Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 249

 

 

 

 

 

 

     2022      02          18                                  2022/ШЦТ/249

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч *******, ,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан эрүүгийн 2102 00530 0009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1993 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 2067б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдаас 20.000 төгрөгөөр худалдан авсан буюу хууль бусаар олж авсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 2067б тоотод хууль бусаар олж авсан “өвс” гэх нэршилтэй 2.8243 грамм цэвэр жин бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдаас 20.000 төгрөгөөр худалдан авсан буюу хууль бусаар олж авсан,

Улмаар 2.8243 грамм цэвэр жин бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд : Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

 

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр залуу надтай яриа өдөж хөгжим дууны талаар ярьж байснаа намайг гадаад хип хоп дуучинтай адилхан юм гэж ярилцаж байгаад надаас “юм хэрэглэж үзсэн үү” гэхээр нь “юу” гэж асуухад мансууруулах сэтгэцэд нөлөөлөх өвс байгаа юм, хэрэглэж үзсэн үү гэхээр нь би үзээгүй гэж хэлэхэд надаас “авах уу” гэхээр нь би зөвшөөрөхөд халааснаасаа жижиг ууттай өвс гаргаж өгсөн. Би гаргаж өгсөн өвсийг нь халаасандаа хийсэн чинь 20.000 төгрөг өгчих гэхээр нь би өөрийн халаасанд байсан 20.000 төгрөгийг бэлнээр нь гаргаж өгсөн...гэртээ хариад би нөгөө өвсөө огт хэрэглээгүй орны орны ард талд хийчихсэн байж байгаад тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа байх ганцаараа гэртээ байхдаа нөгөө өвсөө гаргаж ирээд янжуур тамхи шиг татаж үзсэн чинь нээх гоё таашаал авч байгаа юм шиг мэдрэмж төрөөд бүх л юм удаашраад тайван байсан. Тэгээд татаж дуусаад хэсэг компьютер тоглож байгаад унтсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө цагдаа нар орж ирээд гэр нэгжээд баригдсан. Би үлдэгдэл өвсөө матрасны доор буюу орон доогуур хийсэн болохоор баригдсан...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/,  

Гэрч Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай байрны 21 тоотод Ганбатын овогтой М гэх оршин суугч байдаг юм. Би уг байрыг 2021 оны 7 дугаар сард худалдан авч байсан юм. Би Мөнтэнгэртэй 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн гэрээг шинэчлэн хийж одоог хүртэл манай 21 тоот өрөөг түрээслэн амьдарч байгаа юм...би уг байран дээр хааяа нэг очдог. Очиход пиво согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм шиг санагдсан. Гаргаж байгаа хог нь дандаа том пивоны сав байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №4808 дугаартай дүгнэлт:

  1. 2. 3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ганбатын М РД: ЛЮ93081315 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №4809 дугаартай дүгнэлт:

1. 2. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “2020.10.17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэсэн гэх” гэж хаягласан гялгар ууттай нунтаг ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч *******ийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдаас 20.000 төгрөгөөр худалдан авсан буюу хууль бусаар олж авсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 2067б тоотод хууль бусаар олж авсан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

           

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй “ШБМХ/2021 4809 БЗД-2” гэсэн бичиглэлтэй зиплон ууттай дотор нь цэнхэр өнгийн гялгар ууттай 2.8243 грамм өвс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж тус тус шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж “ШБМХ/2021 4809 БЗД-2” гэсэн бичиглэлтэй зиплон ууттай дотор нь цэнхэр өнгийн гялгар ууттай 2.8243 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй.

            5. Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР