Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 967

 

                                                       Г.Б-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Г.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1299 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Б-т холбогдох эрүүгийн 1806045331362 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Бараг овгийн Г.Б-, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын диспетчер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Говьсүмбэр аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй, 

            - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:/;

            Г.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнххөхий” үйлчилгээний төвийн хашаанд байсан иргэн Ц.Сумъяагийн эзэмшлийн 73-17 УББ улсын дугаартай, “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б-ийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Г.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, 30 хоногийн хорих ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ээс 2.100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Сумъяад олгож, Г.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Б-ийн урьд үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг болж хуульчлагдаагүй, харин Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчил болсон байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна.” гэж, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө.” гэж тус тус заажээ. Иймээс шүүгдэгч Г.Б-ийг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас чөлөөлж, 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү...” гэв.     

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн давж заалдсан гомдолд заасан асуудал үндэслэлтэй тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Г.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнххөхий” үйлчилгээний төвийн караокед өөрийн танил Ц.Сумъяа, түүний найз Ц.Анхмаа нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа, Ц.Сумъяагийн эзэмшлийн 73-17 УББ улсын дугаартай, “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг түүнээс авч, улмаар тус үйлчилгээний төвийн хашаанд байрлуулсан дээрх тээврийн хэрэгслийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр жолоодон яваад зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Ц.Сумъяа нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн байршил, шинж байдал, үнэ өртгийн талаар /хх-ийн 11-14/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Ц.Анхмаа /хх-ийн 19/, яллагдагч Г.Б- /хх-ийн 36-37/ нарын мэдүүлэг, Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материал /хх-101-139/ зэргээр давхар нотлогджээ.

Шүүгдэгч Г.Б- нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй” гэх шалтгаанаар Ц.Сумъяагийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг авсан байх бөгөөд тэрээр тодорхой газарт хүрэх зорилгоор түүний тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зохих зөвшөөрлийг аваагүй байна.

Дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгыг агуулаагүй байх тул Г.Б-ийг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйлд зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Г.Б- нь бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, зуучилсан гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн ба энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосныг буруу гэж үзлээ.

Учир нь Г.Б-ийн үйлдсэн “бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, зуучлах” буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон байна.

Иймээс 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө.” гэж заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Г.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас чөлөөлөх нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцнэ.

Дээрх үндэслэлийг нэгэн адил дурьдсан шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-ийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /31х8=248/ эдлэх ялаас нь хасаж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Г.Б-т хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, нэмж нэгтгэсэн болон ял эдлэх хорих байгууллагын дэглэм тогтоосон заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1299 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Г.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас чөлөөлсүгэй.

3. Г.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 31 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Б-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, түүнийг нэн даруй сулласугай. 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

                                                                                                     Н.БАТСАЙХАН