Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2017/00566

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр баг, Геологи 1 дүгээр гудамж, 9 тоотод оршин суух, ВЭ65112602 регистрийн дугаартай, Хэцүү шар овогт Жанчивын Алтанцэцэгийн

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1965 онд төрсөн, 52 настай, 4 хүүхэдтэй. Тэтгэвэрт орох нас маань болсон тул ажиллаж байсан байдал тогтоолгох хэрэгтэй болсон. Иймд 1987 оны 07 сараас 1988 оны 05 сар хүртэл Баянхонгор аймгийн захиргааны аж ахуйн хэлтэст бичиг хүргэгч, 1988 оны 08 сараас 1989 оны 04 сар хүртэл тус аймгийн Эрчим хүчний үйлдвэрт бичээч, 1989 оны 08 сараас 1991 оны 05 сар хүртэл Банкны конторт бичээч, 1991 оны 05 сараас 1993 оны 05 сар хүртэл Хөрөнгө оруулалт технологи шинэчлэлтийн банкинд бичээчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1989 онд БНМАУ Улсын банкны конторт бичээчээр ажилладаг байсан. 1989 оны 09 дүгээр сарын 28-нд Оюун гэдэг бичээч нь жирэмсний амралтаа аваад оронд нь би ажилд түр томилогдсон. Мөн 1989 оны 12 дүгээр сарын 19-нд нөгөө бичээч нь жирэмсний амралтаа авсны дараа би ажилд нь түр томилогдсон. Ийм учраас 2 бичээч ажлыг зэрэг хийж байсан. З.Цагаан ажилд ороход, манай банканд өөр үйлчлэгчийн орон тоо гарсан, бичээчийн ажлаа буцаагаад хүлээлгэж өгчихөөд үйлчлэгчээр жинхлэгдсэн. 1991 оноос 1993 оны 5 сарыг дуустал хугацаанд хөрөнгө оруулалт технологийн банкинд ажилласан. Бичээч, үйлчлэгчээр ажиллаж байгаад улсын банкны дотоод орон тоо өөрчлөгдөхөд нь бичээчээр дагнаж ажиллаж байгаад 1993 оны 5 сард ажлаасаа гарсан. 1987 онд Баянхонгор аймгийн захиргааны аж ахуйн хэлтэст бичиг хүргэгчээр ажиллаж байгаад 1988 оны 6 сард хүүхэд төрүүлсэн. Төрөөд удалгүй 1988 оны 09 сараас Эрчим хүчний бичээчээр ажилласан. Аж ахуйн хэлтэст бичиг хүргэгчээр 1987 оны эхнээс 1987 оны 11 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. 1987 оны эхээр ажиллаж байснаа тод санаж байна. Мөн 1987 оны эхээр ажиллаж байсан талаарх баримт архивын лавлагаанд гарсныг шүүхэд гаргаж өгсөн Шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагадаа 1987 оны 07 сарын 27-ний өдрөөс эхэлж тогтоолгох хүсэлттэй байна гэсэн боловч одоо шаардлагаа өөрчилж 1987 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд захиргааны аж ахуйн хэлтэст бичиг хүргэгчээр ажиллаж байсан болохоо тогтоолгох хүсэлттэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэгийн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын мэдүүлгийн баримт, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 422 тоот, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 755 тоот архивын лавлагаанууд, Баянхонгор аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр захирамжийн хуулбар, Улсын банкны Баянхонгор аймаг дахь конторын даргын 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаар, 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 174 дүгээр, 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар тушаалын хуулбарууд, Хөрөнгө оруулалт технологийн шинэчлэлтийн банкны Баянхонгор аймаг дахь салбарын эрхлэгчийн 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот, 1993 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02 тоот тушаалын хуулбарууд, Д.Нарантуяа, З.Цагаан нарын гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдааны танхимд нэг бүрчлэн дэлгэцээр харуулан шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Алтанцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ шаардлагыг өөрчилж 1987 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бус 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн захиргааны аж ахуйн хэлтэст бичиг хүргэгчээр ажилласан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба дээрх байдал нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 755 тоот архивын лавлагаагаар тогтоогдож байх тул үндэстэй гэж үзэв.

Ж.Алтанцэцэг нь 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн захиргааны аж ахуйн хэлтэст бичиг хүргэгч, 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус аймгийн Эрчим хүчний үйлдвэрт бичээч, 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Улсын банкны Баянхонгор аймаг дахь конторт бичээч, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хөрөнгө оруулалт технологи шинэчлэлтийн банкинд бичээчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 422 тоот, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 755 тоот архивын лавлагаанууд, Баянхонгор аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр захирамжийн хуулбар, Улсын банкны Баянхонгор аймаг дахь конторын даргын 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаар, 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 174 дүгээр, 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар тушаалын хуулбарууд, Хөрөнгө оруулалт технологийн шинэчлэлтийн банкны Баянхонгор аймаг дахь салбарын эрхлэгчийн 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот, 1993 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02 тоот тушаалын хуулбарууд, Д.Нарантуяа, З.Цагаан нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хэцүү шар овогт Жанчивын Алтанцэцэгийн 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны аж ахуйн хэлтэст бичиг хүргэгчээр,

1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Эрчим хүчний үйлдвэрт бичээчээр,

1989 оны 09 сарын 26-ны өдрөөс 1991 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Улсын банкны Баянхонгор аймаг дахь конторын бичээчээр,

1991 оны 05 сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Хөрөнгө оруулалт технологи шинэчлэлтийн банкинд бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор хүсэлт гаргагч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА