Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00802

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03633 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 277 дугаар магадлалтай

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.Цд холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл, хохиролд нийт 24 270 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Илүү төлсөн 8 711 000 төгрөгийг, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийн хамт буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжингийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н” ХХК нь Д.Цтэй 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 46 тоот “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу 9 809 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, мөн оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 8 тоот “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу 5 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 6127 тоот “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний дагуу 4 400 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлсэн.

Хариуцагч Д.Ц дээрх 3 зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгээгүй. 8 тоот гэрээний барьцаа хөрөнгө нэхэмжлэгч компанид одоо хүртэл хадгалагдаж байна. Харин 46, 6127 тоот гэрээнүүд ямар нэгэн барьцаа хөрөнгө байхгүй. Д.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчийг ихээхэн хохироож байгаа тул барьцаа хөрөнгөгүй 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар гаргуулна.

46 тоот гэрээний төлбөрт 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн төлбөрөөс 809 000 төгрөг, хүүгийн төлбөрт 540 000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 9 000 000 төгрөгийг төлж барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 4 500 000 төгрөгийн алдангийг тооцвол нийт 13 500 000 төгрөгийн хохирол учруулсан. Тус гэрээний үүргийг гүйцэтгэх талаар Д.Цд нэхэмжлэгч компанийн ажилтан байнга утсаар мэдэгдэж байсан бөгөөд тэрээр манай компанитай зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг, одоогоор үйл ажиллагаа нь зогсонги байгаа учир түр хугацаа өгөөч гэж гуйж өнөөдрийг хүрсэн.

6127 тоот гэрээний төлбөрт 2017 оны 1 сар хүртэл үндсэн зээлээс нийт 2 600 000 төгрөг, хүүгийн төлбөрт 264 000 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 1 800 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Гэрээгээр тохирсноор 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 949 хоногийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 900 000 төгрөгийн алданги тооцоход нийт 2 700 000 төгрөг болно. Дээрх гэрээтэй холбоотой төлөлт хийхдээ ажилтан Г.Оюунмаагаас барьцаа хөрөнгүүдээ гуйж авсан. 46 тоот гэрээний гүйцэтгэвэл зохих үүрэг 13 500 000 төгрөг, 6127 тоот гэрээний 2 700 000 төгрөг, нийт 16 200 000 төгрөгийг хариуцагч Д.Цгээс гаргуулна

Харин 8 тоот зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэл гаргахад шаардаагүй боловч уг гэрээний үүргийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. 2015 оны 11 дүгээр сар хүртэл үндсэн төлбөрт 120 000 төгрөг, хүүд 385 000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн бөгөөд үндсэн зээл 5 380 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Гэрээ болон хуульд зааснаар алданги тооцон, гүйцэтгээгүй үүргийн 50 хувьд дүйцүүлэн 2 690 000 төгрөгийн алданги, нийт 8 070 000 төгрөгийг үндсэн нэхэмжлэл 16 200 000 төгрөг дээр нэмж, нийт 24 270 000 төгрөгийг хариуцагч Д.Цгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие барьцаат зээлийн гэрээний журамтай танилцаж, сард 8 хувь, хоногийн 0,3 хувь, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 7 дахь өдрөөс эхлэн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасныг зөвшөөрч гарын үсэг зурж гэрээг байгуулсан.

9 809 000 төгрөгийн зээлийн хувьд 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 809 000 төгрөг үндсэн зээлээс, 540 000 төгрөгийг хүүд төлсөн. Мөн 3, 4, 5 дугаар сарын 12-ны өдөр 540 000 төгрөгийг тус тус төлсөн. Үлдэгдэл 7 380 000 төгрөгт барьцаа хөрөнгө хангалттай учраас 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл барьцаа хөрөнгийг худалдан борлуулахыг зөвшөөрсөн. Уг зээлийн гэрээ хэрэгжих хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон тул үүргийн гүйцэтгэл шаардаж байгааг зөвшөөрөхгүй.

Дараагийн зээлийн хувьд 4 400 000 төгрөг зээлж, барьцаанд монетан бөгж 3 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, монетан ээмэг, гинж, кулон зэргийг тавьсан. 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үндсэн зээлээ төлж дууссан тул барьцаа хөрөнгөө авахыг хүсэхэд “Н” ХХК-ийн ажилтан Г.Оюунмаа, н.Бямбаа нар нь барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй байна гээд 2 500 000 төгрөг, зээлийн хүүд 280 000 төгрөгийг төлөөрэй гэсэн учир 2 264 000 төгрөгийг төлж, монетан ээмэг, гинж, кулоныг буцаан авсан. Энэ зээлийн төлбөр нь нийт 2 000 000 төгрөг үлдсэн. Миний бие нийт 8 000 000 төгрөг төлж, зээлийн барьцаанд дүүгийн 2 ширхэг алтан бөгжийг үлдсэн.

3 дахь зээлийн тухайд 5 500 000 төгрөгийг зээлж авсан. Сар бүр 385 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлсөн. Миний тооцоогоор 6 160 000 төгрөгийг төлж, илүү 285 000 төгрөг төлж энэ зээлийг дуусгасан.

“Н” ХХК-тай байгуулсан 3 удаагийн зээлийн төлбөрийг төлж дуусгасан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тус компаниас барьцаанд байгаа алтан бөгж 3 ширхэг, монетан бөгж 5 ширхэг, гинж 1 ширхэг, хос ээмэг зэрэг өөрийн хөрөнгө болон илүү төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Н” ХХК-иас 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 5 500 000 төгрөгийг үнэт эдлэлээ тавьж зээл авч төлсөөр 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сард 385 000 төгрөг төлж, нийт 16 сарын дотор 6 160 000 төгрөг буюу үндсэн зээл 5 500 000 төгрөг, хүү 385 000 төгрөгийг хасахад 275 000 төгрөг илүү төлсөн байна.

2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үнэт зүйлсээ барьцаалан 4 400 000 төгрөгийн зээл авч сар бүр 264 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 23 сарын хугацаанд 5 972 000 төгрөгийг төлсөн байна. Мөн өдөр монетан ээмэг, бөгж, гинжээ авахад 2 600 000 төгрөг, хүүд 264 000 төгрөг төлж нийт 8 936 000 төгрөг өгсөн байна. Үүнээс үндсэн зээл 4 400 000 төгрөг, хүү 264 000 төгрөг хасахад 4 536 000 төгрөгийг илүү төлжээ. Мөн барьцаанд байгаа үнэт зүйлсээ авмаар байна. “Н” ХХК-ийн ломбардыг би хохироогоогүй, харин илүү төлөлт хийсэн тул нийт 4 811 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Түүнчлэн, “Н” ХХК-ийн ажилтан н.Бямбасүрэнгийн “Хаан банк” ХХК-ийн 5026943658 дансанд 2 500 000 төгрөгийн төлөлт хийсэн нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01977 дугаар шийдвэрт Д.Баттулгаас “Н” ХХК-д төлсөн төлбөр биш гэж тогтоогдсон. Харин иргэн Д.Ц нь “Н” ХХК-ийн зээлийн ажилтанд шилжүүлсэн учир энэ хэрэгт буюу “Н” ХХК-д төлсөн өөрийн төлбөрт тооцуулж гаргуулах хүсэлтэй байна.

“Н” ХХК-ийн зээлийн мэргэжилтэн Г.Оюунмаад 500 000 төгрөг, 400 000 төгрөг, 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн ба нийт 1 400 000 төгрөг нь зээлийн илүү төлөлт тул шүүхээр тогтоолгож, 3 900 000 төгрөгийг өмнө шаардсан 4 811 000 төгрөг дээр нэмж, нийт 8 711 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 4 818 000 төгрөгт гаргасан анхны сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ямар нэгэн баримтгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Нотлох баримтаар өгсөн зээлийн журналыг түүвэрлэж үзэхэд Д.Ц өдөрт 10 000-20 000 төгрөгийг төлж байсан. Зээлийг бүтнээр буюу 580 000 төгрөгөөр төлж байгаагүй. Бага мөнгөн дүнгээр сарын турш хийсэн зээлийн эргэн төлөлт ч байдаг.

Нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 3 900 000 төгрөгийн хувьд “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй н.Баттулгад холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр болон бусад нотлох баримтуудыг өгсөн ба уг шийдвэрт Д.Ц нь “Н” ХХК-д төлсөн гэж худал тайлбарласан. Г.Оюунмаад төлсөн гэх 400 000 төгрөг, 500 000 төгрөгийг өөр зээлийн 10 000 000 төгрөгт холбогдуулж төлсөн. Д.Ц нь олон зээл авсан, 1 зээл төлөлтийг 4-5 зээлийн үүрэгт хамааруулж тайлбарлаж, санаатай худал мэдүүлэг өгч байна.

Д.Ц нь “Н” ХХК-д 8 000 000 гаруй төгрөг илүү төлж, барьцаа хөрөнгө үлдээсэн зүйл байхгүй. 9 809 000 төгрөгийг барьцаагүй зээлсэн. Одоо тус ломбардад 8 тоот гэрээний дагуу алтан бөгж 1 ширхэг, монетан бөгж 2 ширхэг, монетан гинж 2 ширхэг, монетан ээмэг 1 хос байгаа. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 6127 тоот гэрээний барьцаа хөрөнгийг Г.Оюунмаагаас гуйгаад аваад явсан.

Хариуцагч нь 46 тоот зээлийн гэрээний үүрэгт 2 879 780 төгрөг төлсөн. Талууд харилцан тохиролцож 540 000 төгрөгийг 3 удаа буюу 1 620 000 төгрөгийг гэрээг сунгуулахаар хүүд тооцсон. Үлдсэн 1 259 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох боломжтой.

8 тоот гэрээний хувьд 844 000 төгрөгийг хэсэгчлэн, 2 200 000 төгрөгийг бэлнээр, нийт 3 044 000 төгрөг төлсөн. 264 000 төгрөг хүүд тооцогдоно. Гэрчийн мэдүүлгээр хариуцагч нь нэг өдрийн хүүг бүтнээр төлж байгаагүй, хэсэгчлэн өгдөг байсан нь тогтоогдсон.

Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид алданги нэхэмжлэх эрх байсан боловч хувь хүний нөхцөл байдлыг харгалзаж үзээд алдангийг тооцоогүй. Банкны баримтуудын хувьд Г.Оюунмаагаас н.Бямбасүрэнд төлсөн баримтууд гэж дүгнэсэн. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан 8 700 000 төгрөгийг илүү төлсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй. 11 төрлийн үнэт зүйлс тус ломбардад байгаа гэдэг нь үндэслэлгүй юм.

Мөн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн. Тухайн үнэт эдлэлийг зах зээлийн ханшаар тооцож тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03633 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цгээс 9 575 160 /есөн сая таван зуун далан таван мянга нэг зуун жаран/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 14 694 840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Цгийн нэхэмжлэгч Н ХХК-иас 8 711 000 төгрөг болон барьцаанд тавьсан 11 ширхэг эд зүйлсийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385 250 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 239 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цгээс 168 152 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 277 дугаар магадлалаар:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03633дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 900 /70 200+93 700/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Д.Цд холбогдох 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 46 тоот Барьцаалан зээлдүүлэх гэрээ, 2015 оны 03 сарын 12-ны өдрийн 8 тоот Барьцаалан зээлдүүлэх гэрээ, 2015 оны 02 сарын 16-ны өдрийн 6127 тоот Барьцаалан зээлдүүлэх гэрээнүүдээс тус тус учирсан хохиролд нийт 24 270 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас учирсан хохиролд 9 575 160 төгрөгийг хариуцагч Д.Цгээс гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүйн улмаас маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.” гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхийн санаачилгаар гаргуулах, гэрчийн ахин асуух, нотлох баримтын шаардлага хангаагүй, ач холбогдолгүй нотлох баримтыг хасах зэргээр олон удаагийн захирамж гаргаж шүүх хуралдааныг удаа дараа хариуцагч талын хүсэлтээр хойшлуулж байсан.

Мөн талуудыг мэтгэлцүүлэх бүрэн боломжоор хангаагүй зохих ажиллагааг хийгээгүй гэж дүгнэх дээ юуг үндэслэсэн нь тодорхойгүй бөгөөд анхан шатны шүүхээс хийсэн ажиллагаанууд гаргасан захирамжууд болон холбогдох нотлох баримтыг бүрэн судлалгүй магадлал гаргасан.

Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүх талаас бүрэн дүрэн хянан хэлэлцэх зарчим болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4, 166.5 дахь заалтыг зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь Д.Цд холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл, хохиролд нийт 24 270 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 8 711 000 төгрөгийг, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийн хамт буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 9 575 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн үндэслэлээ:  “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн ...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо: “... анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад үйл баримтыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэгт цугларсан  баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй...” гэх үндэслэл заажээ. 

Шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ магадлалд зааснаас гадна дараах алдааг гаргажээ.

Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байна.

Тухайн хуулийн этгээд зээл олгохдоо зээлдэгчээс барьцаа хөрөнгө шаардах эсэх нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д зааснаар түүнд олгогдсон эрх.

Зээлдүүлэгч нь энэ эрхээ хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч тухайн хуулийн этгээдээс олгож буй зээлийн үйл ажиллагаа, шаардах эрх, үүрэг хуульд заасан хүрээгээр хязгаарлагдах байтал анхан шатны шүүх нэг этгээдээс, нэг үндэслэлээр олгогдсон хэд хэдэн зээлийг өөр өөрөөр тайлбарлаж, хуулийн хоёр өөр зохицуулалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүх үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 277 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжингийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168 160 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД