Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0191/Э |
Дугаар | 294 |
Огноо | 2022-02-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 294
2022 02 25 2022/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Б.Цэцэгмаа,
шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эд холбогдох эрүүгийн 2106 04407 0117 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн О.Э, 2004 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 34-627 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: /,
Шүүгдэгч О.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ буудал орчимд насанд хүрээгүй Х.Дүүрэнбаяртай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар зүүн гуян тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Х.Дүүрэнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Шинэ буудлын орчим очиход саравчинд арваад хүүхэд сууж байсан. Тэр хүүхдүүд бид нар руу хутга бариад дайрсан. О.Сүх-Очир гэдэг хүүхэд нь миний гуя руу хутгалсан. Гэхдээ хутгалуулсанаа тухайн үед мэдээгүй, гэнэт хөл өвдөөд байхаар нь үзсэн чинь цус гарсан байсан. Гэртээ очоод байж байхад Эбо гэх залуу AG AICO гэх хаягнаас цагдаа сэргийлэхээр явж хэрэггүй, эм тарианы чинь мөнгийг өгье гээд байсан...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би зодуулдаг өдрөө хэнд хутгалуулсанаа огт мэдээгүй юмаа. Тэгээд надад чатаар Э гэдэг хүүхэд холбогдоод манай найз О.Сүх-Очир чамайг хутгалсан гэж хэлэхээр нь цагдаад мэдүүлэг өгөхдөө О.Сүх-Очир хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13,16/,
Насанд хүрээгүй гэрч О.Сүх-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э буюу Эбо бид нар руу гүйж ирээд “бүгдээрээ нар руу бөөнөөрөө дайрахаар нь айсандаа хутгаар хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар явцгаасан. Дараа нь Эбо цагдаагаас намайг хайгаад байна, шоронд явуулах гээд байна, чи миний өмнөөс хутгалсан гээд хэлчихээч гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Яллагдагч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...талбайн цаана байдаг гудамжнаас танихгүй 20 орчим хүүхэд гарч ирээд орилоод лалруудаа гээд байсан. Бид нар өөдөөс нь очсон чинь нэг банди үзэх үү, нэг нэгээрээ хүрээд ир гээд манай найз Сүх-Очир тэд нарын урдаас очсон чинь тэд нар гудамж руу бүгдээрээ зугтаачихсан. Бид нар хөөгөөд гүйсэн чинь тэд нар бид нар руу чулуу шидээд манайхан зугтаагаад би гудамжинд ганцаараа үлдсэн байсан. Тэгсэн над руу Дүүрэнбаяр гээд банди дайраад ирэхээр нь би газраас төмөр аваад цохисон чинь гуя руу хатгачихсэн тэгсэн Дүүрэнбаяр надаас зугтаагаад би ч тэд нараас зугтаагаад яваад өгсөн. Өөр ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Маргааш нь над руу Дүүрэнбаяр залгаад сааданд хүрээд ир уулзъя, гуя гэмтээсэн байна гэж хэлсэн. Тэгээд би сааданд яваад очсон чинь Дүүрэнбаяр өөрөө ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн №11391 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч О.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ буудал орчимд насанд хүрээгүй Х.Дүүрэнбаяртай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар зүүн гуян тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Насанд хүрээгүй гэрч О.Сүх-Очирын: “...Э буюу Эбо бид нар руу гүйж ирээд “бүгдээрээ нар руу бөөнөөрөө дайрахаар нь айсандаа хутгаар хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар явцгаасан. Дараа нь Эбо цагдаагаас намайг хайгаад байна, шоронд явуулах гээд байна, чи миний өмнөөс хутгалсан гээд хэлчихээч гээд байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Х.Дүүрэнбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул тэрээр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгч О.Эд хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Эд 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Эд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Хохирогч Х.Дүүрэнбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР