцагч М.Соронзонболдод холбогдуулан 12 563 ам.доллар буюу 25 463 767 төгрөг, зээлийн хүүнд 1 256 ам.доллар буюу 2 546 377 төгрөг, нийт 13 819 ам.доллар буюу 28 010 144 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба харин хариуцагч Л.Алтансүхэд холбогдох газрын дуудлага худалдааны үнэ 5 853 200 төгрөг, 2012 оны газрын төлбөр, алданги, 2013 оны газрын төлбөр дутуу төлбөр 792 600 төгрөг, нийт 6 645 800 төгрөг гаргуулах шаардлагаа хэвээр нь үлдээжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Л.Хаш-Эрдэнэ болон М.Соронзонболд нараас зээлийн гэрээний үүрэгт 124 301 482 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг 124 301 482 төгрөгийн 96 291 339 төгрөгийг Д.Батбаяраас гаргуулах, үлдэх 28 010 144 төгрөгийг хариуцагч М.Соронзонболдоос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Хариуцагч Д.Батбаярт холбогдох, 43 187 ам.доллар буюу 87 537 580 төгрөг, зээлийн хүүнд 4 319 ам.доллар буюу 8 753 758 төгрөг, нийт 47 506 ам.доллар буюу 96 291 339 төгрөг гаргуулах шаардлагын, хариуцагч М.Соронзонболдод холбогдох, 12 563 ам.доллар буюу 25 463 767 төгрөг, зээлийн хүүнд 1 256 ам.доллар буюу 2 546 377 төгрөг, нийт 13 819 ам.доллар буюу 28 010 144 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Батбаярт холбогдох шаардлагын үндэслэлээ “...нийт 55  750 ам.долларыг хариуцагч Д.Батбаярын эхнэрийн данс руу шилжүүлсэн, үүний 12 563 ам.долларыг хариуцагч М.Соронзонболд авсан тул үлдэх 43 187 ам.доллартай тэнцэх төгрөгийг хүүгийн хамт хариуцагч Д.Батбаяр төлөх үүрэгтэй” гэж, хариуцагч М.Соронзонболд холбогдох шаардлагын үндэслэлээ “...нийт 55  750 ам.долларыг хариуцагч Д.Батбаярын эхнэрийн данс руу шилжүүлсэн, үүний 12 563 ам.долларыг хариуцагч М.Соронзонболд авсан тул хүүгийн хамт тэрээр төлөх үүрэгтэй” гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч Д.Батбаяр нь уг үндэслэлийг “...манай эхнэрийн дансаар 55  750 ам.доллар орж ирсэн ба үүнийг Л.Хаш-Эрдэнэд өгч, үүнээс Л.Хаш-Эрдэнээс авах ёстой авлагаа би авсан, миний бие С.Цолмонгоос ямар ч мөнгө зээлээгүй” гэж, хариуцагч М.Соронзонболд нь уг үндэслэлийг “...Л.Хаш-Эрдэнээс авах төлбөрөө авсан, миний бие С.Цолмонгоос ямар ч мөнгө зээлээгүй” гэж тус тус үгүйсгэн маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 55 750 ам.доллар буюу 79 879 157 төгрөгийг Ц.Болор-Эрдэнийн Голомт банк дахь ам.долларын 1605028133 дугаар данснаас Д.Ариунзаяагийн мөн банк дахь ам.долларын 1601190803 дугаар данс руу шилжүүлсэн нь Голомт банкны дансны болон мемориалын 201407114874101098-0 дугаар баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна. /хх 4-5 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Зээл өгөхдөө Д.Батбаярын эхнэрийн данс руу мөнгөө хийчих гэж хэлсэний дагуу өөрийн эхнэрээрээ дамжуулан 55 750 ам.долларыг шилжүүлсэн” гэх тайлбар болон хариуцагч Д.Батбаярын шүүхэд гаргасан “...манай эхнэрийн данс руу 55 750 ам.доллар буюу 79 879 157 төгрөг орж ирсэн” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчийг дээрх мөнгийг шилжүүлсэн гэж үзэхээр байхаас гадна талууд уг мөнгийг нэхэмжлэгч шилжүүлсэн эсэх, мөнгийг хариуцагч Д.Батбаяр хүлээн авсан эсэх талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Хавтаст хэрэгт авагдсан дээрх Голомт банкны дансны болон мемориалын баримтаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох боловч хариуцагч Д.Батбаяр нь 55 750 ам.доллар буюу 79 879 157 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсаныг талуудын хооронд зээлийн гэрээний талаар хэлцэл байгуулсан гэж үзэх хүсэл зориг болон мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч болон хариуцагч Д.Батбаяр нарын хооронд дээрх зээлийн гэрээний үүрэг үүссээгүй болох нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 400 дугаар тогтоолоор мөн нотлогдож байна. /хх-19 дүгээр тал/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч болон хариуцагч М.Соронзонболд нарын хооронд маргааны зүйлийн талаар зээлийн хэлцэл байгуулагдсан, мөн гэрээний үүрэг үүссэн, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хариуцагч М.Соронзонболд хүлээн авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоодохгүй байна.   

 

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч Д.Батбаяр, хариуцагч М.Соронзонболд нарын хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заасны дагуу мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Д.Батбаяраас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 43 187 ам.доллар буюу 87 537 580 төгрөгийг, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу хүү 4 319 ам.доллар буюу 8 753 758 төгрөг, нийт 47 506 ам.доллар буюу 96 291 339 төгрөгийг, хариуцагч М.Соронзонболдоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 12 563 ам.доллар буюу 25 463 767 төгрөг, зээлийн хүүнд 1 256 ам.доллар буюу 2 546 377 төгрөг, нийт 13 819 ам.доллар буюу 28 010 144 төгрөгийг тус тус шаардах эрхгүй байна.

 

2. Хариуцагч Л.Алтансүхэд холбогдох, газрын дуудлага худалдааны үнэд төлсөн 5 853 200 төгрөг, 2012 оны газрын төлбөр, алданги, 2013 оны газрын төлбөр дутуу төлбөрт төлсөн 792 600 төгрөг, нийт 6 645 800 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Л.Алтансүхийн газрын шилжүүлэн авахад газрын албанд түүний төлөөгүй төлбөрийг төлсөн” гэж тодорхойлсон бол хариуцагч Л.Алтансүх нь уг үндэслэлийг “...миний бие газрын албанд төлөх төлбөргүй тул үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5041 дүгээр шийдвэрээр М.Алтансүхийн нэхэмжлэлтэй, С.Цолмонд холбогдох, 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар эзэмших эрх сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 389 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Алтансүх, С.Цолмон нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороонд байршилтай, үйлчилгээний зориулалттай, 1201 м.кв талбайтай газрыг эзэмших М.Алтансүхийн эрхийг сэргээж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 400 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна /хх 8-19 дүгээр тал/.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дээрх газрын 2012 оны төлбөр, алданги, мөн 2013 оны газрын төлбөрт 792 660 төгрөгийг, мөн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэнд 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 5 853 200 төгрөг тус тус Нийслэлийн өмчийн харилцааны албанд төлсөн нь Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг болон Нийслэлийн газрын албаны 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн газрын төлбөр төлсөн талаарх баримтаар тус тус нотлогдож байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч М.Алтансүх нь нэхэмжлэгчийг дээрх төлбөр төлсөнийг баримтаар үгүйсгээгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

Шүүхийн дээрх шийдвэрээр нэхэмжлэгч болон хариуцагч М.Алтансүх нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь уг газрын төлбөр, алданги болон дуудлага худалдааны анхны үнэнд төрийн захиргааны эрх бүхий байгууллагад төлсөн төлбөр болох нийт 6 645 800 төгрөгийг хариуцагч М.Алтансүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу буцаан шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч М.Алтансүхээс 6 645 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Д.Батбаярт холбогдох, 96 291 339 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч М.Соронзонболдод холбогдох, 28 010 144 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь үүрэг хүлээвэл зохих этгээдээс дээрх төлбөрийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.

 

Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Л.Хаш-Эрдэнэ болон М.Соронзонболд нараас зээлийн гэрээний үүрэгт 124 301 482 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг 124 301 482 төгрөгийн 96 291 339 төгрөгийг Д.Батбаяраас гаргуулах, үлдэх 28 010 144 төгрөгийг хариуцагч М.Соронзонболдоос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.Алтансүхээс 6 645 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Д.Батбаярт холбогдох, 96 291 339 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч М.Соронзонболдод холбогдох, 28 010 144 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 812 686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Алтансүхээс улсын тэмдэгтийн хураамжинд 121 283 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                М.БАЯСГАЛАН