Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч овогт Н-н С-д холбогдох эрүүгийн 2217000000004 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 20... оны 04 дүгээр сарын 01-нд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Г аймгийн С  дугаар баг, М ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх Ч овогт Н-н С /РД:.........../

                                                             

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Н.С нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Найман шороот гэх газар бэлчээр дээрээс нь иргэн И.Д-ийн улаан хүрэм зүсмийн 1 тооны үхэр, иргэн Ш.Л-гийн хар зүсмийн 1 тооны үхэр, нийт 2 тооны үхэр буюу олон тооны бод малыг “Ногоон Замбала” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй өөрийн өмчлөлийн 04-10 ГСА улсын дугаартай Nissan Advаn маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж иргэн И.Д-д 1 300 000 төгрөгийн, Ш.Л-д 1 300 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2217000000004 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Шивээговь суманд байдаг ахынх руугаа явж байсан. Замдаа айлын үхэртэй таарсан. Жоохон санхүүгийн асуудалтай байсан болохоор тэрийгээ төлөх санаатай үхрийг хийсэн. Буцаад Шивээговь сумын хажуугаар явж байхад цагдаа зогсоож шалгасан. Махны бичгийг нь аваад ирье гэж хэлж яваад, буцаж  ирж хэргээ хүлээсэн гэв.

 

1.2. Шүүгдэгч Н.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад 11 цагийн орчим найз Бын гэр болох Сүмбэр сумын 2 дугаар баг Сүмбэрийн эгнээнд байдаг гэрт нь очиж 3 ширхэг хонь гаргаж өгсөн юм. Тухайн хонь нь манай найзын хүүхдийнх нь бэлгэнд ирсэн хонь гэж байсан. Тэгээд тэндээсээ гараад гэртээ харьж байж байгаад хамт байсан найз охин Л-ыг 15 цагийн орчим ажилд нь хүргэж өгсөн. Манай найз охин Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоны Андууд нэртэй дэлгүүрт ажилладаг юм. Тэгээд найз охиндоо Шивээговь суманд байдаг ах Төмөрмөнхийнд очино гэж хэлээд тэндээсээ шууд өдрийн 15 цаг өнгөрч байхад Шивээговь сум руу өөрийнхөө эзэмшлийн 04-10 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Ниссан Эдван нэртэй машинтайгаа ганцаараа явсан. Манай ах Т-х Шивээговь сумын урд талд байдаг бөгөөд би тэднийд очих гээд Шивээговь сумаас урд зүгт 6-7 км зайд байдаг Найман шороо гэх газар явж байтал 30 гаран тооны үхэр тааралдсан. Тэгэхээр нь би хүнд мөнгөний өртэй байсан болохоор тухайн үхэрнээс хулгайгаар аваад өрөө даръя гэсэн бодол төрөөд нөгөө үхэрнүүдийг ажиглаад байж байтал Шивээговь сумаас явж байгаа бололтой 3-4 хүүхэд миний хойно явж байгаа харагдахаар нь би тухайн хүүхдүүд дээр явж очтол миний зүс таних хүүхдүүд байсан. Тэгэхээр нь би тэдгээр хүүхдүүдийг машиндаа суулгаад тухайн газраас урагшаа 6 км орчим яваад Нэргүй гэдэг айлд хүргэж өгсөн. Намайг хүүхдүүдийг хүргэж өгөхөд 17 цаг өнгөрч байсан. Би буцаж яваад түрүүчийн үхэр байсан Найман шороо гэх газар хүрээд иртэл түрүүчийн үхрүүд бүгдээрээ бэлчиж байсан. Тэгэхээр нь би тухайн үхрүүдээс захад нь зогсож байсан хар зүсмийн эм үхрийг машиндаа байсан цагаан өнгийн даавуун бугуйлаар оосорлож аваад бугуйлынхаа үзүүрээр үхрийнхээ цавиар нь ороогоод таттал үхэр газар унахаар нь би үхрийн 4 хөлийг нь холбож хүчихээд машиныхаа жолооч талын хаалганы халаасанд байсан хутга авч ирээд үхрээ нугасалж алсан. Тэгээд үхрийнхээ арьсыг ганцаараа өвчөөд гэдэс дотрыг гаргаж хаяад махыг нь хаа, гуя, хүзүү сээртэй хаа, ууцтай гуя, өвчүү зэрэг 5 хэсэг болгоод машиндаа ачсан. Эхний үхрийг хийж дуусахад 19 цаг болох гэж байхаар нь дахин нөгөө үхрүүдийг захад нь зогсож байсан улаан зүсмийн эм үхрийг мөн л бугуйлаар бугуйлдаж аваад өмнөх алсан үхэр шиг газар унагааж байгаад нугасалж алаад мөн л ганцаараа өвчсөн. Тухайн үхрээ өвчиж дуусаад өмнөх шиг гэдэс дотрыг гаргаж хаяад махыг нь хаа гуя, хүзүү сээртэй хаа, ууцтай гуя, өвчүү зэрэг 5 хэсэг болгоод машиндаа ачсан. Намайг 2 дахь үхрээ гаргаж дуусахад 20 цаг өнгөрч байсан. Тэгээд би тэндээсээ шууд Чойр орох гээд буцаад явж байтал Шивээговь сумын цагдаа нар намайг зогсоож шалгахаар нь би ахынхаасаа мал гаргаад авч явж байна гэж хэлтэл надаас гарал үүслийн бичиг нэхэхээр нь би бичиг авч ирэх гэж яваад буцаж ирээд болсон зүйлийн талаар үнэн зөвөөр хэлж хэргээ хүлээсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 91-92 дугаар хуудас),

 

1.3. Хохирогч И.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний бие Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт мал маллаж амьдардаг юм. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ байсан. Манайх 17 тооны үхэртэй юм. Өмнөх өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн үед манай үхэр гэрийнхээ гадаа ирээд ус уугаад бэлчээртээ гарсан юм. Тэгэхэд манай үхэр бүрэн байсан. Тэгээд маргааш нь 17 цагийн үед хөдөө бэлчээрт үхрээ очиж үзтэл улаан хүрэн зүсмийн гунж үнээ байхгүй болчихсон, тугал нь мөөрөөд явж байсан. Тэгээд үхрээ бүртгэж үзтэл нэг үхэр дутуу байхаар нь би хайгаад явж байтал замд гэдэс дотрыг нь гаргаад орхичихсон нэг үхрийн сэвс байсан. Би тухайн үед манай үхэр байж магадгүй, ямар ч байсан маргааш хайж үзээд олдохгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэе гэж бодсон юм. 

Тухайн алдагдсан гэх үхэр нь гунж үнээ байсан. Улаан хүрэн зүсмийн буруу талын эвэр ногоон өнгийн будагтай, цагаан өнгийн дэлэнтэй үнээ байсан юм. Үхэр алдагдсан газар газар нь зөвхөн гэдэс дотор болон дэлэн нь байсан. Өөр зүйл үлдээгээгүй байсан. Би алдагдсан үхрээ төлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 34-35 дугаар хуудас),

Би тухайн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би тухайн алдагдсан үхрийн махыг зарж борлуулахад нийт 950 000 төгрөг болгосон. Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй. Дүгнэлтэнд үхрийн махыг 1 300 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Харин манай үхрийн махыг зарж борлуулахад нийт 950 000 төгрөг болсон. Тийм болохоор зөрүү мөнгө болох 350 000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас),

 

1.4. Хохирогч Ш.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний бие Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт мал маллаж амьдардаг юм. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ байсан. Манайх 30 гаран тооны үхэртэй. Тэгээд 19 цагийн үед хөдөө бэлчээрт нь үхрээ очиж үзтэл нэг хар зүсмийн тугалтай гунж үнээ байхгүй болчихсон тугал нь мөөрөөд явж байсан. Тэгээд үхрээ бүртгэж үзтэл нэг үхэр дутуу байсан. Тэгээд шөнө орой хайгаад яахав гээд сум ортол Д манай үхрийг хулгайч бэлчээр дээр нь хийгээд аваад явчихсан байна, маргааш цагдаад мэдэгдье гэсэн. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн алдагдсан гэх үхэр нь гунж үнээ байсан. Хар зүсмийн дээшээ шөвгөр эвэртэй, чихэндээ цуулбартай үнээ байсан. Би алдагдсан үхрээ төлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 43-44 дүгээр хуудас),

Би тухайн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би алдагдсан үхрийн махыг зарж борлуулахад нийт 870 000 төгрөг болсон. Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй. Дүгнэлтэнд үхрийн махыг 1 300 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Харин манай үхрийн махыг зарж борлуулахад нийт 870 000 төгрөг болсон. Тийм болохоор зөрүү мөнгө болох 430 000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг (хх-ийн 47 дугаар хуудас),

 

1.5. Иргэний нэхэмжлэгч Р.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай “Ногоон Замбала” ХХК нь Говьсүмбэр аймагт барьцаат зээлийн үйлчилгээ явуулдаг. Манайх гар утас, нөүтбүүк, үнэт эдлэл, автомашин зэрэг эд зүйлийг барьцаалан зээл олгодог байгууллага байгаа юм. Манай байгууллага Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Хувийн сууц 30-01 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа. Манай байгууллагын нэр дээр 04-10 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Nissan Advan маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Н овогтой С гэдэг хүн манай байгууллагаас 2 500 000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлж ирсний дагуу тухайн иргэнд түүний эзэмшлийн 04-10 ГСА улсын дугаартай, цагаан өнгийн Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийг нь барьцаалан зээл олгосон. Манай байгууллага автомашин барьцаалан зээл олгодог болохоор тухайн иргэний хүсэлтийн дагуу Говьсүмбэр аймгийн авто тээврийн газар албан бичиг хүргүүлэн тухайн зээл хүсэж байгаа иргэн Н.С нь тээврийн хэрэгслээ манай байгуулллагын нэр дээр шилжүүлсний дараа би түүний хүссэн 2 500 000 төгрөгийн зээлийг олгосон. Тухайн зээлийг 12 сарын хугацаатай сард тэнцүү төлөлттэйгээр зээлдүүлсэн бөгөөд сард 298 195 төгрөг төлөхөөр авсан. С манайхаас зээл авснаас хойш 11, 12 дугаар сарын зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлсөн байна. Өнөөдрийн байдлаар С нийт 2 149 719 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгийг Н.С-аас манай байгууллага нэхэмжилнэ... гэх мэдүүлэг (хх-ийн 50 дугаар хуудас),

 

1.6. Гэрч У.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сын гэрт байж байтал С найз Б-ын гэрт очиж малыг нь хийж өгнө гээд гэрээсээ 12 цагийн орчим гарсан. Тухайн үед найз залуу С өөрийнхөө эзэмшлийн 04-10 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Nissan Advan маркийн машинтайгаа ганцаараа явсан. Тэгээд удаагүй 13 цаг өнгөрч байхад С буцаж ирээд Бын малыг хийгээд өгчихлөө гэж байсан. Тухайн өдөр би өдрийн 15 цагаас ээлжийн ажилтай байсан болохоор С намайг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхонд байрлах Андууд дэлгүүрт 15 цагт өөрийнхөө машинтай хүргэж өгчихөөд явсан. С явахдаа надад Шивээговь суманд байдаг ах эгчийндээ оччихоод орой намайг 22 цагт ажлаас тарахаар ирж авна гэж хэлээд явсан. Тухайн оройноо намайг ажлаас тарахад С намайг ирж авахгүй болохоор би түүний 8920... дугаарын утас руу өөрийнхөө гар утаснаас залгаж үзэхэд ерөөсөө холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гэрт очоод байж байтал манай найз залуу С шөнийн 1 цагийн орчим миний гар утас руу залгаад өнөөдөр очиж чадахааргүй болсон шүү гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд тухайн өдөр ирээгүй, түүний маргааш бас ирэхгүй байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр намайг ажлаас тарах үед ирж авсан. Тэгэхээр нь би түүнээс юу болоод байгаа юм бэ гэж асуутал С санаандгүй хэрэгт холбогдчихлоо гэж ярьж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 54-55 дугаар хуудас),

 

1.7. Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой хөдөөнөөс идшинд хэрэглэх 3 тооны хонь авч ирсэн. Тэгээд би өөрийнхөө найз С-ын гар утас руу залгаад маргааш хонь хийгээд өгөөч гэж гуйтал С зөвшөөрсөн юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн орчим С манай гэрт өөрийнхөө эзэмшлийн 04-10 ГСА улсын дугаартай цагаан өнгийн суудлын машинтайгаа ганцаараа ирээд манай 3 тооны хонийг хийж өгсөн. Тэгээд 13 цаг болох гэж байхад С хонио хийж дуусгачихаад тухайн малын нэг гэдэс дотрыг нь аваад гэртээ очиж чанаж иднэ гээд явсан. Түүнээс хойш С-тай уулзаагүй нилээн хэд хоносон бөгөөд хэзээ уулзсан эсэхээ санахгүй байна. Нэг С-тай тааралдсан чинь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж ярьж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 57 дугаар хуудас),

 

1.8. Насанд хүрээгүй гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өвөө Н хөдөө байдаг гэр рүү явсан бөгөөд манай өвөөгийн гэр нь Шивээговь сумаас баруун урагш зүгт 6 км орчим зайд байдаг. Тухайн өдөр би манай хамаатны хүүхэд болох Ц, дүү М, бас манай найз Ш нарын хамт 16 цагийн орчим Шивээговь сумаас өвөөгийн гэрт очихоор явган алхсан юм. Тэгээд бид нар 3 км орчим явж байтал Найман шороо гэх газрын ойролцоо манайх руу явдаг замын хажуу талд цагаан өнгийн машин зогсож байсан. Тэгэхээр нь бид нар тоогоогүй явж байтал нөгөө машин бид нар дээр хүрч ирээд машины жолооч та нар хаачих гэж байгаа юм гэж асуухаар нь би тухайн хүнд бид нар хөдөө гэр рүүгээ явж байна гэж хэлтэл нөгөө хүн ах нь та нарыг хүргээд өгье гэж хэлэхээр нь бид нар зөвшөөрөөд машинд суугаад өвөөгийнхөө гэрт хүргүүлсэн. Бид нарыг өвөөгийн гэрт ирэхэд 17 цаг 50 минут болж байсан санагдаж байна. Тухайн машинтай хүн бид нарыг өвөөгийн гэрийн гадаа буулгачихаад шууд яваад өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 59 дүгээр хуудас),

 

1.9. Насанд хүрээгүй гэрч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би тухайн үед Улаанбаатар хотоос Шивээговь суманд ирээд 7 хоночихоод буцаж явсан юм. Тэгээд Шивээговь сум дээр 5 дугаар байранд байдаг ахындаа 3 хоночихоод хөдөө байдаг өвөө эмээгийнхээ гэр рүү 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр явсан юм. Манай өвөөг Нэргүй гэдэг бөгөөд Шивээговь сумаас баруун урд зүгт 8 км орчим зайд байдаг. Тухайн өдөр би манай хамаатны хүүхэд болох О, М нарын хамт 16 цагийн орчим Шивээговь сумаас өвөөгийнд очихоор бид явган алхсан юм. Тэгээд бид нар 2 цаг орчим алхсан бөгөөд нар жаргах дөхөж байтал бидний өөдөөс буюу ертөнцийн зүгээр баруун урд зүгээс цагаан өнгийн Эдван гэдэг машинтай хүн хүрч ирсэн. Тухайн хүнийг О таньдаг байж магадгүй юм шиг байсан бөгөөд нөгөө хүнийг хүргээд өгөөч гэж гуйсан чинь нөгөө хүн тэгье гэж хэлээд бид нарыг машиндаа суулгаад өвөөгийн гадаа хүргэж өгсөн. Тухайн үед нөгөө машинтай хүн өвөөгийн гадаа ирээд бид нарыг буулгачихаад шууд яваад өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 61-62 дугаар хуудас),

 

1.10. Гэрч Р.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

С бод мал зөндөө л гаргаж байсан. С бод мал гаргахдаа номхон байвал нугаслаад догшин мал байвал юмнаас уяж байгаад цохичихдог юм. Бод мал буюу үхрийг 1 хүн гаргах боломжтой. Тухайн бойнд ажиллаж байгаа хүмүүс олон бод мал ирсэн тохиолдолд өөрийн ашгаа бодоод ганцаараа бод мал хийчихдэг юм. Ганц хүн бод мал гаргахдаа 30-40 минутын хооронд малаа өвчөөд эвдээд 7 хөд болгоод тавьж амждаг юм. Тухайн үхрийн толгойноос эхлээд оосорлож байгаад олсныхоо нөгөө үзүүрээр үхрийнхээ цавиар нь ороогоод татчихдаг бөгөөд татах тусам үхрийн толгой нь бөгс рүүгээ татагдаж байгаад уначихдаг юм. Ер нь бод малыг ийм маягаар унагаадаг юм. Энэ үед мал их амархан уначихдаг бөгөөд мал унасан үед нөгөө уяагаа бөхлөөд уяхаар мал босч ирдэггүй юм... гэх мэдүүлэг (хх-ийн 64 дүгээр хуудас),

 

1.11. Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 68-70 дугаар хуудас),

 

1.12. Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 76-79 дүгээр хуудас),

 

1.13. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-8 дугаар хуудас),

 

1.14. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-16 дугаар хуудас),

 

1.15. Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 17-19 дүгээр хуудас),

 

1.16. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 20-21 дүгээр хуудас),

 

1.17. Ногоон Замбал ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ (хх-ийн 122-128 дугаар хуудас),

 

1.18. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 135-138 дугаар хуудас),

 

1.19. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (хх-ийн 140-141 дүгээр хуудас),

 

1.20. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 142-143 дугаар хуудас) зэрэг болно.

 

            Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Н.С нь 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Найман шороот гэх газар бэлчээр дээрээс нь хохирогч И.Д-ийн улаан хүрэм зүсмийн 1 тооны үхэр, хохирогч Ш.Л-гийн хар зүсмийн 1 тооны үхэр, нийт 2 тооны үхэр буюу олон тооны бод малыг “Ногоон Замбала” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй өөрийн өмчлөлийн 04-10 ГСА улсын дугаартай Nissan Advаn маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайлж хохирогч И.Д-т 1 300 000 төгрөгийн, хохирогч Ш.Л-д 1 300 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.С нь иргэн И.Д-ийн улаан хүрэм зүсмийн 1 тооны үхэр, иргэн Ш.Л-гийн хар зүсмийн 1 тооны үхэр, нийт 2 тооны үхэр буюу олон тооны бод малыг “Ногоон Замбала” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй өөрийн өмчлөлийн 04-10 ГСА улсын дугаартай Nissan Advаn маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Түүнчлэн хохирогч И.Д-ийн улаан хүрэм зүсмийн 1 тооны үхэр, иргэн Ш.Л-гийн хар зүсмийн 1 тооны үхэр, нийт 2 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлсан болох нь хохирогч И.Д, Ш.Л, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Н.С нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.С-ын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Н.С-ыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч И.Д, Ш.Л нарт тус бүр 1300000 төгрөгийн хохирол учирсан боловч мөрдөн байцаалтын шатанд хохирол, төлбөрөө бүрэн хүлээж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н.С-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч У.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай найз залуу С их тайван, ямар нэгэн юманд маш тайван ханддаг, архи дарс уугаад байдаггүй хүн бөгөөд ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдоод яваад байдаггүй хүн байгаа юм. Би түүнтэй одоогоос 3 сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр үерхэж эхэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 54 дүгээр хуудас),

 

2.2. Шүүгдэгч Н.С-ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 95 дугаар хуудас),

 

2.3. Хохирогч И.Д, Ш.Л нарын хохирол төлбөр хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 152-153 дугаар хуудас),

 

2.4. Шүүгдэгч Н.С-ын Говьсүмбэр аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 154 дүгээр хуудас) зэрэг болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Н.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.С-н үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.С-д холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг ялын хүрээнд шүүгдэгч Н.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч Н.С-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Nissan Advan маркийн 04-10 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийх болох нь иргэний нэхэмжлэгч Р.О-н мэдүүлгээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Ногоон Замбала” ХХК-ийн өмчлөлийн 03288532 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 17 см урт ажлын хэсэгтэй, 13 см бариул хэсэгтэй цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, 3.5 метр урттай, 1 см өргөн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон даавуун олс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 

            “Ногоон Замбала” ХХК нь шүүгдэгч Н.С-с зээлийн үлдэгдэл төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Н.С-н хорих ял эдлэх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Ч овогт Н-н С-г бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Н.С-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Nissan Advan маркийн 04-10 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Ногоон Замбала” ХХК-ийн өмчлөлийн 03288532 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 см урт ажлын хэсэгтэй, 13 см бариул хэсэгтэй цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, 3.5 метр урттай, 1 см өргөн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон даавуун олс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

            7. “Ногоон Замбала” ХХК нь шүүгдэгч Н.С-аас зээлийн үлдэгдэл төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Н.С-ын хорих ял эдлэх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

   9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ