Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч С.Э  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д овогт Сийн Эт холбогдох эрүүгийн 2217000140008 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 07-нд Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 27 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулгийн ............. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Д. овогт Сэс-/............/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 1-109 тоотод оршин суух иргэн Э.Эы гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хүүхэд уйлууллаа гэж маргалдаж улмаар түүний зүүн хацарлуу алгадаж зодсон,

хүүхдээ хувцаслаагүй гэх шалтгаанаар зүүн хөлийн шилбэ хэсэгт өшиглөх зэргээр зодож зүүн хөлийн шилбэнд цус хуралт учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Бтэй 2019 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй. 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан.  Хүүхдээ барьж сууж байгаад явна гээд хувцсаа өмссөн байсан. Хөлийнх нь шилбэ руу өшиглөсөн.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил төрөл хийгээд гэр бүлээ тэжээгээд сайн сайхан амьдарна гэв.

2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр С.Эын хамт  Э гэх манай нөхөртэй хамт ажилладаг хүний гэрт 13 цагийн орчимд очсон. Тэгээд тэндээ Э, Э болон Эы эхнэр Б нарын хамт хоол унд хийж идээд хөзөр тоглоод сууцгаасан. Э, Э нар 2 шил 0,5 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгээд манай хүү Амин-Эрдэнэ манай нөхөр Эын өвөр дээрээс гулсаад газарт унаад толгойгоо цохисон. Тэгэхээр нь би хүүхдээ аваад унтуулж байхдаа хөхүүлэхээ болиод өлгийдөх хооронд хүүхэд уйлсан чинь Э намайг алгадсан. Тэгээд хүүхдээ унтуулчихаад байж байтал Э, Э нар гэрээс гараад гадаа хоорондоо муудалцаад байсан. Тэгтэл Эы эхнэр Б цагдаад дууддлага өгсөн. Тэгээд Э, Э нар гаднаас орж ирээд Э хүүхдээ аваад гэрлүүгээ явна гэхээр нь харанхуй шөнө нялх хүүхэд авч яваад хэрэггүй гэж хэлэхэд уурлаад миний зүүн хөлний шилбэ рүү 2 удаа өшиглөөд  писда, лалар гээд хараагаад байсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд Э, Э нарыг аваад явсан...Хэдхэн хоногийн өмнө Э бид 2 гэрээ барьсан. Энэ гэмтлүүд зүүн бугалга, зүүн шуунд, баруун шууны гэмтлүүд нь гэрээ барьж байхдаа авсан. Хаалгаар гэрийнхээ эд зүйлийг зөөж байхдаа хаалганы ирмэгт шүргэх, унинд цохиулах зэргээр авсан. Хүзүүний зулгарал бол манай том хүү тоглож байгаад маажчихсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-16, 20-21 хуудас/

3. Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...тэгээд би Эт эхнэр хүүхэдтэйгээ хоночихоод яв, орой болсон байна гэхэд за гэж байсан. Тэгээд шөнө 01 цагийн үед Э архи уугаад нилээн халсан байсан. Тэгэж байгаад Э эхнэр Бгийн зүүн хацарлуу 1 удаа алгадсан. Тэгэхээр нь би Эт уурлаад боль гээд гэрээс аваад гарсан. Э бид 2 гадаа маргалдаж байхад манай эхнэр Б цагдаа дуудсан байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-18 хуудас/

4. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд манайд ирээд хоол унд идэж уугаад сууцгааж байгаад орой 18 цагийн үед манай нөхөр Э 0,75 литрийн Соёрхол нэртэй архи 1 шилж, 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво 1 савыг гаргаж ирээд Э Э нар архийг хувааж уугаад Б бид 2 пивыг нь хувааж уусан. Тэгээд цаг нилээн орой болоод 01 цагийн үед байх сууцгааж байгаад Б хүүхдээ өлгийдөж байхад хүүхэд нь уйлаад байсан чинь Э босож ирээд Бг зүүн хацарт нь 1 удаа алгадаад тэр 2 хэрэлдээд байхаар нь манай нөхөр боль гээд 2-уулаа нэг барилдчих уу гээд Эыг аваад гарсан. Би араас нь гараагүй, гадаа барилдаж байгаа бололтой байж байгаад орж ирэхдээ би унасан чи унасан гээд маргаад гэрт орж ирсэн. Тэр үед Э хүүхэдтэйгээ манайд хононо гэж байсан чинь гэнэт гэрлүүгээ харихаар болоод хэрэлдээд Э эхнэрээ загнаад байсан. Тэр үед манай нөхөр бие засна гээд гараад явсан. Э хүүхдээ хувцаслаад тэврээд сууж байгаад гэртээ харина харихгүй гээд эхнэртэйгээ маргаад эхнэрээ загнаад хашгираад байсан. Тэгээд эхнэрээ загнаад хашгираад байхаар нь би санаа зовоод цагдаа дуудчихсан юм. Маргааш өглөө нь Э манай нөхөр 2 эрүүлжүүлэхээс гарлаа гээд гэрт  ирсэн чинь Б нь нөхөртөө  хандаад чи өчигдөр намайг өшиглөөд хөл ийм болсон гээд хөлөө харуулж байсан. Зүүн хөлний шилбэ нь хөхөрсөн байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47 хуудас/

5. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б.Бгийн гэмтлүүдээс зүүн шилбэний ард хэсгийн цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/

6. Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар дүгнэлтэнд:

Б.Бямбаүрэнгийн биед зүүн бугалганд, зүүн шуунд, баруун шуунд, зүүн сарвууны ар талд, зүүн шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 01 дүгээр сарын 02-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 59-60 хуудас/

7. Аюулын зэргийн үнэлгээний маягтын хуулбар /х.х-ийн 8-10 хуудас/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 64 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч С.Э нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 1-109 тоотод хамтран амьдрагч Б.Бг хүүхдээ уйлууллаа  гэх шалтгаанаар харилцан маргалдан хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг алгадаж, өшиглөж зүүн шилбэнд цус хуралт  бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч С.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эын өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч Э.Э, Б.Б, шинжээч эмч Л.Жаргалтогтох нарын мөрдөн шалгах ажидллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.

Мөн шүүгдэгч С.Э нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч С.Э  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурч хоорондоо гэр бүлийн асуудлаар хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч С.Э нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч С.Э нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Эыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, өөрийгөө хянах чадваргүй үедээ хохирогчид халдаж олон тооны шарх гэмтэл учруулсан байдал зэргийг тус тус харгалзаж улсын яллагчаас гаргасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч С.Эыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт С-ийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ДС.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ