Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2017/00559

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум 5-6-6 тоотод оршин суух, ХЛ64080117 регистрийн дугаартай, Боржигон овогт Базаргарьдын Баттөгсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд холбогдох

2017 оны 05 сарын 01-ний өдрийн Б/16 тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч,хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баттөгс, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баттөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2001 оноос Баянхонгор аймгийн харъяа Баянхонгор аймгийн МИАТ-ын төлөөлөгчийн газарт, 2004 оноос Нисэх буудалд шатахууны нярав, лаборантоор ажиллаж байгаад 2015 онд шатахууны илүүдэл гарсан асуудал яригдаж, энэ зөрчлийг шууд надтай холбон тайлбарлаж, үүрэгт ажлаас үндэслэлгүй халагдаж улмаар шүүхэд хандаж 2016 оны 11 сарын 01-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгосон. Урьд өмнө нь эрхэлж байсан албан тушаал дээр өөр хүн томилогдон ажиллаж байгаа тул уурын зууханд галчаар ажилд авсан. Тус байгууллагад ажиллаж байсан хугацаанд ажлын байрны ажил үүргийг гүйцэтгэхтэй холбоотой зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд нисэх буудлын дарга Ц.Төмөрбаатар онгоцны техникч Ц.Баяраа нарын хоорондох маргааны талаар Цагдаагийн байгуулагад гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгснөөс болж ажлаас халсан тухайгаа өөрөө тайлбарласан. Нисэх буудлын дарга Ц.Төмөрбаатар нь өөрийн эрх мэдлийн байдлаа ашиглан намайг шууд үндэслэлгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.

Иймд Баянхонгор аймгийн Нисэх буудлын даргын 2017 оны 05 сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Баттөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2001 оноос Иргэний нисэхийн харъяа Баянхонгор аймгийн МИАТ-ын төлөөлөгчийн газарт шатахууны нярав лаборантоор ажиллаж байгаад 2015 оны 12 сарын 17-ний өдөр шатахуун илүү төлсөн гэсэн шалтгаанаар ажлаасаа халагдсан энэ тухай удирдлагууддаа тайлбарлаад ойлгоогүй. Би ажлаасаа халагдах тухай саналыг хүлээж аваагүй хүчээр ажлаас халсан энэ тухай дээд удирдлага болон Баянхонгор аймгийн шүүхийн байгууллагад хандаж 2016 оны 11 сарын 01-нд ажилдаа орохоор болсон. Шатахууны нярав лаборантоор орох гэтэл өөр жирэмсэн эмэгтэй орсон байгаа тул орон тоо гартал галчийн ажил хийж бай гэж Ц.Төмөрбаатар дарга хэлсэн би өвөл уурын зуухны галчаар ажиллаад орон тоо гарвал эргэж ажилдаа орно гэж тохирсон ба хортой нөхцөлд 20 гаруй жил ажилласан тэтгэвэртээ гарахад 2 жил дутуу байгаа тул тус байгууллагад ажиллахаар зөвшилцөж ажилдаа орсон. 2016 оны 11 сарын 01-ний өдөр ажилдаа ороход Ц.Төмөрбаатар дарга нь ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2017 оны 03 сард Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шатгалт очих сургаар хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай санал тавьсан би түүнийг нь зөшөөрөөгүй 2017 оны 03 сард Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэхэд чөлөө өгөхгүй гэж байгаад эмчийн 13А маягтийн дагуу чөлөө өгч 7 хоногийн эмчилгээнд явж ирээд ажилд орох гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулана гэсэн би анх ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул байгуулахгүй гэсэн боловч ажлаас чинь хална гэсэн дарамт шахалт ирсэн. Тус байгууллагаас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулана гэж хугацаа тогтоосон байсан тул би хүлээн зөвшөөрөхгүй байна гэхэд ажлаасаа гар гэсэн тул түүний шахалтаар байгуулсан. Энэ хугацаанд Ц.Төмөрбаатар дарга, Баяраа гэдэг 2 хүн шүүх, цагдаагаар нилээн явсан ба тухайн үед бүх ажилчдыг дуудаж байцаалт авсан байдаг. Би байцаалтанд үнэн зөв ярина гэж гарын үсэг зурж өөрийн мэдэх зүйлээ ярьсан түүнтэй холбогдуулан 2017 оын 05 дугаар сарын 01-ний өдөр чи миний эсрэг мэдүүлэг өгсөн байна чамтай ажиллахгүй гэж ажлаас халах тушаал гаргасан. Хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбар 2016 онд шүүхэд гаргасан тайлбар байгаа тул нэхэмжлэлтэй холбоогүй гэж үзэж байна. Ц.Төмөрбаатар гэдэг хүнийг 2014 он, 2015 онуудаас эхлээд хууль бус үйлдэл хийж байгаа талаар дээд байгууллагад удаа дараа мэдэгдэж байсан эргэж арга хэмжээ авахгүй байсан ба энэ хүн эргэж надад өш хонзон авч байгаа юм болов уу гэсэн санаа төрсөн. Мөн би өөрийгөө ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзээд Шүүхэд гомдол гаргасан Баянхонгор аймгийн Нисэх буудлын даргын 2017 оын 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Манай уурын зуух 4 хүний орон тоотой би өөрөө Монгол Улсын Их Сургуулийн химийн ангийг төгссөн мэргэжлээрээ 20 гаруй жил ажилласан. Ц.Төмөрбаатар дарга ажлаас халахдаа цагдаагийн газарт миний эсрэг мэдүүлэг өгсөн байна өөрөө бол чи зөрчил дутагдал гаргадаггүй сайн ажилчдын нэг гэж хэлсэн, мөн ажлаас халж байна гэсэн тайлбарыг амаар өгч байсан. 4 орон тооны 2 галч нь орон тооны бус байдаг 2 нь орон тооны гэж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлүүлж явдаг. Журмаараа бол 4 галчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зуны хугацаанд төлж явдаг. Иймд эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг нэмж гаргасан. Би орон тооны галчаар ажилладаг байсан удахгүй тэтгэвэрт гарах болсон тул тус байгууллагад ажлаа хийж байгаад гарах хүсэлтэй байна. Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас эмнэлэгт үзүүлсэн ба өвчин хордлогын хам шинжтэй гэсэн оноштойгоор ирж шатахуунтай ажиллаж болохгүй гэсэн эмчийн заавартай гарсан. Хөнгөн ажлын байраар хангаж болно гэснээр 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үзүүлж дахин сунгалт хийлгэж, 6 сар болоод үзүүлж байх тухай эмнэлгийн заалтай байдаг. Би хөнгөн ажлаар хангах ёстой гэсэн заалтын дагуу Ц.Төмөрбаатар даргад эмнэлгийн бичгийг үзүүлээд хөнгөн ажил нь ямар ажил байдаг вэ гэхэд хамгийн хөнгөн ажил нь уурын зуухны галч гээд, галчийн орон тоо гаргаж өгсөн гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Баярхүү шүүхэд гаргасан тайлбартаа:

Шатахууны нярав, лаборант Б.Баттөгс нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн шалтгаан нь ажил олгогч Нисэх буудлын удирдлагын итгэлийг алдсан нь дотоодын хяналт шалгалт, тооллогоор илэрсэн. Нисэх буудлын даргын 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/43 тоот тушаалаар баталсан тооллогын комиссын актаар тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.Баттөгсийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Баттөгсийн нэхэмжлэлд хариу тайлбар бичгээр гаргаж өгсөн. Захиргаанаас тушаалаар биш амаар сануулах арга хэмжээ явуулж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр илүү байсан шатахууныг зараад 500.000 төгрөг өнгө гэсэн итгэл алдсан үйлдэл гаргаж байсан тул ажиллаж чадахгүй хүн байна гэж харагдаж байгаа. Б.Баттөгс бол орон тооны цомхотголоор халагдаж байсан халаалт эхлэхээр ажилдаа орох хүсэлт тавих байх асууж байж харилцан тохиролцоно гэж бодож байна. Өмнө нь энэ хүн хэд хэдэн удаа уулзаж байсан харилцан буулт хийгээд тохиролцох санал хэлж байсан би хариуд нь шүүх шийдвэрлэх байх гэж хэлсэн нотлох баримт юм нь тодорхой байгаа гэж хэлж байсан. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийх талаар нягтлантайгаа ярилцаж шийдвэрлэнэ. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлд өгөх тайлбар байхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Б.Баттөгсийн иргэний үнэмлэхний хуулбар, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан туршилтын болон түр хугацаагаар байгуулах тухай хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 ажлаас чөлөөлсөн тушаал, хариуцагч байгууллагаас гаргасан хариу тайлбар хавсаргасан баримт 8 хуудас, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баттөгсийн ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд холбогдуулан 2017 оны 05 сарын 01-ний өдрийн Б/16 тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Баярхүү зөвшөөрөөгүй татгалзсан байна.

Б.Баттөгс нь ИНЕГ-ын харьяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд шатахууны нярав, лаборантоор ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж улмаар маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэн зохигчид эвлэрэн Б.Баттөгсийг тус байгууллагын уурын зуухны галчийн ажилд ажиллуулахаар тохиролцсон талаар шүүгчийн захирамж гарсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Баттөгстэй ИНЕГ-ын харьяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудал 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр туршилтын болон түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, ИНЕГ-ын харьяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга Ц.Төмөрбаатарын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна./хх-ийн 5-8, 12-р хуудас/

ИНЕГ-ын харьяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга Ц.Төмөрбаатарын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар Б.Баттөгсийн хөдөлмөрийн түр гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгч Б.Баттөгсийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв. Учир нь:

ИНЕГ-ын харьяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга Ц.Төмөрбаатарын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, хөдөлмөрийн түр хугацаагаар байгуулсан гэрээний 3 дугаар заалтыг тус тусүндэслэсэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар нэхэмжлэгч Б.Баттөгстэй харилцан тохирсон баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэгчийн ажиллаж байсан уурын зуухны галчийн ажлын байр байнгын ажлын байр бөгөөд халаалт зогссон үед нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллагаас тасралтгүй төлдөг гэж тайлбарлаж түүнийг хариуцагч байгууллагын төлөөлөгч үгүйсгээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай заалтыг зөрчсөн байна гэж үзэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн урьд гаргасан гэх шатахууныг санаатай дутааж илүүдүүлсэн зөрчил гаргаж ажил олгогч Нисэх буудлын удирдлагын итгэлийг алдсан нь дотоодын хяналт шалгалт, тооллогоор тогтоогдсон гэж тайлбарлаж, түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгсөн байх боловч уг зөрчил нь хянан хэлэлцэж буй хэргийн маргаан бүхий тушаалын үндэслэлд хамааралгүй, нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй, төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримтууд байна.

Иймд Б.Баттөгсийг ИНЕГ-ын харьяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын Уурын зуухны галчийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэв.

Нэгэнт маргаан бүхий тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэж нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул 2017 оны 05 сарын 01-ний өдрийн Б/16 тушаалыг хүчингүй болгох нь хууль зүйн хувьд ач холбогдолгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Баттөгсийн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

Хариуцагч ИНЕГ-ын харьяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Базаргарьдын Баттөгсийг ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын Уурын зуухны галчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д заасныг баримтлан Б.Баттөгсийн ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч байгууллага ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч талууд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА