Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

  2022         02          22                                  2022/ШЦТ/264

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч П.Б,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгчийн түүний өмгөөлөгч Н.ГанБ нарыг оролцуулан эрүүгийн 2106 03430 2574 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн П.Б, 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамж 96 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13-212а тоотод байх иргэн М.Азжаргалын монгол гэрт хууль бусаар нэвтэрч Өлзий нэртэй төслийн зуухыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 195.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч П.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13-212а тоотод байх иргэн М.Азжаргалын монгол гэрт хууль бусаар нэвтэрч Өлзий нэртэй төслийн зуухыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

Шүүгдэгч П.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ажил хийж хохирлыг төлж барагдуулна. Өөрөөр төлөх боломжгүй. Хөнгөн ял оноож өгнө үү” гэсэн мэдүүлэг,

-Яллагдагч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цоожтой монгол гэрийн цоожийг эвдэж амбаарт байсан галын хайчаар хөшиж онгойлгон орж гэр дотор байрлах төслийн зуухыг нь авч гарсан. Би зуухыг өргөж явж байгаад замдаа ачааны машинтай хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө ганцаараа архи худалдаж аваад дуусгасан. Архи уух мөнгө байхгүй тул би бусдын гэрт орж хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,  

Хохирогч М.Азжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхөр бид хоёр 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 08 цагт гэрийнхээ хаалгыг цоожлоод ажилдаа яваад орой 23 цаг болж байхад гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орсон байсан. Манай гэрээс өлзий нэртэй төслийн зуух алдагдсан байна, өөр эд зүйл хулгайд алдагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №02/587 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүдээр / хавтаст хэргийн 6-12 дугаар тал/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

Иймд шүүгдэгч  П.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13-212а тоотод байх иргэн М.Азжаргалын монгол гэрт хууль бусаар нэвтэрч Өлзий нэртэй төслийн зуухыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 195.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч П.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч П.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс 195.300 төгрөгийг хохирогч М.Азжаргалд олгохоор шүүх шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй, П.Б урьд 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. П.Быг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар П.Бад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар П.Бад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бын урьд цагдан хоригдсон нийт 6 /зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Баас нийт 195.300 төгрөгийг гаргуулж хохирогч М.Азжаргалд олгосугай.

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР