| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/01942/И |
| Дугаар | 01770 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 01770
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/01770 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөл гудамж, голдон парк 105 дугаар байрны 51 тоотод оршин суух, Харчин овогт Жавхлангийн Номин /РД:УИ94070745/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 416 дугаар байрны 206 тоотод оршин суух, Онолт овогт Бат-Эрдэнийн Батхүү /РД:КЮ93063013/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Номин, хариуцагч Б.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Номин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батхүүтэй 2012 онд танилцсан, 2014 онд охинтой болсон. Б.Батхүүгийн гэрт хамт амьдарч байгаад хоорондоо таарч тохирохгүй болсон учраас 2016 оноос тусдаа амьдарсан. Тиймээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Б.Батхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд Ж.Номинтой танилцаж, 2013 оноос манай гэрт хамтран амьдарсан. 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.Оюун-Эрдэнэ төрсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охинд хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Номин нь хариуцагч Б.Батхүүд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Батхүү, хариуцагч Б.Батхүү нар нь 2012 онд танилцаж, тэдний дундаас 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин Батхүүгийн Оюу-Эрдэнэ төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн 1107001318 дугаартай төрсний гэрчилгээгээр тус тус нотлогдож байхаас гадна хүүхэд Б.Оюу-Эрдэнийн төрсөн эцэг хариуцагч Б.Батхүү мөн эсэхэд талууд маргаагүй байна.
Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхэд эцгийн нэрээр овоглодог, хүүхэд төрсөн үеэс эхлэн эхийн асрамжинд өсөн торниж байгаа үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байхаас гадна талууд цаашид хамтран амьдрах боломжгүй нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдийн насны онцлог, өсөж торнисон орчин зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч Б.Батхүүгээс тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.
Дээрх үндэслэлээр охин Б.Оюу-Эрдэнийг эх Ж.Номингийн асрамжинд үлдээж, эцэг Б.Батхүүгээс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Онолт овогт Батхүүгийн Оюу-Эрдэнэ /РД: УШ14231086/-ийг эх Ж.Номингийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Онолт овогт Батхүүгийн Оюу-Эрдэнэд /РД: УШ14231086/ 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Батхүүгээс гаргуулан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 31 233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38 967 төгрөгийг улсын орлогоос, 31 233 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН