| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0190/Э |
| Дугаар | 289 |
| Огноо | 2022-02-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 289
2022 02 24 2022/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Б.Х,
нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч М.Отгонжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2106 03480 2419 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Х, 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан, 2 дугаар баг, октябрь 8 гудамж 6а тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 913 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн 1022 тоот лангуунаас гэрлийн бүрхүүл худалдан авч улмаар дансаар мөнгөө шилжүүлсэн хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Цэнд-Аюушаас 80.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гэрлийн бүрхүүл болон бэлнээр 220.000 төгрөгийг хуурч, мэхлэх аргаар авч түүнд нийт 300.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн бичиг хэргийн 146-147 тоот лангуунаас бичиг хэргийн эд зүйл худалдан авч улмаар дансаар мөнгөө шилжүүлсэн хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Л.Энхтуяагаас 140.000 төгрөгийн үнэ бзхий бичиг хэргийн эд зүйл болон бэлнээр 100.000 төгрөгийг хуурч, мэхлэх аргаар авч түүнд нийт 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр захын 76 тоот лангуунаас иргэн И.Бадамрагчаагаас 4 ширхэг сайн чанарын дугуй худалдаж авна. Бэлнээр 500.000 төгрөг түр өгч бай мөнгийг нь нийлүүлээд дансаар шилжүүлье хэмээн хуурч 500.000 төгрөг бэлнээр авч залилсан,
2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн хулдаас зардаг №26-27 дугаар лангуун дээрээс иргэн Э.Төрболдыг наймаа хийж байхад нь 1.000.000 төгрөгийн хулдаас худалдаж авна. Та надад 500.000 төгрөг нэмээд өгөөч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бэлнээр 500.000 төгрөг авч залилсан,
2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн хулдаас зардаг хэсэгт худалдаа эрхэлж байсан иргэн Н.Лхагвасүрэнгээс 3 боодол хулдаас авна, мөн 500.000 төгрөг бэлнээр өгчих, хулдаасны мөнгөтэй нийлүүлээд дансаар шилжүүлчихье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Х нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртлэх хугацаанд иргэдийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйл баримт тогтоогдож байна. Дээрх үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр бусдыг залилсан хохирол учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Лхагвасүрэнд 500.000 төгрөг төлөх дутуу байгаа. Уг хохирлыг нөхөн төлөх завсарлага авах хүсэлтэй байна гэв.
Шүүгдэгч нь хуульд заасан хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авсан хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг,
- Яллагдагч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сандэй плаза худалдааны төвийн 1 давхарт байрлах 1022 тоот гэрэл зардаг лангуун дээр очоод 2 ширхэг 80.000 төгрөгний гэрэл худалдаж аваад тэр хүний дансанд илүү мөнгө шилжүүлээд бэлнээр авъя гэж хэлээд 220.000 төгрөг авсан. Би Цэнд-Аюуш гэх хүнээс авсан хохирол мөнгөө бүрэн барагдуулсан...”
“...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нарантуул зах дээр ганцаараа явж байхдаа хулдаас зардаг хэсэгт очоод үл таних худалдагчаас 1.000.000 төгрөгөөр хулдаас аваад 500.000 төгрөг худалдагчаас бэлнээр авъя гэж тохироод худалдагч залуугаас 500.000 төгрөг бэлнээр авсан. Би тэр худалдагч залууд хулдаасаа дараа ирээд авна гэж хэлээд бэлэн мөнгө аваад шууд яваад өгсөн...”
“...2021 оны 09 дүгээр сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул захын бичиг хэрэг зардаг газар очоод 140.000 төгрөгний хичээлийн хэрэгсэл аваад мөнгийг шилжүүлье та надад бэлнээр 100.000 төгрөг өгчих гэж хэлээд авсан. Би Энхтуяа гэх хүнээс авсан хохирол мөнгөө бүрэн барагдуулсан...”
“...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өгөөмөр зах дээр явж байгаад дугуй зарах гэж байсан үл таних хүн дээр очоод би таниас дугуй авъя, илүү шилжүүлээд зөрүүгээ бэлнээр авчихъя гэж хэлээд тэр ахаас бэлнээр 500.000 төгрөг аваад явсан. Надад анхнаасаа дугуй авах зорилго байгаагүй...”
“...2021 оны 10 дугаар сар гэж санаж байна. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул худалдааны төвийн хулдаас зардан хэсгээс хулдаас худалдаж авна гэж хэлээд 500.000 төгрөг тлүү шилжүүлж авна гэж хэлээд бэлнээр 500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 62-63, 87-88, 114-115, 148-149/,
Хохирогч Б.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сандэй худалдааны төвийн 1022 тоот лангуу дээр байж байхад гаднаас 25-30 орчим насны хар өнгийн хувцастай хар өнгийн үстэй бор цариатай эмэгтэй манай лангуунаас жижиг 2 ширхэг гэрлийн бүрхүүл 80.000 төгрөгөөр худалдаж авсан тэгээд надаас таньд бэлэн мөнгө байна уу би эндээс юм худалдаж авах гэсэн юм аа би тань руу шилжүүлээд өгье гэж хэлсэн тэгэхээр нь би бэлэн байсан 220.000 төгрөгөө түүнд өгөөд тэр эмэгтэй миний дансыг аваад гүйлгээ нь 2-3 цагийн дараа орно минийх олон улсын данс болрхоор тэгнэ гэж хэлсэн тэгэхээр нь 95741464 гэх дугаарын авч үлдээд явуулсан тэрнээс хойшоо мөнгө нь орохгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Хохирогч Э.Төрболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн хулдаас зардаг №26-27 лангуун дээрээ байж байхад 18 цагийн үед 20-25 орчим насны эмэгтэй хүн надаас 1,000,000 төгрөгийн худалаас худалдаж авна та надад бэлэн 500,000 төгрөг нэмээд өгөөч гэж хэлсэн. Тэр эмэгтэй Төрийн банкны лавлахтай утсаар ярьж байна таны данс руу 20-360 минутын дараа орно би хулдаасаа үлдээгээд явлаа буцаж ирээд авна гэж хэлээд яваад өгсөн. Тэрнээс хойш миний данс руу мөнгө орсон зүйл байхгүй байсан тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
Хохирогч Л.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн бичиг хэргийн 146-147 тоо лангуун дээр байж байхад нэг 20 гаран насны жижиг биетэй шар цайвар царайтай эмэгтэй ирээд надаас хамгийн үнэтэй гэх дэвтэр болон харандаа, шугам, үзэг бал, усан будаг, харандаан будаг, хүүхдийн хичээлийн хэрэгсэл тус бүрээс 2-оос 3 ширхэгийг авсан нийт 140.000 төгрөгийн бараа аваад та надад бэлнээр 100.000 төгрөг нэмж өгөөч одоо банк хаачлаа гэж хэлсэн тэгэхээр нь би чиний мөнгө чинь орж ирэхгүй байна гэж хэлэхэд надад би Төрийн банкнаас шилжүүлсэн 2 цагийн дараа орно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72/,
Хохирогч И.Бадамрагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Өгөөмөр худалдааны төвийн дугуйн хэсгийн №76 тоот лангуун дээрээ байхад жижиг биетэй, цайвар шар царайтай эмэгтэй хүн ирээд 245/55/19-тэй дугуй авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хятад дугуй шинэ дугуй 1.000.000 төгрөг япон дугуй нь 1.600.000 төгрөгийн үнэтэй гэж хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэй надад манай нөхөр 2.000.000 төгрөг дотор дугуй ав гэж хэлсэн болохоор би сайнаас нь авна гэхдээ надад карт алга би тань руу илүү 500.000 төгрөг шилжүүлээд та надад бэлэн өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би бэлнээр 500.000 төгрөг өгөхөд тэр эмэгтэй надад би тань руу төрийн банкнаас шилжүүлсэн орой юм уу маргааш орно би харин явлаа та орой миний авсан 4 дугуйг зайсанд хүргээд өгөөрэй гээд миний утасны цэнэг дуусчихсан байна та 99110240 гэх дугаар луу залгаарай гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/,
Хохирогч Н.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 09 цагийн үед ажил дээрээ ирээд бараагаа гаргаад худалдан авалтаа хийгээд сууж байтал нэг үйлчлүүлэгч эмэгтэй орж ирээд би 3-н боодол хулдаас худалдаж авна та надад бэлэн 500,000 төгрөг өгөөч би буцаагаад хулдаас авах мөнгөтэйгээ цуг шилжүүлчихнэ гэсэн. Тэгэхээр нь би бэлнээр 500,000 төгрөг тухайн эмэгтэйд өгсөн. Тэгээд би төрийн банкаар шилжүүлчихнэ гэсэн чинь мөнгө орж ирэхгүй болохоор нь асуутал би Төрийн банкны лавлахаас асуугадахъя гээд утсаар яриад байсан. Утсаар ярьж дуусаад ах 30 минутын дараа орно гэж хэлээд яваад өгсөн. Тэр эмэгтэй 3 боодол хулдаасыг манай ах ирж авна гээд 9911-тэй дугаар үлдээсэн. Тэгээд дугаар луу нь залгатал нэг эмэгтэй аваад би хулдаас энэ тэр аваагүй, мэдэхгүй байна андуурсан байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Х нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртлэх хугацаанд үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр иргэдийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Б.Х нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Х нь бусдад учруулсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Хийг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Хт 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Б.Х 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР