| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/01838/И |
| Дугаар | 1771 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 1771
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/01771 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, өнөр хороолол, 45б дугаар байр 67 тоотод оршин суух, Дархан овогт Дондогдоржийн Наранцацралт /РД: ТЕ57062263/-ын нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Наранцацралт, гэрч Г.Гүүгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 25787 дугаарын дипломтой УБДС-ийн зураг хөдөлмөрийн ангийг зураг хөдөлмөрийн ангийг зураг хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн. 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Дархан хотын 7 дугаар дунд сургуульд зургийн багшаар 3 жил 1 сар ажилласан. Дархан хот дахь Барилгын техникумд 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл шугам зургийн багшаар 7 жил 11 сар ажилласан. Дархан хотын 5 дугаар дунд сургуульд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хөдөлмөрийн багшаар 4 жил 2 сар ажилласан. Дархан-Уул аймгийн архив, 5 дугаар сургууль барилгын техникум, 7 дугаар сургуулиас байгаа материалуудыг нь авсан. Иймд намайг 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дархан хотын 7 дугаар дунд сургууль, Барилгын техникум, 5 дугаар дунд сургуульд 15 жил 2 сар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Наранцацралт нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Наранцацралт нь 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Дархан хотын 7 дугаар дунд сургуульд, 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Дархан хот дахь Барилгын техникумд, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дархан хотын 5 дугаар дунд сургуульд тус тус ажиллаж байсан болох нь Дархан хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаар багш хүмүүжүүлэгчийг томилох тухай тушаал болон хавсралт, Дархан хотын 8 жилийн 7 дугаар дунд сургуулийн захирлын 1982 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар багш нарын ээлжийн амралтыг гаргах тухай тушаал, хавсралт, Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Д.Наранцацралтын цалингын тодорхойлолт, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа, Дархан дахь барилгын техникумын захирлын 1982 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар багш томилох тухай тушаал, Улсын барилгын хорооны харьяа Дархан дахь барилгын техникумын захирлын 1990 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн б/98 дугаар багш нарыг ажлаас чөлөөлөх тушаал, Барилгын яамны харьяа Дархан хот дахь Барилгын мэргэжлийн сургалтын төвийн захирлын 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12/б дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Дархан хотын тавдугаар сургуулийн захирлын 1990 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар ажилд томилох тухай тушаал болон хавсралт, Дархан хотын тавдугаар сургуулийн захирлын 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар анги удирдсан багш нарыг томилох ба сонгон суралцуулах хичээл заалгах тухай тушаал, хавсралт, захирлын 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаар цалин тогтоох тухай тушаал, хавсралтууд, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаар хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралтууд, Дархан-Уул аймгийн 5 дугаар сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан Дондогдоржийн Наранцацралтын 1990-1992 оны цалингийн цэс, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Боловсролын яамнаас олгосон үнэмлэх, гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Наранцацралтыг 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Дархан хотын 7 дугаар дунд сургуульд зургийн багшаар, 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Дархан хот дахь Барилгын техникумд шугам зургийн багшаар, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дархан хотын 5 дугаар дунд сургуульд хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Наранцацралт /РД: ТЕ57062263/-ыг 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Дархан хотын 7 дугаар дунд сургуульд зургийн багшаар, 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Дархан хот дахь Барилгын техникумд шугам зургийн багшаар, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дархан хотын 5 дугаар дунд сургуульд хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН