Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 11 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э-гийн О-ад холбогдох эрүүгийн 2207000000006  дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот т төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам аавын хамт ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

           ******* овогт Э-гийн О /РД:*******/

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийн гудамжинд 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Г.А-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохих, нуруунд өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, нүүр, зүүн нүдний салстад цус хуралт, бүсэлхийд зулгаралт, нүүр, баруун  чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Э.О нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тэр өдөр согтуу явж байгаад Г.А-тай тааралдаад юунаас ч юм хоорондоо маргалдсан. Тэр үед согтуу байсан болохоор юунаас болсныг сайн санахгүй байгаа. Г.А-тай маргалдаад түүнийг цохисон байсан.” гэв.

Хохирогч Г.А нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би хойно нүүрс савлаж байгаад буучхаад харьж явсан. Нүүрс савалдаг хүнтэй юм уучхаад хүүгээ дуудаад дэлгүүр ороод явж байхад энэ хүн тэр хавиас гарч ирээд чи яасан гээд байгаа юм бэ, яасан ч яах уу гээд юунаас болсныг сайн мэдэхгүй байна хоорондоо маргалдсан. Би гэр лүүгээ орох гээд явж байна гэхэд намайг цохисон манай хүүхэд цагдаа дуудаж, би түргэн дээр очиж оёдол тавиулсан. Тэгээд харьсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Г.А-ын мэдүүлэг /хх-6/, насанд хүрээгүй гэрч А.А-ын мэдүүлэг /хх-8/, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-16-17/, шинжээчийн 26 дугаартай дүгнэлт /хх-18-19/, яллагдагчаар өгсөн Э.О-ын мэдүүлэг /хх-29/ хохирлын баримт, нүдний эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.О-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ийн гудамж-инд хохирогч Г.А-тай маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохих, нуруунд өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, нүүр, зүүн нүдний салстад цус хуралт, бүсэлхийд зулгаралт, нүүр, баруун  чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.О-ын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед би Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн гэр хороололд танил ахынхаа гэрт очоод гурвуулаа 2 шил 0.75 литрийн Хараа архинаас 2 шилийг хувааж уугаад 23 цагийн үед гарч яваад Тайжийн цэцэрлэгийн баруун талд байдаг хүнсний дэлгүүрийн орчимд явж байгаад Г.А гэх хүнтэй тааралдаад маргалдсан. Би тухайн үед нэлээн их согтолттой байсан учраас яагаад маргалдсан болохоо ерөөсөө санахгүй байна ямартай ч А-тай маргалдаад би тэр хүнийг толгой, дух руу цохисон. Тэрийгээ бас муухан санаад байгаа юм. Тухайн өдөр уусан архиндаа нэлээн согтож тасарчихсан шахуу явж байсан юм. Тэгээд би тэндээс шууд гэр лүүгээ хариад амарч байтал цагдаа нар ирээд намайг барьж аваад эрүүлжүүлэхэд хонуулсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29 дүгээр тал/

 

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.А-ын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би модны зах дээр ажиллаж байгаад би гэртэй харих гээд явж байтал манай хүү А.А намайг тосоод өөдөөс ирж байсан. Тэгээд бид хоёр гудамжинд байрлах дэлгүүр ороод гарч иртэл зүс таних Э.О, Э хоёр дэлгүүрийн гадаа байж байсан. Тэгтэл Э.О нь над руу чи муу ямар том гөлөг вэ гээд дайраад байсан. Тэгэхээр нь би чи чаддаг юм бол цохичих гэх үед намайг Э.О миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унах үед миний нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд Э.О болон Э нар яваад өгсөн. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн. Удалгүй цагдаа хүрч ирээд Э.О-ыг аваад явсан...Би дэлгүүрээс гараад ирж байтал Э.О чи яасан том гөлөг вэ гээд дайраад байсан. Ямар шалтгааны улмаас над руу тэгж дайрсан талаар бол би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 06 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр А.А-ын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би тоот болох гэртээ байж байх үед аав болох Г.А намайг гараад ир гээд утсаар дуудсан. Тэгэхээр нь би өөдөөс нь гараад очсон. Тэгээд аав бид хоёр гудамжинд байрлах дэлгүүр лүү ороод гарч ирээд гэр лүү явж байх үед дэлгүүрийн яг хажуу талын гудамжинд согтуу хоёр хүн зогсож байсан. Тэгээд аав бид хоёрыг харчхаад нэг согтуу ах нь аавыг чи ямар том юм бэ гээд байсан. Тэгэх үед аав чи чаддаг юм бол цохичих гэсэн. Тэгэх үед нөгөө ах нь дээгүүрх хувцсаа тайлаад хажуудаа явж байсан хүнд хувцсаа өгөөд аавыг нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгэх үед би болиоч гээд орилоод зогсож байсан. Тэгэх үед би болиоч гээд орилоод зогсож байсан. Тэгэх үед нөгөө ах цаашаа яваад өгсөн. Тэгээд аав бид хоёр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 08 дугаар тал/

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/26 дугаар: “Г.А-ын биед зүүн хөмсгөнд шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, нүүр, зүүн нүдний салстад цус хуралт, бүсэлхийд зулгаралт, нүүр, баруун чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 19 дүгээр тал/

5. Яаралтай тусламжийн хуудас

/хх-ийн 16-17 дугаар тал/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 30 дугаар тал/

7. Шүүгдэгч Э.О-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 41-54 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.О нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Г.А-ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.О нь хохирогч Г.А-ын нүүрэн тус газар гараараа цохиж, нуруу руу нь өшиглөсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулж, өшиглүүлсний улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/26 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Э.О-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.А-ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...эмчилгээний зардалд нийт 400.000 төгрөг авсан...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Г.А нь нүдний хагалгаанд орох шаардлагатай гэх 2.000.000-3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудаа шүүхэд гарган өгөөгүй, энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Э.О-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.       

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Э-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.А энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.О-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

   6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

    7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ