| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/01424/И |
| Дугаар | 01745 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 01745
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2017/01745 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 71 дүгээр байр 54 тоотод оршин суух, Олгонууд овогт Болд-Эрдэнийн Уранчимэг /РД: РЭ88012320/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Их үүсгэл” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Монгол газар” ХХК /РД: 2027615/-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2011 оны З дугаар сарын 16-ны өдөр “Монгол газар” ХХК-д “Хөрөнгийн харилцааны газар” мэргэжилтнээр ажиллах болсон. Ажилд орох үедээ жирэмсэн байсан тул 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр декритны амралтаа авч 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүүхдээ төрүүлсэн. Мөн дахин ажилдаа ороогүй байхдаа 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2 дахь хүүхдээ төрүүлсэн. Энэ талаар ажил олгогч “Монгол газар” ХХК-д мэдэгдэхэд листны бичиг баримтыг авч, листны мөнгийг цалингийн данс руу шилжүүлж улмаар хүүхэд асрах чөлөөг хуулийн дагуу сунгагдсан. Миний бие 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, ажил олгогч “Монгол газар” ХХК-иас нийгмийн даатгалын дэвтрээ авахад ажил олгогч хуулиар олгогдсон үүргээ үл биелүүлж 2012 оны 7 дугаар сараас хойш нийгмийн даатгалыг маань төлөөгүй, ямар ч бичилт хийгээгүй намайг хохироосон байсан. Иймд 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг нөхөн бичүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Монгол газар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянт шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, миний биеийн байдал муу байгаа учраас намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь хариуцагч “Монгол газар” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч “Монгол газар” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь хариуцагч “Монгол газар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, “Монгол газар” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч “Монгол газар” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох нэхэмжлэгч Б.Уранчимэгийн 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН