| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямсамбуугийн Гантуяа |
| Хэргийн индекс | 140/2016/00373/И |
| Дугаар | 131/ШШ2017/00602 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2017/00602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай, Жаргалант баг нефтийн шинэ хэсэг, 6-16 тоотод оршин суух, ИЦ89030867 регистрийн дугаартай, Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдох
Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт Архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байхад Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал удаа дараа өрөөндөө дуудаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өг гэж шаарддаг байсан. 2016 оны 08 сарын 17-ны өдрийн орой ажил тарсны дараа ажлаас халагдах хүсэлтээ өг гэж шаардахад нь хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийг Тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал танилцаад ийм хүсэлт бичихгүй, ажлаас чөлөөлөгдөхдөө ийм өргөдөл бичдэг гээд өмнө нь ажлаас гарсан хүний өргөдлийг уншиж өгсөн. Би уг өргөдлийг хуулан бичиж байтал чи төрийн үйлчилгээний албан хаагчаар ажилладаг болохоор Хөдөлмөрийн тухай хууль баримтлах ёстой гэхээр нь 38 дугаар зүйлийн 38.1.1 зүйлийг бичиж өгсөн. Иймд Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2016 оны 03 дугаар сарын 21-нийг хүртэл жирэмсний амралттай байж байгаад ажилдаа орсон. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 22-23-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан архив бичиг хэргийн сургалтад суугаад ирсэн. Дарга дээр ороход чи шагнал авах ёсгүй байсан байна. Өмнө нь ажиллаж байсан ажилтан авах ёстой байсан байна гэсэн тэр үеэс эхлээд чи одоо ажлаасаа гар, ажлаас гарах хүсэлтээ бичиж өг, нэг бол эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар, үйлчлэгчээр ажил гэдэг байсан. Би эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар ажиллах гэсэн боловч тус ажлын орон тоо батлагдаагүй байсан. Гэтэл чи өөрөө хүсэлтээ бичээд ажлаасаа гарчих гэж удаа дараа хэлдэг байсан. Ажлаас гарах хүсэлт бичиж өгөхгүй болохоор удаа дараа сахилгын арга хэмжээ авч байсан. Сахилгын шийтгэлтэй холбогдуулан Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ нэхэмжлэл нь харьяаллын дагуу Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн шүүхэд шилжсэн ба захиргааны сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Ажлаас гарах хүсэлт бичиж өг гэсэн ба бичиж өгөхгүй байсан чинь 23 цаг хүртэл явуулахгүй байсан. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шалгалт ирж шалгаад намайг 23 цагт явсан гэдгийг тогтоосон байдаг. Би өөрөө ажлаас гарах тухай хүсэлт бичиж өгсөн чинь энэ хүсэлтийг чинь хүлээж авах боломжгүй энэ хүсэлтээс харахад би чамайг албадаж гаргасан юм шиг харагдаж байна. Тийм болохоор чи одоо урьд нь ажлаас халсан хүний хүсэлтийг унш гэсэн ба уншиж дууссаны дараа наад хүсэлтээ хуулж бич гээд цаас өгсөн би хүсэлтийг хуулж бичсэн. Өөр хүний хүсэлт хуулж бичүүлсэн хүсэлтийг үндэслэж тушаал гаргасанд гомдолтой байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Долгорсүрэн нь алдаа дутагдалтай ажиллаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байдаг. / Хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ Мөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр 2 удаа өгсөн. /Хавтаст хэргийн 16, 124-125 дугаар хуудас/ Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас Төрийн архивын тасагт хүсэлт гаргасны үндсэн дээр тус шүүхийн архивын ажлыг хангалтгүй гэж үзэж зөрчил дутагдыг арилгах талаар хугацаатай үүрэг өгсөн. / Хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/ Түүнчлэн шүүхийн тамгын газрын даргын зүгээс хууль тогтоомж холбогдох дүрэм журам зааврыг биелүүлж ажиллахыг шаардаж байсан бөгөөд энэ талаар хамт олны хурал дээр хүртэл яригдсан. Архивын тайлан мэдээг холбогдох албан тушаалтнаар хянуулахгүйгээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх төрөлжсөн архив руу дур мэдэн явуулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсаар байсан тул хамт олонд нь дахин хэлэх гэтэл өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учир түүний хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар тамгын газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн.
Шүүх зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар мэдүүлэг гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээд байгаа нь учир дутагдалтай. Бүх гэрчүүдэд Эрүүгийн хуулийн 254,255 дугаар зүйлийг сануулж мэдүүлэг авсан учир үнэн зөв мэдүүлсэн байх учиртай. Гэтэл яагаад гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байна. Үүнд нэг л хариулт бий. Тухайн үеийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргалын тушаалаар арга хэмжээ авагдсан, түүнтэй таармжгүй харилцаатай байсан шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтнууд сөрөг мэдүүлэг өгсөн. Иймд эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэхгүй байх шаардлагатай байна. Б.Долгорсүрэн хүсэлтээ бичиж өгөхөд хажууд байсан нь гэх Х.Дорждэрэм, Н.Дэлгэрцэцэг, Б.Ариунзаяа, Н.Гүнчинсүрэн нарын гэрчийн мэдүүлэг үнэн зөв бол Ж.Түвшинжаргал дарга дарамт шахалт үзүүлээгүй гэдэг нь тодорхой. Гэрч .Дорждэрэм, Н.Дэлгэрцэцэг, Б.Ариунзаяа, Н.Гүнчинсүрэн нар нь худал мэдүүлэг өгсөн талаар ямар ч баримт нотолгоо хэрэгт байхгүй байгаа бөгөөд эдгээр гэрчийн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлэх ёстой. Б.Баярцогт, П.Янжмаа, Ж.Түвшинжаргал, Ж.Ганзориг нарын гэрчийн мэдүүлгээс харахад Ж.Түвшинжаргал дарга Б.Долгорсүрэнг дарамталдаг байсан. Түүний улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэсэн үг, үсэг, агуулга байхгүй. Харин Б.Долгорсүрэнгийн хэлж ярьсан зүйлийг уламжлах шинжтэй мэдүүлгүүд өгсөн байгааг анхаарах нь зүйтэй. Тухайлбал гэрч П.Янжмаагийн ... Б.Долгорсүрэнтэй таарах болгонд уйлчихсан явдаг юм. Тэгээд юу болсоныг нь асуухаар Тамгын дарга дарамталаад намайг хүсэлтээ өгөөд ажлаасаа гар гээд байна. Хүсэлтээ өгдөг ч юм билүү гэж ярьсан... гэх мэдүүлэг, гэрч Ж.Ганзоригийн ... Б.Долгорсүрэн удаа дараа миний өрөөнд уйлж орж ирээд тамгын газрын дарга ажлаа мэдэхгүй байна. Ажил үүргээ хийж чадахгүй байна гээд байхын, ажлаа хийж чадахгүй бол ажлаасаа гар гээд байна ... гэх мэдүүлэг, гэрч Б.Баярцогтын ... Б.Долгорсүрэн ярихдаа Тамгын дарга намайг байнга өрөөндөө дуудаад байх юм ажил хийлгэхгүй, чи халагдах өргөдлөө бичээд өгчих гээд байнга шахаж шаардаад байхын гээд манай өрөөнд орж ирдэг байсан.. гэх мэдүүлэг, гэрч О.Түвшинжаргалын ... Б.Долгорсүрэнтэй таарах болгонд уйлчихсан, тамгын даргаа өөрөө хүсэлтээ өгөөд ажлаасаа гар гээд байна гэсэн гэдэг байсан .... гэх мэдүүлгүүд байна. Тиймээс шүүхийн тамгын газрын даргын тушаал хуульд нийцсэн гэж үзэж байна. Б.Долгорсүрэнг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн болохоос ажлаас халаагүй. Тийм ч учраас Б.Долгорсүрэн хүслэтээ өгсөн гэдэг дээр маргаагүй. Б.Долгорсүрэнгийн хүсэлтийг дарамталж бичүүлсэн болохыг нотлох баримт байхгүй. Зөвхөн Б.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч л дарамталсан гэдэг асуудлыг ярьж байгааг анхаарах хэрэгтэй. Ажлаас халагдсан чөлөөлөгдсөн бүхэн ажилдаа эгүүлэн тогтоогддог буруу практик байж болохгүй. Үнэн юм үнэнээрээ байх сайхан. Б.Долгорсүрэнд алдаа дутагдал байсан. тийм учраас арга хэмжээ авч байсан болохоос тэр хүнийг тамгын даргын зүгээс дарамтлаад байсан зүйлгүй гэдгийг олон гэрчийн мэдүүлгээс харж болно. Өөрөө ч ажлаа хийж чаддаггүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн гэдгийг дахин сануулах нь зүйтэй. Иймд Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор Завхан аймгийн шүүхийн тамгын газрын даргаар 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан байгаа. Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн тайлбарт дурдсан зүйл байхгүй байгаа. Миний бие хэргийн материалтай танилцсан хүний хувьд тухайн үед ямар нэгэн нөхцөл байдал үүсч байсан болохыг ойлгож мэдэж байгаа. Б.Долгосүрэнгийн шүүхэд өгсөн тайлбаруудаас харахад Б.Долгорсүрэн нь Төрийн албаны тухай хуульд заасан захирах захирагдах ёсны зарчмыг төдийлөн ойлгоогүй нь харагдаж байгаа. Иймд төрийн албанд ажиллах нь зохимжгүй. Тамгын газрын зүгээс тавьж байсан ажлыг сайжруулах, ажлыг эрчимжүүлэх тухай зүй ёсны шаардлагыг шаардаж байсан. Тухайн үед Завхан аймгийн Шүүхийн тамгын газрын дарга Түвшинжаргал гэдэг хүн Б.Долгорсүрэн гэдэг хүнд ажлын шаардлага буюу байгууллагын хүмүүст ажлын шаардлага тавьж байсан гэдэг нь харагдаж байгаа. Тус байгууллагын зарим албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Тухайлбал шүүгчийн туслах Түвшинжаргал, нягтлан бодогч Ганзориг нарт сануулах болон цалингийн 20 хувийг буруулах арга хэмжээ авч байсан. Б.Долгорсүрэнгийн хувьд 2 ч удаа арга хэмжээ авсан байдаг. Шүүхийн тамгын газрын зүгээс та ажлаа сайжруул гээд арга хэмжээ авсан ба ажлаа сайжруулаагүйн зэрэгцээ шүүхэд хандсан байдаг. Шүүхэд хандах эрх нь нээлттэй ба Б.Долгорсүрэн нь ажилтны хувьд алдаа дутагдал гараагүй гэсэн үг огт биш. Гаргасан зөрчил, дутагдлыг одоо ажиллаж байгаа албан тушаалтан нь хэлж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл тус шүүхийн архивын эмх замбараагүй байдалд санаа зовниж миний биед тусгайлан үүрэг өгсөн байгаа. Би энэ ажлыг хүлээж авснаас хойш энэ ажил одоо хүртэл явагдаж байгаа. Энэ байдал замбараагүй байгаа. Ийм байж надад ямар ч алдаа дутагдал байхгүй, зүгээр ажлаа хийгээд явж байсан хүнийг дарамталсаар байгаад Түвшинжаргал ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж бодож байна. Б.Долгорсүрэн нь алдаа дутагдалтай ажиллаж байгааг нотлох тайлбарыг шүүхэд гарсан. Ажлаас чөлөөлөх хүсэлтээ 2 удаа өгсөн байдаг. Техникийн шинжтэй засвар хийхийг санал болгосон байхад дарамталсан гэж байгааг ойлгохгүй байна. Завхан аймгийн тамгын газраас Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргасны үндсэн дээр Б.Долгорсүрэнгийн ажлыг хангалтгүй гэж үзэж зөрчил дутагдлын талаар Төрийн албаны зөвлөл хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгч Б.Долгорсүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө бичиж өгсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, эс зөвшөөрч байна.
Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал нь өөр шүүхийн тамгын газрын даргаар томилогдож, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Батжаргалын Амартүвшинг тус шүүхийн тамгын газрын даргаар томилсон байх тул Б.Амартүвшин нь хариуцагч байгууллагыг төлөөлөн оролцох эрхтэй байна. /хх-ийн 215-216-р тал/
Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргалын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/127 дугаар Б.Долгосүрэнг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь үндэслэлгүй гарсан байх тул нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт архив бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгэж байгаад тус шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргалын 2016 оны 08 сарын 18-ны өдрийн Б/127 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбарууд, тушаалын хуулбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна./хх-ийн 3/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн шийдвэрийг хэзээ хүлээн авсан талаар маргаан байхгүй, шийдвэрийг гарсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул ажлаас буруу халсан тухай гомдлоо хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж үзэв./хх-ийн 1, 3-р тал/
Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргалын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/127 дугаар Б.Долгосүрэнг ажлаас чөлөөлөх тухай тушаалд хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр цуцалсан байх ба нэхэмжлэгчийг тус газарт 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, түүнд үндэслэн чөлөөлсөн гэж, нэхэмжлэгч Тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал нь ажлаасаа гарах хүсэлтээ өгөөд ажлаасаа гар гэж байнга дарамт, шахалт үзүүлж байсан, тулган шаардаж бичих зүйлийг нь хэлж өгч, баримтлах хуулийн заалтыг зааж өгсөн учир өөрийн хүсэл зоригийн дагуу хүсэлтээ бичээгүй гэж харилцан маргаж байна.
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн Тамгын газрын дарга Ж.Түвшинжаргалд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай бичгээр гаргасан хүсэлт хавтаст хэрэгт/хх-ийн 16-р хуудас/-т авагдсан байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага болох эх хувь эсхүл нотариатаар батлуулуулаагүй, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж түүнд мэдээлэл лавлагааны ажилтан Д.Батбаясгалан гарын үсэг зурсан нь эрх бүхий албан тушаалтан олгоогүй зэргээр шаардлага хангахгүй байх тул нотлох чадвараа алдаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Б.Долгорсүрэнг өөрийн хүсэлт зоригийн дагуу, сайн дураар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Учир нь нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажил тарсны дараа тамгын дарга өрөөндөө дуудаж өргөдлөө бичиж өг, хүн ажлаас чөлөөлөгдөхдөө ийм хүсэлт бичиж өгдөг юм байна лээ гэж урьд нь ажлаас халагдсан Должиндэмидийн өргөдлийг намайг чанга дуугаар унш гэж өгөхөөр нь би уншсан, уншиж дуусаад наад өргөдлөө дууриалгаад биччих гээд бал цаас өгсөн, би өргөдлийг хуулан бичиж байтал чи төрийн үйлчилгээний албан хаагчаар ажилладаг учраас Хөдөлмөрийн хуулийг баримтлах ёстой гэхээр нь би хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 гэж бичиж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийг компьютер дээрээсээ харж зүйл заалтыг нь хэлж өгсөн/хх-ийн 1, 19-р тал болох шүүх хуралдаанд гаргасан тайлбар/ гэсэн тайлбарууд нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Х.Дорждэрэмийн ...тэгээд чи хүсэлтээ бичиж байтал тамгын дарга өөрийн санаачилгаар юм уу гэж асууж байсан. Тэгэхэд чамайг тийм гэж хэлсний дараа тамгын дарга хөдөлмөрийн тухай хуулийн ийм ийм заалт баримталдаг юм байна лээ гээд уншиж байсан...Должиндэмидийн хүсэлтийг өгөөд уншуулж байсан би санаж байна.../хх-ийн 86-96-р хуудас/, нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрч П.Янжмаагийн ...тааралдах болгонд Б.Долгорсүрэн уйлсан, юу болсныг асуухаар тамгын дарга дарамтлаад хүсэлтээ өгөөд ажлаас гар гээд байна, хүсэлтээ өгдөг юмуу гэж ярьсан...гэх мэдүүлэг/хх-ийн 113-р тал/, гэрч Б.Баярцогтын... Б.Долгорсүрэн нилээн дарамтад байсан, учир нь Долгорсүрэн ярихдаа тамгын дарга намайг байнга өрөөндөө дуудаад халагдах өргөдлөө бичээд өгчих гээд шахаж шаардаад байх юм гэж уйлж манай өрөөнд орж ирдэг байсан. Ер нь энэ байдлыг би гэлтгүй манай ажлынхан бүгд мэдэх байх...гэх мэдүүлгүүдээр/хх-ийн 117-118-р тал/ нотлогдож байна.
Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргасан тайлбартаа Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас Төрийн архивын тасагт хүсэлт гаргасны үндсэн дээр тус шүүхийн архивын ажлыг хангалтгүй гэж үзэж зөрчил дутагдыг арилгах талаар хугацаатай үүрэг өгсөн. / Хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/ Түүнчлэн шүүхийн тамгын газрын даргын зүгээс хууль тогтоомж холбогдох дүрэм журам зааврыг биелүүлж ажиллахыг шаардаж байсан бөгөөд энэ талаар хамт олны хурал дээр хүртэл яригдсан. Архивын тайлан мэдээг холбогдох албан тушаалтнаар хянуулахгүйгээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх төрөлжсөн архив руу дур мэдэн явуулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсаар байсан тул хамт олонд нь дахин хэлэх гэтэл өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн учир түүний хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар тамгын газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн...гэж тайлбарлаж нэхэмжлэгчийг алдаа, зөрчил гаргаж, хариуцлагагүй ажиллаж байсан гэж үзэж байжээ. Түүнчлэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хоёр удаа ногдуулсан байх ба тус тушаалуудыг Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэжээ./хх-ийн 10-12, 58-61-р тал/
Дээрхи нөхцөл байдал нь нэхэмжлэгчийг өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичээгүй, ажил олгогчийн зүгээс зүй бусаар нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар гэрч Ж.Ганзориг, О.Түвшинжаргал, Н.Дэлгэрцэцэг, Б.Ариунзаяа, Н.Гүнчинсүрэн нарын мэдүүлгүүд нь эргэлзээтэй, нэг зүйлийн талаар өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлж байх тул үнэлэх боломжгүй гэж үзэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг аваад 2016 оны 08 сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан бөгөөд хүсэлт гаргах болсон шалтгааныг хэрэгт авагдсан зохигчийн тайлбарууд, гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудтай харьцуулж үзэхэд ажил олгогчийн шаардлага, зүй бус нөлөөлөл байсны улмаас ажилтан хүсэлт бичсэн гэж дүгнэх үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд Б.Долгорсүрэнг Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны цалинг ажил олгогчоос гаргуулах үндэслэлтэй байна.
Б.Долгорсүрэнгийн нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1521672 төгрөгийн цалин авсан нь түүний 0800942 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /5 дугаар сарын цалин 513224+ 6 дугаар сарын цалин 513224+ 7 дугаар сарын цалин 495224= 1521672 сүүлийн 3 сарын цалин, 1521672:3=507224/сарын дундаж цалин/, 507224:21,5=23591/өдрийн дундаж цалин/
Нэхэмжлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны цалинг тооцоход нийт 6204643 төгрөг байгаа боловч нэхэмжлэгч нь 5197367 төгрөгийг нэхэмжилсэн учир нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хариуцагч байгууллагаас 5197367 төгрөгийг гаргуулж дээрхи 5197367 төгрөгнөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож зохих санд шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор хэлэлцэх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэнг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт, Архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны цалин 5197367 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Долгорсүрэнд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА