Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0339

 
 

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0339

Улаанбаатар хот

 

Америкийн Нэгдсэн Улсын иргэн

С Я Дийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга, П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газар болон гаалийн улсын байцаагч Н.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Америкийн Нэгдсэн Улсын иргэн С Я Дийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газар, гаалийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Буянт-Ухаа дахь Гаалийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын иргэн С Я Дэд 5.136.623 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан 1418152 дугаартай Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 1.538.887 төгрөгийн торгууль ногдуулсан 0009311 дугаар шийтгэврийг тус тус хүчингүй болгож, хууль бусаар төлүүлсэн нийт 6.675.510 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартааОлон улсад чөлөөтэй худалдан арилжих, худалдан борлуулахыг юугаар нотлох, хэрвээ байгаа бол Монгол Улс нэгдэн орсон юм уу гэдгийг тодруулах шаардлагатай байна.

Америкийн Нэгдсэн Улсын иргэн С Я Дэд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д зааснаар захиргааны арга хэмжээ авагдсан бөгөөд гаалийн байгууллагын кэйс програмын өгөгдлийн алдаанаас болж гаалийн тухай хуулийн 290 дугаар зүйлийн 290.2.2-д заасан зүйлчлэлээр хэвлэгдсэнийг залруулсан болно. Гаалийн тухай хуулийн 290 дугаар зүйлийн 290.2.2-д заасан зүйлчлэлд иргэнийг 30.000-50.000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдсон барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх санкци хэрэглэдэг юм. Америкийн Нэгдсэн Улсын иргэн С Я Дэд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д зааснаар захиргааны арга хэмжээ авч 1,588,875 төгрөгөөр торгож, нэг бүр нь 31.1 гр жинтэй 15 ширхэг алтан гулдмайг С Я Дэд буцаан өгсөн явдал нь 290 дугаар зүйлийн 290.2.2 дахь заалтыг хэрэглээгүйг давхар нотолж байна.

Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Хилийн боомтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д зорчигч аливаа эд зүйлийг гаальд мэдүүлэх үүрэгтэй байдгийг 2 хуульд тусгасан байдаг. Бүх улс оронд аль ч улсын иргэн улс орноор зорчихдоо бараа, тээврийн хэрэгслээ гаальд амаар болон бичгээр мэдүүлэх тогтсон үүрэгтэй байдаг. Тухайн иргэн С Я Дэд гаалийн хууль тогтоомж зөрчсөн нь прокурорын 2581 дүгээр тогтоолоор тогтоогдсон учир тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 57 дугаар зүйлийн 57.1, 293 дугаар зүйлийн 293.1, 293.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С Я Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Буянт-Ухаа дахь Гаалийн газар болон гаалийн улсын байцаагчид холбогдуулан гаргасан, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр С Я Дэд 5.136.623 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан 1418152 дугаар Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 1.538.887 төгрөгийн торгууль ногдуулсан 0009311 дугаар шийтгэврийг тус тус хүчингүй болгож, хууль бусаар төлүүлсэн нийт 6.675.510 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нь нэг бүр нь 31.090 гр, 15 ширхэг : алтан гулдмайг гаальд мэдүүлээгүй болох нь тогтоогдсон, 55 дугаар зүйлийн 55.1-д Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ 55.3-д Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн байх тул түүнд захиргааны хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараахь хэлбэрээр мэдүүлж болно55.2.1. бичгээр, 55.2.2 мэдээллийн сүлжээгээр, 55.2.3 зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар55.2.4 зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр гэж тус тус заажээ.

Америкийн Нэгдсэн Улсын иргэн С Я нь цэргийн алба хааж байх хугацаандаа үнэт металлын үнэ ханш өсөх, мөнгөний ханш уналтаас хамгаалах үүднээс хуримтлуулсан мөнгөөрөө нийтэд чөлөөтэй борлуулагддаг алт худалдан авч, Монгол Улсад авч орж ирэхдээ өөрийн үүргэвчинд хийж, гаалийн хяналт шалгалтад хамруулан гарцаа сонгож, Гаалийн тусгай тоноглолоор цүнх үүргэвчээ шалгуулсан байдаг.

Гэтэл шүүхээс Монгол хэл мэдэхгүй, тодорхой мэдээлэлгүй гадаадын иргэнийг зайлшгүй гаалийн мэдүүлэг бөглөх ёстой мэт дүгнэж Гаалийн тухай хуулийн 55.2.4-д зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр мэдүүлэх тухай хуулийн зохицуулалтыг үл хэрэгсэн, түүнд захиргааны хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзжээ.

Нэгэнт түүнд захиргааны хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн учраас анхан шатны шүүхээс захиргааны хариуцлагыг түүний гаргасан гэж үзэж байгаа зөрчил, үйлдэлд тохирсон зүйл заалтыг хэрэглэж ногдуулсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

Анхан шатны шүүхээс ... Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д заасан зөрчлийн шинжийг агуулсан байх тул түүнд нийт 5.129.623 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоож, 1.538.887 төгрөгийн торгууль ногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна... гэжээ. Хавтас хэрэгт авагдсан гаалийн улсын байцаагчийн шийтгэвэрт Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2-д заасныг үндэслэсэн байхад шүүхээс ямар учраас ийнхүү шийтгэврийн хуулийн үндэслэлийг өөрчилж байгаа нь тодорхойгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн програмын өгөгдлийн алдаанаас 293.2 нь 290.2.2 гэж буруу хэвлэгдсэнийг дахин шивж хэвлэсэн гэснийг шүүх үндэслэх хэсэгтээ дурджээ. Гаалийн улсын байцаагчийн шийтгэвэр нь гараар бичигдсэн байсан бөгөөд ямар нэгэн буруу хэвлэгдсэн зүйл байхгүй юм. Анхан шатны шүүхээс хариуцагчийн буруутай үйл ажиллагааг ийнхүү тэдгээрийн үгээр өөрчилж байгаад харамсаж байна.

Гаалийн улсын байцаагч Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2-д заасныг үндэслэн Я Д С-ийг 1.538.887 төгрөгөөр торгосон. Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2-д тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ хуулийн 290.2.1-д заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тийнхүү нэвтрүүлэхийг завдсан бол иргэнийг 30.000-50.000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх гэжээ.

Гэтэл Гаалийн тухай хуулийн 3.1.14-д тарифын бус хязгаарлалт гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг гэж тодорхой заажээ. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг баталдаг ба алт нь тарифын бус хязгаарлалт тогтоосон бараанд хамаарахгүй юм. Үүнээс үзэхэд түүний үйлдэлд Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2-т заасан зөрчлийн бүрэлдэхүүн мөн байхгүй тул түүнд ийм өндөр хэмжээний төлбөр ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Түүнчлэн 1.538.887 төгрөгийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, дээрх хуулийн заалтаас харахад ийм өндөр үнийн дүнгээр торгох бодит боломжгүй байна.

Мөн Анхан шатны шүүхийн дүгнэсэн Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйл буюу Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт юм.

Я Д С Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах ямар нэгэн үйлдэл гаргаагүй, хавтас хэрэгт тийм нотлох баримт байхгүй. Мөн энэхүү хуулийн заалт нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хүчингүй болсон бөгөөд шүүхээс хариуцагчийн тайлбараар шийтгэвэрт бичигдээгүй, хүчингүй болсон хуулийн заалтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шийдвэр үндэслэлгүй болоход нөлөөлсөн байна.

Зүй нь, иргэн Я Д Сийн үйлдэлд Гаалийн тухай хуулийн 290.2.4-д заасан гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ хуулийн 290.2.1, 290.2.2 дахь заалт, 293 дугаар зүйлд заасан зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол мэдүүлэгч иргэнийг 10.000-30.000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50.000-100.000 төгрөгөөр торгох гэсэн заалтын дагуу нэгэнт уг зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй бол гаалийн татвар, түүний тодорхой хувиар торгууль ногдуулах бус, харин 30.000 төгрөгөөр торгох нь хуульд нийцэх байсан. Мөн ...тухайн үед алт нь нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлд байсан, Монгол Улсад борлуулагдаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.11-д заасан борлуулсан алт гэдэгт хамаарахгүй юм гэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд тухайн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалт байдаг ба 13.1.11-д борлуулсан алт-ыг албан татвараас чөлөөлөгдөхөөр зохицуулсан байна. Я Д С тухайн алтыг Швейцарийн Кредит свисс банкнаас Америкийн Нэгдсэн Улсын Жи-Эм Буллион компаниар дамжуулан худалдан авсан нь хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд борлуулсан алт юм. Хуульд Монгол Улсын алт, эсхүл гадаадын алт гэсэн ялгаатай ойлголт байхгүй бөгөөд Монгол Улсад борлуулсан гэсэн үг хуулийн тодорхой заалт дээр дураараа нэмж дүгнэлт хийж болохгүй билээ. Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлгүй, хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаар шийдвэр нь хуулийн болон бодит үндэслэлгүй гарсан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 /Бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ/, 55 дугаар зүйлийн 55.1 /Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ/-д зааснаар бараа, эд юмсыг Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа аливаа этгээд гаальд мэдүүлэх үүрэгтэй.

Гэтэл Америкийн Нэгдсэн Улсын иргэн С Я Д нэг бүр нь 31.090 гр, 15 алтан гулдмайг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын гаалийн хилээр мэдүүлэлгүй нэвтрүүлсэн, тухайн үйлдлийг цагдаагийн байгууллага шалгасны эцэст Тээврийн прокурорын газрын прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2581 дүгээр тогтоолоор Америкийн Нэгдсэн Улсын иргэн Я.Д.С нь Швейцарь Улсын Кредит свисс банкнаас цувьсан, Америкийн Нэгдсэн Улсын Жи Эм Биллион компаниар дамжуулан захиалж, худалдан авсан уг алтыг Румын Улсын иргэнээр дамжуулан Хонконг Улсад зарахаар өгсөн, Монгол Улсад алт худалдан борлуулж ашиг олсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гаальд мэдүүлээгүй нь Гаалийн тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоожээ.

Гаалийн улсын байцаагч прокурорын тогтоолд заасанчлан нэхэмжлэгчийг гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн бол Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, ... гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, ... нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх гэж заасны дагуу зохих шийтгэлийг ногдуулах байжээ.

Тодруулбал, Монгол Улсад худалдан борлуулаагүй буюу Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт алтан гулдмайг түр хугацаагаар оруулсан тохиолдолд Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасан барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимыг сонгож, хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасны дагуу холбогдох татварыг тусгай дансанд байршуулж, тухайн барааг хилийн чанадад буцаан гаргаснаар уг горим дуусгавар болж, байршуулсан татвараа буцаан авах байсан бөгөөд Монгол Улсын хилээр ийнхүү барааг мэдүүлэлгүй нэтрүүлсэн нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасан зөрчил болно.

Харин Америкийн Нэгдсэн Улсын иргэн Я.Д.С 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр алтан гулдмайг хилийн чанадад буцаан гаргахын тулд гаалийн нөхөн бүрдүүлэлтийг хийхдээ дээр дурдсан барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимыг бус Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1-д заасан барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимыг сонгож мэдүүлснийг үндэслэн гаалийн улсын байцаагч нэхэмжлэгчид Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1 /Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна/-д заасны дагуу татварыг ногдуулж, улмаар холбогдох хариуцлага хүлээлгэснийг шууд буруутгах боломжгүй.

Учир нь, Гаалийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 Гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно, 57 дугаар зүйлийн 57.1 Мэдүүлэгч дараахь эрх эдэлнэ, 57.1.1 гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, өөрчлөх гэж зааснаар гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч буюу энэ тохиолдолд Америкийн Нэгдсэн Улсын иргэн Я.Д.С өөрөө сонгох эрхтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Гаалийн тухай хуулийн 55.2 /Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараахь хэлбэрээр мэдүүлж болно/, 55.2.4 /зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр/-д зааснаар хилээр нэтрүүлэх бараа буюу алтыг үйл хөдлөлөөр мэдүүлсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй төдийгүй прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2581 дүгээр тогтоолоор үгүйсгэгджээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Үүнээс гадна 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн гаалийн улсын байцаагчийн 0009311 дүгээр шийтгэврээр 1.538.887 төгрөгийн торгууль ногдуулсан зөрчил гаргагчид гардуулсан шийтгэврийн тасалбарт хуулийн зүйл, заалтыг 290.2.2 гэж буруу бичснээ гаалийн улсын байцаагч хүлээн зөвшөөрч, энэ тухай зөрчлийн тэмдэглэлийн хавсралтад дурдсан, уг алдааг мөн өдрөө залруулж, шийтгэврийн үлдэх хэсэг-т зөрчил гаргагчаар гарын үсэг зуруулсан шийтгэврийн хувь хэрэгт авагдсан, тухайн шийтгэвэр гараар бичигдсэн байгаа зэргээс үзвэл програмын алдаа гэх боломжгүй боловч энэ нь торгууль ногдуулсан шийтгэврийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР