Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2022/0063/Э |
Дугаар | 2022/ШЦТ/62 |
Огноо | 2022-02-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/62
2022 2 23 2022/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч М.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д-т холбогдох 2225000000020 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, М.Д
Шүүгдэгч М.Д нь согтуурсан үедээ, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 1 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Gold” зочид буудалд О.С-н үснээс зулгаах, толгой руу нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ “...Сарангэрэл гэж хүний захианаас эхлээд яръя, төвийн бүсийн сургалтаас өмнө болсон асуудал, ажил дээрээ сууж байхад манай нөхөр над руу нэг захианы зураг явуулсан, захиандаа “манай нөхөр Даваажавтай явдаг, хүүхэд нь энэ хоёрын хүүхэд байж магадгүй, ДНК шинжилгээ хийлгээрэй, өөрт чинь үл хөдлөх хөрөнгө байдаг бол нэг талдаа шийдээрэй” гэсэн байсан. ...Тэгээд надаас манай нөхөр “энэ юу болоод байгаа юм бэ” гэхээр нь “би сайн мэдэхгүй байна, энэ хэнээс ирсэн юм бэ” гэхэд “танай захиргаа хяналтын хэлтсийн дарга Гансүх гэж хүний эхнэрээс ирсэн, үүнийхээ учрыг ол, яагаад хүүхэд рүү минь ингээд байгаа юм бэ” гэдэг асуудал гарсан. Тэгээд би даргаас “энэ ямар учиртай юм бэ” гэхэд “чи манай эхнэрийн ажил дээр хүрээд ир, би эхнэрийхээ ажлын гадаа байна” гэсэн, би Улсын бүртгэлийн гадаа очоод Сарангэрэл гэж хүнтэй уулзах гэтэл өрөөнийхөө хаалгыг хаачихаад орилоод “зайл, чамтай уулзахгүй” гээд байсан. Төвийн бүсийн сургалт дуусахад Гансүх дарга “өнөөдөр миний төрсөн өдөр болж байна, бүгдээрээ арга хэмжээ зохион байгуулаад ийшээ ороод нэг цаг сууя” гээд манай ажлын хүмүүсийг уриад бид нар орсон, би яг гарах гээд үүд талд сууж байсан. ...хаалга онгойгоод Гансүх даргын эхнэр орж ирээд Гансүх даргыг “явъя” гэхэд Гансүх дарга “за одоохон, чи гадаа машиндаа сууж бай” гэсэн чинь “тийм юм байхгүй” гээд нүүр рүү нь алгадахад Гансүх дарга босож ирээд эхнэрийгээ алгадсан, эхнэр нь ширээн дээр байсан архины шилийг аваад шидэхэд манай жолооч оногдсон. ...үүдэнд сууж байсан намайг хойноос үсдээд, нүүр рүү алгадаад байсан, би “та яагаад ингээд байгаа юм бэ” гэсэн чинь “танай ажлынханд захианы тухай хэлнэ” гэхээр нь “та яагаад учрыг нь олохгүй байж, миний гэр бүл, үр хүүхэд рүү дайраад байгаа юм бэ” гэхэд урдаас “янхан, банзал” гээд байхаар нь үсдэлцсэн. ...хохирогчид 2.155.000 төгрөг төлсөн, гар утас нь надад хамааралгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч О.С-н “...2021 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнийн 1 цаг өнгөрч байхад нөхөр Гансүхийг “Gold” зочид буудлын 402 тоот өрөөнөөс авахаар очиход манай нөхөр ажлынхаа хүмүүстэй архи, согтууруулах ундаа хэрэглээд сууж байсан, намайг “түр хүлээж байгаарай” гэхээр нь би гар утсаа оролдоод 402 тоот өрөөний үүдний хэсэгт зогсоод юу ч яриагүй байхад М.Д гэх эмэгтэй над дээр ирээд “чи муу миний гэр бүл рүү захидал явуулдаг хэн бэ” гэх шалтгаангүйгээр намайг үсдэж, доош дарж чирэн хөлөөрөө биеийн бүх хэсэг рүү өшиглөж, гараараа цохиод байсан. ...миний гар утсыг гараас шүүрч аваад өгөхгүй, 402 тоот өрөөнөөс гарч явахаар нь би араас нь утсаа авах гээд гараад явахад шатны хэсэгт миний толгойг цохиж, үсдэж доош даран орилж чарлан дахин намайг зодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
“...402 тоот өрөө рүү ороход манай нөхөр Гансүх орон дээр сууж байхаар нь би хажууд нь очоод суух гэхэд Даваажав намайг “үхсэнээ муухай хараад байгаа юм” гэж хэлсэн, “би чамтай харьцаагүй, нөхрөө авах гэж ирлээ” гэсэн. Манай нөхөр архи авах гээд хөдлөхөөр нь би гараараа нөхөртөө хүрэхэд манай нөхөр гараа татаад дээш өргөсөн, тэрнээс биш намайг түлхэж газарт унагаасан зүйл болоогүй. ...манай нөхөр худлаа яриад байна, миний гар утсыг Даваажав надаас булаан авч шидэж, дэлгэцийг нь хагалсан, миний гар утсыг өгөхгүй байсан болохоор би цагдаа дуудаж цагдаагаар авахуулсан. ...гар утасны дэлгэц 110.000 төгрөг, нүдний шил 230.000 төгрөг, шүдний эмчилгээ 1.000.000 төгрөг, толгойн хуйхны эмчилгээ 905.000 төгрөг, рентген зургийн төлбөр 20.000 төгрөг, нийт 2.265.000 төгрөг болсон тул М.Даас нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
гэрч Г.Г-н “...О.С над руу хандаж “М.Д та хоёрын захиа надад ирсэн биздээ, та хоёрын булхайг хамт олон дунд чинь дэлгээд өгөх үү” гэхэд Даваажав “та үнэн учрыг нь олоогүй байж юу яриад байгаа юм бэ, би танай хөгшин нөхрийг тоох болоогүй” гээд М.Д, О.Сарангэрэл хоёр хоорондоо маргалдаж эхлэн нэг нэгнийхээ үс толгойноос зууралдаж эхлэхээр нь бид нар салгасан. ...“Gold” зочид буудлын хяналтын камерын бичлэг дээр гарч байгаа нүдний шилтэй эмэгтэй нь манай эхнэр О.Сарангэрэл, манай эхнэрийн өөдөөс харан зогсож байгаад гараараа цохих үйлдэл гарган үснээс нь зулгааж байгаа үйлдэл гаргаж байгаа хүн нь манай мэргэжилтэн М.Д байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
гэрч Д.Н-н “...Сарангэрэл гаднаас орж ирээд нөхөр Гансүхийг “явъя” гээд нүүр лүү нь алгадсан, Гансүх босож ирээд Сарангэрэлийг түлхэхэд Сарангэрэл газар унасан, ямар ч байсан толгойгоороо газар унаагүй, айхтар хүчтэй ч унаагүй. Сарангэрэл ширээн дээр байсан архитай шилийг авч Гансүх рүү шидэхэд оноогүй. Сарангэрэл нь Даваажавыг “янхан, банзал”-аар нь дуудахад Даваажав “янхан, банзалаар дууддаг хэн бэ” гээд харилцан нэг, нэгнийхээ үснээс зулгаасан, ...бид нар тэр хоёрыг салган, Сарангэрэлийг “болиоч” гэхэд “танд хамаагүй” гээд байхаар нь “өөрсдөө учраа олно биз” гээд сандал дээр суусан. Сарангэрэл, Даваажав хоёр өрөөнөөс гараад явсан, цааш юу болсныг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
гэрч Т.П-н “...би ядраад байсан болохоор “явах болохоороо хэлээрэй” гээд орон дээр унтаж байтал миний баруун гаран дээр нэг юм цохих шиг болохоор нь сэрээд хартал Г.Гансүх даргын эхнэр О.Сарангэрэл М.Дтай харилцан нэг нэгнийхээ хувцаснаас зууралдан чи, би дээрээ тулсан байхаар нь бид нар салгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
гэрч Г.Л-н “...22 цаг өнгөрч байхад Гансүх дарга, Д.Нэргүй дарга, мэргэжилтэн М.Д, Д.Сугаржав, жолооч Т.Пионер бид нар тус зочид буудлын 402 тоот өрөөнд орсон, бүгдээрээ нэг шил архи хуваан ууж байхад Гансүх даргын эхнэр Сарангэрэл шөнийн 1 цаг болж байхад өрөөнд орж ирээд Гансүх дарга руу “1 цаг болсон байна, явъя” гээд Гансүх даргын нүүр лүү гараараа алгадахад Гансүх дарга босож ирээд Сарангэрэлийг түлхэн газар унагаасан. ... босож ирээд архины шил аваад шидэхэд Т.Пионер ахын гарыг оносон. Тэгээд гэнэт Сарангэрэл нь Гансүх даргыг Даваажавтай хардаж, “энэ янхантайгаа байх гээд явахгүй байгаа юм уу” гээд орилж байснаа Даваажавыг үсдэж, Даваажав нь Сарангэрэлийг үсдэж, нэг нэгнээ гараараа цохиод байхаар нь бид нар салгасан. Бид нарыг салгаад зогсож байхад Сарангэрэл Даваажавын гар утсыг авсан байсан, Даваажав мөн адил Сарангэрэлийн утсыг аван нэг, нэгэндээ утсаа өгөхгүй хэрэлдээд байсан. Гансүх дарга эхнэрээ авч өрөөнөөс гарсан бөгөөд Даваажав “гар утсаа авна” гээд араас нь гарч шатны хэсэгт Сарангэрэл, Даваажав хоёр нэг нэгнийгээ үсдэж, гараараа цохиод байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
гэрч Н.Г-н “...Мэдээлэл өгсний дагуу очиж шалгахад, нүдний шилтэй О.Сарангэрэл гэх эмэгтэй хүн “Gold” зочид буудлын гадна талд цагдаа хүлээгээд зогсож байсан, уг эмэгтэй дээр очиход “нэг эмэгтэй хэрүүл маргаан хийгээд миний гар утсыг авчихаад өгөхгүй байна” гэж хэлж зочид буудлын 402 тоот өрөө рүү дагуулан ороход М.Д гэдэг эмэгтэй О.С гар утсыг авсан байсан, мөн О.Сарангэрэл нь М.Д-ын гар утсыг авсан байсан бөгөөд би хоёуланд нь хандаж “эзэнд нь гар утсыг эргүүлээд өг” гэхэд хоорондоо гар утсаа солилцсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
яллагдагч М.Д-ын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Gold” зочид буудлын 402 дугаарын өрөөнд хамт олонтойгоо хамт байсан, Захиргааны хяналтын хэлтсийн дарга Г.Гансүхийн төрсөн өдөр болж байсан учир өөрөө буудалд өрөө авч, бид нарт архи авч өгсөн. Биднийг хамт байхад Г.Гансүхийн гэр бүлийн хүн О.Сарангэрэл гаднаас орж ирээд нөхөр Г.Гансүхийг “явъя” гэхэд нөхөр нь “одоохон” гэж хэлсэн. Тэр үед О.Сарангэрэл өөрийн нөхөр Г.Гансүхийн толгой руу нь хоёр удаа гараараа цохисон, би тэр үед буудлын үүдний хэсэгт сууж байхад Г.Гансүх босож ирээд “чи одоо болиоч” гэж хэлээд түлхсэн чинь О.Сарангэрэл газарт бөгсөөрөө унасан, босож ирэхдээ О.Сарангэрэл үүдэнд байсан архины шилийг аваад шидсэн. Тэр шил нь манай жолооч Пионер гэж хүнийг оносон, О.Сарангэрэл өөрөө эхлээд миний араас үстээд, толгой руу нэг удаа алгадсан, би өөрийгөө хамгаалсан, манай хамт олон бид хоёрыг салгасан. ...О.Сарангэрэл намайг хэл үгээр доромжлоод, миний хэвлий рүү гараар түлхэхээр нь би хариу үйлдэл үзүүлж, түлхэж үснээс нь зулгаасан, би энэ хүний биед гэмтэл учруулаагүй гэж үзэж байна, О.С нөхөр нэлээд том биетэй, эхнэрээ түлхэхэд бөгсөөрөө унаад тархи нь доргисон гэж үзэж байгаа учир сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаартай “...О.С биед тархи доргилт, хуйх, буйл, нүүр, нуруу, 2 гар, 2 хөл, өгзөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, баруун гарын сарвуу, зүүн дал, зүүн бугалгад 3 тооны зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Зулгаралт нь үзүүр ирмэгтэй зүйлийн 3 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай “...М.Д-ын биед зүүн бугалга, баруун өвдөг, баруун шуунд зөөлөн эдэд 8 тооны цус хуралт, баруун чихний дэлбээнд 1 тооны зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Зулгарал нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 58-59 дэх тал/,
иргэн О.С “...Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэр “Gold” зочид буудлын 402 тоот өрөөнд 2021 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө бусдад зодуулсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, түүний Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 10, 11 дэх тал/,
хяналтын камерын бичлэгт болон гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13, 14, 15 дахь тал/,
эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 19 дэх тал/,
“Бэйкер Тили далайван аудит” ХХК-ийн “...Samsung А10S маркийн гар утасны дэлгэц 110.000 төгрөг, харааны нүдний шил 230.000 төгрөг, нийт үнэлгээ 340.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41-46 дахь тал/,
М.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 78, 79 дэх тал/,
М.Д-ын ажилд томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /хавтас хэргийн 82, 83-89 дэх тал/,
хохирогч О.С эмчилгээтэй холбоотой баримтууд /хавтас хэргийн 99-100, 102, 113 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн М.Д-аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч М.Д-ыг гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч М.Д нь согтуурсан үедээ, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 1 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Gold” зочид буудалд О.С үснээс зулгаах, толгой руу нь цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хуйх, буйл, нүүр, нуруу, хоёр гар, хоёр хөл, өгзөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, баруун гарын сарвуу, зүүн дал, зүүн бугалгад гурван тооны зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх, хохирогч О.С “...2021 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнийн 1 цаг өнгөрч байхад нөхөр Гансүхийг “Gold” зочид буудлын 402 тоот өрөөнөөс авахаар очиход...М.Д гэх эмэгтэй над дээр ирээд “чи муу миний гэр бүл рүү захидал явуулдаг хэн бэ” гээд шалтгаангүйгээр намайг үсдэж, доош дарж чирэн хөлөөрөө биеийн бүх хэсэг рүү өшиглөж” гараараа цохиод байсан. ...гараад явахад шатны хэсэгт миний толгойг цохиж, үсдэж доош даран орилж чарлан дахин намайг зодсон.” гэх,
гэрч Г.Г-н “...М.Д, О.С хоёр хоорондоо маргалдаж эхлэн нэг, нэгнийхээ үс толгойноос зууралдаж эхлэхээр нь бид нар салгасан. ...“Gold” зочид буудлын хяналтын камерын бичлэг дээр гарч байгаа нүдний шилтэй эмэгтэй нь манай эхнэр О.Сарангэрэл, манай эхнэрийн өөдөөс харан зогсож байгаад гараараа цохих үйлдэл гарган үснээс нь зулгааж байгаа үйлдэл гаргаж байгаа хүн нь манай мэргэжилтэн М.Д байна.” гэх,
гэрч Д.Н-н “...Сарангэрэл нь Даваажавыг “янхан, банзал”-аар нь дуудахад Даваажав “янхан, банзалаар дууддаг хэн бэ” гээд харилцан нэг, нэгнийхээ үснээс зулгаасан.” гэх,
гэрч Т.П-н “...Г.Гансүх даргын эхнэр О.Сарангэрэл М.Дтай харилцан нэг нэгнийхээ хувцаснаас зууралдан чи, би дээрээ тулсан байхаар нь бид нар салгасан.” гэх,
гэрч Г.Л-н “...Сарангэрэл нь Гансүх даргыг Даваажавтай хардаж, “энэ янхантайгаа байх гээд явахгүй байгаа юм уу” гээд орилж байснаа Даваажавыг үсдэж, Даваажав нь Сарангэрэлийг үсдэж, нэг нэгнээ гараараа цохиод байхаар нь бид нар салгасан.” гэх,
М.Д-ын яллагдагчаар өгсөн “...О.Сарангэрэл өөрөө эхлээд миний араас үсдээд, толгой руу нэг удаа алгадсан, би өөрийгөө хамгаалсан, манай хамт олон бид хоёрыг салгасан. ...О.С намайг хэл үгээр доромжлоод, миний хэвлий рүү гараар түлхэхээр нь би хариу үйлдэл үзүүлж, түлхэж үснээс нь зулгаасан.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаартай “...О.С биед тархи доргилт, хуйх, буйл, нүүр, нуруу, хоёр гар, хоёр хөл, өгзөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, баруун гарын сарвуу, зүүн дал, зүүн бугалгад гурван тооны зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
иргэн О.С “...Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэр “Gold” зочид буудлын 402 тоот өрөөнд 2021 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, хяналтын камерын бичлэгт болон гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч О.С эмчилгээтэй холбоотой баримтууд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч М.Д-ын хохирогч О.С эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, үснээс нь зулгаах, толгой руу нь цохих зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч М.Д-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч М.Д-т эрүүгийн хариуцлага оногдуулах;
Шүүх шүүгдэгч М.Д-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.Д-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...шүүгдэгч М.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгч М.Д “өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож бага хэмжээгээр торгох шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч М.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн “гомдол, саналгүй” гэсэн санал, хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч О.С “гар утасны дэлгэц 110.000 төгрөг, нүдний шил 230.000 төгрөг, шүдний эмчилгээ 1.000.000 төгрөг, толгойн хуйхны эмчилгээ 905.000 төгрөг, рентген зургийн төлбөр 20.000 төгрөг, нийт 2.265.000 төгрөг болсон тул М.Даас нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 26 дахь талд,
хохирогч О.С нөхөр, гэрч Г.Гансүхийн “...О.С гар утасны дэлгэц нь үйл явдал болохоос хориод хоногийн өмнө, бид хоёр хамт явж байхад Land Criuser маркийн машинаас манай эхнэр буухдаа гар утсаа дэлгэцээр нь цемент дээр унагааж, дэлгэцийг нь өөрөө хагалсан бөгөөд янзлуулаагүй байсан.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 26 дахь талд,
“Бэйкер Тили далайван аудит” ХХК-ийн “...Samsung А10S маркийн гар утасны дэлгэц 110.000 төгрөг, харааны нүдний шил 230.000 төгрөг, нийт үнэлгээ 340.000 төгрөг” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 41-46 дахь талд тус тус авагдсан байна.
Хохирогч О.Сарангэрэлээс хавтаст хэргийн 99 дэх талд, “...Орхон аймаг “УДАМ ТУНГАЛАГ” ХХК гэсэн тамга бүхий, хүний их эмч Алтансүхийн Намуун гэсэн тэмдэг дарагдсан “...I/6 21г гэсэн огноотой, О.Сарангэрэл 45н, ... эмчилгээнд;
1.Minoxidil-95.000,
2.Үс, хумс тэжээх дусал-75.000 x 5 = 375.00
3.Хуйх PRP-85.000 x 5 = 425.00
4.Үзлэг. 3 сар эмчилгээ 10.000 ... нийт 905.000” гэсэн бичиг,
100 дахь талд, “...О.Сарангэрэл DS; доод шаазан бүрээс ховхорч унасан, 3 7 шүдний толгой хэсэг хугарсныг засварлан, бүрээсийг буцаан засварлан суулгахад 1 сая төгрөгийн төлбөр тооцоо төлөгдөнө. эмч Ц.Оюунцэцэг” Орхон аймаг ЭМАЛЬ ХХК гэсэн тодорхойлолт,
102 дахь талд, Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвийн Рентген зураг 20.000 гэсэн баримт зэргийг хавсаргуулсан байх бөгөөд “миний бие О.Сарангэрэл нь Даваажавт холбогдох хэрэгт хохирогчоор оролцсон, Даваажав гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол гомдлыг барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. О.Сарангэрэл би шүүх хуралд оролцох хүсэлгүй байгаа тул шүүх хурлыг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч М.Д “2.265.000 төгрөг нэхэмжилснээс гар утас нь надад хамааралгүй тул 110.000 төгрөг хасаад хохиролд 2.155.000 төгрөг төлсөн.” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч болон шүүгдэгч нараас төлбөр, мөнгө төлснийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймээс хохирогч О.С шүүхэд ирүүлсэн “...хохирол гомдлыг барагдуулсан.” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Gold” зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагыг хэрэгт хавсарган үлдээж,
хохирогч О.С Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, рентген зураг зэргийг хохирогчид буцаан олгож,
битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Gold” зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагыг хэрэгт хавсарган үлдээж, хохирогч О.С Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, рентген зураг зэргийг хохирогчид буцаан олгож,
битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ